Categories
мэдээ цаг-үе

Наадмын талбайн хуушуурын асруудад газ хэрэглүүлэхээр шийдвэрлэсэн

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуштай ярилцлаа.

-Хуурамч цагаан будаа орж ирсэн тухай мэдээлэл цахим хуудсуудаар гарч байна. Энэ талаар танайд мэдээлэл байна уу?

-Хуурамч цагаан будааны талаар яг манай байгууллагад албан ёсоор ирсэн мэдээлэл алга. Фэйсбүүк хуудсуудаар хоёр, гурван хүн тийм мэдээлэл тавьсан байна билээ. Түүнд бид хандаж мэдээллийн эх үүсвэрийг нь олох гэж үзсэн. Олдохгүй байгаа. Ерөнхийдөө манай байгууллагад иргэд энэ цагаан будаа хуурамч байна, шаардлага хангахгүй байна гэж хандаж байна л даа. Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст өчигдөр (уржигдар) нэг гомдол ирсэн.

Уг гомдлын дагуу тухайн будаанаас нь дээж аваад лабораторид шилжүүлсэн байгаа. Лабораторийн шинжилгээний дүнг гарахаар олон нийтэд мэдээлнэ. Хуурамч мөн эсэхийг бид сайн мэдэхгүй байна. Учир нь үнэхээр хуурамч биш хадгалалтын хугацаа дууссан, шаардлага хангахгүй нөхцөлд хадгалж байсан будаа ч байж болно шүү дээ. Тэгэхээр лабораторийн шинжилгээний дүн гарсны дараагаар хуурамч эсэх нь мэдэгдэнэ.

-Энэ жил наадмаар хоолны үйлчилгээ үзүүлэх цэгүүд газ ашиглах юм байна?

-Наадмын талбайд 850 орчим цэг гарна. Тэд бараг бүгдээрээ л хоол үйлдвэрлэл явуулдаг. Цахилгааны хэрэглээ ихэссэнээр хүчдэл нэмэгдэж тог тасрах асуудал үүсэх нь бий. Тиймээс энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын хуушуурын асруудад газ хэрэглүүлж үзье гэж шийдсэн юм билээ.

-Хийн баллоныг буруу хэрэглэвэл аюултай. Тэр тал дээр нь хэрхэн анхаарч байна вэ?

-Үүн дээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар байнга хяналт тавьж ажиллана. Манайхаас газтай хэрхэн зөв харьцах вэ гэсэн зөвлөмж гаргасан байгаа. Энэ зөвлөмжөө баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэх хүмүүст тараана. Түүний дээр наадмын үеэр ажиллах худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд зургаан дүүрэг дээр энэ сарын 7, 8 орчим сургалт зохион байгуулах юм. Сургалтаар газтай хэрхэн харьцах, яаж хадгалах вэ гэдгийг манай Дэд бүтцийн хяналтын хэлтэс, Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн мэргэшсэн байцаагчид заана. Мэдээж хэрэг тусгай зөвшөөрөлтэй газ оруулж ирдэг компаниудтай хамтарна. Тэд ч үйлчлүүлэгч нартаа бас зөвлөгөө өгөх юм.

-Наадамд танай байгууллага хэрхэн бэлдэж байна?

-Үндэсний их баяр наадам болж байгаатай холбоотойгоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас баяр наадмын үеэр аюулгүй байдлын бэлтгэл ажлыг хангуулах, баяр наадмын үеэр хэрхэн яаж ажиллах вэ гэсэн төлөвлөгөө гаргасан. Энэ төлөвлөгөөний дагуу явж байна.

Эхний ээлжинд бид Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн усны дээжинд шинжилгээ хийсэн байгаа. Хүй долоон худагт байдаг таван худгаас дээж аваад лабораторид шинжлүүлсэн. Төв цэнгэлдэх хүрээлэн дээр байгаа төвлөрсөн уснаас мөн дээж авсан байгаа.

Мөн баяр наадмын бэлтгэл ажилтай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудын бэлтгэл ажлыг шалгаж байгаа. Уг шалгалтын дүнг энэ сарын 10 гэхэд гаргана. Ер нь бол баяр наадмын үеэр хоол үйлдвэр үйлчилгээний 850 орчим газар ажиллах юм. Үүн дээр мэргэжлийн хяналтын байгууллагын 250 орчим улсын байцаагч хяналт тавьж ажиллана. Иргэддээ уриалахад баяр наадмын үеэр зөвшөөрөлтэй хүнсний цэгээс үйлчилгээ аваарай. Гар дээрээс худалдаа хийж байгаа хүмүүсээр битгий үйлчлүүлээрэй. Зөвшөөрөлгүй байна гэдэг чинь хаана, хэн, хэрхэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй гэсэн үг шүү дээ.

-Гар дээрээс худалдаа хийж байгаа тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэн дээр наадмын өдрүүдэд байцаагчид байнга ажиллах юм. Хэрвээ зөвшөөрөлгүй шорлог, зайдас, хотдог гэх мэтчилэнгийн гар дээрх худалдаа байвал үйл ажиллагааг нь зогсооно. Бараа бүтээгдэхүүнийг нь устгах арга хэмжээ авна. Гар дээрх худалдаанаас нийтийг хамарсан хоолны хордлого ч гарах магадлалтай. Ер нь зөвшөөрөлгүй юм битгий зараачээ эдийн засгаараа хохирно шүү гэдгийг хэлмээр байна. Наадамтай холбоотойгоор зөвшөөрөлгүй барилга байгууламжийн ажил хийх нь ихэсдэг. Тиймээс иргэд баяр наадамтай холбоотой гомдол байвал манай 70128012 утсанд хандаж болно.

-Зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хориглосон бараа худалдвал үйл ажиллагааг нь зогсоох уу?

-Тэр даруй үйл ажиллагааг нь зогсооно. Түүнчлэн архи согтууруулах ундаа, тамхи, эм гээд тусгай зөвшөөрөлтэй зарагддаг зүйлс байвал хурааж улсын орлого болгоно. Устгах ёстойг нь устгана. Мөн хүнсний зориулалтын сав баглаа боодол хэрэглэхийг шаардана.

Манайхан гол төлөв наадмын талбайгаас гэртээ хуушуур аваачдаг. Ингэхдээ зориулалтын сав баглаа боодол авч яваарай гэж хэлмээр байна

Хоёрдогч түүхий эд болсон буюу шар, бор янз бүрийн өнгөтэй гялгар уутанд хийсэн зүйлсийг битгий хэрэглээрэй. Зориулалтын сав баглаа боодлоор үйлчлүүлээрэй гэж байгаа.

-Наадмаар ариун цэврийн газрууд ачаалал ихтэй байдаг. Энэ нь эрүүл ахуйн талдаа ямар байдаг бол?

-Төв цэнгэлдэх хүрээлэн өөрсдийн ариун цэврийн газруудаас гадна контейнер нойл тавьж байгаа юм билээ. Түүнчлэн Улаанбаатар нэгтгэл био нойл тавьж байгаа. Цэнгэлдэх хүрээлэн орчимд нийт 119 бие засах газар ажиллана гэсэн мэдээ ирсэн. Энэ бол маш хүрэлцээгүй тоо. Эрүүл ахуйн талаасаа нэг бие засах газар 200 орчим хүн орвол болно гэсэн тооцоо бий.

Гэтэл наадамчид олноор цуглардаг газруудад хүрэлцээ муу байгаа. Жилийн жилд л бие засах газар хүрэлцээгүй байдаг. Нэмэгдүүлэх нь Төв цэнгэлдэх хүрээлэн компанийн асуудал болчихоод байгаа. Бид бие засах газраа нэмээрэй гэсэн шаардлага тавьсан. Хүй долоон худагт Монгол наадам цогцолбор ОНӨҮГ бие засах газрыг нэмсэн байналээ. Стандартын дагуу бие засах газар нь төвлөрсөн бохирт холбогдсон, усаа цэвэрлэдэг, гар угаах нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой гэх мэтчилэн шаардлага тавина л даа. Манайхаас Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн ариун цэврийн газруудыг халдваргүйтүүлэх ажил хийж байгаа.

Ж.БАЯРСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *