Categories
мэдээ цаг-үе

Н.Энхбаяр: Газрын тосны үйлдвэр энэ есдүгээр сард баригдаж эхэлнэ

Н.Энхбаяр эдийн засагч мэргэжилтэй, 2007-2011, 2016- 2019 онд Монгол Улсын таван Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, УИХ дахь МАН-ын бүлгийн эдийн засгийн зөвлөх, Дэлхийн банкинд ажиллаж байсан ажлын туршлагатай. Тэрээр өнгөрсөн долоо хоногт ажлаа өгчээ. Түүнтэй ярилцлаа.


-Дэлхийн банк Монголын эдийн засагт нааштай үнэлгээ өгч байхад ОУВС сөрөг үнэлгээ өгч байгаа нь ямар учиртай вэ?

-Дээрх байгууллагууд бол олон улсын хараат бус бие даасан байгууллагууд. ОУВС нь тухайн орны төсөв, мөнгөний макро түвшний санхүүгийн үйл ажиллагаанд дүгнэлт өгч, банк, санхүүгийн байгууллагуудтай түлхүү ажилладаг. Харин дэлхийн банк тухайн орны эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэх мэт бүх салбарыг цогцоор нь өргөн хүрээгээр үнэлж, үнэлгээ, дүгнэлт гаргадаг.

-Эдийн засаг урьдчилсан таамгаар өөдрөг гарч байна?

-Манай улсын эдийн засгийг 2008 оноос өмнөх ба хойших гэж хувааж болно. 2008 оноос өмнөх эдийн засаг уул уурхайн бус байсан. Тухайн үед эдийн засагт хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар зонхилж байлаа. Уул уурхайн эдийн засаг дахь нөлөө бага байсан. Харин 2007-2008 онд дэлхийн зах зээлд уул уурхайн эрдсийн үнэ огцом өссөнөөр манай эдийн засаг дахь уул уурхайн салбарын нөлөө хүчтэй эрчимжиж эхэлсэн. Тэр үеэс л манай улс анх удаа коксжсон нүүрс экспортолж эхэлсэн. Оюу толгойн ордыг ашиглахаар болсон. Улмаар томоохон ордуудыг ашиглаж эхэлсэн. Энэ бүхэн нь манай эдийн засгийг томруулаад зогсохгүй уул уурхайн салбарт зонхилох нөхцөл бүрдүүлсэн л дээ. Өнөөдөр дэлхий дахин манай эдийн засгийг уул уурхайн эдийн засаг гэж хүлээн зөвшөөрлөө. Экспортын 90 хувийг уул уурхайн салбар эзэлж байгаа. Төсвийн 50 хувийг уул уурхай бүрдүүлж байна. Өнөөгийн эдийн засгийн өсөлт нь уул уурхайн салбарын өсөлт гэж болно. Олон улс манай улсыг уул уурхайн түүхий эдээс хамааралтай гэж үзэж байна. Тиймээс манай эдийн засаг уул уурхайн салбараас маш их хамааралтай боллоо. Эдийн засгийн өсөлт, бууралт ч энэ салбараас хамаарна. 2016 оноос хойших эдийн засгийн өсөлт ч уул уурхайгаас хамаарч байгаа юм.

-АНУ, БНХАУ-ын худалдааны дайн манайд хэр нөлөөлөх бол?

-Энэ бол 2018 оны гуравдугаар сараас үүссэн асуудал. АНУ анх америкчууд хятадуудтай хийсэн худалдаанаас ихээхэн хэмжээний алдагдал хүлээж байгаа тухай тайлан гаргасан. Үүнээс болж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп эхний ээлжинд 50, 2018 оны намар 200, 2019 оны тавдугаар сард хэлэлцээр амжилтгүй болсон учраас 200 тэрбум долларын татварыг БНХАУ-ын талд тавих шийдвэр гаргасан. Одоохондоо бүх шийдвэр хэрэгжээгүй, түр намжсан.

ХУДАлДААНы ДАйН МАНАй ЭДийН зАСАгт сөргөөр нөлөөлнө

-Олон улсын байгууллагууд АНУ-ын Ерөнхийлөгч Д.трампын шийдвэрт яаж хандаж байгаа вэ?

-Сэтгэл түгшингүй хандаж байгаа. Олон улсын маш олон судалгааны байгууллага байдаг. Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллагууд байр сууриа илэрхийлсэн. Осакад болсон уулзалтаар Д.Трамп, Си Жинь Пин нар асуудлыг зөөлрүүлээгүй бол байдал бүр дордох байсан гэдэг дээр олон улсын байгууллагууд санал нэгдэж байна. Хэрэв асуудал хурцадсан бол дэлхий нийтээр 1.2 их наяд долларын алдагдал хүлээх байсан гэж тооцож байгаа юм. Хятадтай худалдааны харьцаатай зүүн өмнөд Азийн орнууд багаар тооцоход эдийн засаг нь 0.8 хувиар буурна гэсэн тооцоо гарсан. Энэ бүсэд манай улс багтаж байгаа л даа. Бид долоо орчим тэрбум долларын түүхий эд гаргаж байна. Түүнээс таван тэрбум долларын түүхий эдийг БНХАУ-д гаргаж байгаа юм. Зэс, нүүрсний орлого шүү дээ. Тиймээс худалдааны дайн манай эдийн засагт ч сөргөөр нөлөөлнө.

-Тэгэхээр манай эдийн засаг уул уурхайн түүхий эдийн үнийн мөчлөгөөс хамаардаг байсан бол дээр нь худалдааны дайн гэдэг аюул заналхийлж байна гэсэн үг үү?

-Уул уурхайн түүхий эдийн үнийн мөчлөг гэж байдаг. Зэс, төмөр, нүүрс, цайр гэх түүхий эдийн эрэлтээс шууд хамаарна. Эдгээр түүхий эд бол томоохон бүтээн байгуулалт, хүнд үйлдвэрийн түүхий эд. Эдийн засаг өсөхөд аж үйлдвэрийн салбар, томоохон бүтээн байгуулалт эрчимжинэ. Том гүрнүүдийн эдийн засгаас хамаарна гэсэн үг.

-Манай эдийн засаг солонгорох болов уу?

-2008-2009, 2015-2016 онд дэлхийн эдийн засаг хямарсан. Бид зэс, коксжих нүүрс голлож ярьж байгаа юм. Хятадын эдийн засаг буурвал гангийн салбарын хүрээ багасна. Энэ нь манай эдийн засагт шууд нөлөөлнө. Хятад хурдны төмөр зам их хэмжээгээр барих төлөвтэй байна. Энэ нь манай коксжсон нүүрсний ирээдүйд маш ашигтай тусна. Эдийн засгийн солонгын хувьд эхний ээлжинд мал аж ахуйгаа өөд нь татах хэрэгтэй. Эхлээд экспорт биш юм аа гэхэд нийслэлээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр найдвартай хангах хэрэгтэй байгаа юм. Гэтэл манай мал аж ахуй байгаль, цаг уураас хэт хараат байгаа нь хүн амын тал нь оршин суугаа нийслэлээ ч жилийн дөрвөн улиралд тогтмол хангаж чадахгүй байгаа юм. Энэ тохиолдолд эрчимжсэн мал аж ахуйг түлхүү хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Дараа нь мал аж ахуйн түүхий эдээ боловсруулах үйлдвэрийн асуудал бий. Мал аж ахуйд үүсч байгаа бас нэг том асуудал бол бэлчээрийн даац хэтэрсэн. Ялангуяа ямаа ихтэй бүсүүдэд.

-Даац хэтрэх маш аюултай гэж ярьдаг. Яг ямар аюул дагуулах вэ?

-Нэгдүгээрт бэлчээр талхлагдаад сэргэхгүй. Сэргэсэн ч маш их хугацаа шаардана. Өмнө нь 2-3 жилд сэргэдэг байсан бол удаан талхалбал арван жилээс нааш сэргэхгүй. Мал давжаарч, ашиг шим буурна. Эндээс эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх шаардлага үүсч, нэг малаас авах ашгийг нэмэгдүүлж, байгалиас хараат бусаар нийгмийг мал аж ахуйн бүтээгдэхүүнээр хангах зорилт тавигдаж байгаа юм.

ХЭрЭВ МАНАй гАзрыН тОСНы гАрц, НийлүүлЭлт БАгАДВАл ОХУ-ААС АВч БОлНО л доо

-Газрын тосны үйлдвэр ямар шатандаа явж байна?

-Газрын тос манайд стратегийн бүтээгдэхүүнд тооцогддог. Бид жил бүр тэрбум долларын нефтийн бүтээгдэхүүн импортолж байна. Цаашдаа хэрэгцээ улам нэмэгдэнэ. 100 хувь импортоор авдаг тул дэлхийн зах зээлийг дагаж үнийн савалгаанд их өртдөг. Валютын зарлага их гэх мэтээр нефть бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх нь маш чухал.

-Хойт хөршид асар их нефть байхад үйлдвэр барихад алдагдалд орохгүй биз дээ?

-Орохгүй. Түүнээс гадна зүүн өмнөд Азид нефтийн үйлдвэргүй байсан хоёрхон орон болох Лаос, Мьянмар нефть боловсруулах үйлдвэр барьж дуусч байна. Азид нефть боловсруулах үйлдвэргүй орон манайх болох гээд байсан. Тийм учраас нефтийн үйлдвэр барих ажлыг эрчимжүүлсэн. Бид эхний ээлжинд дотоодын түлшээ 100 хувь хангахгүй ч аажмаар бүтээгдэхүүний үйлдвэрлэл өснө. Эдийн засагт маш том нөлөө үзүүлнэ.

-Нефтийн үйлдвэр барина гэдэг тийм ч амар юм биш байх?

-Нэлээн нарийн технологитой үйлдвэрлэл. Өнөөгийн байдлаар дэд бүтцийн асуудал шийдэгдээд, намраас үндсэн үйлдвэрээ барьж эхэлнэ. Гурван томоохон үндсэн асуудал шийдэх хэрэгтэй болж байгаа юм. Үйлдвэр цахилгаан станцтай адил горимоор ажиллана. Түүхий эд тасралтгүй 24 цагаар нийлүүлнэ. Үйлдвэрлэлийг эхэлсэн л бол зогсоохгүйгээр олон жил ажиллуулна. Гаргасан бүтээгдэхүүнээ тасралтгүй тээвэрлэх ёстой. Үйлдвэрийн асуудлыг үндсэндээ шийдсэн. Одоо түүхий эдээ тээвэрлэх хоолойн асуудал бий.

-Дамжуулах хоолойн асуудал маш түвэгтэй гэсэн мэргэжилтнүүдийн яриа байдаг?

-Дээр үед Т.Намжим гуайн япончуудтай хийсэн урт хугацааны нефть нийлүүлэх гэрээ байдаг. Тэнд Япон, Орос, Монголын талууд нефть нийлүүлэх санамж бичиг байсан. Түүнийг үзэж байсан. Хэрэв манай газрын тосны гарц, нийлүүлэлт багадвал ОХУ-аас авч болно л доо. Бас нефтийн найрлагын асуудал бий. Манай нефть Оросынхоос ялгаатай. Гэтэл үйлдвэр нь тухайн нийлүүлэх нефтьдээ тохирсон технологитой байх ёстой.

ОйрддэлхийдОюутОлгОй шиг тОМ зЭСийН ордашиглалтадорохгүй

-Зэсийн үйлдвэрийн асуудал яригдаж байгаа юу?

-Зэсийн үйлдвэрийн хувьд эхний ээлжинд Оюу толгой, Эрдэнэтийн ордын алийг нь түшиглэх вэ гэдэг асуудал байгаа. Газар зүйн байршлыг шийдэх асуудал яригдаж байна. Зэсийн үйлдвэр барихад дагалдах бүтээгдэхүүний асуудал бий. Зэсийн үйлдвэрээс боловсруулахад ашигласан их хэмжээний химийн бүтээгдэхүүн гардаг. Тэр их хэмжээний химийн бодисийг хааш нь шингээх вэ гэдэг нь нэлээд түвэгтэй. Маш хортой хүхрийн хүчил их хэмжээгээр гарна. Гэхдээ энийг үйлдвэрлэлд ашиглаж болдог. Харин хаана, ямар зах зээлд нийлүүлэхээ сайн шийдэх хэрэгтэй юм билээ. Усны асуудлыг шийдэх хэрэгтэй. Бас технологийн нарийн асуудлууд байдаг. Өртөг ч өндөртэй.

-Тэгвэл баяжмал гаргах нь ашигтай юу?

-Миний бодлоор бол баяжмал эрэлт ихтэй. Үнэ өндөр байхад баяжмалаа зарсан нь ашигтай. Тэрнээс гадна Хятад их хэмжээний баяжмал аваад байгаа нь өөрсдөө зэс хайлах маш олон үйлдвэртэй байдаг учраас их хэмжээгээр аваад байгаа юм. Баяжмалаас зэс гаргаж үйлдвэрүүд ашиг олж байна. Гэтэл бид өөрсдөө зэс хайлаад эхэлбэл тэд их хэмжээгээр авах эсэх нь эргэлзээтэй. Зэс өөрөө олон улсад өндөр стандарттай. Хаана зарагдах вэ гэдэг бас асуудал.

-Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машин зэсийн эрэлтийг нэмэгдүүлнэ гэсэн таамаг байдаг?

-Эрэлт нэмэгдэнэ. Гэхдээ огцом биш, аажмаар. Олон улсын зэсийн холбооны судалгаагаар зэсийн нийлүүлэлтэд жаахан асуудал үүсч мэдэхээр байгаа. Ашиглаж байгаа зэсийн том ордуудын насжилт өндөр болсон. Шинээр хөрөнгө оруулсан ордууд манай Оюу толгой шиг ашиглах цаг нь ойрхон биш. Дараагийн том ордууд ашиглалтад ороход 6-7 жилийн хугацаа бий.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *