Categories
мэдээ нийгэм цаг-үе

Н.Отгонтуяа: Хүүхдийг сурлага сайтай болгохоос гадна зөв төлөвшил хүмүүжилтэй, эх оронч, эерэг хандлагатай иргэн болгон төлөвшүүлэх нь илүү чухал

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн захирал Н.Отгонтуяатай ярилцлаа. Тус сургууль нь Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бөхийн Баастын нэрэмжит, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт лаборатори сургууль юм.


-Танай сургуулийг Монголын ууган сургуулиудын нэг гэдэг. 1926 онд байгуулагдсан бил үү?

-Тийм ээ, манай сургууль Монгол Улсын хэмжээнд ууган сургуулиудын тоонд багтдаг. 1921 оны ардын хувьсгалын дараагаар хүн ард, хүүхэд багачуудаа бичиг үсэгтэй болгох Монгол төрийн бодлогын хүрээнд 1927 оны есдүгээр сард Алтайн Урианхай долоон хошууны нутаг одоогийн Алтанцөгц суманд “Алтайн-Урианхайн Чохам чуулганы танхим” нэртэйгээр 25 хүүхэд, нэг багш, хоёр ажилчин, гурван гэртэйгээр анхны бага сургууль байгуулсан нь одоогийн манай сургуулийн хөрс суурь болсон байна. Тус бага сургууль Алтанцөгц сумын Олон нуур, Улаан богоч, Хөх мод, Буган хар ус, Хатуу зэрэг газруудад нүүдэллэн хичээллэж байгаад 1930 оны намар нүүж Алтай ханы хошууны бага сургууль нэртэйгээр одоогийн бууриндаа суурьшсан байдаг ийм л түүхэн замналтай сургууль даа. 2027 онд бид 100 жилийнхээ ойг амжилт бүтээлээр арвин, эрдмийн олз омог ихтэй тэмдэглэхээр зэхэж байна. Энэ ялдамд Монгол Улсын ууган сургуулийн нэг болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хоёрдугаар сургуульд залуу халуун насаа зориулж, түмний хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх их үйлсэд нэгэн сэтгэлээр зүтгэсэн үе үеийн багш, ажилчид болон ууган сургуулийнхаа бахархал, үнэт зүйл нь болсон нийт төгсөгчид та бүхэндээ орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн энэ цаг үед ажиллаж буй багш ажилчид, суралцаж буй сурагч хүүхдүүддээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

-Тэгэхээр Баян-Өлгийгөөс тодрон гарсан бүхий л алдартай, нэр хүндтэй хүмүүс танай сургуулийн төгсөгчид байжээ?

-Дээр хэлсэнчлэн манай сургуулийн үнэт зүйл бол үе үеийн төгсөгчид юм. Тус сургуулийн төгсөгчид маань Монгол Улсынхаа дөрвөн зүг, найман зовхист өөр өөрсдийн эзэмшсэн мэргэжлийн дагуу амжилт бүтээл арвинтай ажиллаж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулан амьдарч байна. Тэр бүхнийг энд тоочин өгүүлээд барамгүй бөгөөд жишээ татан хэлэхэд, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Бөхийн Бааст гуай, Монгол Улсын Төрийн шагналт хүний их эмч Жалелийн Хайрулла, Монгол Улсын Ардын жүжигчин Банзарын Дамчаа, Риймэдийн Самжид, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Бөпөөгийн Пунцаг, Монгол Улсын Төрийн соёрхолт математикч Р.Энхбат, МУСГЗ нэрт хятад судлаач М.Чимэд-Цэеэ, нэгэн гэр бүлээс тодрон гарсан ах дүү гурван доктор Цэндийн Баатар, Цэндийн Гантулга, Цэндийн Баттулга, МУСГЗ нэвтрүүлэгч Ш.Ёлка, МУСГЗ зохиолч Ч.Галсан, доктор Х.Хангайсайхан, Г.Золбаяр, Н.Оюунцэцэг гэх мэтчилэн олон арван хүндтэй төгсөгчид байдаг.

-Энэ хичээлийн жилд танай сургууль хэдэн багш ажилчид, хичнээн сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна?

-Тус хичээлийн жилд сургууль маань 140 гаруй багш ажилтан, 2200 шахам сурагчтайгаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

-Сурагчдын сурлага, элсэлтийн шалгалтын дүн, оноогоор тухайн сургуулийн сурлагын чанарыг тодорхойлоод байдаг тал бий?

-Сургалтын чанар гэдэг сургуулийг тодорхойлох чухал үзүүлэлт байдаг. Манай сургууль үеийн үед сургалтын амжилтаараа аймагтаа тэргүүлэн ажилласаар ирсэн ба сүүлд 2018 онд Боловсролын үнэлгээний төвөөс авсан чанарын үнэлгээний шалгалтаар аймагтаа тэргүүлсэн. Жил бүр төгсөгчид маань ЭЕШ-ын 10 хичээлээр шалгалтад хамрагдаж, аймгийн хэмжээнд ЭЕШ өгдөг хүүхдийн тоогоор хамгийн олон хүүхэдтэй нь манайх байдаг. Нэн ялангуяа нийгмийн ухаан, математик, монгол хэлний хичээлүүдээр тус бүр 50-60 хүүхэд шалгалт өгдөг. Энэ массаараа зарим тохиолдолд ЭЕШ-ын дүн харилцан адилгүй гардаг. Сургалтын чанар, элсэлтийн ерөнхий шалгалтын дүн зэрэг нь хэдийгээр чухал ч, илүү чухал асуудлууд бас байна. Жишээ нь, хүүхдийг зөвхөн сурлага сайтай болгохоос гадна зөв төлөвшил хүмүүжилтэй, эх оронч, эерэг хандлагатай иргэн болгон төлөвшүүлэх нь илүү чухал байгаад байна. Иймээс сургуульд сурч боловсрох хугацаанд нь хүүхдийг хөгжүүлэх олон талын үйл ажиллагааг сургууль хэрэгжүүлж байх нь чухал. Ер нь хараад байхад хүүхдийн хөгжил маань хичээл гадуурх олон нийтийн үйл ажиллагаагаар нэлээд сайн явагдаж байдаг. Олон нийтийн ажилд идэвхтэй, оролцоо сайтай хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх, бусадтай хамтран ажиллах чадвар нь давуу байдаг. Мөн сургуулийн хувьд бас нэгэн чухал асуудал бол хүүхэд хамгааллын бодлогыг онцгойлон анхаарч хэрэгжүүлэх явдал юм. Нийгмийн хөгжлийг дагаад бидний орчин тойронд янз бүрийн эрсдэлтэй болон эрсдэл үүсэх магадлалтай асуудлууд их гарч байна. Энэ тохиолдолд хүүхдүүдээ бодлогоор хамгаалж, эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг бид хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай байгаа.

-Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас ЕБС гэлтгүй боловсролын бүхий л үйл ажиллагаа цахимаар явж байна. 100 хувь цахимаар хичээл орж байхад танай багш нар сурагчидтайгаа хэрхэн холбогдож байв. Алслагдсан сумдын хүүхдүүдэд интернэт, тог цахилгааны асуудлаас үүдэж хичээлээс хоцрох бэрхшээл гарч байв уу?

-Тийм ээ, цар тахлын улмаас их олон өөрчлөлт гарч хичээл сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн. Эхний үеүүдэд ч учраа олохгүй мунгинах зүйл их байсан. Цахим орчин ч сайн бүрдээгүй, багш нар маань ч цахим орчинд ажиллах дадлага туршлагагүй гэх мэт олон л асуудал байлаа. Гэвч цаг үеийн байдалд дасан зохицож багш сурагчид маань цахим орчинд сурах арга барилыг эзэмшиж байна, сургуулийн цахим орчныг ч бүрдүүлж сайжруулаад байна. Мэдээж алслагдсан сум, багийн хүүхдүүд тог цахилгаангүй, интернеттэй орчингүй болохоор багш нар маань хэвлэмэл байдлаар даалгавар өгч авах, сумын таксинд дайх гэх мэтээр ажиллаж байна. Гэвч зөвхөн сумын хүүхдүүд гэлтгүй төвийн хүүхдүүдэд ч мөн асуудлууд байдаг. Ялангуяа эцэг эх нь ажилтай хүүхдүүдэд оройн цагаар хичээл орох, зарим айл өрхүүд утасгүй, интернетгүй, зарим эцэг эхчүүд цахим орчинд ажиллаж мэдэхгүй гэх мэт. Ямартай ч өвчин зовлонгүй, эрүүл энх байж урьдынх шигээ танхимаараа хичээллэхийг маш их хүсэж байна даа. Тэгвэл хүүхдүүд маань хичээлээ бүрэн дүүрэн сурч, хичээлээс гадуурх хүүхдийн хөгжлийг хангах олон талын үйл ажиллагааг хэрэгжүүлж, хөгжих боломж нь бүрдээд сайхан байхсан.

-Өнөө жил Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Бааст гуайн 100 жилийн ой тохиож байна. Энэ ойг тохиолдуулаад нэрэмжит сургууль нь олон ажил төлөвлөөд, эхнээс нь хэрэгжүүлээд эхэлсэн гэж дууллаа?

-Энэ жил их зохиолчийн маань 100 жилийн ой тохиож байна. Энэ хүн бол зөвхөн Баян-Өлгийчүүд төдийгүй Монгол Улсын хэмжээнд бахархал болсон нэрт соён гэгээрүүлэгч хүн билээ. Нэрэмжит сургуулийн хувьд бодож төлөвлөсөн ажлууд их байна. Эн тэргүүнд нэрэмжит номын сантай болох ажлыг төлөвлөн хэрэгжүүлээд байгаа, мөн төрсөн газар болох Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд тус эрхэм хүмүүний талаарх контент нэвтрүүлэг бэлтгэх ажлыг төлөвлөж байна. Мөн МХБУЗ-ын заах аргын нэгдлээс сурагч багачууд, олон түмэнд чиглэсэн ажлуудыг төлөвлөсөн байгаа. Мөн санаагаар болдог бол нэрэмжит сургуулийнх нь өмнө хөшөө, цогцолбор сүндэрлүүлэх ажлыг бодож төлөвлөж л байна. Гагцхүү энэ нь аймаг орон нутгийн дэмжлэг болон үе үеийн төгсөгчдийн маань сайхан сэтгэлийн үр дүнгээр бүтэх ажил болов уу. Гэхдээ санаж явбал бүтнэ гэгчээр удахгүй биелэлээ олох байх гэж найдаж байна.

-Танай сургуулийг Өлгийн төвийн ганц Монгол сургууль гэдэг. Ганц Монгол сургууль гэхээр зарим хүмүүс гайхах байх л даа?

-Манай аймаг Монгол угсаатны бүлгүүд болох урианхай, дөрвөд, тува, халх болон казах үндэстнээс бүрддэг хэл соёлын ялгаатай бүс нутаг юм. Аймгийн хэмжээнд Монгол хэл дээр 100 хувь сургалт явуулдаг сургууль нь манай сургууль учраас Өлгийн төвийн ганц Монгол сургууль гэж онцлох явдал бий. Гэхдээ тус сургуульд тус аймгийн үндэстэн болон угсаатны бүлгүүдийн бүх төлөөллийн хүүхдүүд суралцдаг. Энэ ч утгаараа багш нар маань, тэр дундаа бага ангийн багш нар олон янзын хэл устай хүүхдүүдийг яг төвийн монгол хүүхдүүдтэй ижил программын дагуу сургахад багагүй хүндрэл бэрхшээлтэй тулгардаг.

-Өлгийн төв дээр Ерөнхий боловсролын хичнээн сургууль байдаг вэ?

-Манай аймаг нийт 44 сургуультай, Өлгийн төв дээр төрийн 10 сургууль, хувийн хэвшлийн дөрвөн сургууль бий.

-Гэхдээ сүүлийн үед Баян-Өлгийн аймгийн казах иргэдийн хувьд үр хүүхдийнхээ ирээдүйг бодож, боловсролд нь илүү анхаарахын тулд Монгол хоёрдугаар сургуульд хүүхдээ элсүүлэх нь нэмэгдсэн гэж дуулсан. Энэ үнэн үү?

-Сүүлийн жилүүдэд тус сургуульд элсэн суралцах хүүхэд багачуудын тоо нэмэгдэх болсон нь үнэн. Тухайлбал сүүлийн дөрвөн жил тутам манай сургуулийн анги бүлгийн тоо тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Ялангуяа нэгдүгээр ангид энэ жилийн хувьд бүр гурван бүлэг нэмэгдсэн. Үүнд мэдээж олон хүчин зүйл нөлөөлж байгаа болов уу. Нэгдүгээрт ууган сургуулийн багш ажилчдын маань суурь чадвар, аргазүй ихээхэн нөлөөлж байгаа байх, хоёрдугаарт таны асуусан асуулттай санал нэг байна. Казах иргэд маань үр хүүхдийнхээ ирээдүйг бодож, боловсролд нь анхаарч монгол хэл сургах хүсэл эрмэлзэл их байгаа явдал билээ. Үүнээс үүдээд манай бага ангийн багш нар арга зүй, ур чадвараа улам сайжруулан ажиллаж байна. Учир нь огт Монгол хэл мэдэхгүй казах хүүхдэд Монгол хэлний Цагаан толгой зааж эхлэх нь Монгол хүүхдэд гадаад хэл заахтай адил үйл явц тул манай бага ангийн багш нарт үүрэг хариуцлага, хичээл зүтгэл ихээхэн оногдож байгааг энд онцлон хэлэх нь зүйтэй болов уу.

-Сургуулийн байрыг шинээр барих, байраа өргөтгөх асуудал гарахаар газрын маргаан үүсдэг нэг тийм таагүй явдал хаа сайгүй байна. Танайхыг бас газрын маргаантай байсныг нэг тийш нь болгосон гэж сонссон юм байна?

-Ер нь манай сургуулийн эргэн тойрны газрууд зарим нэг хүмүүсийн хувийн ашиг сонирхолын үүднээс зарагдсан, хувь хүний нэр дээр шилжсэн, шилжээд удсан гэх мэт сүүлийн 10-аад жил маргаан дагуулсан асуудлууд байдаг. Үүнийг одоо нуух шаардлага байхгүй гэж бодож байна. Манай аймгийн Засаг дарга солигдох болгонд ажиллаж байсан удирдлагууд болон зарим нэг хүмүүсийн хариуцлагагүй, зарчимгүй хандлагатай холбоотой юм. Газрын маргааны асуудлаар миний бие захирлын ажлыг авсны дараагаар уйгагүй хөөцөлдөж зүтгэсний үр дүнд захиргааны хэргийн хяналтын шатны дээд шүүхийн 2018 оны аравдугаар сарын 01-ний өдрийн 357 дугаар тогтоолоор маргаан үүсгэсэн газрыг эргүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлж, 43 жилийн хугацаатай эзэмших эрхийг гэрчилгээжүүлэн авсан юм. Одоо мөн үлдсэн газраа авах талаар хичээн ажиллаж байна. Мэдээж хэрэг газрын асуудлаар хэл ам хийж явсны улмаас аймгийн удирдлагуудад таалагдахгүй гадуурхагдаж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сургуульдаа нэг ч дэмжлэг авч чадаагүйгээр үл барам ажлаасаа халагдаж, шүүхийн шийдвэрээр томилогдож, ахин дахин чичлүүлж амаргүй дөрвөн жилийг өнгөрөөлөө. Энд нэг зүйлийг хэлэхэд үр хүүхдүүдийнхээ сурч боловсрох сургуулийн орчны газраас хумсална гэдэг тун ч онцгүй сэтгэлгээ. Бидний ирээдүй хойч үе эрүүл аюулгүй орчинд боловсрол эзэмшихэд сургуулийн эзэмшил газар их чухал шүү.

-Монгол орны алс баруун хязгаар, Баян-Өлгий аймгийн төв дэх ганц монгол сургуулийн захирал төв хэвлэлд ярилцлага өгч байгаа болохоор төр засагтаа, харьяа яамандаа хандаж хэлмээр юм байгаа л байх?

-Төр засаг харьяа яамдаа хандаж дараах хүсэлтийг хэлмээр байна.

Бидэнд одоогийн нөхцөл байдалд маш чухал хэрэгцээ шаардлагатай байгаа зүйл бол хүүхдийн дотуур байр юм. Учир нь манайх ганц монгол сургууль гэдэг утгаараа аймгийн хөдөө сумдын хүүхдүүд манайхыг маш их зорьж ирдэг, тэр ч бүү хэл Ховд, Увс аймгийн зэргэлдээ сумдын хүүхдүүд ч ирдэг. Гэтэл эдгээр ирж байгаа хүүхдүүд маань айлд байх, байр түрээслэх гэх мэтээр байрлах явцад хүүхдийн эрх зөрчигдөх, янз бүрийн эрсдэл үүсэх зэргээр үүнтэй холбоотой хүүхэд хамгааллын асуудлууд олноор гарч байна. Иймд олон ястны үр хүүхдийг сурган хүмүүжүүлж буй тус сургуулийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж сургуулийн дотуур байрны асуудлыг шийдвэрлэн өгч ажиллабал бид бүхэн туйлын их баярлах байна. Мөн хичээлийн хуучин байранд урсгал засвар хийх асуудал, үүнээс гадна тус хичээлийн жилээс манай сургууль аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээг хэрэгжүүлэх загвар сургуулиар сонгогдон ажиллаж эхэлсэн. Цаашдаа энэхүү ажлыг хийж хэрэгжүүлэхэд бидэнд чухал хэрэгцээ шаардлагатай зүйл бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох орчин бүрдүүлэх явдал юм. Иймд тухайн шаардлага хангасан орчныг бүрдүүлэхэд бидэнд дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсье. Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгаж, үйл ажиллагааг нь тогтвортой хэрэгжүүлэх нөхцөлийг хангахад онцгойлон анхаарч ажиллаасай гэж хүсч байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *