Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

МЗЭ-ийн шагналт зохиолч Галсангийн Болормаа: Уран зохиолын ертөнцөд намайг Санжийн Пүрэв багш минь тосч авсан DNN.mn

Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт зохиолч, сэтгүүлч Галсангийн Болормаатай ярилцлаа.


-Саяхан таны шинэ уран бүтээл хэвлэгдсэн байна. Зохиолчдын тухай, гол нь бүтээлийнх нь судалгааны талаар та бичжээ. Сайхан санагдлаа. Эхлээд танаас Санжийн Пүрэв гэж тэр сайхан хүмүүний тухай асууя. Таны уран бүтээлийн багш хүн. Багшийнхаа тухай дурсахгүй юу?

-“Бийр бэхсийн тэмдэглэл” нэртэй баримтат уран сайхны нийтлэлийн номоо саяхан бүтээлээ. Би Санжийн Пүрэв багштайгаа төрсөн бууцанд нь гурван удаа хамт очиж байлаа. Алтай сайхан нутгаараа хамтдаа аялж явсан, азтай хүн. Миний багшийн олон олон бүтээл Алтай нутгийн түүхийг өгүүлдэг. “Хараат хайрхан” гэж төрсөн бууцыг нь хадгалсан сүрлэг сайхан хайрхан байдаг. Энэ мэт Алтай, Дарвийн нурууны үзэмж төгс байгалийн тухай, ухаант ард олны түүхийн тухай бичсэн зохиолынх нь уран сайхны дүр дүрслэлийн тухай энэхүү бүтээлдээ би бичсэн. Багшийн яруу тунгалаг, уран дүрслэлтэй, утга төгөлдөр бүтээлийг ялангуяа залуусыг шимтэн уншаасай гэж боддог.

“…Хэдэн жил голио царцаанд ноолуулан өнгө алдсан Хөх бүрд энэ намар өрөмтөн шаргалтаж, сул өвс нь алдуул сэвшээнд сугарч байлаа. Ийм цагийг үзэхгүй юм шиг бохирч суусан хөгшид бүү хэл, морины нуруу чилээж айлын ноход шуугиулж явдаг бид мэт ч намрын энэ өгөөмөрт хөөрч байв. Манайх Хүнчулуутын задгай намаржаанд буугаад хэд хонож байлаа… Нар хэвийж байхад манайхтай хаяа нийлэхээр ирсэн айл “хоёр тэмээт” Бөгөөнийх байлаа. Бөгөөн гэж номхон нүдэндээ гуниг хотлуулсан, цаг үргэлж ганцаардмал амьдралаа шүтэж явдаг нэгэн…” гэж гол баатрынхаа дотоод сэтгэлийг намрын өнгөтэй жишин харьцуулж бичсэн байдаг. Өгүүллэгийн дүр бүрийн дотоод болон гадаад шинжийг товойлгон гаргадаг онцлогтой Санжийн Пүрэв зохиолчийн “Өндөр Алтай”-нхаа тухай бичсэн хэсгээр нь дүр бүтээж энэ номдоо бичсэн дээ.

Чойсүрэнгийн Дагвадорж гуай бол олон сайхан дуутай, шүлэг найрагтай. Дээрээс нь Ш.Гаадамба гуайгаас аваад их утга зохиолын нэрт эрдэмтдийн гарын шавь, энэ цагийн нэрт эрдэмтэн хүн. Ч.Дагвадорж докторын ямар бүтээлийг нь судалсан бол?

-Би бас л азтай хүн гэж өөрийгөө хэлнэ. Яагаад гэвэл би их олон багштай хүн л дээ. Миний докторын судалгааны удирдагч багш маань доктор, профессор Ч. Дагвадорж. Энэ хүн Хотгойд хүн. Хотгойдын ард түмний дуу хуур, шүлэг найргийн онцлог их. Энэ номдоо багшийнхаа нэгэн дууны тухай бичсэн. “Цай тань боллоо, ээжээ” дууны шүлгийн тухай:

Зунд нь түүгээгүй шүүдрийг

Зудтайд цуглууллаа, ээж ээ.

Зуурханд ч ачлаагүйн гэмшлээ

Дуундаа шингээлээ, ээжээ… хэмээсэн нь ээж хүний ачлалыг зуны дэлгэр сайхан, санаа төвшин цагаар биш зудтай, цөхрөлтэй, сэтгэл гэгэлгэн цагт нь шүлгээр урласан цайгаа барин, бээрэгшлийг нь тайлан байх шиг. Энэ мөр шүлгээс мойногшсон гараараа дээлийнхээ хормойг хумин бариад аргал дүүргэн гэр өөдөө зугуу зугуухнаар алхаж явахдаа бөгтөр эмгэн алсаас ирэх хүүгээ саравчлан байгаа дүр аяндаа харагддаг өвөрмөц дүрслэлийн тухай энэхүү “Бийр бэхсийн тэмдэглэл”-дээ бичсэн юм.

-Навааннамжил гуайн тухай бас судалгаа хийсэн байна. Навааннамжил гэж энэ түүхэн хүнийг сүүлийн үед ярьдаг хүн цөөхөн болсон?

-Г.Навааннамжил 1882 онд Түшээт хан аймгийн ван Осорбазарын хошууны нутаг (одоогийн Төв аймгийн Өндөрширээт сум) “Үүдэн цөл” хэмээх хөндийн “Хэрлэн дэнж” нэртэй эртний хотын туурин дээр төржээ. Тэрээр эцгийн төрлийнхөө Галсанд үрчлэгдэн, хувь тохиолоо олсон нэгэн. Г.Навааннамжил бага наснаасаа хурга, тугал хариулж, хурдан морь унахаас эхлээд гэр зуурын ажилд оролцохын сацуу Ринчин хэмээгчээр монгол бичиг заалгаж, гойд сурч, 11 наснаас эхэлж, хошуу тамгын газарт дагалдах бичээчтэй эн зэрэгцэж, манж, төвд бичиг сурсан байна. Хошууны тамгын газарт сургууль хийж, бичиг үсэгт тайлагджээ. Улмаар орон нутгийн Тамгын газар, Их Хүрээнд Дотоод яамнаа ажиллаж байгаад 1921 оны хувьсгал ялахад Ардын засгийн анхны нарийн бичгийн даргаар томилогдсон байна. Ийм бичгийн өндөр авьяастай, улс төрийн өргөн мэдлэгтэй хүний бичсэн “Өвгөн бичээчийн өгүүлэл” машид сонирхолтой ном. “Өвгөн бичээчийн өгүүлэл” ном тухайн зохиолчийн намтар туурвил боловч, угтаа хүмүүний ухаан сууж эхэлсэн цагаас Монголын нийгмийн түүхийн тухай эргэцүүлэн тунгааж бичсэн, баримтат, судалгааны бүтээл юм.

Г.Навааннамжил Монголын шинэ утга зохиолын 1929 оны 1-р сарын 9-ний гол үйл явдал, тэр үеийн нэрлэж байснаар Хувьсгалын уран зохиолчдын бүлгэмийг үүсгэн байгуулагч, анхны 17 хүний нэг нь. Г. Навааннамжил XX зууны эхэн үеийн Монголын төр шинжлэх ухаан, соёл, соён гэгээрлийн ажилд тэргүүлэх үүрэгтэй оролцсон бичгийн гол хүн байсан. Улмаар намтар бүтээлээрээ тухайн үеийн нийгмийн монголчуудын аж төрөхүйн соёлыг хошин аясаар, уран сайхны өндөр түвшинд бичиж үлдээсэн нь өнөөдөр хуучирсангүй, улам ч үнэ цэнэтэй, үр өгөөж ихтэй болохоо харуулдаг. Мөн хошин хэлбэртэй ийм нэгэн бүтээлийн зохиогчийг бид мартахгүй ёсгүй юм.

-Манай “Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч Соёлын гавьяат зүтгэлтэн нэрт сэтгүүлч Жамбалын Мягмарсүрэнгийн бүтээлүүд дээр та бас судалгаа хийжээ. Амьтдын тухай цувралуудад нь судалгаа хийв үү. “Жижиг гэрийн эмээ бид хоёр”-оос эхлээд олон гоё өгүүллэгүүд бас бий дээ?

-Тийм ээ, сонирхолтой олон өгүүллэг байдаг. Би сэтгүүлч болоод хамгийн түрүүнд Ж.Мягмарсүрэнгийн бүтээлийн тухай нэвтрүүлэг бэлтгэж, судалгаа бичсэн. Энэ хүний бүтээл эрхгүй сонирхол татдаг. Одоо ховор болсон хоёр ном нь миний ширээний ном. Хүүхдүүдтэй энэ тухай ярилцахаар бидний дунд хөгжилтэй агшин бүрддэг. Ж.Мягмарсүрэн зохиолчтой би нүүр тулж уулзаж байгаагүй. Бүтээл нь л ая зөндөө сонирхол татсан. “Эмээтэйгээ үзсэн ёлко” илүү хөгжилтэй. Дүүгийнхээ тухай дэгсдүүхэн байтлаа, маш сонирхолтой бичсэн байдаг. Уншихад инээд хүрээд байдаг юм. Сумын улаан буланд өрнөж буй үйл явдал инээдтэй. Биднийг хүүхэд байхад яг тийм шинэ жилийн баяр болдог байсан. Ер нь Ж.Мягмарсүрэн зохиолчийн ном дүрслэл сайтай, аль ч амьтны тухай бичихдээ маш их сонирхолтой хэлбэрээр бичдэг зохиолч юм. Одоо түүний өөр ном гараасай гэж их хүлээдэг.

-Шаравын Сүрэнжав гэж тэр агуу найрагчийн бүтээлийн тухай юу хэлэхсэн бол. Үнэхээр нэг онгодтой, яалт ч үгүй “Тэнгэрээс заяасан найрагч” байсан нь мэдрэгддэг?

-“Би тэнгэрийн хүү” маш гоё, тийм ээ. Уран зохиолын бүхий л төрлөөр олон, арван зохиол бичсэн Шаравын Сүрэнжавын баримтат уран сайхны зохиолын тухайд авч үзэхэд “Долгионт жилүүдийн туужис”, “Жараад оны яруу туульс” зэрэг бүтээлүүд голлох байр суурьтай байдаг. Баримтат уран сайхны зохиолын онцлогийн үүднээс авч үзвэл зохиолч ардынхаа дунд бодитой оршиж буй баримт, хүмүүсийн үйл амьдралын тухай бичихдээ уран сайхны аргаар дүрслэн үзүүлж, нэгтгэн дүгнэх замаар нийтлэг шинжийг илэрхийлсэн байдаг. Ер нь Монголын уран зохиолын судалгааны бүтээлд баримтат чиглэлийн зохиолын түүхэн хөгжлийн асуудалд зохиолч Ц.Дамбадоржийн “Толбо нуур”, Д.Сэнгээгийн “Аюуш”, Ц.Уламбаярын “Энх тайвны манаа”, Л.Түдэвийн “Бүгд найрамдах улсын анхдугаар он” /2002/, Т.Очирхүүгийн “Тоомой панз миний аав” зэрэг баримтат тууж олон байдаг. Эдгээр бүтээлтэй харьцуулахад Ш.Сүрэнжавын “Долгионт жилүүдийн туужис” бүтээл бүлэг бүхэндээ утга агуулгатай, олон янзын дүрийг бий болгож чадсан өвөрмөц бичлэгтэй. Ш.Сүрэнжавын зохиолын баримтат дүрийн хувьд авч үзэхэд амьдралд байгаа, байсан бодит түүхэн тодорхой бие хүний уран сайханжсан дүрүүд голлодог. Ийм нэгэн туужийнх нь тухай энэхүү бүтээлдээ шүүмж бичлээ.

-Гүр.Нямдорж гэж бас л сонин хувь тавилантай, онцгой ертөнц байсан. “Өнчин хоолой” өгүүллэг нь “Монголын сонгомол өгүүллэг” антологид багтсан бол “Олоон жил дэрлэсэн энэ дээлийг угааюу гэтэл саалийн үнэр нь хайран” хэмээх богино гурван мөртүүд нь сонгодог яруу найргийн номд багтаж байсан. Аргагүй л сонгодог зохиолч байж дээ, тэ?

-Тийм шүү, Гүр. Нямдорж онгодог зохиолч. Маш их авьяастай хүн байжээ. “Бэнсэн үлгэрч” ном нь бидэнд үлдэж. Гүр. Нямдоржийн зохиолын баатрууд амьд. Тэгээд эгэл энэ амьдрал дунд тэмцэл тулалдаанаа үргэлжлүүлж байгаа эртний баатрын хөрөг амилах шиг, басхүү шидэт шившлэгийнхээ шидийг үзүүлэхээр зориг шулуудсан гэгээнтэн шаргал дээлийн хормой дэрвэлзүүлэн, сэвэлзтэл алхан наашлах шиг болно. “Манай эриний хүн” өгүүллэг үүний нэг нь. Ийм сэтгэлгээний далдын нэгэн нууцлал шингэсэн өгүүллэг олон байгаа юм. Ер нь амьдралын үйл явдлыг маш их гярхай, хачирхалтай байдлаар дүрсэлж бичдэг зохиолч. Унших тусам их юм бодогдоно.

-Таны хувьд өгүүллэгийн номтой хүн. Дээрээс нь сэтгүүл зүйн бүтээлүүдтэй. Тэр бүгдийгээ бас ярихгүй юу. Одоо харин судалгааны бүтээл рүү орж байна уу гэж ойлголоо. Энэ тухай жаахан дэлгэрүүлбэл….?

-Би их сонин хүн шүү дээ. Азтай. Энд амьдралын түүхээсээ жаахан ярьчих уу.

-Тэг л дээ?

-Би малчин хүн байсан юм шүү дээ. “Өгөөмөрийн гол”-оор нутагтай, хонь хариулдаг хүн байлаа шүү дээ(инээнэ). Хувь заяа намайг эрдэм номын сургууль тийш хөтөлсөн гэж боддог. Ялангуяа ээж минь намайг заавал эрдэм боловсролтой болгоно гэдэг байлаа. Нэг шүлэг бичихэд хүртэл үнээ саахаас чөлөөлж, “Миний охин шүлгээ дуустал биччихээд гараад ирээрэй. Ээж нь үнээгээ сааж байя” гээд нэгэн намрын сэрүүн өдөр хэлэхэд би их санаа зовж, “өөдтэй шүлэг бичихгүй бол ээж гомдох нь байна” гэж бодож билээ. Аав минь ном их авч өгнө. Хөгшин ээж минь бидний багад үлгэр их ярьж өгдөг байлаа. Энэ бүгд намайг уран зохиолд дуртай болгосон. Жирийн нэг малчны охин, сүүлд жирийн нэг малчин хүн л МУИС-ийн сэтгүүл зүйд ангид 1998 онд хорин найман настайдаа, нөхөр, хүү, охиноо дагуулаад ирж байсан даа. Торгон дээлтэй малчин төрхтэй эмэгтэй л ирж байсан юм даа. Хамгийн түрүүнд доктор М.Зулькафил, Ч.Чойсамба хоёр багштайгаа уулзаж билээ. Зулькафил багш минь их дэмжсэн. Мөн сайн хүн шүү. Сүүлд доктор хамгаалахад Б.Болд-Эрдэнэ багш их дэмжиж билээ. Би багш нартаа маш их баярлаж явдаг юм. МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг 2002 онд төгсөөд МҮОНР-ийн “Уран зохиол”-ын албанд ажилласан. Санжийн Пүрэв багш минь тосч авсан. Өдгөө хорь гаруй жил болж байна. Энэ сайхан өгөөжтэй газарт ирээд олон уран бүтээлийн эзэн боллоо. “Монгол түгээмэл ёс заншлын тунгаамал өв” судалгаа шинжилгээ, сэтгүүлзүйн бүтээлээс гадна уран зохиолын “Арсайн цэнхэр зэрэглээ”,“Богцонд ирсэн шагай”, “Нойр хулжсан шөнө”, “Сэрүүн зүүдний амраг”, “Ув улаахан хацарт”, “Цэцэг сүлжсэн инээд” зэрэг өгүүллэгийн түүвэр, мөн Үлгэрийн долоон цуврал, “Туурайн тамгатай тал”, “Уулс ажрах аав”, “Хаяарах үүрийн туяа” хуурцаг, “Улаан Дамаагийн наадам”, “Бөгтөр хөх моддын дууль”, “Хөх тариан түрүү”, “Хөх уулсын бүсгүй” зэрэг радио жүжиг бичиж олны хүртээл болгосон. 2017 онд “Хотгойд яруу найраг, туурвилын зарим асуудал” сэдвээр Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. “Бийр бэхсийн тэмдэглэл” ном миний судалгааны анхны ном боллоо. Чансаатай уран бүтээл туурвиж аав, ээж, багш нарынхаа ачийг хариулах юм шүү гэж ямагт бодож явдаг даа. Холын зорилго өмнөө тавиад сэтгэл дүүрэн явбал амьдралд олз, хишиг дүүрэн байдаг юм байна аа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *