Улсын хэмжээний англи хэл дээрх уншлагын марафоны шилдэг уншигч, “Код бичих охидын хөтөлбөр”-ийн шилдэг оролцогч Н.Номин-Эрдэнэтэй ярилцлаа.
Тэрээр нийт 232 ном, 2.541.139 үг уншсан амжилт тогтоогоод байгаа билээ.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Нямхүүгийн Номин-Эрдэнэ гэдэг. 17 настай. Сая 11 дүгээр ангиа төгссөн. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Лаборатори 2 дугаар сургуульд суралцдаг.
–Саяхан Лингорс цахим сургалтын төвөөс зарласан улсын хэмжээний англи хэлний уншлагын марафонд оролцож шилдэг уншигч болсон байсан. Энэ талаар ярихгүй юу?
-Саяхан Лингорсоос мэйлээр холбогдож “гурван жилийн ойн шилдэг уншигч болсон байна” гэсэн мэдээг дуулгасан. Тэр мэдээг сонсоод маш их баярласан.
Миний хувьд хамгийн анх 9 дүгээр ангидаа англи хэлний “аксесс” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцээд түүгээр дамжуулж “Хreading” цахим номын сантай танилцаж байсан. Гар утсаараа ном уншина гэхээр толгойд нэг л бууж өгөхгүй байлаа. Тэгээд 2020 оноос хойш эрчимтэй уншиж эхэлсэн. 2020 оны есдүгээр сард зарлагдсан уншлагын марафонд англи хэлний багшийнхаа саналаар оролцож эхний 5 байрт шалгарсан. Анх удаа марафонд оролцсон ч гэсэн амжилттай оролцож англи хэлний чадвараа ч гэсэн илт мэдэгдэхүйц сайжруулж чадсан. Тийм болохоор дараагийн марафонд багаараа оролцоод 200 гаруй багаас мөн л тавдугаар байрт орж байсан.
–Нийт 232 ном уншжээ. Хэзээнээс номонд дурлаж эхэлсэн бэ?
–Таван настайгаасаа л номтой найзалж эхэлсэн.
Багаасаа л төсөөллийн ертөнцөө бүтээгээд түүндээ амьдардаг байсан. Надад зузаан хавтастай цэнхэр өнгөтэй ном бэлэглэж байсан. Тэр цагааш хойш сайн найз минь болсон юм. Доторх үгийг нь уншиж чадахгүй ч гэсэн элэгдэж хуучиртал нь тоглодог байлаа.
Харин уншиж сурсныхаа дараа тэр номыг англи хэлээр бичигдсэн ном гэдгийг ойлгож, англи хэл сурах гэсэн шинэ мөрөөдөлтэй болж билээ. Түүнээс хойш номтой нөхөрлөж, ном ч сайн найзынхаа үүргийг тун амжилттай биелүүлж байна.
-Цахимаар ном унших, өөрөө номоо бариад унших хоёрын ялгааг юу гэж хардаг вэ?
-Надад номоо бариад суух нь үнэхээр гоё санагддаг. Шинэ номын үнэр бүр хамгийн гоё нь. Ном худалдаж авсныхаа дараа үнэрийг нь гартал хуудсыг нь эргүүлж үнэрлэдэг. Гэхдээ цаасан номоо бариад явахад жоохон хэцүү л дээ.
Харин цахим номын хувьд үнэхээр авсаархан гар утас таблетдаа 100, 200 ном зэрэг аваад явчихна гэсэн үг. Тэгээд дээрээс нь дэлхийн шилдэг зохиол, bestseller номуудыг Монголд хэзээ орчуулагдаж гарах бол гэж хүлээлгүй шууд унших боломжтой.
Цахим номын сангийн хамгийн том давуу тал нь хүссэн бүх номоо сонгож уншдаг. Харин цаасан номын хувьд заримдаа ховор ном олдохгүй тохиолдол бий.
–Англи хэл дээр цахим ном уншсанаар чиний хэлний түвшинд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Миний англи хэлний суурь мэдлэг зөв тавигдсан гэж боддог. Гэхдээ англи хэл сурахдаа гаргасан алдаа гэвэл зөвхөн дүрэм л хэрэгтэй гэж бодоод үргэлж дүрмийн хичээл үзээд л суугаад байдаг байсан юм. Энэ үедээ өөрийгөө сайжрахгүй байгааг ойлгоод арай өөр арга барилаар хэлний түвшнээ сайжруулъя гэж шийдээд сайт болон youtube-ээс судалгаа хийсэн. Тэгээд дуртай зүйлээ хийнгээ давхар англи хэлээ сайжруулах боломж нь ном унших гэдгийг ойлгосон. Тэгээд л тоохгүй орхисон цахим номын сангаа санасан даа.
–Өдөрт хэдэн цагийг ном уншихад зарцуулдаг вэ?
-Цаасан ном, цахим ном хоёуланг нь өдөр болгон уншдаг. Ихэвчлэн өглөө эрт босож номоо уншдаг. Ингэхдээ 1-2 цаг болдог. Харин уншлагын марафоны үеэр бараг 10 цаг ном уншдаг байсан.
–Ихэвчлэн ямар ном уншдаг вэ. Одоо ямар ном уншиж байна вэ?
-Миний хувьд уран зөгнөлт, шинжлэх ухаан, уран зохиол, хувь хүний хөгжил гээд бүхий л төрлийн номыг шимтэж уншдаг. Одоогоор бол Н.Энхсайханы “Ирээдүйд үнэтэй мэргэжлүүд” болон “Owl Hall” гэдэг ном уншиж байна.
Мөн М.Пүрэвмаа зохиолчийн “Сайн уу? Найз минь” гэдэг ном их сэтгэлд хүрсэн уншиж дуусгачихаад өдөржин л уйлсан ном доо. Мөн “Арьсан хүрэмтэй Мадонна”-г уншсаны дараа бас л толгойноос гарахгүй хэсэгтээ удсан шүү(инээв). “Jane Eyre”, “Anne of green gables” гэдэг номнуудын гол дүрүүд нь ихэвчлэн зоригтой хүчирхэг бүсгүйчүүд байсан болохоор их таалагдсан.
-Н.Номин-Эрдэнийн хувьд шилдэг уншигч болохоос гадна “Код бичих охидын хөтөлбөр”-т шалгарсан байсан . Яг ямар шалгуураар тэнцэв?
-Нийт III үе шаттайгаар сонгон шалгаруулалт явагдсан. Эхний шат нь анкет болон асуултын шат байсан. II шатанд 600 гаруй охидоос математикийн хичээлээр шалгалт авч, III шатанд 60 охиноос ярилцлага авч 30 охин үлдэж тэнцсэн.
-Танхимаар хичээл орохгүй амарсан. Энэ цаг үед цахимаар өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломж байна уу?
-Хүүхэд болгон өөр өөр газарт өөр өөр орчинд амьдардаг болохоор тэдний хувьд боломж ямар байгааг мэдэхгүй байна. Миний хувьд бол сүүлийн хоёр жил үнэхээр олон зүйлс шинээр сурч өөрийгөө таньж мэдсэн хугацаа байсан. Google, youtube хоёроос мэдэхгүй зүйлсээ мэдэж ойлгож авах боломж бол нээлттэй байдаг. Үүнээс гадна “coursera” гээд үнэ төлбөргүй 3000 гаруй сургалттай сайт мөн манай Монголын “Tomyo”, “Hippocards” гээд хэрэгтэй олон аппликэйшн байдаг юм байна лээ. Гэртээ байхдаа хүртэл дэлхийн мэдлэгийг эзэмших боломж их байдаг шиг санагдсан.
–Үе тэнгийнхээ хүүхдүүдэд юу зөвлөмөөр байна. Өөрийн сурч мэдсэн зүйл, туршлагаасаа хуваалцвал?
-Үргэлж шинэ зүйл сурч, бусдаас асууж, өөрөө бас судалгаа хийж сураасай гэж зөвлөмөөр байна. XXI зууны “Gen Z” бид болохоор мэргэжлийн чадвар эзэмшихээс гадна амьдралд хэрэгтэй бусад чадваруудаа одооноос сайн хөгжүүлээрэй гэж хэлмээр байна.
-Цаашдаа ямар чиглэлээр Их сургуульд орохоор төлөвлөж байгаа вэ?
-Би шинжлэх ухаанд их сонирхолтой. Энэ чиглэлээрээ мэргэжил эзэмших зорилготой байгаа. Англи хэлний мэдлэгээ улам гүнзгийрүүлж байгаад хэлний шалгалт өгнө.
Н.Номин-Эрдэнийн уншихыг санал болгож буй номнууд:
-М.Пүрэвмаа “Сайн уу? найз минь”
-Сабахаттин Али “Арьсан хүрэмтэй Мадонна”
-Charlotte Brontё “Jane Eyre”
-“Anne of green gables”
Н.ЦОГЗОЛМАА