“Монголын залуучуудын Япон дахь сургалт” буюу “Jenesys 2018” хөтөлбөрийн хүрээнд Монголоос очсон оюутан, залуусаас 41 хүний бүрэлдэхүүнтэй нэгдүгээр групп Японы Кюшү арлын Күмамото мужид байрлах Минамата хотыг зорилоо. Хөтөлбөрийн хуваарьт “Минимата” өвчний түүхийн музейг үзнэ хэмээн оруулсныг хараад нэг их ойшоогоогүйг нуух юун. Гэсэн ч бодит байдлыг нүдээр үзэж, чихээр сонсоод мэдэх ёстой хамгийн чухал зүйл нь энэ байжээ гэдгийг ойлгосон юм.
Минамата бол боомт хот. Нутгийн иргэд 1910 он хүртэл загас агнуур, газар тариалан эрхэлсээр ирсэн. Харин одоо тун цөөхөн иргэд газар тариалан эрхэлдэг. 100 гаруйхан жилийн дотор хот даяараа газар тариалангаас хөндийрч чадсан нь 1908 онд байгуулагдсан “Чиссо” хэмээх химийн үйлдвэртэй салшгүй холбоотой. Япондоо тэргүүн эгнээнд орох хэмжээнд хүртлээ хөгжиж чадсан уг үйлдвэр нь Минимата хотыг хөгжлийн шинэ шатанд авчирсан юм. Цэцэглэн хөгжсөн Минамата төмөр замд ч холбогдсон. Тэр хэрээрээ нутгийн иргэдийн амьдрал дээшилсэн нь мэдээж. Гэсэн ч гэнэтийн энэ их өөрчлөлт саарыг дагуулсан нь их. “Чиссо” үйлдвэр минаматачууд болоод дэлхийн нийтийн түүхэнд харамсаж, халагламаар мөнхийн санамжийг үлдээсэн. Хэдэн мянган хүний амийг авч одож, хувь тавиланг нь орвонгоор нь эргүүлсэн аймшигтай алдааг гаргасан.
Дээр дурдсанлан “Чиссо” нь химийн үйлдвэр. Тус үйлдвэр нь хамгийн анх ургамалын шим тэжээлийг нөхөх, нэмэгдүүлэх зорилгоор азотын бордоог үйлдвэрлэдэг байж. Улмаар зөвхөн азотын бордоо үйлдвэрлээд зогсохгүй пластик, нийлэг уут зэргийг үйлдвэрлэж Японы химийн үйлдвэрлэлийг өргөжүүлж чадсан байна. Тухайн үед аж ахуйн бүхий л хэрэглээнд төмрийг ашигладаг байжээ. Түүхий эдийн олдоц муу учир хуванцрыг ашиглахыг илүүд үзсэн нь энэ чиглэлийн үйлдвэрлэл хөгжих шалтаг болсон байна. Ийнхүү дэвшилтэт технологи бүрийг нэвтрүүлж байсан “Чиссо” үйлдвэр 1932 онд хуванцрыг зөөлрүүлэх шидтэй нэгэн бодис гаргаж авчээ. Энэхүү бодисыг гаргаж авахын тулд мөнгөн усыг хэрэглэсэн нь аюулын харанга дэгдээсэн байна. Үйлдвэрт ашигласан мөнгөн ус нь хүний аминд хүрэх болсон шалтгаан нь тун энгийн. “Чиссо” үйлдвэр байгуулагдсан цагаасаа эхлэн хог хаягдлаа далайд цутгадаг байжээ. Хүний биед төдийгүй далайн амьтдад хортой, хоргүйгээс үл хамааран хог хаягдлаа цутгасаар л байсан аж. Үйлдвэрийн ойролцоо ихэвчлэн үйлдвэрийн ажилчид амьдардаг байсан тул үүнийг эсэргүүцэж ганц ч үг ган хийгээгүй байсаар 1968 онд хүрчээ. Тэрхүү мөнгөн ус бүхий хог хаягдал далайн усанд шингэж загас хорджээ. Мөнгөн усны хор хөнөөл эхлээд шувуугаар дамжин илэрч эхэлсэн байдаг. Улмаар далайн эрэг дээр үйл олон үхсэн загас хөвж гарч ирэх болсон байна. Төд удалгүй загасаар дамжин хүмүүс хордож эхэлсэн байна. Үйлдвэрийн буруутай үйл ажиллагаанаас болж хүмүүс хордож эхэлсэн тохиолдол 1956 оны дөрөвдүгээр сарын 21нд бүртгэгджээ. Тэнцэвэрээ олж алхаж, ярьж чадахгүй, үе үе таталт өгсөн шинж тэмдэг таван настай охинд илэрч, “Чиссо” үйлдвэрийн харъяа эмнэлэгт хүргэгджээ. Түүний дүүд ч мөн адил шинж тэмдэг илэрсэн байна. Ийнхүү ар араасаа өвчтөнүүдийн тоо нэмэгдэж эмч нарын шүдний өвчин болсон байна. Эмч нар “Төв мэдрэлийн тогтолцооны үл мэдэгдэх өвчний тархалт” хэмээн оншилж байж. Мөн өвчтөнүүдийн гэрийг ариутгаж байсан нь нийгэмд тахал өвчин мэтээр ойлгогдход хүрчээ. Тэрхүү өвчнөөр өвчлөгдөгсдийн тоо өдөр хоногоор нэмэгдэж, тэдгээрийг хот даяараа гадуурхаж, жигшин зэвүүцэж байсан байна. Уг өвчнөөр өвчилсөн тохиолдолд өвчтөний гар, хөлний мэдрэхүй буурч, аливааг ойлгох, сонсох, харах, залгих чадвар буурна. Эцэст нь хүчтэй таталт өгч үхэлд хүргэдэг байна. Энэхүү өвчин нь эхээс дамжин урагт ч нөлөөлдөг. Уг өвчин дэлгэрч 1956 оны арванхоёрдугаар сард 40 өвчтөн илрүүлсэн бөгөөд тэдний 14 нь нас баржээ. Үүний учир шалтгааныг эцэслэхийн тулд Күмамото их сургуулийн эрдэм шинжилгээний баг, Минаматагийн Эрүүл мэндийн байгууллага хамтран судалгаа хийж тус өвчин нь “Чиссо” үйлдвэрийн хаягдал уснаас, тэр дундах мөнгөн уснаас үүдэлтэй гэж үзжээ. Харин тус компанийн зүгээс энэ байдлыг эрс эсэргүүцэж Токиогийн эрдэмтдийг авчран хуурамч үнэлгээ хийлгэсэн байна. Сонин хэвлэлээр уг өвчин мөнгөн уснаас үүдэлтэй биш гэх ухуулгыг хийлгэж, мөн хаягдал усаа цэвэршүүлэх байгууламжийг ч байгуулжээ. “Чиссо” компанийн захирал нь цэвэршүүлсэн усанд ямар ч хорт бодис байхгүй хэмээн олон нийтийн өмнө ууж ч үзүүлсэн байна. Яг үнэндээ тэрхүү ус нь энгийн крантны ус байсан гэдэг нь сүүлд нотлогджээ. “Чиссо” үйлдвэрийн харьяа эмнэлгийн захирал Хошокава учир шалтгааныг олохын тулд далайд хордсон загасны махыг мууранд идүүлж, хоолыг ч бохирдсон усаар зуурчээ. Туршилтын дүнд өнөөх муур ийш тийш үсчин цовхчиж, өөрийгөө удирдах чадваргүй болсон байна. Энэ талаар Хошокава компанидаа мэдэгдсэн боловч олон нийтэд мэдээлэхийг хатуу хориглож, элдвээр сүрдүүлжээ. Хэт их дарамтаас болж тэрхүү эмч ажлаа орхисон ч уг өвчнөөр өвчлөгдөгсдийн тоо буурахгүй байсанд ихэд эмзэглэж эцэст нь шүүх дээр үнэн мөнийг илчилсэн байна. Ийнхүү тус өвчин нь “Чиссо” компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдсэн нь тогтоогдсон байна. Уг өвчнийг дэлхийн нийтэд таниулах үүднээс Минамата хотын нэрээр нэрлэжээ.
Бид Минамата хотод очсон даруйдаа өнөөх “Чиссо” буюу одоогийн “JNC” компанитай танилцсан. Тус компанийн олон нийттэй харилцах ажилтан Кито И Рэ гэх эмэгтэй биднийг найрсагаар угтан авсан юм. Уулзалтын танхимд ороход бидэнд богино хэмжээний бичлэг үзүүлэхээр бэлдсэн байв. Бичлэгт компанийн үйл ажиллагаа төдийгүй аймшигт алдааныхаа тухай маш болгоомжтойгоор тайлбарлаж байв. Кито И Рэ “Миний хувьд энэ компанид орж ажилласнаараа хохирол үзүүлсэн этгээд болж байгаа. Гэхдээ би энэ өвчнөөр өвчилсөн хүүхдүүдтэй хамтдаа өсөж торнин, найз нөхөд явсаар ирсэн. Хэдий энэ өвчин гараад олон жилийг үдэж байгаа ч өнөөг хүртэл нарийн түвэгтэй харилцаа байсаар байдаг. Нэгэнт гаргасан алдааг засаж болохгүй. Тиймээс бид алдаагаа ухамсарлаж, нийгмээсээ уучлал гуйн дахин алдахгүй байхын төлөө хичээх болно. Энэ өвчнөөр өвчилсөн хүмүүст мөнгөн тусламж үзүүлэн, даатгалд хамруулж, сэтгэл зүйн тусламж үзүүлэх, хамт байж хүн хэцүүг хуваалцахын төлөө ажиллаж байна. Мөн бидний гаргасан алдааг гадны ямар ч орон, ямар ч салбарын хүмүүс битгий давтаасай гэж хүсэж байна. Мэдээж энэ өвчнөөр өвчилсөн хүмүүс өрөвдөлтэй. Гэхдээ бид алдаагаа засаад цаашид яах вэ гэдгээ бодох ёстой. Та бүхэн ямар ч тохиолдолд алдаа гаргавал засаж залруулж байгаарай. Алдаа гаргаснаа мэдсэн даруйдаа шууд болих хэрэгтэй гэдгийг санаарай” гэв. Тус компанийн буруутай үйл ажиллагаагаас үүдэн 2700 иргэн хохирсон болохыг шүүх тогтоожээ. Гэхдээ шүүхээр тогтоолгож чадаагүй 50 гаруй мянган иргэн байсан байна. Тэдний ихэнх нь мөнх бусыг үзүүлтлээ тус компанийн энэ байдлыг эсэргүүцэж, гомдол мэдүүлсэн байна. Компанийн зүгээс тэрхүү 2700 иргэнд мөнгөн тусламж үзүүлж, даатгалд хамруулан, нас барсан тохиолдолд оршуулах зардлыг өгөх ёстой. Мөн шүүхээр тогтоогдоогүй ч минамата өвчнөөр өвчилсөн гэх 50 мянган иргэнд мөнгө өгөөгүй ч эмнэлэгт үзүүлэх зардлыг гаргах ёстой юм. Анхандаа тус компани хохирлыг барагдуулахаас зайлсхийж байсан ч үнэнтэй нүүр тулж, энэхүү үйл ажиллагаа үргэлжлүүлдэг байна.
Энэхүү үйлдвэр нь 500 охин компанитай бөгөөд 31.15 тэрбум иенийн хөрөнгөтэй юм байна. Ихэнх үйлдвэрүүд нь бүрэн автомажсан учир нийт 600 ажилтантай. Тэд 24 цагаар гурван ээлжээр ажилладаг байна. Харин үйлдвэрийн гаднах үзэмж, мод, талбайг засах 400 ажилтан ажилладаг гэсэн. Үйлдвэр талбайн хэмжээгээрээ Диснайлэнд парктай эн тэнцүү буюу 250 гектар талбайтай аж. Үйлдвэрийг тойрохын тулд нийт дөрвөн км зам туулдаг байна. Бид компанийн олон нийттэй харилцах ажилтан Кито И Рэгийн хамт автобустайгаа тус үйлдвэрийг үзэж сонирхов. Үйлдвэрийг тойроход эл хульхан, нэг ч ажилтан гадуур явж харагдаагүй нь сонирхолтой санагдаж байлаа. Компанийн нууцад хамаарах учир элдэв зураг бичлэг хийж, дуу хураахгүй байхыг бидэнд сануулж байсан юм. Үйлдвэр өөрийн гэсэн боомт, уулыг сэтэлсэн тунельтэй. Томоос том хоолой, ус цэвэршүүлэх байгууламж, хэд хэдэн оффис, үйлдвэрүүд байх аж. Уг үйлдвэр өнөөдөр дэлхийн гар утасны дэлгэцний 40 хувийг нийлүүлдэг. Дэвшилтэт технологи бүхий телевизийн дэлгэц, контакт линз, принтер, памперс, цавуу, арчуур, машины будаг, силькон, акрилк, марафон гүйгчийн хурд хэмжигч ялтас, эм, эм зүйн салбарт хэрэгтэй бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна. Мөн 120 төрлийн бордоог үйлдвэрлээд зогсохгүй шампунь, үнэртэй ус зэрэгт орох үнэртүүлэгч, элдэв жимсний үнэр, амт гаргах бодисыг ч гаргадаг. Өөрсдийн байгуулсан усан цахилгаан станц, нарны цахилгаан станцаараа үйлдвэрийнхээ хэрэглээг хангаж байна. Мөн илүү гарсан энерги, түлшээ бусад газруудад худалддаг гэсэн. Үйлдвэр ихэнх бүтээгдэхүүнээ экспортолж, олсон орлогынхоо дийлэнх хувийг өвчтөнүүдийн нөхөн олговорт зориулдаг гэдгийг Кито И Рэ хэлж байлаа. Одоогоор тус үйлдвэр бактериар химийн бохирдлоо цэвэрлэдэг. Энэхүү аргыг дэлхийн олон салбар авч хэрэглэх болсон гэдгийг онцолж байв. Компанийн зүгээс мөнгөн ус орсон хэсгийг булж, эх газар бий болгожээ. Хаягдал ус урссан хэсэгт тор татаж загас жараахайг барьж авсан байна. Нэг торхонд л гэхэд 3500 загас жараахай хийн булжээ. Энэ ажилд нийтдээ 13 жил зарцуулсан бөгөөд 400 сая ам.доллар орсон аж. Зөвхөн хордсон амьтдыг булаад зогсохгүй олон мянган хүний аз жаргал, хувь тавилан, амьдралыг хамт булжээ. Энэ аймшигт өвчнөөр өвчилж холыг зорьсон тэдний нутгийнхан нь далайн эрэг дээр бурхад босгож, эмгэнэл илэрхийлж байжээ. Гэсэн ч тэр дор одоог хүртэл мөнгөн ус булагдсан хэвээр байгаа нь Минаматачуудын сэтгэлийн зовлон, хэзээ ч эргэж мэдэх аюулын харанга болсоор байгаа юм.
Минамата дахь далайд загас ёстой л буцалж буй мэт их. Тиймдээ ч нутгийн иргэд загас агнуураар эртнээс гаршжээ. Харин үйлдвэржилт хөгжиж, мөн минимата өвчин гарсантай холбоотойгоор загас агнуур багассан байна. Гэхдээ одоог хүртэл нутгийн зарим иргэд дарвуулт завиа хөлөглөж 400 жилийн өмнөх уламжлалт аргаараа загас агнасаар байгаа юм. Биднийг очиход ч дарвуулт завь үзэгдсэнд Кито И Рэ олзуурхан “Одоо далайд иргэд загас хуучны аргаараа загас агнадаг. Өмнөх хүнд хэцүү үе ард өнгөрсөн. Минамата хот улам хөгжиж, тайван сайхан амьдрал үргэлжилж байна” гэж байлаа. Чимээгүй тахал болсон тэрхүү аймшигт өвчин саяхан л энд тарж, олон гэр бүл хагацал, өнчрөл, цөхрөл, шаналлыг үзсэн гэхэд энэ хот аанай л тайван, нулимсаар дүүрч, үерлэхээ дөхсөн өнөөх далай гүн цэнхэртэн, аядуухнаар давалгаалах нь ёстой л амьдралын жам гэлтэй.
Бид үйлдвэртэй танилцсаныхаа дараа “Минимата” өвчний түүхийн музейг үзэж сонирхсон юм. Өвчнөөр зовж шаналсан иргэд, туршилтад орсон муур, тухайн үеийн нөхцөл байдлыг илтгэсэн зургууд байх аж. Музейн тайлбарлагч бидэнд энэ өвчний талаарх үнэн мөнийг өнгө будаггүй дээр дурьдсанчлан өгүүлсэн юм. Өвчлөгсдийн зүгээс “Moyai naoshi” гэх үгийг гаргах болжээ. Энэ нь өнгөрсөн бүхнээс болж ирээдүйн нийгмээ сүйтгэхгүйн төлөө сэтгэлээ нээж, өөрсдийн орших жижиг онгоцоо хооронд нь холбоё гэсэн утгатай аж. Минамата хотын хүүхдүүдийг хаана ч очсон гадуурхаж, цээрлэдэг байдал одоо ч хэвээрээ байдаг гэнэ. Энэ нь тус өвчнөөр өвчлөгсдөд ихэд хүнд тусдаг байна. Тиймдээ ч тэд дээрх үзэл баримтлалыг санаачилсан байх. Гэхдээ ямар ч арга хэрэглэлээ гэсэн тэдгээрийн харуусал, гомдол цөхрөл хэзээ ч үл дуусна гэдгийг музейн тайлбарлагч хэдэнтээ онцолж байсан. Одоог хүртэл “JNC” компани болон хохирогч тал бүрэн ойлголцолд хүрээгүй хэвээр, гомдол мэдүүлсэн хэвээр байгаа.
Улмаар бид минамата өвчнөөр нөхөр, охиноо алдсан Еико Уено гэх 90 настай эмээтэй уулзлаа. Тэрээр “Нөхөр минь анх загасан тороо өргөж гарч ирэхдээ чичирхийлж эхэлсэн. Энэ байдал нь улам хүндэрч ярьж чадахаа ч больсон. Эмч үзээд “Ойлгомжгүй, гажиг өвчин туссан байна “Чиссо” компанийн эмнэлэгт үзүүл” гэсэн. Эмч нар нөхрийг минь шулуун зураасаар явуулж, тамхи асаалгаж, цаасан дээр нэрийг нь бичүүлж, хувцсыг нь өмсүүлж тайлуулж хүртэл үзсэн. Эмнэлэгт байх хүмүүс нөхрийг минь дэлгэрээд буй гажиг өвчин тусч хэмээн ихэд гадуурхаж байсан сан. Тэр үед би есөн сартай жирэмсэн байлаа. Тиймдээ ч над руу хүйтэн харцаар харах хүмүүсийн өөдөөс муухай харахаас өөрийг би хийж чадаагүй. Нөхрийн минь бие өдрөөс өдөрт муудаж байв. Хүссэн үйлдлээ хийж чадахгүй болохоор нөхөр минь ихэд уцаарлана. Нэг удаа маш их бухимдаж орилж, хашгирч, газар унасан юм. Тэрээр юу ч хийж чадахгүй нүднээсээ том, том нулимс унагааж байсан нь тодхон санагдаж байна. Сүүлдээ хүмүүс биднээс цээрлэж, эмч нар ч ирж үзэхээ больсон. Түүний аав нь хүүгээ нутаг руу нь авч явъя гэсэн боловч нөхөр маань “Би гэртээ үхнэ. Та нарыг дахиад ирвэл би хөөнө шүү” гэж хэлсэн. Аавтайгаа сүүлийн удаа уулзсан нь энэ юм. Тэр үдэш нөхөр минь чанга дуугаар цурхиран уйлсан. Энэ явдал эхэлснээс найм дахь өдрийн дараа нөхөр маань хэвтэж байснаа босч харайн, шууд шалан дээр унаж, өрөөгөөр ийш, тийш гүйн, намайг ч түлхэж байлаа. Гар хөл нь элдэв зүйлд зүсэгдэн нэлэнхүйдээ цус болсон. Эмнэлэгт хэвтээд гурав хоногийн дараа нөхөр минь үүрд нүд аньсан. Энэ өвчин бидэнд эцэг, үрийн баяр баяслыг нэг ч удаа амсуулаагүй юм. Энэ явдлаас хойш зургаа хоногийн дараа охин минь төрсөн. Охин Рико минь ч мөн адил минамата өвчнөөр өвчилж, гурван жилийн турш зовж шаналсаны эцэст нас барсан. Тэр үед би юу ч сонсдоггүй охиндоо “Үхэж болохгүй шүү” гэж орилж байлаа. Охин минь төрснөөсөө хойш нэг ч зүйлийг харж, өвчтэй болгосон ээждээ цухалдаж ч чадалгүй амьсгал хураасан. Би охиноосоо уучлал эрэн хоёр өдрийн турш уйлсан юм. Охин минь энэ өвчнөөр өвчилсөн олон хүүхдийн төлөө үхсэн хойноо ч биеэ сийчүүлсэн. Учир нь Күмомотогийн их сургуулийн эмч нар задлан шинжилгээ хийж байж адил шинж тэмдэгтэй хүүхдүүдийг эмчилж чадна хэмээн хэлсэн юм. Задлан шинжилгээний өрөөнд ороход надад яг л гал тогоо мэт санагдаж байлаа. Энд тэнд цус болсон хутга байв. Тэр үед би охиноо аваад зугтаамаар байсан ч юу ч хийж чадаагүй. Дөрвөн сарын дараа шинжилгээний хариу гарч ургийн сэдэлт минамата өвчин болох нь тогтоогдсон. Би тэр үед энэ бол минамата өвчин гэж хэлэхэд огт тоогоогүй эмч нарт маш их гомдож байлаа. Миний хувьд дараа нь дахин жирэмслэх боломжгүй болсноо ч мэдсэн. Минамата өвчний бага зэргийн шинж тэмдэг охиноо алдсанаас хойш надад илрэх болж, бие чичирдэг болсон. Энэ хугацаанд би хичнээн их уйлж, бусдад доромжлуулж, ямар зовлон туулж ирснийг та бүхэн төсөөлөхгүй байх. Мөнгөний төлөө байгалиа бохирдуулбаас бусдад ямар их зовлон учирдгийн энэ жишээнээс харж болно. Та бүхэн эрүүл энх байгаарай” гэв. Түүний хувьд минаматагаар өвчилсөн өвчтөнүүдийг асрах байгууллагад ажиллаж байжээ.
Мөнгөн ус хичнээн хор хөнөөлтэй болохыг олон мянган хүн амиа золин ойлгуулж, гашуун сургамж үлдээсэн нь энэ юм. Уг өвчнийг дэлхий нийт бүрэн эмчилж чадаагүй хэвээр байна. Одоо ч уг өвчнөөр шаналж буй иргэд цөөнгүй байгаа юм.
Үргэлжлэл бий.