Categories
мэдээ цаг-үе

Н.Одгэрэл: Зүрх судасны өвчний хүндрэл нь харвалт, шигдээс болдог

Сөүл эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, зүрх судасны эмч Н.Одгэрэлтэй ярилцлаа.

-Зүрх судасны өвчин гэж ямар өвчнийг хэлээд байгаа талаар яриагаа эхлэх үү?

-Зүрх судасны өвчин гэдэг өөрөө маш том өргөн хүрээний ойлголт. Зүрхний болон судасны өвчин нь хоорондоо өөр. Гэхдээ эцсийн үр дүн нь нэг л цэгт хүрдэг. Зүрх судасны өвчний хүндрэл нь харвалт, шигдээс болдог. Гэхдээ зүрх судасны өвчин дотроо Монгол Улсын хэмжээнд артерийн даралт ихсэх, судас хатуурах өвчин, хэм алдагдлын өвчин дийлэнх хувийг эзэлдэг.

-Ямар ч өвчинд эрт үеийн оношлогоо чухал байдаг шүү дээ. Тэгэхээр иргэд ямар шинж тэмдэг илэрвэл эмчид хандах ёстой вэ?

-Зүрх судасны өвчний үед хамгийн түрүүнд илрэх шинж тэмдэг зовиур нь янз бүр байдаг. Цээжний цаана өвдөх, цээжин дотор юм дараад байгаа юм шиг болох, зүүн гар бадайрах ч гэдэг юмуу, дал рууг нэвт хатгах гэх мэт. Мөн зүрхний гаралтай мэдрэлийн зовиур гэж дотуур эрхтний зовиуртай цуг хавсраад явчихдаг. Тиймээс үзлэг оношлогоондоо хамрагдаад яг юуны өвчлөл болох талаар мэдээлэлтэй болох хэрэгтэй. Дээрээс нь зовиургүй маш олон хүнд илэрдэг. Өвчний зовиур нь зүрхний булчингийн ямар хэсгийг хамарч титэм судасны аль хэсгийг хамарсан байна гэдгээрээ эзлэх талбайгаас хамаараад байх шиг байгаа юм. Артерийн даралт ихсэх өвчний үед зовиур нь өөр л дөө. Толгой өвдөх, шилэн хүзүү хөших гэж ярьдаг. Насны байдал, хийж буй ажил, өөрийн амьдралын онцлогоос хамаарна. Буруу суултаас болж мэдрэлийн гаралтай даралт ихсэх өвчин үүсч болно. Буруу суултаас болж тархи мэдрэлийн шингэний урсгал нь алдагдаад даралт ихэсдэг. Артерийн судасны даралт ихэсч харвах нийтлэг зүйл нь титэм судасны нарийсал, титэм судасны бөглөрөл буюу шигдээс болох үзэгдэл нэлээд хожуу насанд илдэрдэг. 55-65 насанд. Үүнийг уг нь бид бөглөрөл үүсэхээс өмнө тавин наснаас эхлэн барих хэрэгтэй. Тэр үед эмчтэйгээ зөвлөж ярилцаад, өгөх ёстой шинжилгээнүүдээ өгөөд ирэхээр тодорхой хэмжээний үр дүн гарна. Тэр үр дүнгийн дагуу ямар хэсгээрээ өөрчлөлтөд орсон хичнээн судсыг хамарсан гэдгээс хамааран эмчилгээгээ хийлгэнэ. Тэгэхээр товчхондоо хэлэхэд зовиур илэрч ч болно, илрэхгүй ч байж болно гэсэн үг.

-Зүрх судасны өвчлөлийг бууруулахын тулд юуг анхаарах ёстой вэ?

-Уг өвчлөлийг бууруулахын тулд дэлхий даяар энэ өвчнийг анхаарах, илрүүлгийг эрт хийх, хяналтыг сайжруулах, хоёр талаасаа маш сайн уялдаа холбоотой ажиллах, оношлогоо эмчилгээгээ хянаж үр дүнд хүрнэ. Түүнээс ганц удаа эмчдээ үзүүлчихээд эмээ уугаад яваад байхад болох юм байна гэж бодоод эмчид бүх зүйлээ даатгаад байж болохгүй. Зүрх судасны өвчлөлийг энгийн үгээр тайлбарлахад гэрлэн дохиогоор бодоход ногоон өнгө гэдэг өвчлөл багатай эрүүл гэсэн утгыг заана. Дээш шар, улаан болох тусмаа хүндэрнэ. Үүнээс үзэхэд эмэгтэйчүүд 50 нас хүртлээ ногоон, эрэгтэйчүүд нь 40 нас хүртлээ эрүүл байдаг аж. Тамхи татдаггүй нь шүү дээ. Тэгэхээр эрт оношилж, эмчилж, хяналттай байж чадсаны үндсэн дээр сүүлийн таван жил маш сайн үр дүнд хүрч чадсан. Би 2004-2007 онуудад Хавдар судлалын эмчээр ажиллаж байсан. Тэр үед олон улсын оношлогоо, эмчилгээ, удирдамж гээд бүх зүйл нь өнөөдрийнхөөс арай өөр байсан шүү дээ. Сүүлийн үед эмч нар Ази, Европ, Америк руу сургалтад яваад туршлагаа солилцоход зүрх судасны эмгэг судлалд манай эмнэлгийн оношлогоо эмчилгээ сайн таарч байгаа.

-Оношоо зөв олохын тулд өвчтөн хэдэн төрлийн ямар ямар шинжилгээг өгөх шаардлагатай вэ?

-Хамгийн түрүүнд зүрхний бичлэгээ хийлгэх шаардлагатай. Дараа нь цээжний зургаа авахуулна. Эрүүл хүний зүрх атгасан гарын хэмжээтэй байдаг. Өдөрт би хэдэн арван зүрхний зургийг өвчтөнд тайлбарладаг. Зарим хүмүүс зүрх нь аль, уушги нь аль болохоо ялгадаггүй. Бичлэг цээжний рентген зургийг нь харуулаад бид ярилцдаг. Ярилцаад бүх үзлэгээ хийгээд ирэхээр толгойд нэг бодол бууна шүү дээ. Энэ хүн дээр ийм зовиур илэрсэн, ийм мэдээлэл өглөө. Тэгээд эрсдэлийн үнэлгээгээ хийчихнэ. Тэгж байж бусад зүйлүүдээ шалгаад явна. Хорь гаруй настай залуусын судасны өөх бага хэмжээтэй байдаг бол нас ахих тусам тэр хэмжээ нэмэгддэг. Хайлуулдаг сайн өөх буюу HDL, хортой өөх буюу LDL гэж байдаг. Амьдралын буруу хэвшилтэй, тамхи татдаг архи уудаг, стресстдэг, нойргүй хонодог бол судсан дахь хортой өөх буюу LDL нэмэгдэж, цус өтгөрөн, бөөгнөрөл үүсч нөж болдог. Үүнээс үүдэн судасны бөглөрөл үүснэ. Ингээд цус судсаар гүйхээ больж, зүрхний шигдээс, харвалт болно.

-Өвчлөл үүсэхэд юу нөлөөлж байгаа вэ?

-Манай өвчтөнүүдийн хувьд юун дээр илүү алдаад байна гэвэл өөрсдийн эрүүл мэндийн боловсрол мэдлэг бага. Хэнэггүй, эмээ цагт нь уудаггүй зэрэг маш олон шалтгаан нөлөөлдөг. Түүнийгээ засахгүйгээр мянга үзүүлээд шинжилгээ хийлгээд эмчилгээ хийлгээд ямар ч нэмэргүй.

-Урдчилан сэргийлэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Тамхи татахаа болих, архиа тохируулж хэрэглэх, эрт босдог, явган явдаг, зөв суудаг, хоолоо тохируулж иддэг, хоносон хоол идэхгүй байх зэрэг амьдралын наад захын энгийн зүйлүүдийг л хийгээд сурчихад зүрх судасны өвчлөл буурна.

-Нас явах тусам судасны өөх нэмэгддэг гэлээ. Тэгэхээр эмчилгээгээ сайн хийлгээд амьдралын зөв хэмнэлд ороод, хоолны зөв горимд ороод ирэхээр судасны муу өөхний хэмжээ буцаад багасах уу?

-Дунд нь урсаж байгаа өөхнүүдийг задалдаг эм байдаг болохоос нэгэнт үүсчихсэн тэр хатуу өөхийг хэзээ ч арилгаж чадахгүй. Тиймээс дасгал сайн хий гээд байдаг нь хайлуулдаг өөхийг ихэсгэх, дунд нь урсаж байгаа хатуу өөхийг задална. Хамгийн гол нь хортой өөх нь судасны ханыг сөхөж хоёр хананы дунд үүсдэг. Өнгөн дээр нь үүсдэггүй. Тэгэхээр л буцааж хайлуулах арга, эм байдаггүй.

-Хортой өөх нь яагаад үүсдэг юм бол?

-Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах бол satu­rated fat гэж бий. Энэ нь ханасан өөх юм. Ханасан гэдэг нь хортой өөхийг л хэлээд байгаа юм. Saturated fat гэх энэ бүтээгдэхүүн 0 хувьтай бол зүгээр. Сүүлийн жилүүдэд Монголд KFC, CU гэх бэлэн хоолны сүлжээ ихээр нэмэгдээд байгаа. Энэ бол манай ирээдүйг баллаж байна. Үүгээр дандаа өсвөр залуу үеийн залуучууд үйлчлүүлдэг. Үүнээс болоод ирээдүйгүй болох вий гэхээс айдаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *