“Монголын Алт” (МАК) ХХК-ийн ерөнхийлөгч Н.Цэлмүүнтэй ярилцлаа.
-Монгол Улс дотоодын цементийн хэрэгцээгээ 100 хувь хангах хүчин чадалтай болсон гэдгээ зарлаад удаж байна. Танаас “МАК Цемент” төсөл хэрхэн хэрэгжсэн үйл явц, хөрөнгө оруулалтын талаар эхлээд сонирхъё.
-Үндэсний хэмжээний томоохон төслийг хэрэгжүүлэхэд ямар процесс явагддагийг ер нь хэрэглэгчид тэр бүр мэддэггүй. Асар их саад бэрхшээл туулж үйлдвэрлэлээ эхлүүлдгийг бизнесийнхэн л гадарлах байх. Түүхий эд, эрчим хүч, зам харилцаа, ажиллах хүчин, техник технологийн сонголт, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах үйл явц гээд өргөн далайцтай судалгааг, урт хугацаанд ихээхэн хөдөлмөр зүтгэл шаардан гүйцэтгэдэг. Тухайлбал, үндсэн түүхий эд болох шохойн чулууны эрэл хайгуулыг гэхэд л 2000-аад оны эхэн үеэс эхлүүлсэн. Хайгуулын шат дараалсан ажлуудыг гүйцэтгэх, энэ явцдаа дээжийг нь гадны лабораторид шинжлүүлэх, нөөцөө тогтоох, батлуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байв. Технологийн хувьд гэхэд л инноваци шингэсэн, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, хөдөлмөрийн бүтээмж өндөртэй зэрэг шалгуурыг тавин дэлхийн зах зээл дээрх топ компаниудыг судалж байлаа.
Ингээд 140-өөд жилийн түүхтэй Данийн вант улсын “FLSmidth” компанийн технологи, тоног төхөөрөмжийг сонгож, нэг сая тонны хүчин чадалтай “МАК цемент” үйлдвэрийнхээ гэрээг 2012 онд үзэглэж байсан юм. Тухайн үед анхны хөрөнгө оруулалт нь 100 гаруй сая еврогийн өртөгтэй байсан. Гэхдээ хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдсэн
Чойроос 110 кВ-ын 64 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж байгуулах, инженер-геологийн судалгаагаар илэрсэн хагарлын бүсийг бэхжүүлэхийн тулд үйлдвэрийн талбайд 30-аад мянган куб.метр масс-бетон буюу цул бетон цутгаж суурийг бэхжүүлэх, бүтээгдэхүүний болон түүхий эдийн силог өндөр маркийн хүчитгэсэн зуурмагаар тасралтгүй цутгах, 110 метрийн өндөртэй урьдчилан халаагчийн төмөр хийц, тоног төхөөрөмжийг тусгай зориулалт бүхий даацын кран гаднаас авчирч угсрах, аж үйлдвэрийн зориулалт бүхий барилгын ажил гүйцэтгэх компани, гадны мэргэжилтнүүдийг ажиллуулах зэрэг зардлуудаа тооцоод үзэхэд үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтад 330-аад сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Түүнчлэн түүхий эдийн олборлолт явуулах уулын техникүүдийг худалдан авах, ажиллагсдынхаа нийгэм ахуйн барилга, тосгон байгуулах гэх зэрэг үнэхээр олон ажлыг нарийн төлөвлөлттэй гүйцэтгэн төсөл бүрэн хэмжээгээр хэрэгжсэн. Дээр нь зарим шаардлага хангасан түүхий эд болох тухайлбал гөлтгөнө, нүүрс зэргийг 100-300 км цаанаас Дундговиос тээвэрлэн зөөдөг.
Манайх чинь үйлдвэрлэгч улс биш, хүн хүч хомс, дэд бүтэц сул учираас аливаа төслийн хөрөнгө оруулалтын зардал өндөр гардаг.
Ер нь “хонх нь дуугарахаар дамар нь таг” гэдэг шиг асуудал, бизнес болгонд тулгардаг гэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Бид 2017 оноос бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ хүргэе гэтэл төмөр замын тээвэрлэлт дээр гацчихсан. УБТЗ-д нь цемент тээвэрлэх зориулалтын вагон тун цөөхөн байдаг. Тэгэхээр нь тухайн үед 182 ширхэг хоппер буюу задгай цемент тээвэрлэх зориулалттай тусгай вагон худалдаж авч байлаа. Уг нь тээвэр логистикийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжид боломж, хүчин чадал нь байдаг сан бол бид ингэж нэмэлт хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй байв. Гэтэл вагонаа дагаад таталт, тавилт хийх сэлгээний зүтгүүр шаардлагатай болсон.
Нөгөөтэйгүүр Улаанбаатарт жилдээ нийт 500 мянган тонн задгай цемент хадгалан дамжуулах хүчин чадалтай хоёрхон компани л байдаг. Ийм учраас борлуулалтын сүлжээний төвүүдийг зайлшгүй байгуулах нэмэлт хөрөнгө оруулалтын шаардлага үүссэн.
-Цементээ нөөцлөх агуулах сав дутмаг болохоор үйлдвэрлэлийн хэмжээ буурч зах зээлд хомсдол үүсч үнэ нэмэгддэг гэсэн тайлбарыг Засгийн газраас өгч байсан. Нөөцийн агуулахыг яаж шийдэх ёстой вэ?
-Цементийн үнэ зөвхөн үйлдвэрлэгчдээс хамаардаггүй. Үйл ажиллагааны өртөг, зардалд нөлөөлдөг олон хүчин зүйл байдаг. 2022 оны хөдөлмөрийн хуулийн шинэчлэлтэй холбоотой цементийн өртөгт эзлэх цалингийн зардал сүүлийн хоёр жилд 56 хувь өссөн байна. Мөн геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан шатахуун тослох материал, сэлбэг, эд материалын зардал 85 хувь өсөөд байгаа юм. Харин үйлдвэрийн үнээс цаашаа бид үнийн хяналт хийх ямар ч бололцоогүй.
Бүтээгдэхүүнийхээ үнийг аль болох тогтвортой, хяналттай байлгах үүднээс Улаанбаатар, Дархан хотуудад өөрсдийн борлуулалтын төвүүдийг байгуулж байна. Анхныхаа борлуулалтын төв буюу “MAK WEST”-ээ 22-ын товчооны ойролцоо 2018 онд байгуулсан. Тэнд төмөр замаас шууд салаа замтай. Үүгээр хотын баруун бүсийнхний хэрэглээг хангаж байна.
Мөн зүүн бүсийг хангах зорилгоор “MAK EAST” төвийг Амгалан өртөөнд байгуулсан. Одоо Гурвалжингийн гүүрний ойролцоо “MAK CENTRAL” төвийн, мөн Дархан хотод борлуулалтын төв байгуулах бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна. Энд задгай цемент түлхүү зарагдана гэж тооцож байгаа.
Цаашид Төв аймгийн Сэргэлэн, Өмнөговь аймгийн Цогтцэций сумдад борлуулалтын төвүүдийг байгуулахаар ажиллаж байгаа. Энэ бүх бүтээн байгуулалтад 100 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай ба ингэснээр үнэ тогтвортой байх боломжийг хангахаар зорьж байгаа юм. Гэхдээ биднээс шалтгаалахгүй тээвэрлэлт болон инфляцийн асуудал байна. Жишээ нь, цементээ вагоноор тээвэрлэхэд нэг тонн/км нь 20 мянган төгрөгийн үнэтэй бол авто замын тээвэр нь 83 орчим мянган төгрөг байдаг.
-Та сая яриандаа тээвэрлэлтийн асуудал хөндлөө. Өөр ямар хүндрэлүүд байна вэ?
-УБТЗ-ын зүтгүүрийн хүрэлцээний асуудлаас хамаарч байгаа хүндрэлүүд бий. Өөрөөр хэлбэл, манай 182 хоппер вагоныг ачаагаа тээвэрлээд сулрах үед нь таталт, тавилт хийх замаар цуглуулаад өртөөнд хүргэх зүтгүүр ямагт дутагдалтай байдаг. Ингэснээр эргэлт удааширдаг, гацдаг. Нөгөө талаар сэлгээний зүтгүүрээс гадна төв зам дээр явах зүтгүүр худалдан авах гэхээр хувийн зүтгүүрийг үндсэн магистрал замаар явуулах эрх өгдөггүй. Хэдийгээр хангалттай хоппер болон битүү вагон худалдаж авсан ч тэрийгээ зүтгүүрээс хамаараад эргэлтэд, ачаа тээврийн урсгалд оруулж чадахгүй байна гэсэн үг. Мөн ууттай цементийг зөвхөн битүү вагоноор тээвэрлэдэг. Харин энэ төрлийн вагон Монголд ердөө 153 ширхэг байгаа. Эдгээр нь зөвхөн цемент зөөхгүй, бүх төрлийн ачаа тээвэрт явдаг. Ковидын үед Замын-Үүдээс-Улаанбаатарын чиглэлд бүх ачаа тээвэрлэсэн. Одоо намар болохоор ургац тээвэрлэлтэд явна. Энэ мэтчилэн улсын хэмжээнд бүхий л тээвэрт ашиглагддаг. Мэдээж улсын ачаа тээвэр тэргүүн ээлжинд явдаг учраас үйлдвэрлэгч бидэнд олдоц багатай байдаг. Ийм учраас манай компани энэ жил 150 ширхэг битүү вагон, 20 ширхэг хагас вагон өөрсдийн хөрөнгөөр худалдаж авч байгаа. Гэвч худалдаж авсан вагонуудаа эргэлтэд оруулъя гэхээр УБТЗ-аас зөвшөөрсөн хариу ирүүлээгүй байна. Энэ бүхэн төмөр замын суурь бүтцийн даац, нэвтрүүлэх хүчин чадал хүрэхгүй байгаатай холбоотой.
-Импортын цементийн гаалийн татварыг таван хувь болгож бууруулсан нь дотоодын үйлдвэрлэгчдийн борлуулалтад яаж нөлөөлж байна вэ?
-Өнөөдөр дотооддоо үйлдвэрлэж байгаа цементийн хүчин чадлаа тооцоод үзье. Үндэсний хэмжээнд долоон үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Томоохон нь “МАК”, “Монцемент”, “Хөтөл” гурав байна. Эдгээр компаниуд тус бүр нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн Хятадын хөрөнгө оруулалттай “Мөнхийн баян гал” жилдээ 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. “Ховд эко цемент” 300 мянган тонн, “Эрэл цемент” 180 мянган тонн, “Налгар түшиг” 100 мянган тонн ингээд бодохоор нийтдээ 4.5 орчим сая тонны үйлдвэрлэлийн хүчин чадал байна. Монгол Улсын цементийн нийт хэрэглээ 2.3 сая орчим тонн байгаа.
Энэ жилийн хувьд үйлдвэрлэгчдийн нөөц бага болохоор импортын 20 хувийн татварыг таван хувь болгож бууруулсан гэж Засгийн газраас мэдэгдэж байсан. Үндэсний үйлдвэрлэгчид нөөцгүй болсон гэдгийг ташаа мэдээлэл гэж боддог. Учир нь манайх гэхэд л энэ жил 1.2 сая тн цемент борлуулах бизнес төлөвлөгөө баталсан. Миний ойлгосноор “Монцемент” бас хангалттай нөөцтэй байсан. Нэмээд Хөтөлийн цемент шохойн үйлдвэр орж ирлээ гэхэд гуравхан үйлдвэр дотоодын хэрэгцээгээ асуудалгүй хангах бүрэн боломжтой. Дээрээс нь бусад үйлдвэрүүд нэмэгдэхээр бүр ч хангалттай. Тэгэхээр цементийн импортын татварыг бууруулсан шийдвэр буруу байсан гэж дүгнэж байгаа.
-Яагаад. Харин ч хэрэглэгчид хямд цемент авах боломжийг бүрдүүлсэн юм биш үү?
-Дотоодын долоон үйлдвэрийн ард гурван мянга гаруй ажилтан бий. Ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч компаниудын ажиллагсдыг оруулбал үүнээс ч өндөр тоо гарна. Гэтэл тэдгээр хүмүүсийнхээ тогтвортой ажлын байр, цалин хөлс, амьдрал ахуйг огт тооцоогүй. Үйлдвэрлэлийн хэмжээ багасахын хэрээр өртөг нь нэмэгддэг. Ахиу үйлдвэрлэх тусам өртөг буурдаг. Дээрээс нь энэ долоон үйлдвэр АМНАТ, ААНОАТ, НДШ, орон нутгийн татварууд, НӨАТ гэх мэт олон төрлийн татвар төлж байгаа.
Гэтэл дотоодынхоо үйлдвэрүүдийн зах зээлийн нийлүүлэлтийг багасгаад, импортын хятад цементийг тавхан хувийн тариф төлөөд орж ирэхээр “дэмжлэг” үзүүлсэн. Үндэсний үйлдвэрлэгчдэд олддоггүй нөгөө вагон, зүтгүүр хангамж, төмөр замаа мөн тэдэнтэй хуваалцахад хүрч байгаа.
Хамгийн гол нь хятад цемент чанар стандартын шаардлага, баталгааг хангаж байгаа эсэх нь бүрхэг. Цаанаа агуулахад хоёр, гурван жил хадгалсан чанарын үзүүлэлт нь унасан цемент орж ирж байгаа ч юм билүү. Гааль дээр үүнийг шинжилдэг лабораторийнх нь тоног төхөөрөмж байхгүй гэх юм билээ. Гэтэл дотоодын үйлдвэрлэгчид үнэ нэмчихэж байгаа юм чинь хятад цемент оруулах нь зөв гээд байдаг. Үнэн хэрэгтээ цемент чинь стратегийн бүтээгдэхүүн шүү дээ. тиймээс чанар, стандартын асуудал маш чухалд тооцогдох ёстой. Зам, гүүр, байшин барилга гээд бүтээн байгуулалт бүрд ашигладаг болохоор үндэсний аюулгүй байдалд нөлөөтэй гэж үздэг.
-Хятадын цемент дотоодын цементтэй өрсөлдөх чадвар өндөр байгааг та яаж харж байна вэ?
-Импортын цементийг оруулж ирж болно. Гол нь стандартын шаардлагад бүрэн нийцсэн, итгэмжлэгдсэн лабораториор баталгаажсан цемент Монгол Улсад орж ирэх ёстой. Гэхдээ мэдээж дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжээд 20 хувийн гаалийн тариф байх нь зөв. Харамсалтай нь ид сезоны үед буулгасан тарифын татварыг буцаад аравдугаар сарын 1-нээс нэмэх нь үндсэндээ ач холбогдолгүй. Бүтээн байгуулалтын улирал нь дуусчихсан байна.
Өрсөлдөх чадварын хувьд гэвэл урд хөршид хүн хүч нь элбэг, үйлдвэрийн хүчин чадал нь 100 хувьдаа хүрч ажилладаг болохоор өртөг бага, дээр нь зах зээл томтой, эрчим хүчний үнэ хямд, тээвэр логистикийн сүлжээ сайтай гээд олон давуу хүчин зүйлүүд бий. Ийм нөхцөлд бид өрсөлдөх боломж туйлын бага. Дээрээс нь тэнд цементийн үйлдвэрийн хөрөнгө оруулалт, татвар ч хамаагүй бага байгаа.
Засгийн газраас гаалийн татварыг таван хувь болгосноор Хятадаас импортолж байгаа цементийн хэмжээ гурав дахин нэмэгдсэн ба наймдугаар сарын байдлаар 200 мянган тонн цемент орж ирсэн статистик мэдээ байна лээ.
Гэхдээ өндөр чанартай цемент нь татвараа төлөөд ямар үнэтэй орж ирэхийг тодорхойлох ёстой. Энэ тохиолдолд хараат бус гуравдагч, хөндлөнгийн үнэ тогтоогч болно гэсэн үг. Тэгвэл үйлдвэрлэгчдийг үнэ нэмээд байна гэдэг хардлага буурна. Магадгүй актлахад бэлэн болчихсон цемент орж ирээд манай өндөр чанарын цементтэй өрсөлдөөд байгааг ч үгүйсгэх аргагүй.
-Нөгөө талд Хятадаас хугацаа нь дууссан, чанаргүй цемент орж ирж байна гэх хэрэглэгчдийн гомдол бас нэлээд ажиглагдах боллоо. Хэрэв гарал үүсэл нь тодорхойгүй цемент импортлогдож байгаа бол үүсэх сөрөг үр дагавар нь юу вэ?
-Цементийн зуурмагийн бэхжилтийн хугацаа 28 хоног байдаг. Чанаргүй цементийн хувьд бэхжилтийн хугацаа нь уртасна. Үүнийг дагаад бүтээмж буурна. Дээрээс нь зуурмаг хийхэд бат, бэх чанарыг нь тодорхой цагт авдаг. МАК болон хятад цемент дээр бат бэх авах хугацааг тодорхойлохоор хөндлөнгийн харьцуулалт хийж үзсэн. Тэгэхэд хятад цементийн бэхжилтийн хугацаа хамаагүй урт байсан.
Дотоодын зуурмагийн компаниуд ч ийм хөндлөнгийн харьцуулалт хийсэн юм билээ. Зарцуулах хугацаа уртсах тусам барилгын бүтээцийн аюулгүй байдалд эрсдэл учруулдаг талтай. Мөн барилгын насжилт буурна, эвдрэл гэмтэл үүснэ. Монгол шиг эрс тэс цаг уурын нөхцөлтэй оронд ямар нэгэн физик, механикийн нөлөөнд орохгүй тогтвортой чанараа хадгалах бетоны цемент л байх ёстой юм.
-Эрчим хүчний үнийг чөлөөлөх асуудал сүүлийн үед яригдах боллоо. Хэрэв энэ хэрэгжвэл үйлдвэрийн өртөгт яаж нөлөөлөх бол?
-Үйлдвэрлэгчид аль болох ачаалал бага шөнийн цагт хөнгөлөлттэй тарифаар үндсэн үйлдвэрлэлээ явуулдаг. Гэтэл өсөн нэмэгдэж байгаа хэрэглээнээс хамаараад эрчим хүчний хязгаарлалтад орох болсон. Энэ тохиолдолд хязгаарлалтгүй цаг үедээ буюу өндөр тарифын үед ч үйлдвэрлэлээ явуулах шаардлага үүсч байна. Тэгэхээр эрчим хүчний зардал өндөр байгаа. Манай үйлдвэр хэдийгээр эрчим хүчний хэмнэлттэй технологитой ч хязгаарлалт үүсээд ирэхээр эрчим хүчний зардал буурдаггүй. Эрчим хүч бол аливаа үйлдвэрлэлийн суурь үнэ. Энэ суурь тариф өөрчлөгдөхөөр нэг тонн цементийн өртөг нэмэгдэнэ.
-Цементийн үйлдвэрлэлд төрийн ямар бодлого үгүйлэгдэж байна вэ?
-Төрийн зүгээс тээврийн дэд бүтцээ сайжруулах, хөдөлмөрийн хууль тогтоомжийг эргэн харах, стандартаа мөрдүүлэх, дотоодын зах зээлээ импортын хараат байдлаас хамгаалах зэрэг олон асуудалд анхаарлаа хандуулаасай гэж боддог. Ганц жишээн дээр ярья. “МАК Цемент” компани 2017 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байхад Монгол улс цементийн зургаан стандарт мөрдөгддөг байсан. Үүнийг бид нэмэгдүүлээд 14 болгосон. Зургаан стандартын дөрвийг нь шинэчлэн нэвтрүүлсэн. Энэ тохиолдолд хуучин дөрвөн стандарт нь хүчингүй болох ёстой. Гэтэл манайд мөрдөгдөж байгаа хуульд стандартыг сонгож хэрэглэх зохицуулалттай. Ингэхээр инноваци шингэсэн, эрчим хүчний хэмнэлттэй, тэргүүний технологи нэвтрүүлж бүтээн байгуулалт хийж сайн стандартад шилжинэ гэсэн асуудал үндсэндээ байхгүй болж байгаа юм. Харин ч дэвшилтэт бус эрчим хүчний хэмнэлтгүй, хямдхан технологи орж ирэх нөхцөл л бүрдэж байна. Уг нь инноваци гэдэг чинь өмнөх хуучнаа халаад сайжруулах асуудал. Нэгэнт стандарт сайжрахаар хэрэглэгч өндөр стандартын бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой. Тэргүүний дэвшилтэт технологи бүхий аж үйлдвэр хөгжихгүй байгаа нэг шалтгаан нь стандартыг дуртайгаараа сонгож хэрэглэдэгт оршиж байгаа гэж хэлж болно.
М.МӨНХЦЭЦЭГ
2 replies on “Н.Цэлмүүн: Цементийн үнэ зөвхөн үйлдвэрлэгчдээс хамаардаггүй DNN.mn”
Ажлын амжилт хүсье хөдөлмөрч чадалтай бүсгүй шүү.
Амжилт хүсье. Олон монголчуудад түгээх хэрэгтэй. Сайхан ярилцлага болж…