Categories
мэдээ цаг-үе

МУГЖ М.Бадамгаравын хүү П.Батчимэг: “Өглөө” киноны сэлэм Тогмидын ээжийн дүрдээ их хайртай байсан


Өглөө киноны хэсгээс

“Аман хуур” киноны Дарь авгай, “Өнөр бүл”-ийн үйлдвэрийн даргын эхнэр зэрэг дүрээр монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон МУГЖ М.Бадамгарав гуайн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Түүний том хүү П.Батчимэгтэй ярилцсанаа хүргэе.


-МУГЖ М.Бадамгаравыг дэлгэцэнд мөнхөлсөн дүрүүдээр нь бид сайн мэднэ. Харин ээж хүн, хувь хүнийхээ хувьд ямар хүн байсныг бид сайн мэдэхгүй юм. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Жүжигчин байтугай найруулагч хүн байсан даа. Ээж минь Монголд хамгийн анхны хөгжмийн зэмсгийн үйлдвэрийг санаачлан байгуулсан. Дундговь аймагт анхны сүлд театр болсон сумын клубийг 10 ханатай гэрээр байгуулж байсан гэдэг. Энэ бүхнээс харахад сэргэлэн, бүтээлч, юмыг сайн талаас нь олж хардаг манлайлах чадвартай хүн харагддаг. Жүжигчин Лха.Долгор эгч, ээжийг буруу цагт төрчихсөн юм. Өдийд төрсөн бол компани байтугай корпораци удирдаад явж байх байсан юм гэж ярьдаг байлаа. Ээж минь гүйлгээ ухаан сайтай, манлайлах чадвартай, асуудлын цөмийг олж хардаг, хүмүүстэй эвсэг харьцдаг, гярхай, ноён нуруутай, цөөн үгтэй хүн. Асуудлын голыг олж хэлдэг учраас үеийнхэн нь байтугай өөрөөс нь ахмад хүмүүс хүртэл зөвлөгөө авдаг. Мэдээж амьдралд нөхөртэйгээ маргалдаж байсан үе байсан байх. Бидний дэргэд маргалдаж байсныг лав хараагүй.

Өдөр шөнөгүй ажилладаг уран бүтээлийнхээ хажуугаар үр хүүхдээ гаргуунд гаргаагүй. Өглөө гараад орой ирдэг ч үр хүүхдийнхээ хүмүүжил, боловсролд ямагт анхаарал тавьдаг. Ээж минь зүйр цэцэн үг их хэлдэг. Шүлэг гоё зохиодог байсан. Бас шатар сайн тоглодог. Эсгэж оёхдоо ч уран. Бид нарт дээл оёж өгнө. Ажлаа дуусгаад гэртээ ирээд гэрийн эзэгтэй шиг л байдаг. Ерөөсөө жүжигчин биш юм шиг. Гэртээ жүжгээ давтаж, толинд хараад тачигнатал уншиж харагддаггүй. Ажил дээрээ давтдаг байсан юм болов уу. Харин их боддог байсан. Бодвол дүрээ бодоод өөрийн болгож авдаг байсан юм шиг байгаа юм. Энэ үед л дүр нь бүтдэг байх. Аав төрийн ажилтай. Заримдаа ажлаар хөдөө явчихна. Энэ тохиолдолд ар гэрт үр хүүхдүүд хэцүүдлээ гэж аав ээж хоёр ярилцаад “Хятад тогооч” хөлслөн ажиллуулсан гэсэн. Бүр байшингийнхаа нэг өрөөнд суулгаад. Манай дүүгийн ангийнхан ирж мантуу иддэг тухайгаа ярьдаг гэнэ лээ./ инээв/ Хятад тогооч маань янз бүрийн гоё, амттай хоол хийдэг. Харин аав, гурилтай шөл цөөхөн хийж байна гэж дургүйлхдэг байсан./инээв/

1938 онд Бөмбөгөр ногоон театрт жүжигчнээр орсноос хойш 1959 он хүртэл театртаа ажилласан. Дараа нь Соёлын яам, Урлагийн хорооноос Ардын дуу бүжгийн чуулгын дарга, уран сайхны удирдагчаар хоёр жил ажиллуулахаар шийдвэрлэсэн гэдэг.

-Та эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Би эхээс дөрвүүлээ. Хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй хүүхэдтэй айл. Манай эгч Уранчимэг уран барилгач мэргэжилтэй. Айлын ууган нь. Би хоёр дахь хүүхэд нь. Дүү П.Амар, П.Одончимэг хоёр хоёулаа эдийн засагч мэргэжилтэй.

-Таныг “Инээмсэглэл” хамтлагийн гитарчин гэдгээр хүмүүс мэднэ?

– Би Хүнс нийтийн хоолны инженер технологичийн мэргэжлээр Их сургууль төгссөн. Төгсөөд худалдаа бэлтгэлийн яаманд гадаад харилцааны ажил хийж байсан. “Инээмсэглэл” хамтлаг, дуу хөгжмийн хамтлагуудад орж байсан нь тухайн үед сайн дурын уран сайханч гэдэг утгаар ажлынхаа чөлөөт цагаар хөгжмийн хамтлагуудад тоглож үзэж байсан үе. Мэргэжлийн урлагийн хүн бол биш.


Монгол Улсын гавьяат жүжигчин М.Бадамгарав нөхөр, хүүхдүүдийн хамт

-Таны дүү Одончимэг өөрийг тань урлагийн авьяастай, ээжийн авьяас хамгийн их өвлөгдсөн гэж ярьсан. 20 гаруй дуутай. Үг, аяыг нь өөрөө зохиосон. Үүнээс гадна гайхамшигтай сайхан зурах авьяастай гэж хэлж байна лээ?

-Ээж маань хүүхэд ямар авьяастай болохыг багаас нь их ажигладаг. Би бага байхдаа зураг зураад орон дээрээ суучихдаг байж л дээ. Энэ байдлыг ээж ажиглаад зурах авьяастай юм шиг байна гээд пионерын ордонд 1958 онд төрийн шагналт, ардын зураач Цэвэгжав гуайн шавь болгож уран зургийн дугуйланд явуулсан. Сүүлд хөгжим бүжгийн коллежид шалгалт өгөөд тэнцэж байлаа. Гэхдээ цаг хугацааны асуудлаас болоод уран зургийг орхисон.

Заримдаа ээж театр руу дагуулж явна. Энэ үеэр төрийн шагналт Лувсаншарав гуайд “Энэ хүүхдийг шалгаад өгөөч” гээд өгч байсан. Лувсаншарав гуай төгөлдөр хуурынхаа даралтыг дуурайлгаж хийлгээд, ширээн дээрээ хэмнэл цохиод дуурайгаарай гэдэг. Энэ бүгдийг дагаж хийгээд гайгүй шалгагдсан юм шиг байгаа юм. Түүнээс хойш ээж хөгжмийн жаахан авьяастай юм байна гээд гитар, баян хуур хөгжим гэрт авч ирж тавьсан. Эдгээр хөгжмүүдээр тоглож өссөн дөө. Ингэж явсаар дуулж хуурддаг хөөрүү “бацаан” хамгийн сүүлд “Инээмсэглэл” хамтлагт ороод 20 гаруй дуу зохиосон сайн дурын уран сайхан ч болсон доо. Тухайн үеийн сониноос яривал, манай аав пянз тоглуулагч авч ирсэн байсан. 40 мянгатын хөгжимд дуртай нөхдүүд болох Бат-Үүл, Батхүү нар манайхыг зорьж хөгжим сонсохоор ирдэг байсан тухайгаа ярьдаг юм. Тэр үед пянз тоглуулагч ховор байсан цаг.

-Та ээжийнхээ ажил, амьдралын замналыг өгүүлэх ном бичиж байгаа гэсэн. Энэ талаар?

-Энэ жил ээжийн маань мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа болохоор үр хүүхэд бид дурсгалыг нь мөнхжүүлэн ээжийгээ алдаршуулах зорилгоор таван гол ажил төлөвлөсөн. Нэгдүгээрт “Аман хуур” киноных нь сэдвээр Соном өвгөн, ээж хоёрын дүрээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөшөөг нь босгох гээд төрийн шагналт, уран барималч Ц.Амгалан гуайгаар эх загварыг хийлгэхэд төсөв нь 100 гаруй сая төгрөг болсон. Тэтгэврийн хөгшчүүл бид хандивын аян өрнүүлсэн. Хэд гурван төгрөг цугларвал тэр үед хөшөөг нь босгох санаатай. 100 насных нь ойгоор арай л амжихгүй бололтой. Шинэ байранд орчихоод Соном өвгөнийхөө толгойг илдэг хэсэг байдаг даа. Тэр зургаас нь сэдэвлээд хөшөөг нь босгоно.

Одоогоор ээжийнхээ тухай бичсэн номоо эх бэлтгэлд нь өгчихөөд байна. 180 хуудастай 300-гаад зурагтай ном бий. МУГЖ М.Бадамгарав гуай уран бүтээлүүдээрээ улс нийгэмд юу бүтээж үлдээв. Үүнийг хамаатан садан, урлагийн хүмүүс нь хэрхэн үнэлж дүгнэсэн талаар бичигдсэн. Түүнчлэн удам угсаа, түүх намтар, үр хүүхэд, хань ижлийнх нь тухай тусгасан. “Бидний эх Бадамгарав” хэмээх нэртэйгээр хэвлүүлэх бодолтой байна. Тоглосон кино, драмын жүжиг зэрэг уран бүтээлийн ажил үйлс нь ямар байсан талаарх баримтат киног нь бас хийх гэж байна. Номоороо үндэслээд кино зохиолыг нь бичнэ. Завхан аймгийн Соёлын төвийг саяхан ээжийн нэрэмжит болгосон. Энэ төв дотроо 300-гаад хүний багтаамжтай кино үзвэрийн танхимтай. Материал баазын хувьд гоё барилга. 1989 онд баригдсан барилга учраас нэлээд элэгдэлд орчихсон. Үүнийг засварлаад дотор нь ээжийн нэрэмжит музей байгуулъя гэж бодож байна. Сүүлд бид нар ээждээ зориулаад “Ижийдээн би” хэмээх дуу гаргасан. Үгийг АУЗ П.Бадарч гуай, аяыг УГЗ Т.Сэр-Од гуай зохиосон. Дуучин Ч.Бадрал энэ дууг дуулсан байдаг. Одоогоор музей, хөшөө хоёр дээр л гацчихаад байна. Энэ хоёрын санхүү нь шийдэгдчихвэл төлөвлөгөө биелэх гээд байдаг.

-М.Бадамгарав гуай хамгийн сүүлд “Эзэнгүй айл” олон ангит кинонд Н.Дугарсанжаа гуйтай хамт тоглосон. Энэ талын дурсамжаа юу гэж ярьдаг байсан бол?

-Ээж “Эзэнгүй айл”-ын эмгэн Хандын дүр, “Аман хуур”-ын Дарь авгайн дүр хоорондоо өдөр шөнө шиг ялгаатай гэж ярьдаг байсан. “Аман хуур”-ын Дарь авгай өвгөнийгөө бариад зодчих шахаад байдаг. Харин “Эзэнгүй айл”-ын авгай бол өвгөнөө дээдэлж, та, та гээд шүтэх нь холгүй хүндлэн дээдэлдэг шүү дээ. Энэ кинонд өвгөнийх нь дүрд тоглосон МУГЖ Н.Дугарсанжаа гуай өөрийнхөө дүрд дуу оруулж чадахгүй будлиад байсан болохоор “Аман хуур” киноны Төмөрийн дүрд тоглодог Элбэгсайхан гуай Н.Дугарсанж гуайд дуу оруулж байсан. Ээж энэ кинонд 87 настайдаа тоглосон. Хүмүүс та ядарч байгаа бол Цээпил гуай гэсэн хүмүүсээр дууг тань оруулчихъя гэхэд нь үгүй би өөрөө дуугаа оруулна гэсээр байгаад оруулсан.

Ээж киноныхоо зохиолыг уншчихаад яг кино зураг авахын өмнө “Энэ үгийг ингэж биш тэгж хэлмээр байна” гээд өөрөө өөрчлөөд найруулагч дээрээ хүрээд ирдэг байж л дээ. Найруулагчийнх нь санаа зовоод зохиолчоо дуудаж Бадамгарав гуай ингэж хэлмээр байна гээд байна гэхэд зохиолч нь нээрээ тэгж хэлмээр юм байна гэдэг байсан гэж хүмүүс ярьдаг юм. Ер нь зураг авахын өмнө нэг газар суучихаад монгол бичгээр юм бичээд суугаад байдаг хүн байсан даа. Хамт кинонд тоглож байсан С.Батсүрэн гуай Бадамгарав гуайн жүжиглэж байгааг хараад, эмгэн ээж ийм байдаг гэж үү гээд очоод илээд авмаар санагддаг гэж ярьж билээ. Ингэж л бодитой жүжиглэдэг байсан. Эзэнгүй айлын эмгэн, өвгөн хоёрын дүрд Бадамгарав, Дугарсанжаа хоёроос өөр тохирох хүн олдохгүй байсан тухай найруулагч нь дурсдаг юм.

– Ээж тань Оросын “Серёжа хүү” кинонд хүүхдийн дүрд дуу оруулж байсан гэсэн?

-Тийм. Энэ киноны хүү нь 7-8 насны хүүхэд байсан.Тус кино нь гэр бүлийн амьдралыг харуулсан кино. Тухайн үед хүүхдийн дуунд дуу оруулахаар Гуравдугаар 10 жилээс Бат-Очир гэдэг хүүг авчирсан байгаа юм. Энэ хүү хичээлийн завсар зайгаараа дуу оруулчихаад яваад өгдөг. Зарим үед дуу нь гологдож, яачихав аа гээд хайхаар олдож өгдөггүй. За яршиг, Бадамгарав гуайгаар дууг нь оруулуулъя гээд оруулж байсан гэдэг. Ээж ямар ч дүрийн дууг тохируулж гаргадаг байсан. Гадаад киноноос дуу оруулж байхдаа, герман хүн монголоор ярьж байгаа юм шиг л ам зөрөхгүй дуу оруулдаг байсан гэж эргэн тойрных нь хүмүүс гайхан шагшицгаадаг. Найруулагч, жүжигчин Н.Нямдаваа, Ц.Цэнд-Аюуш, Т.Цэнпилмаа гуай нар ээжийг гайхдаг байсан гэсэн. Нэг бол жаахан хүүхдийн дуу, нэг бол хөгшин хүний дуу гаргаад байхаар нь яаж ингээд байна аа гэж. Анх 1947 онд гадаадын киног өөрийн хэлэнд хөрвүүлэхэд оролцсон хамгийн туршлагатай жүжигчний нэг л дээ. Түүнээс хойш орчуулгын 200 гаруй кинонд дуу оруулсан байдаг.

-“Өглөө” киноны сэлэм Тогмидын ээж Бадамын дүр бас л содон дүр. Энэ киноныхоо талаар хэр хуучилдаг байв?

-Ээжийн маань хамгийн дуртай дүр нь энэ дүр байсан. Эх хүн гэдэг чинь эх л хүн байдаг юм байна. Ийм учраас хүүгийнхээ төлөө санаа тавьж зовниж байгаа эх хүний энэхүү дүрдээ дуртай гэдгээ хуучлах ч дуртай. Кинон дээрээ хүү нь төрийн яаман дотор хүн буудаж ална гэж сахилга алдаад, жанжин нь шоронд хийнэ гэж байхад нь “хэцүү үед хамт байлдаж явсан хүнээ шоронд хийж болдог юмуу. Хүүг минь өршөөж өгөөч ээ” гэж уйлж гуйдаг. Хүүхэд нь буруу юм хийсэн ч хүүгээ өршөөхийг гуйдаг эх хүний дүрийг гаргасан учраас “Өглөө” киноны сэлэм Тогмидын ээж Бадамын дүрдээ хамгийн их хайртай гэж хэлдэгсэн. Ээж хутагт хувилгаадын газар төрсөн хүн болохоор маани мэгзэм сайн мэддэг. Тиймдээ ч энэ кинонд тоглохдоо лам дээр очоод олон хүний толгойг авсан сэлэм юм байна лээ гээд ариутгуулдаг. Энэ хэсгээ ямар ч шүтлэгтэй хүнээс дутахааргүй мундаг гаргасан гэж урлагийнхан үнэлдэг. Амьдрал дээрээ шашингүй үзэлтэй хүн байсан л даа. Өглөө кинонд “Эх хүн”-ий, “Сүсэг бишрэлтэй хүн”-ий дүрийг маш сайн гаргасан гэж үнэлэгддэг юм шүү дээ.

-Алтан үеийхнийхээ талаар юу гэж хуучилдаг байв. Хэнтэй нь ойр дотно байсан бол?

-Цагааны Цэгмид, Д.Ичинхорлоо, Д.Цэрэндулам, З.Цэндээхүү, Д.Чимид-Осор, Ё.Шаравдоо, Т.Хандсүрэн, Т.Цэвээнжав гуай, Долгорсүрэн, Бат-Очир нар яах аргагүй алтан үеийн жүжигчид. Энэ алтан үеийнхэнтэй хамтарч ажиллаж байсан учир амьд сэрүүндээ “Алтан үеийнхэн”-ийхээ тухай дурсамж, ном бичнэ гэж ярьдаг байсан. Хамгийн анх 1938 онд театрт шалгалт өгөх гэж байхад Э.Оюун, Д.Бат-Очир, Г.Долгорсүрэн,Т.Хандсүрэн гуай нарыг хамтад нь шалгалт авч оруулж байсан гэнэ лээ. Тиймдээ ч намайг кино урлагт хөтөлж, хамтарч ажиллаж байсан Д.Чимид-Осор гуай нарын алтан үеийнхнийхээ тухай ном бичнэ гэдэг. Ингээд Цагааны Цэгмид гуайн тухай дурсамжаа бичиж дуусгачихаад Д.Чимид-Осор гуайн тухай бичиж эхэлж байсан. Энэ үеэр аав минь бурхан болчихсон юм. Ээж үргэлжлүүлэн бичнэ гэж байсан ч цаг хугацаа хүрээгүй. Цагааны Цэгмид гуайн тухай дурсамжийг бид номондоо оруулж байгаа.

-Ардын жүжигчин Цагааны Цэгмид гуайн тухай дурсамждаа юу гэж өгүүлсэн байх юм?

– Та амгалан байна уу? Та амар тайван нойрсов уу гэж тэр их хүн хүмүүстэй үргэлж мэндэлдэг. Ээж тэр үед залуухан байсан болохоор их гайхдаг байж. Хүний хувьд харьцааны өндөр соёлтой, гоц хүн байсан. Жүжигчнийхээ хувьд ч гоц авьяастай. Тийм мөртлөө их эгэл даруу. Би энэ дүрд ингэж тоглох нь зөв үү, энэ үгийг ингээд хэлчихвэл яах уу гэж хамтарч байгаа дагалдан жүжигчдээсээ хүртэл нэрэлхэлгүй асуучихдаг. Нэгэн удаа “Шидэт лимбэ” жүжигт Ц.Цэгмид гуай ээжтэй хамтарч хаан хатны дүрд тоглож л дээ. Тэгээд Цэгмид гуай ээж дээр ирээд “Би чиний хаан, нөхөр чинь болох нь байна. Нэг иймэрхүү хаан байвал яаж байна, чи хатан нь юм чинь хэлээдэх” гэж асуудаг байсан гэнэ. Цагааны Цэгмид гуай тэр дотроо толгой өндөр авьяастай ч гэсэн эгэл даруу, хүн чанар сайтай, зөвлөгөө авдаг ч, өгдөг ч хүн байсан хэмээн дурссан байсан.

-Д.Чимид-Осор гуайн тухайд?

-Манай ээжийн ээж 1945 онд нас барахад Д.Чимид-Осор гуай ясыг нь барьсан гэнэ лээ. Энэ утгаараа ээж минь Д.Чимид-Осор гуайд их хайртай байсан. Тэгээд Д.Чимид-Осороогийнхоо тухай сайхан дурсамж бичнэ гэж ярьдаг. Дээр өгүүлсэн дээ, Д.Чимид-Осор гуайн тухай дөнгөж эхлүүлээд гүйцээж чадалгүй тасалдчихсан гэж. Бичиж эхлэхдээ “Манай Д.Чимид-Осор гуай их авьяастай, хөдөлмөрч, шударга” гэж эхлүүлсэн байдаг юм.

-“Сүхбаатар” киноны талаар дурсдаг байв уу?

-Монголд нэг кинонд дөрвөн дүр бүтээсэн хоёр л жүжигчин байдаг. Нэг нь манай ээж. Нөгөөх нь Цагааны Цэгмид гуай. “Сүхбаатар” киног 1941-1942 онд ЗХУ-д хийсэн. Монголоос цөөхөн жүжигчид явсан учраас олон хэсгүүд дээр нэг хүнээ тоглуулсан байдаг. Энэ кинонд ээж дөрвөн дүр бүтээсэн. Сүхбаатар хил давж шархдаад малчин айлд ирж шархаа эмчлүүлдэг дээ. Энэ малчин айлын охин Долгорын дүрд тоглодог шүү дээ. Сүхбаатар хятад гуанзанд Сумъяа бэйс гэгчтэй тоглоом тоглодог хэсэг дээр цаад талын аальгүй хоёр хүүхний дүрд Ардын жүжигчин Д.Цэрэндулам гуайтай хамтарч тоглодог. Дараа нь Богд хаан гудамжаар боорцог цацаад явдаг хэсэг дээр Сүхбаатар босоогоороо зогсчихсон байхад эхнэр Янжмаа нь суугаач ээ гэж хэлдэг дээ. Энэ дүрийн хажуу талд ээж суугаад мөргөж байдаг юм. Сумъяа бэйс хиагтыг дайрч ороод баахан торго дурдан дээрэмдчихсэн байхад нь Сүхбаатар ирээд дээрэм хийлээ гэж загнаад дээрэмдсэн торго дурданг нь энгийн ард руу та нар авцгаа гэж шиддэг хэсэг дээр хамгийн түрүүнд нэг эмэгтэй гүйж ирээд инээгээд авдаг дүрд тоглосон. Харин Цагааны Цэгмид гуай энэ кинонд Хятадын Сюй Шү Жан генерал, Сумъяа бэйсийн дүрд тоглосон.

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *