Categories
мэдээ нийгэм

МСҮТ-ийн оюутнууд “70 мянган төгрөгөө авъя” хэмээн жагслаа

Мэргэжил сургалт үйлдвэрийн төв /МСҮТ/-ийн оюутнууд 70 мянган төгрөгийн тэтгэлгээ авахыг шаардаж /14.30 цагт/ Тусгаар тогтнолын ордны өмнөх талбайд жагсаж байна. УИХ, Засгийн газраас улсын төсөв алдагдалтай, эдийн засаг хямарсан ийм үед оюутнуудад сар бүр олгодог 70 мянган төгрөгийн тэтгэмжийг ирэх оноос эхлэн зогсоох нь зөв гэсэн шийдвэрт хүрсэн. Гэхдээ МСҮТ-д суралцдаг оюутанд олгох 70 мянган төгрөгийг шууд зогсоосон юм. Энэ нь “айлын хүүхдийг алаг үзсэн” улс төрийнхний шийдвэр гэж тэтгэлгээс хасагдсан оюутнууд үзжээ. Тэд Н.Номтойбаяр сайдыг тэтгэмжийн асуудлыг эргэн харах хэрэгтэйг сануулан хоёр дахь удаагаа жагсаж буй нь энэ. Жагсагчид гартаа “70 мянган төгрөгөө авъя” “Н.Номтойбаяр сайдаа шийдвэрээ эргэн хараач ээ”, “Нимгэн дэвтэр, хямд бал авдаг мөнгийг минь өгч сурах боломжоор ханга” гэсэн уриа лоозонг барьжээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хувийн хэвшлийн МСҮТ-үүдэд төсвөөс өгдөг хувьсах зардлыг хасч, тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг ч олгох боломжгүй гэдгээ албан бичгээр мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, их дээд сургууль, коллежид суралцдаг оюутнууд 70 мянган төгрөгийн тэтгэлгээ үргэлжлүүлэн авах бол МСҮТ-д суралцдаг 40 мянга суралцагч энэ тэтгэлгийг авахгүй гэсэн үг. Чухам яагаад гэсэн асуултад “Төсвийн мөнгө хүрэлцэхгүй байгаа тул тэвчиж болох зардлаа танана” гэсэн хариулт өгсөн байна.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 70 гаруй МСҮТ-д нийтдээ 42 мянга орчим хүүхэд суралцаж буй. Харин суралцагчдын 60 гаруй хувь нь бүтэн болон хагас өнчин, 90 гаруй хувь нь тэтгэлэг болох 70 мянган төгрөгөөрөө өрхийн орлогоо бүрдүүлэхэд багагүй жин дарах нөлөө үзүүлдэг айлын хүүхдүүд суралцдаг гэсэн тоон судалгаа байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *