Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар баталсан. Тус хуульд орсон нэмэлт, өөрчлөлт болон ач холбогдлын талаар Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.
-Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг төслийг УИХ-аар баталлаа. Тус хуульд орсон гол өөрчлөлт юу вэ?
-Энэ хууль маань хамгийн нэгдүгээрт, Гадаад улсын цацраг идэвхт хаягдал, ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно гэсэн заалтаар эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс гэдгээ дэлхийд тунхагласан ганц орон шүү дээ. НҮБ хүлээн зөвшөөрсөн энэ статусаа хуулиар баталгаажуулж байгаа хэрэг юм. Харин дараагийн гол өөрчлөлт бол монголчууд ямар ч төсөл дээр таван хувийн л АМНАТ авч ирснийг өөрчилсөн явдал. Хэрвээ ураны үнэ өсвөл АМНАТ дагаж өсдөг, хэрвээ буувал таваас доош буудаггүй байх өөрчлөлт оруулсан.
-Яагаад ийм өөрчлөлт хийх шаардлагатай болсон юм бэ?
-Хэд, хэдэн үндсэн шалтгаан байна. Ирэх 2023 он гэхэд дэлхий дээр 120 орчим мянган тонн уран буюу шар нунтгийн эрэлт бий болно. Гэтэл хүн төрөлхтний шар нунтаг үйлдвэрлэх хүчин чадал 80 орчим мянга л байна гэсэн судалгаа бий. Энэ бол ирээдүйд ураны үнэ тэнгэрт хадна гэдгийг хэлээд байгаа юм. Тийм болохоор үнэ нь өсвөл өсдөг, буурвал буурдаг системийг урьдчилан харж, оруулж байгаа. Өнгөрсөн хугацаанд Оюу толгой шиг гэрээ хийхдээ гэрээ, хуулийн өөрчлөлтийг цуг оруулж ирдэг байсан. Түүнээс болоод бид ашгаа ирээдүйд авна, авахгүй гэсэн бөөн хэрүүл болж байна. Тиймээс энэ бүхнээс урьдчилан сэргийлээд хуулиа тодорхой болгочихъё. Түүндээ тааруулж, гэрээ хэлэлцээрээ хийе л гэж байгаа юм. Мөн нөхөн сэргээлттэй холбоотой мөнгө төгрөгөө их тодорхой болгож өгсөн
онголбанкны тусгай санд байгаль орчны нөхөн сэргээлтэд шаардлагатай мөнгийг байршуулдаг байхаар болсон. Энэ их аятайхан өөрчлөлт болсон гэж бодож байгаа.
-Гурван төрлийн АМНАТ ярьж байсан. Хөрөнгө оруулалтын 34 хувьд оногдох хувиа л АМНАТ-өөр авч байгаа хэрэг гэж тайлбарлаад байгаа шүү дээ?
-Тухайн компанийн мөнгөөр хайгуул хийсэн бол төр 34 хувь эзэмшинэ. Эсвэл төрийн мөнгөөр хайлт хийсэн бол тухайн ордын 51 хувийг төр эзэмшинэ гэсэн заалт бий. Гэвч энэ хувьдаа таарсан хөрөнгө оруулалт хийх шаардлага үүсдэг. Тэгээд бөөн асуудал болсон түүх бий. Харин үүнийг АМНАТ-өөр орлуулъя л гэж байгаа юм. Ер нь УИХ нь цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох, экспортлох бодлогоо хяначихдаг. Засгийн газар нь Их хурал руугаа оруулчихдаг уян хатан систем бий болж байгаа явдал нь цөмийн энергийн салбарт урин хаврыг дуудсан өөрчлөлт боллоо гэж гэж бодож байна. Гурван нам хамтарч Засгийн газар байгуулсан энэ үед мега төслүүдээ амжилттай хэрэгжүүлэх томоохон эерэг дохио боллоо. Хөрөнгө оруулагч нарт ч итгэл төрүүлэх зүйл болж байгаа байх гэж бодож байна.
-Хуулийг хэлэлцэж байхад ганцхан төсөлд зориулаад хуулиа өөрчилдөг ойлголт гадаад талдаа үүсэх вий гэдэг зүйлийг зарим гишүүд ярьж байсан. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Харин ч ийм ойлголт төрөхөөс сэргийлэхийн тулд бид хуулиа өөрчилж байгаа юм. Энэ салбарт хөрөнгө оруулагчдыг татах, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд өөрчилж байгаа хэрэг. Түүнээс биш ганцхан Францад зориулж өөрчлөөгүй. Тэгээд ч энэ салбарт Франц гэдэг бол ганцхан л оролцогч шүү дээ. Өөр олон орон бий. Нэмээд хэлэхэд, 27 жилийн өмнө манайхтай хамт анх уран ярьж эхэлсэн Казахстан улс өнөөдөр тасраад алга болсон. Тэр хэмжээгээрээ эдийн засаг нь өссөн. Шинэ нийслэлээ барьчихсан. Дахиад атомын станц барих талаар санал асуулга явуулахад ард иргэдийнх нь 71 хувь дэмжиж байна. Гэтэл манайх эсэргүүцсээр л байна шүү дээ. Ер нь уран олборлож, экспортолно гэдэг бол атомын цахилгаан станцтай болоход 10 алхам ойртож байна гэсэн үг. Тэгэхээр бид ямар ч байсан хуулиа батлаад авчихсан нь сайн хэрэг.
-Энэ салбараа хөгжүүлээд атомын цахилгаан станцтай болоод явахын тулд таныхаар цаашдаа ямар, ямар өөрчлөлтүүд хийвэл зохих вэ?
-Би саяхан Эдийн засгийн хөгжлийн яамны Үндсэн хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй уулзаж, санал бодлоо солилцсон. Ингэж байхдаа Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдчихлаа. Ингээд сэтгэл ханаж болохгүй. Эдийн засаг хөгжлийн яамнаас газрын ховор элементийн талаар төрөөс баримтлах бодлого, эрх зүйгээ тодорхой болгох хэрэгтэй гэдгийг хэлсэн. Энэ байдлаа бид тодорхой болгож байж дэлхийн хэмжээний тоглогч болно. Хятад гэхэд л газрын ховор элементийн ганцхан ордоосоо л манай олдог бүх мөнгийг олж байна. Гэтэл манайх Халзан бүрэгтэй ордоо хаах тухай ярьж байна. Дэлхий нийт өндөр технологи, соронзон материал, хиймэл оюун ухааны зүг явж байна. Энэ бүхэнд хамгийн чухал зүйл чинь газрын ховор элемент. Тиймээс бид энэ талын бүх зүйлээ сайтар цэгцлэх хэрэгтэй. Манайх хамтарсан засаг байгуулаад гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарыг татъя гэж байна. Гэвч үүнд нэг их ухаан хэрэггүй. Халзан бүрэгтэйн орд явбал л хөрөнгө оруулагч ирнэ. Явахгүй бол үргэнэ. Энэ бүхэн маш энгийн. Томоохон төслүүдийг ингэж хардаг болох хэрэгтэй байна. Мөн эдийн засгаа, өндөр технологийг хөгжүүлэхийн тулд нийтийн шинжлэх ухааны боловсролыг дээшлүүлэх, хүүхэд залуучуудын шинжлэх ухаанд хандах хандлагыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. Бид одоо Түвд болох уу, орчин цагийн өндөр хөгжилтэй улс болох уу гэдэг сонголт дээр байгаа гэж боддог.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ