УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.
-Та Багшийн хөгжил, нийгмийн баталгааны тухай хууль санаачлан УИХ-ын даргад өргөн барьсан. Ямар онцлогтой хуулийн төсөл вэ?
-Манай улс түүхэндээ анх удаа Багшийн хөгжлийн тухай хуультай болох гэж байна. Би боловсролын салбарт чамгүй олон жил ажилласан. Мөн Монголын залуу багш нарын холбоог тэргүүлж байна. Тиймээс багш нарын өмнө тулгамдаж буй асуудлыг мэднэ. Ерөнхийдөө нийгмийн захиалга бий учраас уг хуулийн төслийг санаачилсан. Уг хуулийн төсөлд багшийн хөгжилтэй холбоотой хэд хэдэн зохицуулалтыг тусгасан байгаа. Тухайлбал, цалин урамшуулал, нийгмийн болон хуулийн баталгаа, багшийн ёс зүйн стандартыг сайжруулах, багш нарыг давтан сургах, давхар ажил хөдөлмөр эрхлэх, цалинтай чөлөө олгох болон бусад боломжоор амьжиргаагаа дээшлүүлэх зэрэг чухал асуудлыг тусгалаа. Мөн энэ дундаас багш мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулиудын хөтөлбөрт багшийн мэргэжлээр сурч байгаа хүүхдүүд суралцах явцдаа дадлагажигч багшаар ажиллах боломжийг олгох, цаашлаад бага, дунд, их дээд сургуулиудад туслах багшийн орон тоог бий болгох саналыг мөн тусгасан.
-Туслах багш гэхээр ямар багшийг хэлэх вэ. Одоо манай боловсролын байгууллагад туслах багш гэсэн ойлголт байхгүй биз дээ?
-Албан ёсоор туслах багш болгож байхгүй. Гэтэл туслах багшийн хэрэгцээ шаардлага маш их байна. Наад захын жишээ болгож ЕБС-ийг аваад үзье л дээ. ЕБС-ийн нэг ангид өнөөдөр дунджаар 45-60 хүүхэд суралцаж байна. Тэр олон хүүхдэд ганцхан багш гэдэг үнэндээ хаанаа ч хүрэлцэхгүй. Хүүхэд бүрт хүрч ажиллах боломжгүй байдаг. Энэ асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага байгаа учраас туслах багшийг мөн бэлтгэх шаардлагатай. Яагаад гэвэл туслах багш гэдэг багш нарын удирдаж буй хичээлийг тухайн хүүхдүүдэд тохирсон хэлбэрээр хүргэх суваг гэж ойлгож болно. Ингэж байж бидний нөгөө хүсээд байдаг мэдлэгийг үйлдвэрлэдэг түүнийгээ баялаг болгодог оюутан байхдаа ажлаа олж авдаг ийм тогтолцоо бүрдэх юм. Түүнээс биш зөвхөн академик боловсрол олгоод, зөвхөн багш лекц уншдаг байдлаар бид цаашдаа хол явахгүй болов уу.
-Уг хуулийн төсөлд нийгмийн асуудлыг шийднэ гэсэн. Тэгэхээр багш нарын цалин өөрчлөгдөж байгаа юу?
-Багш нар сардаа 480 мянган төгрөг гар дээрээ авч байгаа. Түүгээр амьдралаа залгуулаад явна гэдэг хүнд шүү дээ. Багш нарын зэрэг, цалингийн шатлал нэмэгдэхгүй л бол цалин нь нэмэгдэхэд хүнд. Манай багш нар таван жил болж байж зэрэг ахидаг байх жишээтэй. Гэтэл 480 мянган төгрөгийн цалинтай багш, амьдралаа авч явахын зэрэгцээ нэмэлт төлбөр төлөөд зэргээ дээшлүүлнэ гэдэг үнэхээр бэрх асуудал. Тиймээс амжилтаар цалинг нь нэмдэг байх хэрэгтэй. Хэрвээ тэгж чадвал тухайн багш чадварлаг л бол зэрэг ахиагүй байсан ч 22 настайдаа багш болоод 24 настайдаа амжилт гаргаад үнэлэгдэж өндөр цалин авдаг болно гэсэн үг. Гэтэл одоо амьдрал дээр мундаг амжилт гаргасан багш нарын цалинг нэмэх гэхээр зэрэг, шатлал нь ахиагүй байх жишээтэй. Тэгэхээр үнэхээр тухайн багшийн хүүхдүүд амжилт гаргаад, сурагчид болон эцэг, эхийн сэтгэл ханамж өндөр байгаад, багшийн идэвх санаачилга сайн байгаад тэр хэрээрээ багшийн цалин нэмэгддэг байвал гүйцэтгэлээрээ цалин авдаг болох учир тэр багшийн ажиллах эрч хүч, эрмэлзэл ч өндөр байна. Үр дүнд нь чанартай багш нар олон болох болно. Энэ мэт багшийн хөгжих хөшүүргүүдийг хийж өгөх талаар тусгасан зүйл олон байгаа. Ажил хийвэл ам тосдоно гэдэг л зарчим. Гэтэл өнөөгийн манай системд хэн нь сайн, хэн нь муу ажиллаж байгаагаас үл хамаарч яг л ижил тэнцүү цалин өгчихдөг. Дэлхийн стандарт юу байдаг вэ гэхээр нэг сая төгрөг байлаа гэхэд сайн ажилласанд нь 800 мянган төгрөг, мууд нь 200 мянган төгрөг өгдөг тийм л тогтолцоотой. Ингээд ирэхээр багш нар 800 мянган төгрөг авахын тулд тийм хэмжээний үр дүн гаргадаг. Өнөөдөр таван жил болж байж л цалин нэмдэг тогтолцооноос болоод багш нар өдрийг зүгээр цаг өнгөрөөх байдлаар л аргацааж байх жишээтэй. Тиймээс ажлын гүйцэтгэлийг нь үнэлдэг болъё гэж байгаа юм. Ингэж чадвал цалингийн систем өөр түвшинд очно. Тиймээс энэ хуульд багшийн ур чадвараас хамаарч цалин урамшуулал тооцдог системд шилжихээр зааж өгч байгаа.
-Цалингаас өөр нийгмийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
-Багш нарын нийгмийн олон асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Багш нараа нийтийн тээврээр үнэ төлбөргүй явуулдаг болгох, багшийн хүүхдийг цэцэрлэгт хамгийн түрүүнд бүртгээд авчихдаг байх, багш нараасаа сонгон шалгаруулаад магистр, докторын сургалтад тэтгэлгээр явуулдаг болж яагаад болохгүй гэж. Төрийн албан хаагчийн хүүхэд их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах зэргээр тэдний нийгмийн асуудлыг нь шийдэх шаардлага байна. Орон сууцжуулах хөтөлбөрт багш нарыг хамгийн түрүүнд хамруулж болох юм. Энэ тал дээр Нийслэлийн удирдлагууд санаачилга гаргаад “Багш хөгжлийн форум”-ын үеэр “Нийслэлийн хэмжээнд багшийн хөгжил-2017. Улаанбаатарын тунхаглал”-ыг батлахаар болсон нь үнэхээр сайшаалтай. Дээрээс нь бид зөвхөн Багшийн хөгжлийн хуулиар зогсохгүй холбогдох бусад хууль тогтоомжид багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэх заалтуудыг тусгаад явж байна. Яваандаа багш мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм.
-Яаж нэмэгдүүлнэ гэж?
-Ер нь ирээдүйд манай улс багшгүй болох аюул ойрхон байх шиг. Яагаад гэвэл мэргэжлийнх нь үнэ цэнэ унаад байна. Энэ хуулийн хүрээнд бид ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд судалгаа явуулсан. Тус судалгаанд нийт 1852 хүүхэд хамрагдсанаас ердөө 2.9 хувь нь л багш болно гэсэн байна лээ. Гэтэл урлаг соёлын мэргэжлийг эзэмших сонирхолтой хүүхдүүд 27 хувийг эзэлж байх жишээтэй. Үүнээс юу харагдаж байна гэхээр хүүхдүүдийн дунд “Яг түүн шиг шоу”-ны оролцогч Т.Бархүү шиг болбол би гурван сая төгрөг авах юм байна, харин багш болбол бага цалинтай, сайнгүй амьдрах юм байна гэдэг ойлголт яваад байна. Тиймээс хүүхдүүдийн багш мэргэжлээр суралцах эрмэлзлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Багш мэргэжилтэн бэлтгэж байгаа сургуулиуд үнэхээр чадвартай хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургадаг систем рүү шилжих шаардлагатай байна. Үгүй бол сүүлийн үед хүүхдүүд нийгэмд нэр хүнд нь уначихсан учир багш мэргэжлийг сонгохоо болиод байгаа. Хөдөө орон нутгийн дунд сургуулиуд эхнээсээ багшгүй болоод эхэлж байна шүү дээ. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл, боловсролын салбар ямар ч уялдаа холбоогүй болчихоод байгаа. Адаглаад математикийн багш хэд хэрэгтэй байгаа юм бэ гэхэд тоо баримт байхгүй л байна шүү дээ. Тусгай хэрэгцээт сургуулиудаар очоод үзэхэд мэргэжлийн согог зүйч багш хуруу дарам цөөн байна. Араас нь бэлтгэгдэж байгаа мэргэжлийн залгамж халаа гэж алга. Яагаад гэвэл тусгай хэрэгцээт сургуульд ажиллаж, байгаа багш нарыг дэмжих тогтолцоо байхгүй. Ер нь хүн хаана ажиллаж амьдрах таатай орчин байна тийшээ л явдаг. Тэгэхээр багш нарын хувьд тийм орчин нь алга. Шаардлагатай мэргэжлийг нь эзэмшүүлэхэд төр бодлогоор дэмжиж чаддаггүй. Тэгэхээр энэ хууль гарснаар төр өөрөө захиалгаа өгөөд, Багшийн их сургууль босго давсан өндөр оноотой хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургадаг, төгсөөд гарахад нь тэр аймгийн тэр суманд оч гээд томилдог, тэнд нь ажиллаж, амьдрах таатай орчин нь бүрдчихсэн байх тийм л боломжийг бий болгоход чиглэж байгаа.
-Уг асуудлыг үе үеийн Засгийн газар ярьдаг л байсан. Гэтэл бодитой ажил хэрэг болгож чадахгүй байгаагийн учир юу вэ?
-Монгол Улс түүхэндээ боловсролын салбарын олон хууль, хөтөлбөр санаачилсан байдаг. 1995 оны Багшийн хөгжлийн бодлогод багшийн хөгжлийн талаар ярьж байсан. 2015 оны Засгийн газрын 304 дүгээр тогтоолд ч энэ талаар бас л заасан байна. Гэтэл бодитоор хэрэгжсэн зүйл алга. Эцэст нь бид ямар ч байсан бие даасан хуультай болох ёстой гэдэгтэй санал нэгдсэн нь өөрөө маш чухал. Хууль эрх зүйн хүрээнд баталгаатай болж байж багш нарын нийгэм дэх үнэ цэнэ өсч эцэг эхчүүд хүртэл багш нарыг хүндэлдэг болно. Өнөөдөр манай орчин цагийн хүүхдүүд тун хэцүү цаг үед амьдарч байна. Энэ их мэдээллийн урсгал дундаас өөрт хэрэгцээтэй мэдээллийг олж авна гэдэг тун хэцүү болчихсон. Ийм чадварыг барууны орнууд эрэлхийлж байсан одоо ч эрэлхийлсээр байгаа. Цахим орчны энэ хурдтай хөгжлийн шуурганд өсвөр насныхныг яах вэ гэдэгт хамгийн их санаа зовдог. Гэхдээ тэд нэг гарц олсон нь хүүхдүүдэд шүүмжлэн эргэцүүлэх чадварыг олгосон. Энэ нь ямар чадвар гэхээр тэр их мэдээллээс яг аль нь зөв бэ гэдэг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх чадвар. Үүнийг боловсролын системдээ суулгаж өгсөн. Тиймдээ ч барууны оронд манай сурагчид, оюутнууд задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх чадвартай гэж тайлбарладаг. Тэр нь явсаар байгаад сэтгэл гэдэг хүний дотоод мөн чанартай холбогддог. Япон залуус гэхэд аливаа зүйлд ач холбогдол өгдөг юманд чин сэтгэлээсээ ханддаг боловсролтой байх жишээний. Үүгээр нь тэднийг хэмждэг.
-Хуулийн төсөл батлагдчихвал багш нарыг дэмжих тал дээр ямар бодит байдал бий болох вэ?
-Энэ хуулиар их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэл, ерөнхий боловсролын сургуулиуд бүгдээрээ багш хөгжлийн төвтэй болно. Энэ нь ямар ашиг тустай институт вэ гэхээр багш нарыг мэдээлэл, судлагдахуун, материал тоног төхөөрөмж бүхий баазаар хангадаг тийм төв гэсэн үг. Тэнд мэдээллээр хангах, сургалтын хөтөлбөрөөр хангах, сургалтыг зохион байгуулах ажлыг багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь хийдэг багш хөгжлийн төвдөө давтан сурдаг тийм тогтолцоо юм. Үүний учир нь хөгжсөн багш л өөрөө хүүхдийг хөгжүүлж чаддаг гэдгийг ойлгох ёстой. Өнөөдөр багш нарын хөгжил үнэхээр доогуур байна. Ганцхан жишээ гэхэд одоогийн байдлаар Ерөнхий боловсролын сургуулийн түвшинд ердөө 22 багш доктор хамгаалсан байна. Бүр тодруулбал, Монгол Улсад нийт 48577 орчим багш байгаагаас ЕБС-ийн 28889 багш бий. Боловсролын зэргээр нь ангилбал 22 доктор, 3350 магистр, 1790 бакалавр байх жишээтэй. Үлдсэн нь дипломтой багш нар болчихоод байна. Тиймээс хууль эрхзүйн зөв системтэй болж байж багш нарыгаа чадавхжуулна.