Categories
мэдээ нийгэм цаг-үе энтертаймент-ертөнц

​Н.Мөрөн: Шинэ жилийн баяраа онлайнаар тэмдэглэж болдгийг бид харууллаа


Хөл хорионд хүн бүр гэртээ байгаа боловч техник, технологи хөгжсөн энэ цаг үед дэлхийн хаанаас ч хүмүүс бие биентэйгээ холбогдох боломжтой болсон. Тэгвэл нэгэн байгууллага шинэ жилээанх удаа интернет платформ ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулжээ. Ингээд “AS Team маркетинг багийн гишүүн Н.Мөрөнтэй цахим шинэ жилийнх нь талаар ярилцлаа.


-Танай байгууллагын хувьд шинэ жилийн баяраа цахимаар тэмдэглэсэн нь анхны тохиолдол байв уу?

-Тийм шүү. Цар тахлын нөхцөл байдлаас үүдээд энэ жил анх удаа цахимаар уулзалдаж, баяраа тэмдэглэлээ. Манайх “AS team” нэртэй 60 гаруй гишүүнтэй баг. Бидний хувьд сошиал орчинд байгууллагуудад дижитал маркетингийн үйлчилгээ үзүүлж цахимаар ажиллахын хажуугаар шинэ жилээ ч бас онлайнаар хийж болдгийг харлаа.

-Байгууллагын шинэ жилийг хүлээн авалт, урлагийн тоглолт гээд өргөн хүрээнд төсөөлдөг. Гэтэл уулзалдахгүйгээр цахимаар тэмдэглэнэ гэдэг сонирхол татаж байна. Хөтөлбөртөө юу багтаасан бэ?

-Мэдээж хөл хорио тогтоосон болохоор биечлэн уулзах боломжгүй. Манай багтолон шинэ гишүүд орсон байсан учраас энэ уулзалт маань нэг ёсондоо танилцах үдэшлэг болсон гэсэн үг. Тиймээс багийнхаа шинэ гишүүдтэйгээ танилцангаа, шинэ жилээ тэмдэглэе гэдэг санаа гарсан. Энгийн үеэс ялгаатай болохоор технологи дээр суурилсан хөтөлбөрүүдийг голчлон гаргасан. Үүндээ гишүүдийнхээ дунд манай хөтөлбөрт хамрагдаад ямар өөрчлөлт гарсан сэтгэгдлээ хуваалцах 2 минутын бичлэгийн уралдаан зарлаж, шалгарсан 3 бүтээлээ шинэ жилийнхээ өдөр үзэж, ярилцах нь их сонирхолтой байсан. Мөн бид өөрсдийн бэлдсэн үзүүлбэрүүдээ үзүүлцгээсэн.


-Цахим шинэ жилд нь хичнээн хүн оролцсон бэ. Өөр онцолмоор зүйлс юу байв?

-Нийтдээ 35 хүн оролцсон. Цагаан, улаан даашинзтай байх гэдэг дресс кодтой байсан. Карантины үеэр хүн болгон гадуур гарахгүй гэртээ байгаа болохоор эмэгтэйчүүд нүүрээ будах, гоё хувцаслах шаардлага гарахгүй байгаа шүү дээ. Харин онлайн шинэ жилд оролцсноор бүгдээрээ гоё даашинзуудаа өмсөж, гоёлын нүүр будалт, үс засалт хийсэн байсан.

-Ямар платформ ашигласан бэ. Оролцсон хүмүүсийн сэтгэгдэл хэр байв?

-Zoom аппликейшнаар 35 хүн холбогдоход техникийн хувьд ямар ч асуудал гараагүй. Бид бүгдээрээ шинэ жилийн дуугаа дуулцгаасан. Мөн багийн хоёр гишүүн маань бэлдсэн дуунуудаа дуулж үзүүлсэн юм байна. Уулзалдснаас ялгаагүй сонирхолтой шинэ жил боллоо. Гишүүд маань нүүрээ будаад, даашинзаа өмсөнө гэхээр л догдол дүүрэн байсан гэсэн.


-Орон даяараа хөл хорионд байгаа ч гэсэн энэ үеийг эерэгээр ашиглаж байгаа нэгэн жишээ болж байна.

-Хөл хорионы дэглэмд шилжиж, бүх юм цахим болсноор нэг талаар өөртөө болоод гэр бүлдээ зарцуулах хангалттай цаг хугацаа бий болж байна. Бид цахимаар өдөр бүр хамтдаа суралцдаг. Өмнө нь замын түгжрэлд олон цаг алддаг байсан бол одоо гэрээсээ яг цагтаа сургалтандаа хамрагдаж байна. Дасгал хөдөлгөөн ч бас хийдэг. Энгийн үеэс илүү цаг хугацаа бидэнд оногдож байгаа учраас байгууллагаараа хөгжих боломж гэж харж байгаа.

Ч.БИНДЭРЪЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *