УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаарх Монгол Улсын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцоонд Харилцан үнэлгээг дахин хийж, үнэлгээний тайланг Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 20 дахь удаагийн жилийн ээлжит хурлаар баталжээ. Дээрх хурлаар Монгол Улсад энэ оны 10 дугаар сар хүртэлх 15 сарын хугацаанд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмж өгч, тухай бүрт тайлагнахыг үүрэг болгосноос гадна УИХ-ын 2016 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл”-д Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тусгажээ.
Дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ аваагүй, эсвэл хэрэгжүүлээгүй тохиолдолд ФАТФ-ын “Зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй улс буюу хар жагсаалт”, эсвэл “Зөвлөмжийг хангалтгүй хэрэгжүүлдэг буюу саарал жагсаалт”-д орох эрсдэлтэй төдийгүй үүнээс улбаалан манай улсын эдийн засгийн аюулгүй байдал, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлэх хориг арга хэмжээг олон улсаас авч хэрэгжүүлэх эрсдэл үүсэх аж. Иймд хууль өөрөө цаг үе, нийгмийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн, аливаа зөрчил, хийдэлгүй байх нийтлэг зарчимд тулгуурлан ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэн Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, “Хуулийн төслийг дэмжиж байна. Монгол Улсаас гарч байгаа бизнес эрхлэгчдийн мөнгийг болон гаднаас оруулж ирж байгаа хөрөнгө оруулагчдын мөнгийг тодорхойгүй байдлаар шалгадаг байж болохгүй” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад олонх дэмжсэнээр хуулийг баталлаа.