Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болсныг мэдэгдсэн.
Өнөөдөр буюу пүрэв гаригт 4, 9 тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй юм.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:
-Замын нөхцөл байдал, автомашины тоо зэргээс шалтгаалж тэгш, сондгойгоор зорчуулах түр зуурын арга хэмжээ авахаас аргагүй байлаа. Тэгш, сондгойгоор зорчуулж байхад өдөрт 250-270 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Амралтын өдрүүдэд энэ зохицуулалт үйлчлэхгүй байсан бөгөөд 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, тэг зогсоход хүрч байсан. Маргаашаас түгжрэл нэмэгдэж, нийтийн тээврийн хэрэгсэл ч түгжирнэ. Цаашид урт хугацааны шийдэл нь метро, их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл байна. Нийслэлд 700 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүнээс 400 мянган нь хөдөлгөөнд оролцоход тэг зогсоход хүрч байгаа.
Түгжрэлийг бууруулах олон талт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ. Автобусны тоог нэмснээр бүх асуудал шийдэгдэхгүй. Тухайлбал, 350 гаруй жолооч дутагдалтай байна. Бүх асуудлыг нэг дор өргөс авсан мэт шийдэх боломж байхгүй. Гэхдээ эдгээр асуудлыг дунд, богино хугацаанд шийдэхээр ажиллаж байгаа хэмээв.
Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31, замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан. Өмнөх оны мөн үед буюу арванхоёр болон нэгдүгээр сард 21:30 цаг гэхэд хөдөлгөөн сийрдэг байсан бол тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтын үед 23:00 цагийн үед хөдөлгөөний ачаалал бууран, сийрч байсан. Судалгаагаар хичээл орж байх үед тээврийн хэрэгслийн тоо 19.1, хөдөлгөөн зохицуулалт 8.4 хувиар өссөн байгаа юм. Мөн Сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор зах, худалдааны төвүүд рүү чиглэх хөдөлгөөн нэмэгдэж, амралтын өдрүүдэд хөдөлгөөн зохицуулалт 26.1 хувиар өссөн дүнтэй байна” гэлээ.