Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр буюу тавдугаар сарын 3-ны өдөр “Хэвлэлийн эрх чөлөө гавлагдлаа” цуглаан зохион байгуулах талаар МСНЭ-ээс мэдээлэл хийлээ.
Цуглаан тавдугаар сарын 3-ны өдөр Сүхбаатарын талбайд 10:30 цагт болно.
Энэ талаар МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр “Тавдугаар сарын 3-нд хэвлэлийн эрх чөлөөний өдөр болно. Бид өнгөрсөн жилүүдэд хэвлэлийн эрх чөлөөний өдрийн ЮНЕСКО-гийн уриан дор тэмдэглэдэг байсан. Харин энэ жил дотоодын нөхцөл байдалдаа тулгуурлан асуудал хөндөж, хууль зүйн орчныхоо хүрээнд ямар асуудалтай тулгарсан бэ, яагаад хэвлэл мэдээллийн салбарынхан асуудалтай тулгарч байгаа вэ гэсэн асуудалд анхаарч ажиллах тухай Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор тавдугаар сарын 3-ны өдөр “Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав” цуглаан зохион байгуулна.
“Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав” цуглааны хүрээнд хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа 4500 гаруй хүний эрх ашиг, Монгол Улсын гурван сая гаруй иргэний мэдэх эрх ашгийг хамгаалахыг зорьж ажиллана” гэлээ.