Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Алгаа: Өмч хувьчлалаар хөлжсөн бүлэглэлүүд уул уурхай руу орох арга хайсан үеэс өнөөдрийн муу муухай эхэлсэн

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан, Далд уурхайн үндэсний олборлогч (UNS) компанийн зөвлөх Н.Алгаатай ярилцлаа.


-Лиценз хурааж авч, цуцлах нөхцөлүүд нэмэгдээд байгаа гэсэн шүүмжлэл бий. Үнэхээр тэгээд байна уу?

-Үнэн л дээ. 1997 онд гурван нөхцөлөөр лиценз хураах хууль үйлчилж байсан. Нэгдүгээрт, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол цуцална гэсэн заалт байлаа. Хоёрдугаарт, тухайн аж ахуйн нэгж эрх зүйн чадамжгүй болсон буюу дампуурсан гэх мэт тохиолдолд цуцлах заалт үйлчилдэг байсан юм. Гуравдугаарт, тусгай зөвшөөрөлд хамрагдаж буй талбайг нийтийн эрх ашгийн үүднээс төр тусгай хэрэгцээнд авахаар бол олон улсын жишигт нийцсэн арга, аргачлалаар, нөхөн олговор олгосны дараа цуцлах үндэслэл байсан л даа. 2006 онд хоёр нөхцөл нэмэгдсэн. Хайгуулын ажлын зардлын доод хэмжээ гээд га тутамд заавал ийм хэмжээний мөнгө гаргана гээд хуульчилснаас үүдэлтэй нөхцөл нэмэгдсэн. Тодруулж хэлбэл гаргасан зардлынхаа хэмжээг нотолж чадахгүй бол цуцална гэсэн нөхцөл хуульд туссан. Нэмэгдсэн хоёр дахь нөхцөл нь байгаль орчинтой хамаатай. Үнэхээр нөхөн сэргээлт хийгээгүй нь мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтээр нотлогдсон бол цуцална гэсэн нөхцөл нэмэгдсэн. Сүүлд оруулсан өөрчлөлтийн тухайд лицензийн наймаа их явагдаж боллоо, явагдаж буй наймаанаас болж татвар төлөгдөхгүй байна гэсэн агуулгаар хийсэн юм билээ. Лицензийг хуульд наймаалсан гэдэггүй, эрх шилжүүлнэ гэж тодорхойлдог. Татварын хуулиар эрх шилжүүлбэл тодорхой хувийн татвар төлөх заалт бий. Компаниуд ашигт малтмалын тухай хуулиар хандаж, татварынхан эрх шилжүүлсэн гэсэн талаас нь харж татвар дээр маргаан гардаг юм. Энэ бүх байдал татвар төлөгдөхгүй байна гэсэн дүгнэлтэд хүргэсэн хэрэг л дээ. Эрх шилжүүлсэн гэдэг талаас нь татвар авна гэсэн өөрчлөлт татварын тухай хуульд орчихсон, яг тэр заалттай хамт үүнийгээ төлөхгүй бол лиценз цуцална гэсэн заалт Ашигт малтмалын тухай хуульд орсон байна.

-Энэ заалтыг уул уурхайнхан мэдээгүй явсаар өнөөг хүрсэн, төсвийн хуулийг батлах үеэр олон нийтийн хэлэлцүүлэг энэ тэргүйгээр баталчихсан гэж ярьж байна. Жишээ нь, та ийм өөрчлөлт хуульд туссаныг мэдэж байсан уу?

-Мэдээгүй. Салхит дээр болсон үйл явдлын үеэр л мэдлээ. Төсвийн тухай хууль баталж байхад төсөвтэй хамаатайгаар маш их хуулийн өөрчлөлт орж ирдэг л дээ. Хэлэлцүүлэг бараг өрнөдөггүй. Ерөөсөө жилийн жилд тэгж явсаар өнөөг хүрсэн.

Уснаас татвар авах өөрчлөлтийг гэхэд л усны тухай хуульд яг ингэж яаралтайгаар ямар ч хэлэлцүүлэггүйгээр суулгаад баталчихдаг. Энэ мэт олон жишээ бий. Татвар, хураамж, төлбөртэй холбоотой иймэрхүү өөрчлөлтийг үеийн үед ийм маягаар хийсээр ирсэн. Таны асуугаад байгаа Ашигт малтмалын хуульд тусгасан өөрчлөлт эхнийх ч биш, эцсийнх ч биш.

-Татвар, хураамжийн нэмэгдэл, лиценз цуцлах нөхцөлийг нэмэх гэх мэт хувийн хэвшилд эрсдэл үүрүүлэхээр заалтуудыг төсвийн хэлэлцүүлгийн үеэр олны анхаарлаас хол байдлаар хуульд тусгах нь зөв жишиг биш л дээ. Шуудхан хэлэхэд гишүүд тойргийн, хувийн эрх ашгаасаа болж алдагдалтай баталсан төсвийг нөхөх заль болгочихсон юм биш үү?

-Шууд тэгж хэлэхэд бас хэцүү. Гэхдээ хэрэглэж байгаа арга нь буруу. Төсвийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх алхмууд гэж хардаг байх. Нөгөө талаас бизнесийг зохицуулах гээд байна л даа. Лиценз ихээр олголоо гэж яриад байна аа даа.Үнэхээр лиценз ихээр олголоо, лицензийн наймаа замбараагаа алдлаа гэж харж байгаа бол хураамжийг нь л нэмээд явчих ёстой. Тэгвэл өнөө яриад байгаа асуудал нь аяндаа цэгцэрнэ. Харамсалтай нь төр засгаас эдийн засгийн ийм арга хэрэглэхгүй юм. Шууд захиргааны арга сонгоод байна.

-Бүхнийг төр зохицуулах ёстой гэсэн өнгөрсөн нийгмийн сэтгэлгээ арилахгүй байна аа даа…?

-Тэгж ойлгож, харахаас аргагүй алхам хийгээд байна. Лицензийн хураамжийг нэмээд байх тусам хууль бус элдэв үзэгдэл арилдаг, энэ бол зах зээлийн батлагдсан хууль. Шийдвэр гаргагчид үүнийг олж харахгүй байна л даа.

-Олж харж чадахгүй байна гэдэг юу л бол. Тэгэхийг хүсэхгүй байгаа юм биш үү?

-Магадгүй. Тийм тал ч бий байх.

-МАК-ийн хууль бусаар авсан лицензүүдийг хураана гэсэн утгатай мэдэгдлийг Ерөнхий сайд хийчихлээ. Зах зээлийн эдийн засаг талаас нь харвал толгой дохиж дагахаар хандлага мөн үү?

-Яаж ч бодсон зөв харагдахгүй. МАК-ийн Цагаан суваргын хувьд хөдөлгөх гэж арваад жил болж байна. Эхний гурван жилд нь төр засгийн шийдвэрээс болж гацсан. Цагаан суваргын ордыг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад оруулна гээд гурван жил болсон юм. Миний сонирхсон мэдээллээр бол тэр хүртэл МАК-ийнхан их зүйл хийсэн, бүтээсэн байсан. Европоос санхүүжилт татсан, зарим газарт тоног төхөөрөмжөө захиалчихсан, ТЭЗҮ-ээ боловсруулж, техникийн зураг төслөө хийчихсэн байсан. Яг тэр үед нь төр стратегийн ордод багтаана гэсэн мэдээлэл цацагдсан. Санхүүжилт нь зогссон шалтгаан ердөө энэ. Баяжих, ашиг олох нь бүү хэл модоо барихдаа дөхсөн шүү дээ. Тийм хүнд нөхцөлд нүүрснийхээ бизнесийн ачаар тогтсон байх. Гурван жилийн дараа Цагаан суваргыг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад багтаасан. Тэр хүртэл тухайн ордод оруулсан мөнгийг нь төрөөс гаргаж чадахгүй учраас УИХ “Цаашдаа өөрсдөө хэрэгжүүл” гэсэн шийдвэр гаргасан шүү дээ. Цагаан суваргыг хууль бусаар авсан гэхэд хэцүү. Тухайн үед үйлчилж байсан хуулийн дагуу авсан орд гэж хардаг. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул нь хийгдсэн орд гэсэн асуудал их яригддаг. Цагаан суварга дээр МАК нөөц өсгөх гэж их хэмжээний нэмэлт хайгуул хийсэн. Хөрөнгө оруулалт босгохын тулд геологийн тайлангаа олон улсын стандартаар хийлгэсэн. Олон улсын стандартаар нөөцөө батлуулсан. Ер нь хувийн хөрөнгө оруулагчид өмнө нь хэн нэг этгээдийн хийсэн хайгуулыг заавал нотолж шалгаж, мөнгө төгрөг зарцуулж олон улсын стандартаар нөөцийг нь тогтоолгож итгэл үнэмшилтэй болдог. Эрсдэлийг нь өөрсдөө үүрэх учраас ингэхээс аргагүй. Тэр дундаа уул уурхайн бизнес маш өндөр эрсдэлтэй. Ийм тов тодорхой асуудлыг улс төр болгоод байна л даа. Төрийн бодлого гэхээс илүү хувь хүмүүсийн амбиц юм уу даа гэж хараад байна.

-Та МУУҮА-ийн удирдлагад олон жил ажилласан, хөрөнгө оруулагчидтай нүүр тулж явсан голлох хүмүүсийн нэг. Ерөнхий сайд нь нэг компанийнхаа лицензийг хурааж авна гэх агуулгатай мэдэгдэл хийсэн тохиолдолд манай улсад бизнес хийхээр ажиглаж суугаа хөрөнгө оруулагчдад ямар сэтгэгдэл төрөх бол?

-Венесуэл, Боливийн араас явж байна гэсэн дүгнэлт хийгээд, аль хүртэл явах нь вэ гэж ажиглаад сууж байгаа. Үнэнийг хэлэхэд 2011 оноос хойш долоо, найман жил хайгуулын ажил ор тас зогслоо. Гадаадын хөрөнгө оруулагчид хоёр зүйлд л хөрөнгө гаргаж байгаа. Хөрөнгийн биржид бүртгэлтэй жуниор компаниуд эрсдэл үүрээд орд нээхийн төлөө явдаг. Том хөрөнгө оруулагчид өнөөдүүлийн нээж буй ордын их, багыг ажиглаад сууж байдаг. Жижгүүд нь эрсдэл үүрээд орд хайдаг, том орд олчихвол томчууд нь худалдаж авч төсөл болгож хэрэгжүүлдэг жишиг дэлхийд хөдөлмөрийн хуваарь маягтай тогтчихсон. Ийм төрлийн хөрөнгө оруулалт татах боломж одоогоор алга. Хайгуул зогсчихсон учраас. Яг өнөөдөр Монголд хөрөнгө оруулъя гэвэл том Таван толгойгоос өөр онцлохоор төсөл алга. Том хөрөнгө оруулагчдын хувьд сонирхох төсөл ганцхан л байна гэсэн үг.

-Салхитад болсон тусгай ажиллагаа дахиад болохгүй гэх баталгаа алга. Хуулиа дагаж байна, хуульд тийм заалт бий гэсэн тайлбар хийгээд явах нь тодорхой болчихож. Энэ тохиолдолд нөгөө ажиглаад суугаа хөрөнгө оруулагчид дараагийн Венесуэл байна гээд бүрмөсөн нуруугаа харуулах нь ээ?

-Нэг талаасаа тийм гэж хэлж болно. Шинэ хөрөнгө оруулагчдын тухайд Монгол руу алхах нь бүү хэл зүглэхийг хүсэхгүй. Тийм нөхцөл байдлыг нь бид аль хэдийнэ бий болгочихсон. Ажиглаж суугаа нь Монголын нөхцөл байдлыг ойлгодог цөөхөн хэдэн хөрөнгө оруулагч. Монголд урт хугацаанд ажиллах гэж байгаа хөрөнгө оруулагчдад олон эрсдэл ажиглагдаж байгаа. Засгийн газрыг үнэхээр ноцтой байдалд хүрсэн учраас ийм шийдвэр гаргажээ гэдгийг тэдний зарим нь ойлгоно. Гэхдээ Монголд олон жил болж хаширснууд нь л ингэж харна.

-Хайгуулд хөрөнгө оруулалт татахад юу саад болоод байна?

-Хоёр том асуудал бий. Ашигт малтмал хайх талбай гэвэл Монголын газар нутгийн 30 гаруй хувьд л бий. Бусад нь хуулиар хориотой хязгаарласан нутагт хамрагдчихсан. Үүнээс гадна хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг 2014 онд шинээр олгохыг сэргээх гэж оролдоод өнөөг хүртэл олигтой үр дүнд хүрсэнгүй. Уг нь 2006 оны хуулиар бол өргөдлөөр ч, сонгон шалгаруулалтаар ч болно гэчихсэн. Түрүүн хоёулаа ярьсан даа, төсвийн хэлэлцүүлгийн үеэр Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулсан тухай. Тэр үеэр хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр өгдөг заалтыг хасчихсан. Түүнээс хойш сонгон шалгаруулалтын журмаа гаргаад хийх гэж үзээд барахгүй байна л даа. Дундын аргыг өнөөг хүртэл олоогүй явна. Яг таарсан арга олохгүй бол гацсан хэвээрээ байна. Манай сонгож авсан сонгон шалгаруулалтын арга нь англиар бол тендер. Сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны засварын хувилбар. Өөрөөр хэлбэл техникийн чадамжаараа хоёр нөхөр тэнцлээ гэхэд их үнэ өгсөн нь ялах магадлалтай. Тэгш өрсөлдөөнийг мөнгөөр хаасан ийм сонгон шалгаруулалтад өрнөдийнхөн болгоомжтой хандана. Хамгийн боломжтой хөрөнгө оруулагчид нь хятадууд. Мөнгө ихтэй хятадууд монголчуудтай нийлээд сонгон шалгаруулалтад ороод аваад байх бололцоотой. Тийм үүд хаалга нээгдчихсэн байгаа. Сайн жишиг гээд гадны зүйлийг ямар ч мэдлэггүйгээр шууд хуулж авах гэж оролдоод яваа нь бидний зовлон болоод байна.

-Нэг талаар тийм байх. Гэхдээ сайн жишгийг шууд хуулах гэж гэнэн царайлаад байна уу, эсвэл баялгийн дахин хуваарилалт явагдаад байна уу?

-Баялгийн дахин хуваарилалт гэдэг үгийг ямар утгаар нь хэлээд байна?

-Ерээд оны өмч хувьчлалаар хөрөнгөжсөн улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд хүрээгээ улам тэлэх сонирхлоор нэгэнт хувийнхан ороод дажгүй өнгөтэй болгочихсон уул уурхай гэх мэт том мөнгө үнэртсэн салбараа онилчихоод байгаа юм биш үү?

-Таны яриад байгаа дахин хуваарилалт аль 2005 онд эхэлчихсэн шүү дээ. Цэнхэр, ягаан тасалбарын үе дууссанаас үүдэлтэй. Дахиад худалдаж авах юм байхгүй, тэр хүрээнд явуулж байгаа ажил үйлчилгээ гурван сая хүнд хангалттай учраас томорч чадахаа больсон гэх шалтгаан бий. Уул уурхай шиг хэрэггүй юм байхгүй гэсэн хэсэг цэнхэр, ягаан тасалбар худалдаж авч өмч хувьчлалаас бизнесээ эхэлсэн. Гэтэл 1997 оны Ашигт малтмалын хууль маш том боломж нээгээд өгчихсөн. Тухайн үед лицензийг 50 мянган төгрөг төлсөн л бол хувь хүн авч болдог байлаа. Монголчууд олноороо тусгай зөвшөөрөл авсан. Тэгш байдал хангагдсан. Түрүүлж ирсэн нь авдаг болсон. Олон тусгай зөвшөөрөл авлаа гээд мөнгөгүй монголчууд хайгуул хийж чадахгүй. Ийм асуудал гарч ирсэн л дээ. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагч хайж эхлэх нь тодорхой. Лиценз наймаалдаг, хөрөнгө оруулагчидтай холбож өгдөг бизнес дэлгэрсэн. Ийм хүмүүсийг лицензийн ченж гэж нэрлээд хумих ажиллагааг эхлүүлсэн юм. Уг нь лицензийн төлбөрийг нь нэмээд явсан бол зах зээлийн жамаараа хумигдчих байсан л даа. Хүчээр, хуулийн хатуу заалтаар хумьдаг үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.Одоо таны асуулт руу буцаад оръё. Цэнхэр, ягаан тасалбараар хөлжсөн хүмүүс нэг сэхээ ороод хартал уул уурхайд байсан хэсэг төсөөлснөөс нь томорчихгүй юу. Монголчууд ташраараа нэг сул талтай. Гайгүй бизнес хийж яваагаа дагаад шуурчихдаг. Нэгэнт оройтчихсон учраас том мөнгө харагдсан уул уурхайн салбар руу яаж орох вэ гэж бодоод эхэлнэ ээ дээ. Тэр үеэс л өнөөдрийн муу муухай эхэлсэн. Стратегийн орд гээд хамаг ордоо төрд авна гэдэг чинь эргээд хамгийн хүнд хэлбэр рүүгээ орж байгаагийн л тод илрэл. Том дохио.

-Цаашдаа энэ янзаараа явбал бид яах бол?

-Венесуэлийн араас л явна.

-Уул уурхайн ордыг төрд авчихвал та нарт л хэрэгтэй, өгөөжийг нь та нар хүртэнэ гэсэн тайлбар мэдэгдлийг засаг зүгээс давтамжтай өгөх боллоо.Венесуэлийг хямраасан Мадуро төрийн эрхэнд гарчихаад газрын тосны ордуудаа төрд аваад яг ийм агуулгатай үгийг иргэддээ хэлж байсан. Венесуэлийн хямралын эхлэл манайд илэрч эхэллээ гэвэл арай сүржин тайлбар болох уу, эсвэл тэгж эмзэглэхээр бодит нөхцөл бүрдчихэв үү?

-Эхэлж байна гэж харах бүрэн үндэстэй. Популистууд Үндсэн хуулийн 6.2-т туссан газрын хэвлий дэх байгалийн баялаг төрийн өмч гэсэн заалтыг буруугаар ойлгуулж байна л даа. Гэтэл Ашигт малтмалын хуульд байгалийн байдлаараа байгаа ашигт малтмал төрийн өмч гэсэн утгатай заалт бий. Тэгэхээр төр өмчийн эзний хувьд Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаа, болзол, нөхцөлөөр ашигт малтмал хайх, олборлох эрхийг бусдад олгох эрхтэй. Тодруулж хэлбэл хайх, олборлох эрх гэдэг нь өмчлөх эрх биш. Ганц стратегийн ч биш, Монголд байгаа ашигт малтмалын орд нь өөрөө бүгд төрийн өмч хэвээрээ. Өмчлөлийн асуудал юунд байгаа нь маш тодорхой. Тухайн ордыг олборлохоор байгуулагдсан компанийн өмчлөлийн асуудлыг байгалийн баялгийн өмчлөлийн асуудалтай хольж хутгаад байна. Аль нэг ордыг хайж, олборлохын тулд тодорхой компаниуд байх ёстой. Төр өмчийн эзэн учраас хайх, олборлох зөвшөөрөл өгч, яаж ажиллах хүрээ хязгаарыг нь тогтоож, татвараа авч байгаа. Улсын төсвийн 30 хувийг уул уурхайгаас бүрдүүлж байна гэж ярьдаг биз дээ. Төр өмчийн эзэн учраас татвараа ингэж авч байгаа хэрэг шүү дээ. Өмчлөгчийн хувьд төр татвараа авдаг ийм дэг 2000 жилийн өмнө тогтсон. Одоо ч хэвээрээ. Ганцхан Америкт л холбооны бус нутаг дээр хувийн өмчийн газар ашигт малтмалыг өмчилж байгаа компани өмчийн эзэн байна гэсэн хууль үйлчилдэг. Японд бас тиймэрхүү хууль бий. Засгийн газар гэх мэт шийдвэр гаргах түвшин дэх улсууд баталж хэрэгжүүлж буй хуулийнхаа утга учрыг ойлгохгүй, үзэл санааг нь ухахгүй, популизмд хөтлөгдөөд байна л даа. Ер нь хүний мэдлэг, хандлагыг өөрчилнө гэдэг их урт хугацааны процесс юм байна.

-Бизнесийнхэн нэгдээд эрх ашгаа хамгаалах тал дээр хэт идэвхгүй байх шиг анзаарагддаг. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

-Нэгдэх оролдлого олон гарсан. Хүмүүс нэг түвшний ойлголт, мэдлэгтэй болоогүй нөхцөлд худлаа юм билээ. Нам төрийн дээр гарсан учраас нам гэж ярья. Намын тухайд үзэл санааны нэгдэл биш ашиг сонирхлын нэгдэл болчихлоо л доо. Бүлэглэлийн эрх ашиг сонирхол намаар дамжиж төрийн бодлогод тусч байна. Төр засгийн бодлого нь холбоодыг хуваагдах нөхцөл байдал руу оруулдаг. Урт нэртэй хууль гээд баталчихаар Алт олборлогчдын холбоо өнөөдүүлээсээ салаад урт нэрттэйгээ зууралдахаас аргагүйд хүрдэг. Энэ мэт өчнөөн жишээ бий. Төрийн гаргасан урагшгүй бодлого шийдвэрээс болж холбоод нэгдэж чадахгүй, өмнөх асуудал зовлонтойгоо тэмцээд өнөөг хүрлээ л дээ. Төрийн бус байгууллагын хуулийг өөрчилье гээд яриад байгаа нь үүнтэй холбоотой. Өнөөдөр манайд үйлчилж буй Төрийн бус байгууллагын хууль гэсэн нэрийн дор нийгэмд үйлчилдэг иргэний нийгмийн байгуулагууд, бизнест үйлчилдэг бизнесийн холбоод, хувь гишүүнд үйлчилдэг мэргэжлийн холбоод ажиллаж байна. Гурвуулаа улс төрийн нам шиг ажиллаж байна.

-Ямар утгаараа?

-Дандаа бодлого ярьж явдаг гэсэн агуулгаар нь хэлсэн юм. Уг нь бизнесийн холбоо тухайн бизнесүүдийг хуульд нийцэж ажиллахад анхаарч, эрх ашгийг нь хамгаалахын төлөө ажиллах учиртай. Чөлөөт ахмадын холбоо гэчихээд улстөр рүү харайгаад байж болохгүй л дээ. Баабарын тоолсноор арваад мянган ТББ ажилладаг гээд байгаа. Идэвхтэй ажилладаг нь цөөхөн. Биенээсээ ялгарахгүй, хэн нь юу хэлж нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхөө мэдэхгүй, дүрэм нь их муу, ямар ч шалгуургүй байхаар үр өгөөж хүлээхэд хэцүү.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *