Улс
ын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатартай ярилцлаа.
–“Ромео Жульетта” Монголын театрын тайзнаа амилаад олон жил өнгөрчээ. Гурав дахь удаад нь тайзнаа дэглэсэн хүн бол та. Энэ жүжгийг уран бүтээлийнх нь хувьд үнэлээч гэвэл юуг онцлох вэ?
-У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” жүжиг анх Монголын театрын тайзнаа 1966 онд тавигдаж байсан юм. Хүүхэд залуучуудын театрт С.Гэндэн найруулагчийн найруулгаар тайзны бүтээл болж Ромеод жүжигчин Ц.Готов, Жульеттад жүжигчин Б.Энхтуяа нар тоглосон түүхтэй. Түүнээс хойш 30 жилийн дараа 1996 онд Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болсон. Ромеод жүжигчин О.Гэрэлсүх, Г.Алтанбагана, Жульеттад жүжигчин И.Одончимэг, Г.Урнаа нар тоглож байсан юм. Түүний дараа 19 жилийн дараа би дахин энэхүү зохиолыг тайзнаа тавьсан. Ромео Жульетта нь Италид X зуунд болсон бодит явдлаас сэдэвлэсэн зохиол. Бодит явдлаас үүдэж тухайн цаг үеийн зохиолчид жүжгийн зохиолыг бичиж эхэлсэн байдаг. Анх “Жульетта” гэдэг нэртэй байсан юм. Тэр үеийн нэг л охинд тохиолдсон үйл явдлыг дараа дараагийн зохиолчид нь нэмэн дэлгэрүүлж, сайжруулаад Ромео, Жульетта болгосон. Эхэндээ Тебалди, Меркуцио гэсэн дүрүүд байгаагүй. Зохиолын үндсэн ухагдахуун ерөөсөө л дайсагнасан хоёр гэр бүлийн охин, хүү хоёрын дурлал. XVI зууны үед Шекспир хамгийн сүүлийн хувилбарыг нь бичсэн. Миний хувьд Шекспирийн “Ромео Жульетта”-г төгс төгөлдөр рүү илүү ойртсон бүтээл болсон гэж үздэг. Тэр цагаас хойш 500 гаруй жил дэлхийн театруудын үзэгчдийн үзэх дуртай бүтээл хэвээр байна. Шекспирийн ихэнх зохиол өмнө нь хэн нэгэн зохиолч биччихсэн байдаг. Өмнө нь биччихсэн зүйлээс санаа авч, сайжруулж, төгс хэлбэрт оруулж уншигчдын хүртээл болгодог онцлогтой уран бүтээлч.
-Зарим хүн энэ зохиолыг нийгэмд буруу үлгэр дуурайл үзүүлэхүйц агуулгатай, сэтгэлийн хатуужлыг биш аливаад хялбархан бууж өгөх хандлагыг өөгшүүлж мэдэхээр эрсдэлтэй гэж шүүмжилдэг. “Ромео Жульетта”-гийн нийгэмд өгч байгаа нөлөөллийн тухайд та юу хэлэх вэ?
-Ромео, Жульетта хоёр бидний хүүхдүүд. Өсвөр насыг хүн бүхэн дайрч өнгөрдөг. Анхны харц, анхны дурлал, анхны үнсэлт, анхны хайр гээд олон зүйл бий. Энэ бүхэнтэй өсвөр насны хүүхдүүд учирдаг. Тэд агуу их хайртай учрах юмсан гэсэн хүсэл мөрөөдлөөр дүүрэн байдаг.Яг ийм үед нь эцэг, эхийн анхаарал халамж, хандлага нь маш зөв байх ёстой. Тэд амьдралын мөн чанарыг таньж мэдээгүй байгаа учраас алдаа гаргах эрсдэлтэй. Төлөвшиж, ухаан бүрэн суугаагүй байдаг учраас хайр дурлалын төлөөх тэмүүлэл нь дүрэлзэж байдаг. Нөгөөтэйгүүр хүн ямар ч орчинд өссөн бай хоёр биедээ хайр сэтгэлтэй л бол гэр бүл болох ёстой. Нийгэмд баян хоосны ялгаа хайр дурлалыг хүртэл ялгаж байна шүү дээ. Ийм муухай гажуудал байж болохгүй. Ингэвэл амьдралын үнэ цэнэ үгүй болно. Энэ чухал зүйлийг ялгаж байгаа цаг үед “Ромео, Жульетта” жүжиг ухаарал, хүмүүжил гээд маш олон ойлголт өгнө.
-Таны “Ромео Жульеттай”-д залуу жүжигчид олноороо тоглосон. Жүжигчдээ ямар шалгуураар сонгосон бэ?
-Биеийн амраа бодсон бол театрт олон жил ажилласан туршлагатай уран бүтээлчидтэйгээ хамтарч ажиллах байсан. Жүжгийн гол дүрд ихэвчлэн залуу уран бүтээлчид тоглосон. Бид залуу үедээ итгэл хүлээлгэх ёстой. Ингэж байж тэд туршлага сууна. Мэргэжлийн уран чадвар нь ч тодорхой хэмжээнд сайжирна. Би ямар нэгэн шалгаруулалт явуулалгүй дүрүүдээ сонгосон. Аливаа театрт ханхүү, гүнж байх ёстой. Театрынхаа жүжигчдийн нөөц бололцоонд тулгуурлаж, тухайн дүрд тоглох жүжигчнийхээ олон талыг харж, үнэмшилтэй байх талыг нягталж байж бүхэл бүтэн бүрэлдэхүүнээс сонголт хийдэг. Театр гэдэг бол кино урлаг биш. Театр бол амьд урлаг. Театрт дандаа бэлтгэгдсэн жүжигчид байдаг байхгүй юу. Тэд юунд ч тоглоход бэлэн, боловсрогдсон бүтээгдэхүүнүүд гэсэн үг. Театрын жүжигчид дэлхийд “А” зэрэглэлд ордог. Учир нь өдөр бүр найруулагчийн тогтоосон стандартыг барьж тоглоно гэдэг асар их ур чадвартайгийн илэрхийлэл. Хоёрдугаарт дуу хоолойг нь үзэгчдэд хүргэх чухал. Тиймээс дуу хоолой сайтай, биеийн хөдөлгөөн нь уян хатан, сэтгэл мэдрэмж нь өндөр гээд бүхий л талыг харна. Анх “Ромео Жульетта” жүжиг хоёр сар тасралтгүй тоглогдсон. Тэр их ачааллыг даах чадвартай байх ёстой. Анх яаж тоглосон тэр л хэм хэмжээгээ барьж тоглож чадах чадалтай жүжигчид театрт л байдаг. Театрт мэргэжлийн уран бүтээлчид ажилладаг.
– Та У.Шекспирийн “Ромео Жультта”, “Гамлет” хоёрыг тайзнаа тавилаа. Яагаад энэ жүжгүүдийг сонгох болов?
-Тухайн уран бүтээлийн нийгэмд юу хэлэх гэж байгаа өгөөж нь маш чухал. Уран бүтээл гэдэг хүнийг сайн сайхан руу дуудах ёстой. Сонгодог урлаг нь товчхондоо зуун зуунд хийсч алга болоогүй хүмүүсийн зүрх сэтгэлд мөнхөд хоногшиж, шигшигдэж үлдсэн бүтээлүүд. Мөнхөд оршдог гэхээр дандаа мөнхийн асуудлуудыг хөндсөн байдаг. Хайр, эрх мэдэл, атаа хорсол гээд энэ бүх зүйл хүн оршин байхад хөндөгдсөөр л байна. “Ромео Жульетта” бол миний тайзан дээр тавьсан анхны сонгодог уран бүтээл. Би Шекспирийн жүжгээс хоёрхон жүжгийг л тавья гэж бодсон. Тэр хоёрыгоо ч тавьсан.
-Сонгодог жүжгүүдийг ямар насныхан түлхүү үзэж байна?
-Залуучууд тэр дундаа 16-30 насны хооронд байх шиг анзаарагддаг. Хүний амьдрал тэр чигтээ дурсамж. Анхны хайр яагаад тийм нандин байдаг юм. Ерөөсөө л анх удаагаа болохоор тэр. Анх удаагаа тэрийг мэдэрнэ гэдэг асар торгон нандин мэдрэмж. Судлаачид дэлхийд энэ жүжгийн үхлийг “Үзэсгэлэнт үхэл” гэж нэрлэсэн байдаг. Үхлээс ч айхгүй байна гэдэг дотоод сэтгэлийн мөн чанарыг харуулж байна. Хиргүй тунгалаг, гэгээн ариун сэтгэлтэй хүмүүсийн харилцааг харуулж байгаа юм.
–“Ромео Жульетта”-гийн агуулгыг энгийнээр хэлбэл 14 настай хүүхдүүд хайр сэтгэлээсээ болж амиа хорлосон тухай гардаг. Нийгэмд үзүүлэх нөлөө, сөрөг тал нь эндээ байх шиг санагдсан учраас түрүүн энэ тухай онцолж асуусан юм. Амиа егүүтгэх хоёр хүүхдийн эмгэнэлт түүхийг агуу хайр эс бөгөөс агуу тэнэглэлийн аль нь болгож чадах вэ гэдэг торгон зааг дээр найруулагч ажилладаг байх?
-Нэн тэргүүнд юу хэлэх вэ гэхээр энэ зохиолыг дэлхийд болоод уншигчид хүлээн зөвшөөрчихсөн. Өнөөгийн нийгэмд хүмүүс үнэхээр шүүмжлэх донтой болчихож. Хатуухан хэлэхэд надаар оролдож болно, Шекспирээр оролдож болохгүй гэдгийг хэлье. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн зохиолыг, хүнийг бид шүүмжлэхгүй ээ. Аливаа юмыг шүүмжлэхдээ эхлээд түүнтэйгээ дүйцэхүйц боловсролтой, ухагдахуунтай байх хэрэгтэй. Наад захаас нь хэлэхэд Оросын өчнөөн олон театрт энэ жүжиг тавигдаж байна. Энэ жүжиг тавигдах болгондоо үзэгчдийг байлдан дагуулдаг. 14-хөн настай хүүхэд хайр сэтгэлээс болж амиа хорлож байгаа нь манай нийгэмд тохирохгүй гэж үзэж байгаа хэрэг үү? Бид өнөөдөр соёл иргэншлийг авч чадахгүйдээ ийм зүйл ярьж байна. Эхлээд зохиолоо унш. Дараа нь жүжиг үз. “Ромео Жульетта” монгол хэл дээр олон удаа орчуулагдсан. Орчуулагч Х.Мэргэн гуай болоод Ч.Чимид гуайн орчуулга ч бий. Мундаг эрдэм мэдлэгтэй Ч.Чимид гуай энэхүү зохиолыг ийм бодлоготой гэж үзсэн бол орчуулахгүй л байсан. Манай нийгэмд сөрөг хандлага бий болно гэж үзээд тэр хүн орчуулахгүй. Соён гэгээрэл гэдэг аливаа зүйлийн утга учрыг тунгааж, шүүж, эргэцүүлж, бодох чадварыг хэлдэг. Хэн нэгний амнаас ам дамжсан яриагаар аливаа зүйлд хандаж болохгүй л дээ. Шескпирийн 37 жүжгээс “Ромео Жульетта” аливаа цагийн үеийн бүхий л тоглолтод хамгийн олон үзэгчидтэй байсан. Өнөөдөр энийг хорих ёстой гэж үзэж байгаа бол бусад соёлт орнууд яагаад энэ зохиолыг хориогүй юм. Өнөөдөр сошиалаа хязгаарлаж чадахгүй байж сонгодог зохиол хорино гэж ярихаасаа ичих хэрэгтэй. Өнөөдөр хүүхэд бүрийн гарт утас байна. Тэдгээр хүүхдүүд энэ их мэдээллийн харангад буруу үлгэр дуурайл авч явааг мэдээлээд л байдаг.Яагаад зохиолдоо 14 настай хүүхдийг сонгосон гэхээр муу санаа суугаагүй нас. 14 настай хүүхэд гэдэг бол өнөөдөр Европын орнуудын хувьд 16 настай хүүхэд гэсэн үг. Манайх ч тийм болсон. Энэ хоёр хүүхэд бие биедээ сэтгэл алдарна. Тэгвэл есөн настай Тэмүүжинг аав нь Хонгирад аймагт аваачиж Бөртэтэй сүй тавиад үлдээдэг. Тэгвэл түүхээ бид насанд хүрээгүй хүүхдүүдийг сүй тавиуллаа гээд шүүмжлэх үү. Тэр цаг хугацаанд тэд ээнэгшиж дасаж байна. Шекспир энэ жүжгээ айлын ганц, ганц хүүхэд дээр тоглолт хийчихэж байгаа юм. Нэг нь айлын ганц хүү, нөгөө нь айлын ганц охин. Уг нь тухайн гэр бүл ганц хүүхэддээ илүү анхаарал тавина биз дээ. Ганцхан хүүхдийнхээ эрх ашгийг сонирхохгүй байна гэдэг харуусал шүү гэдгийг л харуулж байгаа юм.
-Аливаа зүйл хоёр талтай. Энэ түүх өнөөгийн хүүхдүүдэд сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол нэг талаас үнэний ортой санагддаг. Шүтдэг дуучин нь гэмтэхэд л уйлж гунигладаг хандлага өсвөр насныхны хувьд тод анзаарагдах болсон цаг шүү дээ. Ийм онцлогтой үеийнхэнд, хайр сэтгэл гэж юу болохыг таньж мэдэж амжаагүй наснынханд буруу ойлголт хандлага төрүүлэх вий гэсэн болгоомжлол байгаа?
-Энэ зохиолын хувьд хоёр гэр бүл асар том эрх ашгийн төлөө тэмцэлдсэн. Нэг ёсондоо хүүхдүүдийнхээ нандин харилцааг хэн нь ч анзаарч хараагүйд л байгаа юм. Тэдэнд эрх мэдэл, хөрөнгө мөнгө, эрх ашиг л чухал байсан. Тиймээс л эрх ашиг, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнд хоёр хүүхэд нь амиа егүүтгэхдээ тулж, маш том харуусал авчирсныг л Шекспир бичсэн. Гэр бүл болно гэдэг амьдралын хууль. Тэрний өмнө дурлал гэх зүйл бий. Харин хэзээ вэ гэдэг нь асуудал. Мөн үүгээр эцэг эхчүүд үр хүүхдэдээ анхаарал хандуулж чадахгүй болчихжээ гэдгийг илэрхийлсэн. Хүүхдийнхээ хүсэл эрмэлзэл, сэтгэлийг нь сонсохгүй байна. Юу бодож, хүсч байгааг анхаарахгүй байна шүү дээ. Энэ л асуудлыг үеийн үед хүмүүс нэн тэргүүнд тавьж ирсэн байгаа юм. Эмгэнэл нь ердөө юу ч мэдэхгүй хүүхдүүд бие биетэйгээ хамт байхын тулд юунаас ч айхгүй үхлийг сонгож байгаа нь харамсалтай. Цусаар уйлаад ч эргэж ирэхгүй маш том харууслыг авчирдаг гэдгийг эцэг эхчүүдэд хэлж байгаа юм л даа. Эцэг эхчүүд л хүүхдэдээ хяналт тавихгүйгээс болж хар тамхинд орж, энд тэнд нийлж амь насаа егүүтгэж байна шүү дээ. Бид сайн сайхны тухай арай бага яриад байна уу гэж бодогдож байна.
-Та саяхан Монгол Улсын соёлын элч болсон?
-Энэхүү нэр хүндтэй үүргийг өндөр хэмжээнд авч явахыг эрмэлзэж байна. Монгол Улсынхаа урлаг соёл, түүхийг дэлхий дахинаа сурталчлахад анхаарч ажиллана.