Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

МУГЖ Ж.Оюундарь: Уран бүтээлийнхээ төлөө золиос гаргахад хүнд санагддаггүй

Гавьяат жүжигчин Ж.Оюундарьтай ярилцлаа. Тэрбээр 1992 оноос одоог хүртэл УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж буй.


-Та ямар уран бүтээл дээр ажиллж байгаа вэ?

-Театр дээр “Анна Каренина” жүжгийн бичлэг хийгдэж байна. Энэ жүжигт Шербацкая хатагтайн дүрд тоглосон. Хоёр хоног тоглоод, Б.Цогнэмэхийн “Хаадын хаан. Андгай” жүжгийн бичлэг бас хийгдэнэ. Энэ жүжгээ үзэгч түмэндээ зориулж гурав хоног тоглоно доо. Залуус маань, студи ангийн оюутнууд маань Д.Намдаг гуайн “Шинэ байшинд” жүжгийн бэлтгэл ажилд орчихсон яваа.

-“Хаадын хаан. Андгай” жүжгийн Өэлүн эхийн дүрийг жүжигчин Ж.Оюундарь бусдаас их өөр гаргасан гэж яригдаад байсан. Та ямар талаас нь гаргахыг зорьсон бэ?

-Н.Наранбаатар найруулагч энэ жүжгийг авсанд баярласан. Бидэнд бахархал, манлайлж явах хүн хэрэгтэй байгаа юм. Хүн болгон манлайлагч байж чаддаггүй. Чингис гэдэг хаадын хаан гэсэн утгатай юм билээ. Өэлүн эхийн дүрийг авна гэж огт бодож байгаагүй. Тэгтэл ийм сайхан роль өгсөн. Маш том хариуцлага л даа. Яагаад гэхээр энэ дүрд төрийн соёрхолт, хөдөлмөрийн баатар Н.Сувд гуай янз бүрээр л тоглолоо шүү дээ. Тайзан дээр ч, кинонд ч тоглож байсан. Хүн бүрийн сэтгэлд буусан, Өэлүн эх гэхээр Н.Сувд харагддаг. Намбалаг, зөөлөн, сайхан ээжийн дүрийг бүтээсэн. Гэхдээ би бас энэ дүр, характераар нь гаргахыг зориогүй. Хэдийгээр эдгээр мөн чанар байгаа ч бас жаахан өөр байх ёстой гэдэг үүднээс судалгаа хийсэн. Судлаад үзэхээр гайхалтай монгол эмэгтэйчүүд байсан юм билээ. Гадаа гарч эр болж, дотор орж эм болж, дайн тулааны үед нөхөр хэзээ ирэхийг бүү мэд, ирэхгүй ч байж магадгүй. Дайн тулаанд явсан хүмүүс гурав, дөрвөн жилээр явчихдаг байсан. Тэгэхээр нөхрөө хүлээнгээ бүх ажлыг нь хийнэ. Нөхөр ирэхэд хүүхэд нь том болчихсон байх жишээтэй. Бодоод үзэхээр монгол эмэгтэйчүүд юм юм хийж чаддаг гайхалтай чадвартай юм билээ. Тийм учраас дайчин, байлдах үедээ байлддаг, эмэгтэй хүн, эх хүний үүргээ гайхалтай гүйцэтгэдэг гэдэг үүднээс гаргасан.

Эх хүний, эхнэр хүний үгийг эрчүүд ч сонсдог байсан. Эмэгтэй хүний үүрэг том байсан. Тэр талаас нь бодож гаргасан. Зөвд зөөлөн, бурууд хатуу байж чаддаг. Дөрвөн хүүгээ улсыг захирах түвшинд өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг энэ эмэгтэй өөрөө маш их боловсорсон, ухаалаг хүн байж таарна. Тийм ч учраас Хонгирад овгоос хатан сонгодог байж. Ингээд бодоод үзэхээр энэ эмэгтэй бол төгс эмэгтэй байж. Төгс, дайчин, хатуу талаас нь гаргахыг хичээсэн. “Өэлүн эхийг ингэж гаргасанд баярлалаа” гэж зарим хүн хэлж байсан. Хүмүүст хүрсэнд баяртай байна.

-Хаан хүнийг өсгөж бойжуулсан эх шүү дээ. Эх нь Чингис хаанд маш их нөлөөлсөн байж таарна?

– Маш их нөлөөлсөн. Жамух хэлдэг шүү дээ. Ээж шиг чинь ухаантай хүн, Бөртэ шиг эхнэр надад заяасан бол би өдийд ингэж явахгүй гэж хэлсэн байдаг. Энэ дүрийн судалгааг хийж, түүхэн зохиолууд уншиж байхдаа бахархах сэтгэл төрж байлаа. Энэ сайхан улс орныг байгуулж үлдээсэн байхад яагаад бид ийм байгаа юм бэ гэж хүртэл бодогдож байв. Хэдийгээр олуулаа биш ч монголчууд маань авьяастай, оюуны олимпоос хүртэл тэргүүн байр эзлээд ирдэг. Ингээд бодохоор монголчууд чадварлаг ард түмэн. Ийм мундаг хаадыг хүмүүжүүлсэн гэхээр монгол эмэгтэйчүүд асар ухаантай хүмүүс юм.

-Та бас хүүтэй эх хүн шүү дээ. Хүүг өсгөх, охин өсгөж хүмүүжүүлэх гэдэг өөр шиг байгаа юм. Хүүг халирамтгай, хүний үгээр явдаг болгож болохгүй юм шиг?

-Хүнээр хүн хийх гэдэг амаргүй. Заримдаа хүүгээ арай л хүний үгэнд оромтгой болгоод байна уу даа гэж боддог үе байдаг. Хэлж сургасаныхаа эсрэг юм ярьчих тохиолдол ч гарна. Хүү маань “Ээж та ингэж болохгүй гэдэг мөртлөө одоо тэг гэхээр би алийг нь дагах юм” гэдэг. Би амьдралд ийм юм байдаг гэж хэлж байгаа юм, алинаар нь явах нь чиний ухаан мэдэх хэрэг. Ухаантай хүн дандаа ухаантай байдаггүй. Тэнэг хүн ч дандаа тэнэг байхгүй. Миний үзэл бодлын дагуу амьдар гэж байгаа юм биш. Амьдралд ийм юм байдаг гэж сануулж байгаа юм шүү гэдэг.

-Таны жүжгийн бэлтгэл хийж, дугуйт тавцангаар гулгаж тэшээд яваа бичлэг сошиалд байна лээ?

-Найруулагч өөрийн тавилтыг ярьсан юм. Өэлүн эх утаан дундаас гарч ирнэ гэхээр нь би утаан дундаас гарч ирэхдээ явган алхах бус гулсах мэт хөвж явбал гоё юм байна гэж төсөөлсөн. Тэгээд энэ хэсгийг бэлтгээд найруулагчдаа үзүүлэхэд “Наадах чинь уг нь их гоё байна. Тайзан дээр та яваадах” гэсэн юм. Тэгээд би явж сурах гээд коридорт дасгал хийж байхад менежер маань зураг аваад, сошиалд тавьсан байна лээ. Гэхдээ тайз маань жаахан дэгэн догонтой учраас явдаггүй юм билээ. Үсрээд л явчихсан. Тэгээд энэ санаа маань хэрэгжээгүй л дээ. Уг нь сонин юм хийе гэж бодсон юм. Би янз бүрийн юм туршиж, өөрийгөө эвдэхийг оролддог.

-Нэг залгахад та “Кино зураг авалттай явж байна” гэсэн шүү дээ. Тэр нь “Миний муу найз” гэдэг кино мөн үү?

-Тийм. “Миний муу найз” кино маань нээлтээ хийх гэж байна. Дорнодод очиж, Халхын голд зураг авсан. Дорнодын театрын найруулагч Б.Мөнх-Амьдрал зохиолыг нь бичээд, санал тавьсан юм. Надад сайхан санагдсан. Киноны дууны клип маань саяхан гарсан. Сайхан нөхөрлөлийн тухай кино. Хүн ганцаараа амьдардаггүй, хамт олон, багаараа, найз нөхдийн дунд явдаг. Энэ кинонд манай Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар гуай, алтан партнёр У.Батбаатар маань, жүжигчин Б.Эрдэнэцэцэг, Ё.Алтангэрэл маань Дорнодын театрын уран бүтээлчид оролцсон. Нөхөрлөл агуу гэдгийг энд илүү мэдэрсэн. Киноны дуу нь үнэхээр их таалагдсан. Фэйсбүүкийн бүх найзууд маань сонсоосой гээд эхнээс нь илгээсэн л дээ.

-Танд амьдрал дээр “Миний муу найз” гэхээр хүн хэр олон байдаг вэ?

-Найзууд олон. Гэхдээ яг үлддэг найз ховор. Хүний амьдрал зам мөр өөр, өөр учраас муулах юм алга. Дотны найз гэвэл гавьяат У.Уранчимэгийгээ хэлнэ. Миний найз В.Дэлгэрмаа гэж нэгдүгээр эмнэлэгт ажилладаг мундаг эмч бий. Дуучин Г.Түмэндэмбэрэл гуайн охин Ш.Түмэнчамин найз маань байна. Оюутан байхаасаа одоо хүртэл найзалж ирсэн Н.Сарантуяа найз маань байна. Зовлон, жаргал дунд хамт байдаг хэдэн сайхан найзтай.

-Саяхан таны “Хослон дуулъя” гээд жүжигчин Б.Шинэбаяртай дуулсан бичлэг харсан. Үнэхээр сайхан дуулсан байна лээ. Таны дуулахыг сонссон чинь таны аав Л.Жамсранжав гуай “Улаанбаатарт байгаа миний аав” кинонд “Хамгийн дундаас онцгой” дууг эвлэгхэн гоё дуулсан нь санагдлаа?

-Жүжигчин хүн дуулах, бүжиглэх, хөгжим тоглох аль алийг нь хийж чаддаг байх хэрэгтэй байдаг. Багадаа Л.Галмандах багшийн “Нарны дуулал” хамтлагт явдаг байсан. Хүүхэд насны л юм. СУИС-д бас хичээл заадаг байв. Би өөрийгөө дуулж чаддаггүй гэж боддог. “Харц хатан” жүжигт дуулах болсон, дуулж үзүүлсэн чинь М.Найдалмаа багш маань “Хүүе,чи харин материалтай хүүхэд үү” гэсэн юм. “Дуулж чадах нь уу” гэсэн чинь “Хөгжүүлбэл ёстой хөөрхөн дуулах юм байна” гэсэн л дээ. Тэнд дууны бэлтгэл хийж байгаад хаячихсан. Энэ жил шинэ жилийн нэвтрүүлэгт орох болоод, Б.Шинэбаяр бид хоёр “Хослон дуулья” дууг бичүүлсэн юм. Одоо бидэнд дууны хичээл өглөө болгон орж байгаа. Манай театраас бас дууны хичээл сэргээж байгаа. Бүжиг, тайзны ярианыхаа дасгалд бас орно.

-Таны бас нэг дүү чинь дуулдаг даа. Та жүжигчин Б.Нармандахын хүүхдүүдтэй хэр харилцаа холбоотой байдаг вэ?

-Нэг их ойр биш шүү дээ, бид нар. Аавыг байхад очиж золгодог байсан. Аав ч өнгөрсөн, очихоо ч байсан. Ойр холбоотой байдаггүй. Гэхдээ Б.Нармандахын бага хүүхэд нь дуулдаг. Тэмцээнд орж байсан юм билээ. Ээж нь дуулдаг болохоор бас ээжийн авьяас байдаг байх л даа.

-Таныг 1992 оноос хойш ерөөсөө театраасаа орж гараагүй тууштай явсан хүн гэдэг?

-Би ээждээ “Та хэтэрхий үнэнч хүмүүжүүлчихсэн юм биш үү” гэдэг юм. Яг наад сэдвээр чинь ярьж байсан юм. Ээж “Үнэнч бай, сэтгэлээсээ хандсан юманд үр дүн гардаг” гэж хэлдэг юм. Аав, ээж хоёулаа тэгж ярьдаг байсан. Нэг л зорьсон бол түүгээрээ явдаг зантай. Шоугаар, киногоор явах боломж байсан. Тэгсэн бол мөнгө төгрөг илүү олох боломж байсан. Гэхдээ яваагүй. Төсвийн байгууллага учраас театрын цалин бага шүү дээ. Бид олсон орлогоо улсдаа тушаадаг. Сэтгэлтэй хүн л ийм газар ажиллана. Миний амьдрал эндээс л эхэлсэн. Би багаасаа л театрт ажилласан. Миний дассан улаан байшин. Үндсэндээ ажил нэгт, гэр маань хоёрт явдаг. Ихэнхи цагаа ажил дээрээ л өнгөрүүлдэг. Ажлын хажуугаар кино, шоунд оролцож амждаг. Бас багшилдаг байсан. Ажил ихтэй байх тусмаа бүгдийг нь зохицуулаад байдаг юм билээ. Ситид багшилж байхад “Дариа эгчээ, хаанаас ийм их эрч хүч гардаг юм бэ, нэг мэдэхэд л кинонд тоглочихсон байх юм, театрт жүжигт тоглоод, энд бас гүйж явах юм” гэдэг байлаа.

-“Өртөө” кинон дээр хөгшин дүрд хувиргах гээд нүүрийг чинь цавуудаад базчихсан гэдэг шүү дээ. Төсөөлөхөд хэцүү санагдсан. Ер нь тийм золиос их гардаг уу?

-Уран бүтээлийнхээ төлөө золиос гаргадаг болохоор хүнд санагддаггүй. Сая бас кинонд ороход үсээ тайруулах хэрэгтэй болсон. “Арай хийж ургуулж байгаа үсийг маань тайруулах гээд байх юм” гэсэн ч дүр нь таалагдсан болохоор зориглоод үсээ тайруулсан. Ямар нэг золиос гаргахад харамсдаггүй. Өөрөө л шийдвэр гаргаж байгаа шүү дээ.

-Ойрын үед ямар уран бүтээл дээр ажиллахаар төлөвлөсөн бэ?

-Хамгийн түрүүнд ковид хурдан алга болоосой гэж хүсч байна даа. Аль ковидын өмнө зурагнуудаа авахуулчихсан мөртлөө гараагүй кинонууд маань ч байгаа. Түүхэн киноны хоёр ч санал ирсэн. Тэр маань бүтчихвэл зүгээр байна. Иймэрхүү л бодолтой байна даа. Биеийнхээ уян хатан чанарт бас анхаарч байгаа.

-Та чинь 2011 оны гавьяат бил үү. Аав чинь таныг гавьяат болохыг үзсэн үү?

-Тэр үед аав байгаагүй шүү дээ. “Би ч охиноо гавьяат авахыг харах юм байна аа” гэж нэг удаа ярьж байсан. Хөөрхий, харж чадаагүй.

-Аавын чинь ном байдаг. Та тэмдэглэл бичдэг билүү?

-Аав их гоё ном бичсэн. Н.Ганхуяг багш ярьдаг “Аавын чинь ном гайхалтай. Хүмүүс ихэвчлэн өөрийнхөө түүх, дурсамжийг бичдэг. Жаамаа ах бол дандаа хүнийг бичсэн. Хүмүүсийн түүхийг бичихэд аавын чинь номноос авч ашигладаг” гэсэн. Аав маань таван хүүхдийнхээ тухай төрсөн цагаас нь авахуулаад тэмдэглэсэн дэвтэр байдаг. Гарсан цаг минутаас нь авахуулаад онцлогуудыг нь бичиж тэмдэглэсэн байдаг. Би ном гаргах юм сан гэж боддог. Гэхдээ зохиол бичих гэдэг мэргэжлийн ажил юм. Ямар ч юманд цензур байхгүй болчихоод байна л даа. Дуртай болгон найруулагч хийгээд, зохиол бичээд, сурвалжлагч хийгээд явах юм. Дөрөв, таван жил суралцаж, эзэмшдэг мэргэжлийн ажлыг хүн болгон хийх гээд байна шүү дээ. Хүнд авьяас байж болно. Түүнээс биш мэргэжлийн түвшинд бүтээл гарахгүй шүү дээ. Тийм ч учраас мэргэжлийн түвшний кино ч гарахгүй байна. Үүнд эмзэглэдэг. Дээр үеийн кинонууд яагаад сайн байсан гээд яригдаад байдаг гэхээр дандаа мэргэжлийн улсууд, номыг нь үзсэн, маш олон жил энэ салбарт ажиллаж туршлага хуримтлуулсан хүмүүс энэ ажлыг хийж байсан. Тийм болохоор би ном гаргах гэж яардаггүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *