Оросын нийслэл Москвагаас гадна Санкт-Петербург, Екатеринбург, Уфа зэрэг хотуудад олон мянган хүн ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвших Борис Надеждиний төлөө гарын үсгээ зурахаар урт дараалалд зогсож эхэлжээ. Надеждин нь Украины дайныг зогсоох мөрийн хөтөлбөртэй нэр дэвшиж байгаа юм. “Иргэдийн санаачилга” намаас нэр дэвшиж буй 60 настай улстөрч энэ сард багтаан 100.000 хүний гарын үсэг цуглуулж чадвал ирэх гуравдугаар сарын сонгуульд өрсөлдөх боломжтой болно. Борис Борисович Надеждин 1963 онд Узбекистанд төрсөн, Оросын улс төрч, багш, физик-математикийн шинжлэх ухааны доктор, 1999-2003 онд Төрийн Думын депутат байсан. Одоо Москва мужийн Долгопрудный хотын дүүргийн депутатуудын зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байгаа бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд “Дайныг зогсооно” уриатай оролцох юм. Улстөрч Борис Надеждин Оросын “РИА Новости” агентлагт “Миний сонгуулийн төв штабынхан надад ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн статус авахын тулд иргэдээс гарын үсэг цуглуулсаар байгаа бөгөөд энэ сарын 31 гэхэд Сонгуулийн төв хороонд өргөн барихаар төлөвлөж байна. Бид төв байрандаа 100 гаруй мянган хүний гарын үсэг цуглуулаад байгаа ч 150 мянган хүний гарын үсэг цуглуулна гэсэн зорилт тавиад байна. Манай штаб одоо Сонгуулийн төв хороонд өргөн барих баримт бичиг боловсруулах ажилд шилжээд байна” гэж мэдээлжээ. Хэрэв Борис Надеждин Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадвал мэдээж маш бага хувийн “санал авах” нь тодорхой. Харин энэ нь сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болон хувирах магадлалтай юм.
Г.АМАРСАНАА