Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Мөсөн зуд нүүрлэж, малчид аргаа барж байна DNN.mn

Цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зудын нөхцөл байдалд үнэлгээ хийсэн. Ингэхэд улсын хэмжээнд долоон аймгийн 15 суманд төмөр зуд, 17 аймгийн 81 суманд цагаан, 16 аймгийн 66 суманд цагаанаар зудархуу, хоёр аймгийн дөрвөн суманд харын зудын буюу нийт 20 аймгийн 166 суманд өвөлжилт хүндэрсэн гэж гарчээ. Малчдын бэлтгэсэн өвс, тэжээл бараг дуусч, малын хорогдол ч нэлээн гарч байгаа аж. Тиймээс бид зарим аймаг, сумдын Засаг дарга, малчидтай холбогдож, нөхцөл байдлыг тодрууллаа.

Дорнод аймгийн Матад сумын нутаг цагаан зудтай, байдал нэлээд хүнд байгаа гэдгийг тус сумын Засаг дарга Д.Баттулга хэлж байна. Цасны нягтаршил их байгаа нь байдлыг улам дордуулж байгаа аж. Мөн тус суманд өөрийн нутгийн 55 мянган адуу өвөлжиж байгаа дээр нэмээд Сүхбаатар аймгийн зарим сумд, Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр, Баянтүмэн, Гурванзагал сумдаас шуурганаар 40 гаруй мянган адуу уруудаж иржээ. Өнгөрсөн оны сүүлээс малчид өөрсдийн гар дээрх өвс, тэжээлээ хэрэглэж эхлээд бараг дууссан байна. Тиймээс сумынхаа өвс, тэжээлийн агуулахаас хүндэрсэн, цас ихтэй гурван багтаа 4000 орчим боодол өвс тараажээ. Уг нь сумын нөөцийг хавар төлийн үед тараах ёстой байдаг боловч цагийн байдал хүнд байгаа учраас үүнээс өөр арга байхгүйг тэрбээр учирлаж байна. Сумын ЗДТГ-т багуудаас долоо хоног бүр малын хорогдлын мэдээ авч байгаа бөгөөд долоо хоногтоо л 500-600 тооны мал хорогдож байгаа ажээ. Мөн нөхцөл байдлыг улам дордуулж байгаа нэг зүйл нь шатахуун, түлшний хомсдол болжээ. Тэгвэл Дорнод аймгийн Булган сумын нутагт энэ жил 246 мянган толгой мал өвөлжиж байна. Зуншлага тааруу байсан, нийт нутгаар нь 15-25 см зузаан цасан бүрхүүл тогтсон бөгөөд 600 гаруй мал хорогджээ.

Малчдын бод мал шуурганаар нэлээд уруудаж, Матад болон Халх гол сумын 19, 21 дүгээр талбай,

Мэнэнгийн тал орчимд очсон бөгөөд Аймгийн онцгой комиссын шийдвэрээр тус газруудад сумын Засаг дарга Т.Гантулга тэргүүтэй хүмүүс ажиллаж байгаа юм байна. Булган сумын хувьд нийт 653 малчин өрхтэй бөгөөд мөн л өвс, тэжээл нь дууссан учраас аймгийн нөөцөөс 1000, сумаас 4000 боодол өвс тараахаар шийдвэрлэжээ. Цаашид цас нэмж ороод, шуурвал мал бэлчих ямар ч аргагүй болох бөгөөд малын хорогдол ч нэмэгдэхээр байгаа аж.

Сүхбаатар аймгийн Уулбаян суманд ч нөхцөл байдал ялгаагүй байна. Сумынхаа зүн талд 30-аад километр зайд өвөлжиж байгаа тус сумын V багийн малчин Л.Амгаланбаатарын хэлснээр айл, саахалтындаа очиход ч бэрх болсон байна. Машин, мотоцикльтой явах ямар ч боломжгүй бөгөөд хаа нэг морьтой л явж байгаа аж. Өвс, тэжээлийн нөөц нь ч шавхарч, мал нь доод талаасаа ширвэгдээд эхэлсэн байна. Нэг боодол өвс 15-17 мянга, хивэг 35 мянган төгрөгийн үнэтэй байгааг тэрбээр хэт үнэтэй тусаж байна гэв. Л.Амгаланбаатар гуайн адуу аль оны өмнө л шуурганаар уруудсан бөгөөд одоо хаана байгааг ч мэдэхгүй, араас нь явж чадахгүй, хий дэмий л санаа зовж сууна.

Дорноговь аймгийн нутагт энэ жил тун хүнд өвөл болж байна. Ялангуяа Иххэт, Алтанширээ сумдын нутагт мөсөн зуд нүүрлэжээ. Алтанширээ суманд ноднин жилийн 11 дүгээр сараас эхлэн 14-15 удаагийн их хэмжээний цас оржээ. Цас орох бүрдээ салхины эрч чангарч шуурсан бөгөөд бямба гаригт л гэхэд 24 цагийн турш шуурсан байна. Малчдын гар дээрх өвс, тэжээл бүрэн дуусч, сумын нөөцөө ч тарааж дуусчээ. Өнгөрсөн намар боодол өвс 10-11 мянган төгрөгөөр зарагдаж байсан бол ийн зуд болсны дараагаар ченжүүд үнээ 20 мянга болгон нэмж, 25 килограммын тэжээл 33-35 мянган төгрөг болсон байна. Малчид зарим малаа бойлсон ч гэсэн сумын хэмжээгээр 6-7 мянган мал хорогдож, 14-15 мянган мал шуурганд урууджээ. Уруудсан малынхаа зарим хэсгийг малчид олсон ч айлууд нүүх, мал бэлчих газаргүй болжээ. Сумын зүгээс зам гаргах ажлыг тогтмол хийж байгаа ч шөнөдөө шуураад буцааж дарчихаад байгаа аж. Хүн эмнэлэг нь хоёр фургонтой ч нэг нь эвдэрч, ашиглах боломжгүй болсон бөгөөд иргэддээ очиж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн хүндрэлтэй болсон гэдгийг тус сумын Засаг дарга Н.Бүрэнтэгш хэлж байна. Харин Төв аймгийн Баян-Өнжүүл сумын хувьд бог мал хорогдоод эхэлсэн, малчдын 70-80 хувь нь хүндхэн байдалтай болсон гэнэ.

Малчдын өвс бараг дуусч, тэжээл 35 мянга, өвс 20 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа аж. Сумын аюулгүйн нөөцөд нь ямар ч өвс, тэжээл байхгүй болсон гэдгийг тус сумын Бараат багийн Засаг дарга Д.Тунгалаг хэлэв. Тэрбээр аймгийнхаа Онцгой байдлын газар руу утасдаж, зам гаргахад туслаач гэсэн санал тавьсан байна. Хүн эмнэлгийнх нь машин эвдрээд саяхан зассан ч их хэмжээний цастай, зам харгуй байхгүй учраас малчид эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа ажээ.

Хангайн бүсийн аймгуудад ч ижил нөхцөл байдалтай байгаа аж. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумыг өндөр эрсдэлтэй гэж үнэлсэн байна. Сумын хэмжээнд нийт 221 мянган мал өвөлжихөөс 10 гаруй мянга нь зэргэлдээх сумдад отроор явжээ. Нийт нутгаараа 40-70 сантметрийн цасан бүрхүүлтэй байгаа нь улсын хэмжээнд нэлээд зузаантайд орж байна. Тиймээс сумын удирдлагаас УОК-т нэгдүгээр сарын эхээр хүсэлт тавьснаар 30 тонн тэжээл авч, зургаан багийнхаа малчдад хямдралтай үнээр хуваан өгчээ. Мунгараг, Соёо, Муна багийн нутгуудад байдал нэлээд хүндэрч, он гараад мал хорогдож эхэлсэн байна. Гэвч одоогийн байдлаар яг нарийн тоо гаргах боломжгүй, багууддаа тэр бүр хүрч очиж чадахгүй байгаа гэсэн мэдээллийг Улаан-Уул сумын Засаг даргын орлогч М.Отгонбаатар өгөв. Харин тус сумын Соёо багийн малчин, өндөр настан Ж.Даажин өвч тэжээлээ бүрэн дууссан. Саяхан сумаас хөнгөлөлттэй үнээр буюу 15 мянган төгрөгөөр тэжээл өгсөн байна. Хонь, ямаа нь хэт хүйтэнд даарч, өлдөж үхээд байгаа ч хүн, хүч муутай учраас отор нүүдэл хийж чадалгүй суугаа гэнэ. Хэдэн малынх нь буян заяа түшиж, хорогдол эндэл багатайхан урин цагтай золгоосой хэмээн залбирч сууна хэмээн Ж.Даажин гуай хэлж байна. Тэгвэл Архангай аймгийн Өндөр-Улаан сум ч гэсэн онц ялгаагүй аж. Өвөлжилт нэлээд хүндэрч тал газраа 5-25 сантметр, Азарга, Хануй багийнхаа нутагт 60-70 сантметрийн зузаан цастай гэнэ. Мал одооноос хорогдож эхэлж, малчдын өвс бараг дуусч байгаа ч тэднийх сумын аюулгүйн нөөцөө задлаагүй байгаа юм байна. Өндөр-Улаан суманд зэргэлдээх аймаг, сумдын отрын мал орж ирсэн бөгөөд тэдгээртэй нийлээд 400 гаруй мянган толгой мал өвөлжиж байгаа гэдгийг Засаг дарга Ю.Баасанжаргал хэллээ.

Ийнхүү бидний холбогдсон бүхий л газарт өвөлжилт нэлээд хүнд байна. Энэ жилийн хувьд цас орж хүйтрээд, дараа нь хэд хоног дулаарч, дахин хүйтэрсээр ийнхүү мөсөн буюу шилэн зуд нүүрлэжээ. Намрын дэлгэр цагаар бэлдэж нөөцөлсөн малчдын өвч тэжээл үндсэндээ шавхагдаж, одоо л жинхэнэ хүнд цагтай нүүр тулах нь гэдгийг ч малчид учирлаж байна.

Тиймээс холбогдох газруудаас нь яаралтай арга хэмжээ авч, тодорхой тусламж дэмжлэгийг УОК-оос өгөхгүй бол дөрвөн цагийн уртад хэдэн малаа дагаж, амьдрал ахуйгаа өөд татаж явдаг хэдэн бор малчид маань хамраараа газар хатгаж мэдэхээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *