Монголын хошин
урлагийн хамтлаг,
продакшнууд дөрөвдүгээр
сарын 1-нд буюу
Инээдмийн баяраар нэгдэж
“Инээдээр дархлаагаа
дэмжье” онлайн тоглолт
хийхээр болоод байна.
Уг тоглолтын талаар
“Шинэ үе” продакшны
захирал, гавьяат жүжигчин
Н.Ариунболдоос зарим
зүйлийг тодрууллаа.
-Хошин урлагийнхны
онлайн тоглолтод хичнээн
хамтлаг нэгдэж байгаа юм
бэ?
-Зургаан хамтлаг нэгдэж
байна.
-“Х-ТҮЦ” хамтлаг
нэгдээгүй бололтой?
-Тийм тийм. Тэдний
хамтлаг ороогүй. Тэднийх
сүүлийн гурван жилийн турш
дэлгэцийн бүтээлдээ илүүтэй
төвлөрөөд тайзны бүтээл
хараахан байхгүй байна
гэсэн. “Х-ТҮЦ”-ээс бусад
нь энэ тоглолтод оролцож
байна. “Шинэ үе”, “Өнгөт
инээд”, “Маск” продакшн,
“Мөрөөдлийн театр”, “Эмоци”,
“Аглуу” энтертаймент
оролцоно.
-Нэгдэж тоглоцгооё гэдэг санааг хэн гаргасан бэ?
-С1 телевиз санаачилсан
юм. Тэгээд манай жүжигчид,
уран бүтээлчид бүгд дэмжээд
тэгж л эхэлсэн юм. Бүгд
л ярилцаж энэ тоглолтыг
эхлүүлсэн дээ.
-Сая “Хурд”-ын тоглолт телевизийн байранд болсон. Та нар бас С1 телевизийн студид тоглох уу?
-Үгүй, үгүй. Corporate convention center-ийн тайзнаас
үзэгчгүй тоглоно. С1 телевиз
тоглолтыг шууд дамжуулна.
Өмнө нь зурагт, интернэтээр
гарч байгаагүй, IPTV-д
тавигдаж байгаагүй цоо
шинэ номероо тоглоцгооно.
Бид энэ тоглолтоо “Инээдээр
дархлаагаа дэмжье” гэж
нэрийдсэн.
Ард иргэд маань Улсын
онцгой комисст маш их хандив
өгч байна, бас хандивын
тоглолт олон тоглогдож
байна. Цаашдаа ч эдгээр
үйл ажиллагаа зохиогдох гэж
байна. Дөрөвдүгээр сарын
нэгэн инээдмийн баяр гэдгийг
бид тодотгож энэ өдрийг
сонгосон. Инээд гэдэг бол
хүний дархлааг дэмнэдэг. Ийм
хүнд хэцүү үед бүгд сэтгэл
санаагаар өөдрөг тэнүүн
байгаарай гээд сайхан эерэг,
гэгээлэг номерууд бэлдэж
байна. Гэр орондоо байгаа
хүүхдүүд, оюутан залуус
уйдаж байна. Дөрөвдүгээр
сарын нэгэн чинь архигүй
өдөр. Энэ архигүй өдрөөр,
Инээдмийн баярын өдрөөр
халуун ам бүлээрээ цэнхэр
дэлгэцийнхээ өмнө ханатлаа
сайхан инээж, дархлаагаа
дэмжээрэй.
-Тоглолтын шууд дамжуулалтын үеэр Улсын онцгой комиссын хандивын дансыг байршуулаад хандив цуглуулах уу?
-Бид ерөөсөө тийм данс
байршуулахгүй. Хандив
цуглуулахгүй. Зүгээр л инээдээр иргэдийнхээ дархлааг
дэмжиж байгаа аян.
-Тоглолт тухайн өдөр хэдэн цагаас эхлэх вэ?
-Одоогийн байдлаар 19-20
цагийн хооронд эхэлнэ гэж
төлөвлөчихөөд байна. 2-3 цаг
үргэлжилнэ.
-C1 телевиз дээр сувгаа тааруулах нь байна, тийм ээ?
-Тэгнэ. Онлайнаар үзэж
болно. Лайв явна. Гадаадад
байгаа монголчууд маш их
хүлээж байна гэцгээж байна.
Гадаад дотоодгүй бүгд л хөл
хорионд орчихсон байгаа
энэ үед хэдэн цаг ч болов
хорвоогийн зовлонг мартаж,
жаргаж инээе, инээдээр
дархлаагаа дэмжье гэж байгаа
юм. Хүмүүс хандив өгье ч гэсэн
ард түмний амьдрал өдөр ирэх
бүр хэцүүдэж байна. 20-иод
мянган аж ахуйн нэгж хаалгаа
барьчихсан, 250-иад мянган
хүн орлогогүй болчихсон
энэ үед дахин хандив өгөөч
гэхгүй. Зүгээр л бүгдээрээ
юу ч бодохгүй, сайхан инээ.
Дархлаагаа дэмж. Хэсэгхэн ч
жаргалтай байя.
– Хошин урлагийн хамтлагуудын тоглолтыг тэр бүр үзэж амждаггүй хүмүүс, холын аймгийнхан, гадаадад байгаа монголчуудад хошин шогийнхонтойгоо онлайнаар уулзах нэг боломж гарч байна гэж харж байна?
-Тэгэлгүй яахав. Энэ бол
боломж. Тоглолтод маань маш
олон хүн зочноор оролцоно.
Ер нь их сайхан аян, тоглолт
тэр өдөр болно. Дөрөвдүгээр
сарын 1-нд орон даяараа С1
телевизээр гарна гэсэн үг.
-Шинэ номер үзүүлнэ гэхээр та бүхэн одоо тоглолтдоо бэлтгээд тун завгүй байгаа бололтой?
-Маш их завгүй байна,
шинэ номероо бэлдэцгээж
байна. Засгийн газар, Улсын
онцгой комисс, Ө.Энхтүвшин
дарга, генерал Т.Бадрал
зэрэг хүмүүсээс бид албан
ёсны зөвшөөрөл авсан. Бид
өөрсдөө халуунаа байнга
хянуулаад, ариун цэврийн
өндөр түвшинд бэлтгэлээ
базааж байна. Тоглолтын үеэр
бөөн бөөнөөр биш, цуварсан
байдлаар, ар араасаа тайзан
дээр гарч ирэхээр, хүн
хоорондын зайгаа баримталж
тоглоно. Бүх үйл ажиллагаа
маань зааварчилгаа, дүрмийн
дагуу явагдаж байгаа.