Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн шинэ номын сан нээлтээ хийлээ

Монгол Улсын их сургуулийн шинэ номын сан өнөөдөр үүд хаалгаа нээж байна. Нээлтийн үйл ажиллагааанд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, БСШУСЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар нар оролцлоо.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Өнөөдөр их сайхан өдөр байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгч болчихоод Азидаа байхгүй номын сан нээгээд нээлтийг нь хийх юмсан гэж боддог байлаа. Харин Монгол Улсын их сургууль маань 75 жилийнхээ ойгоор энэ сайхан номын санг нээж байгаад тун баяртай байна. Ном бол ертөнцийг харах цонх гэж бидний багад сургадаг байлаа. Одоо ч сургадаг байх. Цаашдаа ч сургана гэдэгт итгэлтэй байна. 1942 онд дэлхийн хоёрдугаар дайны тэр хүнд үед 100 гаруйхан номтой нээгдэж байсан номын сан маань өнөөдөр 400 гаруй мянган номтой томоохон номын сан болж байгаад баярлаж, бахархахгүй байхын аргагүй. Энэ жишгээр олон сайхан сургуулиуд маань стандартад нийцсэн номын сантай болох болтугаа гэж ерөөе. Энэхүү жишиг номын сан маань цаашдаа ч иргэдэд нээлттэй номын сан болно гэж бодож байна. Мөн интерьер дизайн, тавилга гээд бүхий л зүйлсийг Монголын маань аж ахуй нэгж, компаниуд хийсэнд үнэхээр бахархалтай байна. Ингээд Монгол Улсын их сургуулийн эрдэмтэн багш нартаа түүхт ойн болоод шинэхэн номын сангаа нээж байгаад нь халуун баяр хүргэе” хэмээсэн юм.

2014 онд номын сангийн барилгын шавыг нь тавьж, хөрөнгө оруулалтын дийлэнхийг сургуулийнхаа нөөц бололцоогоор шийдэж, 16 тэрбум төгрөгөөр босгосон номын шинэ өргөөний зургаан давхар шилэн барилга нь МУИС-ийн хичээлийн нэг, хоёрдугаар байрны голд сүндэрлэв. Аливаа их, дээд сургуулийн хөгжлийн хэмжүүр, нүүр царай бол номын сан байдаг. 75 жилийн түүхтэй МУИС-ийн Номын сан 2017-2018 оны хичээлийн жилд орчин үеийн дизайны шийдэл бүхий ая тухтай орчинг бүрдүүлсэн номын сангийн шинэ байранд нүүн орж, МУИС төдийгүй Монголын дээд боловсролын салбарын номын сангийн нүүр царай болохуйц эрдэм шинжилгээ, сургалт судалгааны түшиц номын сан мэдээллийн төв ийнхүү нээгдэж байна.

Энэхүү номын сан нь 360 000 гаруй хэвлэмэл болон цахим ном, сонин, сэтгүүлийн сан хөмрөгтэй. 1000 орчим CD, зохиогчийн эрхтэй 20 гаруй цахим ном, 2000 орчим магистрын ажил, ОУ-ын 16 онлайн мэдээллийн санг ашиглах боломжтой цахим уншлагын танхимтай. Сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий иж бүрэн тохижилттой “Ном сэргээн засварлах лаборатори” ажиллана. МУИС-ийн багш, ажилтан, оюутнууд СиСи-д бүртгэлтэй үнэмлэхээр номын санд үйлчлүүлэх буюу цахим ном унших боломжтой юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *