МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор, доктор Н.Батнасантай ярилцлаа.
-Та багш болсон түүхээ хуваалцаач?
-Миний ээж, аав хоёр минь багш мэргэжилтэй хүмүүс л дээ. Гэхдээ цаг наргүй ажилладаг байсан учраас би багш болъё гэж ерөөсөө боддоггүй байсан. Миний бие бусад нөхдийн хамтаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Гадаад худалдааны эдийн засагч мэргэжлээр 1993 онд онд төгслөө. 90-ээд оны эхэн үед бид англи хэлтэй, америк, солонгос багш нараар хичээл заалгачихсан, зах зээлийн эдийн засгийн тухай мэдлэгтэй хүмүүс төгсч байлаа. Төгсөөд ажлын байр ч бэлэн байсан. Миний хувьд “Улсын бөөний худалдааны нэгдэл” –д хуваарилагдаад байсан юм. Оюутан байх үедээ худалдааны нэгдлээсээ сар бүр стипенд авна. Зардлаар нь гадагшаа үйлдвэрлэлийн дадлага хийж байсан юмдаг. Тиймдээ ч сургуулиа төгсөөд шууд л худалдааны нэгдэлдээ ажиллана гэсэн бодолтой явлаа. Харин манай тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Арцын Дамдин багш маань намайг багшаар үлдээнэ гэдэг юм байна. “Улсын бөөний худалдааны нэгдэл”-ээс өгсөн стипенд, гадагшаа явах сургалтын төлбөр зэрэг нийлээд 16 мянган төгрөг болсон юм билээ. Түүнийг ч сургуулиас төлөхөөр болж, намайг багшаар үлдээхээр шийдэцгээсэн.
Харин би “Улсын бөөний худалдааны нэгдэл” –д ажиллаж чадахгүй гэдгээ хэлэх гэж очоод тэндээ үлдчихсэн юм. Тухайн үед шилжилтийн хүнд цаг үе байсан болохоор амьжиргаагаа бодоод Улсын бөөний худалдааны нэгдэлд мэргэжлээрээ ажиллахаар шийдсэн л дээ. Харин хэдэн жилийн дараа Дамдин багштайгаа нүүр тулж уучлал гуйн, сэтгэл уужирч билээ. Ямартай ч би сонголтдоо тууштай байж “Улсын бөөний худалдааны нэгдэл”-д мэргэжилтнээс концерны ерөнхий захирал хүртэл дэвшин ажилласан.
1996 онд Дамдин багшийнхаа зөвлөсний дагуу МУИС-ийн аспирантурт элсэн суралцсан. Ажиллаж байсан байгууллага маань хувьчлагдаж, докторын зэргээ хамгаалсны дараахан үеэс МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багшилж эхэлсэн юм. Үүнээс хойш 18 дахь жилдээ багшилж байна даа.
-Багш бүр л өөрийн гэсэн заах арга барилтай байдаг. Харин таны хувьд?
-Би олон улсын бизнес, худалдааны чиглэлийн хичээлүүд ордог. Сүүлийн жилүүдийн элсэлтийн нөхцөл байдлаас харахад Ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдийн оюун ухааныг тэлж задалж өгдөг математик, физикийн хичээлүүдээр эзэмшдэг мэдлэг чадвар нь муудаж, сэтгэлгээний чадавх нь жаахан доройтож байгаа юм шиг санагддаг. Энэ талын чадвар элсэн орж буй хүүхдүүдийн хувьд тааруухан байна л даа. Ер нь бизнесийн чиглэлээр суралцаж буй оюутан хүн судалж буй тухайн хичээлийнхээ талаар тодорхой мэдлэгтэй байхаас гадна нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн, шийдвэр гаргах чадвартай байх нь юу юунаас чухал. Тиймдээ ч нэгтгэн дүгнэх, сэтгэн бодох гэх мэт чадвартай байх хэрэгтэй. Миний хувьд энэ чадварыг хөгжүүлэх тал дээр илүүтэй анхаардаг. Их сургуульд ажилладаг шавь нартаа ч ийм шаардлага тавих хэрэгтэй гэж зөвлөдөг.
Тодорхой хичээлээр эзэмшсэн мэргэжлийн мэдлэг хэсэг хугацааны дараа мартагдах буюу хуучирч, огтоос хэрэггүй болох нь бий. Харин хүний эзэмшсэн ур чадвар бол насан туршид хадгалагддаг зүйл. Орчин үед эзэмшсэн мэргэжлээрээ насан туршдаа хоолоо олж идэх баталгаа байхгүй болж байна. Орчуулагч, жолооч гэх мэт олон мэргэжлийн хэрэгцээ шаардлага багасч байгаатай нэгэн адилаар нягтлан гэх мэт олон мэргэжлүүд устаж алга болох хандлагатай болж байна. Энэ бол хөгжлийн хандлага л даа. Тиймээс л хувь хүний сэтгэн бодох, ухаарч ойлгох, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах зэрэг чадваруудыг хөгжүүлэх нь маш чухал юм. Үүнийг хичээл сургалтдаа гол болгож, оюутнуудыг сэтгэн бодох, бие даах чадварыг хөгжүүлэх асуудалд анхаарч ажилладаг даа.
-Манай улс Гадаад худалдааны эдийн засагчийг хэдийнээс бэлтгэж эхэлсэн юм бэ?
-Манай ангийнхан энэ чиглэлээр төгссөн хамгийн анхны төгсөгчид нь байсан. Түүнээс хойш хэсэг завсарлаад намайг энэ сургуульд ажиллаж эхэлсэн үеэс дараагийн төгсөлтүүдийг бэлтгэж эхэлсэн.
-Манайд хэр эрэлттэй байгаа мэргэжил вэ?
– Манай улс жижигхэн улс л даа. Жижигхэн улсын зовлонгууд бий. Юун түрүүнд зах зээл нь жижигхэн учраас бүх төрлийн бизнесүүдийг зэрэг хөгжүүлээд байх боломж байдаггүй. Тухайлбал, Автомашины бизнесийн орлого, зарлагыг тэнцүүлэхийн тулд дор хаяж 300 мянган ширхэгийг үйлдвэрлэх шаардлагатай. Манай улсад 600 мянган ширхэг машин бий. Машины насжилт дунджаар 10-15 жил байгаа. Тэгэхээр хоёрхон жилийн дотор л Монголын машины зах зээлийг дүүргэчихнэ. Түүнээс цааш яах вэ гэдэг асуудал гарч ирнэ шүү дээ. Бүх бизнесийг хөгжүүлж болдоггүйн ганц жишээг дурдахад л ийм байна.
Дээрээс нь бид америк, япончуудын үйлдвэрлэж байгаа зүйлийг доогуур үнээр хийж байж адил үнээр зарах хэрэгтэй болно. Учир нь бидний хувьд тээврийн зардал тэдгээр улсуудтай харьцуулахад маш өндөр шүү дээ. Мөн бид цаг агаарын хүнд, хатуу нөхцөл нэг бизнесийг жилийн дөрвөн улирал хийх боломжийг нь хязгаарладаг. Өөрөөр хэлбэл бид маш өндөр өртөг зардалтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тиймээс манай оронд эдийн засгийн бүх салбаруудыг хөгжүүлэх боломжгүй. Бид бусдаас хямдхан, сайн хийж болох зүйлээ үйлдвэрлэж, зардал ихтэй хийх тийм зүйлсээ бусдаас хямдхан авч байж улс маань эдийн засгийн хувьд үр ашигтай, хурдан хөгжинө. Сайн болоод хямдхан хийж чаддаг зүйлээрээ бид төрөлжих ёстой. Жижиг улсын хөгжлийн гол замнал энэ байдаг. Ингэж чадсан орнууд нь ч хөгжсөн. Энэ зам руу орох гол суваг нь олон улсын бизнес юм.
Ер нь Монголд гадаад зах зээлтэй холбогдоогүй нэг ч бизнес байхгүй. Тэгэхээр манай мэргэжлийн хэрэгцээ өндөр. Харамсалтай нь манайд гадаад худалдааг мэргэжлийн хүмүүс хийх үү эсвэл өмчийн эзэд нь хийх ёстой юу гэдгийг ойлгодоггүй. Компаниуд ихэвчлэн гэр бүлээрээ бизнесээ эрхэлдэг. Мэргэжлийн бус хүмүүс учраас бусдаас хямдхан авч болох зүйлийг үнэтэй худалдан авах, гэрээ хэлэлцээрээ буруу хийдэг гэх зэрэг алдаанууд гаргадаг. Тиймдээ ч 2000-аад оны эхээр манай мэргэжлээр төгслөө гэхэд ажлын байр хомс байдаг байлаа. Харин одоо бол нөхцөл байдал харьцангуй сайжирч байгаа шүү.
-Таны бодлоор улс орныг ямар мэргэжил мэдлэг, чадвар бүхий хүмүүс удирдан залж явдаг вэ?
-Улсыг стратегич хүмүүс л авч явах ёстой. Сайн стратегич байх нь юу юунаас чухал. Өнөөдрийн хийж байгаа зүйл нь маргааш хийх зүйлтэй нь зөрчилдөхгүй, өчигдөр гаргасан шийдвэр өнөөдрийн ажлыг нь дэмжиж чадахуйц тийм л шийдвэр гаргах ёстой. Магадгүй өнөөдрийн шийдвэр нь 10, 20 жилийн дараа тухайн улсын хөгжлийн тулгуур болж байх ёстой. Тэр болгон жижиг, сажиг зүйл рүү орох шаардлага ч байхгүй. Илүү алс холыг харж шийдвэр гаргадаг хүмүүсийг л стратегич гээд байгаа юм шүү дээ. Харин ийм чадварыг бизнес, эдийн засгийн мэргэжлийнхэнд илүүтэй олгодог гэж би үздэг. Учир нь улс орны засгийн эрхийг барьж байгаа хүмүүсийг ч харахад энэ чиглэлийн хүмүүс давамгай байдаг. Улс төрд орчихсон хүмүүс авьяастайдаа биш эдийн засгийн чиглэлээс сурч олж авсан мэдлэг, ур чадвар нь тухайн хүнд стратегич байх чадварыг олгодог юм болов уу гэж хардаг.
-Та шавь нараас маань их сургуульд багшилж байгаа хүмүүс цөөнгүй гэж дээр хэллээ. Бахархаж явдаг шавь нар олон биз?
– Ер нь бий шүү. Салбартаа төдийгүй улс төрд ч амжилттай яваа хүмүүс цөөнгүй байдаг. Тэр болгоныг нэр дурдаад юу гэхэв. Нэр дурдахгүй үлдээчихвэл гомдоно байх. Би багшлахын сацуу БСШУЯ-ны дэргэдэх эдийн засаг, бизнесийн удирдлагаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр олон жил ажилласан. Энэ хугацаанд хэд хэдэн докторуудыг бэлтгэн гаргахад хувь нэмэрээ оруулжээ. Ер нь бэлтгэж гаргасан бүхий л шавь нараа тоолвол арваад мянга хүрнэ байх шүү.
-Таны дүү нар бас багш мэргэжилтэй гэсэн байх аа?
-Би эхээс наймуулаа. Биднээс дөрөв нь их сургуулиудад багшилдаг. Бизнес, цөмийн физик, мэдээлэл зүйн чиглэлээр багшилдаг. Дүү нар маань Япон, Солонгост эрдмийн зэрэг хамгаалцгаасан. Аав, ээж минь багш хүмүүс болохоор бид номон дунд л өссөн. Тиймдээ ч хүүхдүүд нь эрдэм номыг эрхэмлэдэг хүмүүс болж төлөвшсөн юм болов уу гэж боддог.
-Та гэр бүлээ танилцуулаач?
-Би эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань эмч мэргэжилтэй. Манай хоёр хүүхэд оюутан, нэг нь дунд сургуульд сурдаг юм. Эхнэр эмч хүн учир дуудлаганд их явдаг юм. Би өдөр тутмынхаа ажил үүрэгт ажилд ихэнх цаг заваа зарцуулдаг. Ер нь их сургуульд багшлах ажилд зарцуулах хугацаа харьцангуй бага л даа. Их сургуулийн багшид хичээл заахаас гадна төсөл, судалгаа хийх, төр засаг, олон улсын болон бизнесийн байгууллагуудад зөвлөхөөр ажиллах гээд олон төрлийн ажил бий. Харин шөнө оройн цагаар эхнэрийнхээ жолоочийг хийж, энхийн манаанд хамт зүтгэдэг дээ.(инээв) Хүний амь нас хамгаас үнэтэй чухал зүйл хойно яалтай билээ.