Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ сарын 4-5-ны өдрүүдэд хуралдаж 2018 оны төсвийг баталж мөн аймгийн Засаг дарга Д.Галсандондогт итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж огцруулжээ. Тодруулбал гишүүдийн олонхийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид “Д.Галсандондог нь албан тушаалаа урвуулан ашиглаж авлига авсан хэрэгт холбогдон АТГ-т шалгагдаж байгаа, аймаг орон нутгийг хөгжүүлэхэд өнгөрсөн хугацаанд дорвитой ажил хийгээгүй, жилийн 365 хоногийн 250 хоногт гадаад, дотоод томилолт нэрийдлээр аялж зугаалсан, намын гишүүдээ ч удирдаж чаддаггүй нь нотлогдож намын хорооны даргаасаа огцорсон” гэж үзсэн тул огцруулах бүрэн үндэслэлтэй гэж үзсэн байна.
Дашрамд дурьдахад, өнгөрсөн сарын 30-ны өдөр хуралдсан Ховд аймгийн МАН-ын хорооны IV хуралдаанаар гишүүдийн 93 хувийн саналаар Д.Галсандондогийг МАН-ын хорооны даргын үүрэгт ажлаас мөн чөлөөлсөн юм. Түүнийг намын хорооны хурлыг 2015 оноос хойш хуралдуулаагүй, намын даргын 2015, 2016 оны үйл ажиллагааны тайлангаа огт тавиагүй, намаа хагалан бутаргасан хэмээн огцруулжээ.