Categories
мэдээ цаг-үе

Н.Ариунзаяа: Германы лабораторид илгээсэн сорьцоос 44-т допинг илрээгүй, дөрвийг нь нарийвчлан шинжилж байгаа DNN.mn

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрч үлдсэн 32 бөх, үндэсний сурын харвааны эрэгтэй, эмэгтэй тус бүр найман харваач, нийт 48 тамирчнаас авсан допингийн шинжилгээний хариу Герман улсын Дрезден хотын лабораториос иржээ.

 

Үүнтэй холбогдуулан Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага хамтран допингийн шинжилгээний талаар мэдээлэл өглөө.

 

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа “Үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан нийт 32 бөх, 16 сурын харваач, нийт 48 шинжилгээний сорьцыг шинжлүүлэхээр дээрх гэрээт лабораторид битүүмжилсэн шинжилгээний сорьцыг холбогдох байгууллагын төлөөлөл орон нутгийн цагаар 2024 оны долдугаар сарын 13-нд биечлэн хүргэж өгсөн.

 

Тус лабораториос 2024 оны долдугаар сарын 15-ны орой 22:00 цагт цахим шуудангаар нийт 44 сорьцын хариуг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад ирүүлсэн.

 

Энэхүү 44 сорьцод допингийн төрлийн хориотой бодис илрээгүй байна. Харин дөрвөн сорьц нь лабораторийн нарийвчилсан шинжилгээнд орж байгаа тул хариу нь ирээгүй.

 

Дөрвөн сорьцоос допингийн төрлийн хориотой бодис илэрсэн, эсхүл илрээгүй гэсэн хариуг одоогоор гаргах боломжгүй. Хэн нь бөх, харваач гэдгийг мэдэх боломжгүй. Үлдсэн дөрвөн сорьцоос допинг илэрсэн гэдгийг хэлэх эрт байна.

 

Дөрвөн сорьцын шинжилгээнээс ямар нэгэн байдлаар эерэг хариу гараад допингийн зөрчил илэрсэн тохиолдолд тухайн тамирчинд мэдэгдэж, нэрсийг зарлаад үр дүнгийн удирдлагын олон улсын стандартыг хэрэгжүүлнэ” хэмээн ярилаа.

Герман улсын Дрезден хотын лабораторид хүргэж өгсөн 48 сорьцын 32 нь үндэсний бөхийнх, 16 нь үндэсний сурын харвааны эрэгтэй, эмэгтэй тамирчных юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *