Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Намрын чуулганаар ийм хуулиудыг хэлэлцэнэ

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж “Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлын тухай тогтоолын төсөлд тусгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч 17, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гурав, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо гурав, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дөрөв, Төрийн байгуулалтын байнгын хороо дөрөв, Төсвийн байнгын хороо зургаа, Хууль зүйн байнгын хороо 12, Эдийн засгийн байнгын хороо тав, АН-ын бүлэг 10, МАН-ын бүлэг 27, “Шударга ёс” эвслийн бүлэг тав, Монгол Улсын Засгийн газар 39 төслийн санал ирүүлжээ. Мөн Улсын ИХ Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, С.Оюун нар 11 саналыг тусгайлан ирүүлсэн тухай Байнгын хорооны дарга А.Бакей мэдэгдэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Бакей даргаа, Хууль зүйн байнгын хороо 12 зүйл бүхий албан бичгийнхээ хамгийн түрүүнд Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг оруулсан. Үүнийг өөрт тань болон таны зүүн гар зүрхэн талд чинь сууж байгаа хүнд үзүүлсэн. Ямар шалтгаанаар хэн гэдэг хүний даалгавраар оруулахгүй байгаа юм. Хууль зүйн байнгын хороо хамгийн түрүүнд нь биччихээд байхад яагаад намрын чуулганы хэлэлцэх жагсаалтад оруулсангүй вэ. Хүний эрх гэдэг чинь хамгийн чухал асуудал. Яагаад ингээд хойшлуулаад байгаа юм” гэхэд байнгын хорооны А.Бакей “Өргөн мэдүүлсэн. Хэлэлцэгдэж эхэлсэн, хэлэлцүүлгийн шатанд яваа 93 хууль байна. Энэ хуулиудын нэг нь таны өргөн мэдүүлсэн энэ хууль. Бүх хуулийг жагсаавал уртаас урт жагсаал гарах тул бусад гэдэг асуудлын хүрээнд оруулж болно. Хэн нэгэн хүний даалгавраар хийгдээгүй” гэлээ. С.Дэмбэрэл гишүүн “Хүний эрхийн асуудалд яагаад ингэж хайхрамжгүй хандаад байгаа юм. Дөнгөж саяхан өргөн баригдсан хуулиуд орж ирээд байгаа хэрнээ ямар шалгуур тавиад энэ хуулийг хойшлуулаад байгаа юм” хэмээн асуулаа. Байнгын хорооны дарга зарчмын зөрүүтэй санал гаргаад уг хуулийн төслийг жагсаалтад оруулж болно гэв. Ингэснээр С.Дэмбэрэл гишүүн зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүд дэмжсэнээр жагсаалтад оруулж чадлаа.

2015 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

1. Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл

2. Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл

3. Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл

4. “ Т өрөөс мөн гөн ий бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл

5. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төсөл

6. Худалдааны тухай хуулийн төсөл

7. НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

8. Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл

9. Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл

10. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

11. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

12. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд

13. Хүүхэд хамгааллын

тухай болон холбогдох бусад хуулийн төсөл

14. Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд

15. “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Халх гол чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл

16. Органик хүнсний тухай хуулийн төсөл

17. Хог хаягдлын тухай хуулийн төсөл

18. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд

19. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

20. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд

21. Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

22. Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

23. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

24. Бусад гэсэн шийдвэрийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоосугай гэжээ.

Ингээд УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хураалдаанаар хэлэлцүүлэх саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжсэнээр энэ өдрийн хуралдаан өндөрлөсөн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *