Categories
арын-нүүр булангууд мэдээ

Н.Түвшинбаярт Чингэсийн одон хүртээе

Олимпийн аварга Н.Түвшинбаяр шагналаар дутаагүй гэдэг нь үнэн. Гэхдээ монголчуудыг магнай хагартал баярлуулсан хүнийг өөрөөр хэрхэн тодотгох билээ. Энэ одонг түүнд олгох санааг Санжийн Баяр саяхны ярилцлагадаа дурдсан юм. Монгол хүн олимпийн аварга болсны дараа улстөрчид ч нэг ширээний ард суусан гэдгийг тэр баталсан. Учир нь энэ одонг үндэстний эв нэгдлийг хангахад үүрэг гүйцэтгэсэн хүнд зориулсан юм байна. Энэ үндэслэлээр бол Н.Түвшинбаяр яах аргагүй энэ одонг хүртэх учиртай хүн. Энэ залуу шиг монголчуудыг баярлуулсан хүн магадгүй монгол хүн сансарт ниссэн өдрөөс хойш гараагүй. Үндэсний бахархлыг дэврээж, Монгол хүн дэлхийн дэвжээнд ялалт байгуулах боломжтой гэдэг итгэлийг энэ л залуу өгсөн билээ. Энэ өдрөөс хойш олон монгол залуус оролцсон тэмцээн, уралдаан бүрээсээ амжилтын буухиаг өртөөлж байгаа. Монгол хүн олимпийн аварга болох өдөр хол мэт санагддаг байсан бол өдгөө монгол хүн хаанаас ч од шүүрэхэд гайхах зүйлгүй болсон. Долдугаар сарын 1-ний хар өдрөөс хойш монголчуудын сэтгэлийг дэвтээсэн хүн бол Н.Түвшинбаяр. Монголчууд нүдэндээ нулимстай, бахархал дүүрэн уухайлсан баярт өдрийг мартах аргагүй. Таван хүний амь нас үрэгдсэн, ард түмний хилэн хорсол дэвэрсэн ул мөр нь хатаагүй Сүхбаатарын талбай энэ л өдөр баяр, жаргалаар цалгилж билээ. Долдугаар сарын 1-нээс өмнөх хойдох Монгол ондоо. Олимпийн аваргатай Монгол, аваргагүй Монгол хоёр ч огт өөр. Энэ бүхнийг нэг л хүн хийж чадсан гэхээр дэндүү бахархалтай, бас агуу.

Б.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *