Монголын мөнгөн үеийн яруу найрагч Жамьянгийн Болд-Эрдэнэ гэж гайхамшигтай “амьтан” байлаа. Болд-Эрдэнэ ах маань үе үе “Бадрал анд” гэж ярина. С.Бадрал Баянхонгор аймгийн Баянговь сумын найман жилийн дунд сургуулийг 1979 онд төгссөн хүн. Бадрал ах таван сартайдаа Баянговь суманд өвөө Пэрлээжамцындаа очиж байсан юм билээ. Бадрал гэдэг хүнийг багаар бодож болсонгүй ээ. Өвөөгийнхөө нэрийг “Үйлсийн далай” гээд орчуулах жишээтэй. Тэгэх нь ээ, Пэрлээжамц гэдэг нь далай лам нарын нэг дүрийнх нь нэр гэнэ. Эмээ нь доржхорол. Эмээгийнхээ нэрийг Очирхүрдэн гэж хэлж байна. Эндээс харахад энэ С.Бадрал гэдэг хүн нуруу намхан ч эрдэм өндөр хүмүүн аж. Өвөө нь Баянговь сумын зочид буудалд тогоочоор ажиллаж байгаад зээ хүүгээ гурван нас хүрэхэд Их Богд уулын өвөр Цагаан голын Дунд хар хошууны орчимд нутаглах болсон юм байна. Бадрал хүү энд л хөлөө сайртаж хужирттал тоглож өссөн юм. С.Бадрал 2009 онд энэ л төрсөн нутагтаа 20 гаруй оюутан шавь нараа дагуулан очиж эрдмийн ажил хийжээ. Тэр л үед Баянхонгорын Баянговийн их яруу найрагч Ванхүүгийн Батбаярын төрсөн бууц Цоохорын нуруугаар очиж эрхэм андаа санагалзан тэнгэрийн дор зогссон гэдэг.
Бадрал багш ер зүгээр байдаггүй хүн бололтой. Саяхан гэхэд шавь нараа дагуулаад бурханч лам Пүрэвбатын байгуулсан Аглагийн хийдээр ороод иржээ. Шавь нараа жилд хоёр удаа уран зургийн дадлагад гаргадаг гэнэ. Монгол Улсын төрийн шагналт, ардын зураач, профессор Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх, дизайн урлагийн сургуульд 1993 онд багшилснаас хойш ная гаруй уран барималч төгсгөсөн байна. Түүний шавь нар гэвээс нэрт барималч, соёлын тэргүүний ажилтан Алтаншагай, Багшийн дээд сургуулийн номтой хөшөө болон Б.Ширэндэвийн хөшөөг хийсэн Эрдэнэсайхан, БНСУ-ын Чендү хотноо зохиогдсон олон улсын дүрслэх урлагийн наадмын тэргүүн шагналт “Монгени” цогцолбор сургуулийн багш калиграфич Ц.Тамир, Шведэд Land art бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргасан Д.Батхолбоо, Догшин ноён хутагт Данзанравжаагийн хөшөөг бүтээсэн “Шинэ Яармаг” хорооллын менежер Д.Ганбаатар, төрийн ордны өмнөх Чингис хааны хөшөөн дээр ажилласан Х.Мөнхтүвшин, Хэнтий, Дорнод, Дорноговь, ӨМӨЗО-нд алдар цуутай хүмүүсийнх нь хөшөөг барьсан Т.Даваасамбуу нарын олон барималчид байна. Бадралын шавь Н.Цогмагнай Хэнтий аймгийн Дэлгэрхаанд алдарт уяач Сүрэнхорын хээр азарганы хөшөөг босгосон нь өнөө ч олон түмний нүдийг баясгасаар.
Шавь У.Цолмонхүү нь гэхэд “Улаанбаатар” зочид буудлын өмнөх нийслэл хотын макет баримлыг хүрлээр цутгасан гээд бод доо. Бадрал багшийн шавь нар гадаадын олон сургуульд суралцсан байдаг. БНСУ-ын Сөүл хотод Ө.Одхүү, Ромд Б.Цагаадай, Флоренцид Пүрэвхүү, Австрийн Венад Б.Очироо нар магистрт суралцаж төгсчээ. Хөх хотод Энхбаяр, Бүрэнжаргал, Анхмаа, АНУ-ын Чикаго хотод Энхтамир, Хөвсгөл аймагт Б.Бат-Эрдэнэ, Баянхонгор аймагт С.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймагт Даваацэрэн, Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгад Т.Батдэлгэр нар ажиллаж байна. Мөн “Сити” их сургуульд Б.Цагаадай, “Орхон” бүрэн дунд сургуульд Д.Наранжаргал, “Монгени” сургуульд Х.Эрдэнэсайхан, ШУТИС-д С.Мөнхзаяа, Хүүхдийн урлан бүтээх төвд Т.Даваасамбуу, Г.Санчир нарын шавь нар нь ажилладаг юм байна.
С.Бадрал шавь нартайгаа гурван жилд нэг удаа хамтарсан үзэсгэлэн гаргаж иржээ. 2013, 2017 онд МУЭ-ийн танхимд үзэсгэлэн гаргаж цомог хэвлүүлсэн байна. Түүний хоёр дахь төгсөгчид 2019 онд уг үзэсгэлэнг хариуцаж гаргахаар болжээ. Бадралд магистр болоод бакалаврын шавь нар маш олон. Өмнөд Монголоос гэхэд ес дэх шавиа төгсгөх гэж байна. ОХУ-ын Буриадаас магистрт суралцаж байгаа нэг нөхөр байна аа. Тэр нөхөр бол Буриадын ардын зураачийн хүү шүү дээ. Японд дээд сургууль төгссөн гэж байгаа. Аавынхаа ч үгэнд орохгүй байсан энэ нөхрийг мань Бадрал л урлагийн замд хөтлөн оруулжээ. Бадрал Чингис хааны ач хүү Хубилай сэцэн хааныг бурханчлан шүтдэг юм билээ. Тэрээр “Хубилай их богдын өв судлалын төв”-ийг байгуулсан байна.
Одоогийн Баянхонгор аймгийн говийн сумд буюу Сайн ноён хан аймгийн урд хэсэг Хубилайн нагац өвөө Жаха хамбугийн төрөлх нутаг байжээ. Тиймээс С.Бадрал 2016 онд Баянговь сумын сургуулийн 70 жилийн ойд зориулан Хубилай хааны цээж хөшөөг сургуулийн үүдэнд босгожээ. Үр хойчоо Хубилай сэцэн шиг эрдэмтэй хүн болоосой гэж тэр хүсчээ. “Жа-гийнхан жалгын нэг” гэдэг үгийг Бадрал л гагц тайлж чадах биз ээ. Чингис хааны ач Мөнх хааны төрийн их заргач Мөнхсаруул ноён Жа овогтон байж. Энэ тухай Оросын эрдэмтэн Рерих судалгааны бүтээлдээ бичсэн байдаг ажээ. Бадрал энэ сургуулийнхаа босгоор арван зургаан настайдаа анх алхан орж эдүгээ тавь гаруй насалтлаа орж гарч л явна.
Бид Бадрал багшийн баримлын өрөөгөөр орлоо. Гуравдугаар курсын П.Пүрэвдорж, Б.Энхбаяр нар морины баримал дээр ажиллаж байна. Морь ерөнхийдөө хоёр хөл дээрээ зогсдоггүй гэнэ ээ. Бадрал үүнийг шавь нартаа хэлж байна. Тэгснээ “Хүмүүсийн нэг талаас нь хардаг юмыг би мянган талаас нь харж сурсан” гэж Францын агуу их сэтгэгч Вольтер хэлсэн юм шүү гээд инээж байна. Энэ Бадрал нуруу намхан боловч сэтгэлгээ өндөр нөхөр ажээ. “Уран зураач, барималч хоёр хоёулаа л яруу найрагч. Гэхдээ уран барималч хэзээ ч шог хошинг тэвчдэггүй” гэж ярьж байна. Өндөр гэгээн Занабазар аль эрт 5D-г бүтээсэн хүн гэнэ. Үнэн биз дээ, бид юугаа мэдэхэв. Барималч хүн эрхи имэрч байгаа юм шиг ариун нандин бүхнийг эрхэмлэж байдаг болохоор зүрх судас нь ер өвдөггүй гэнэ. Бадрал багшийн ярианаас нэг их сонин юм сонсов. Барималч хүн караказ буюу баримлын загвараа барихдаа тооцоотой байхгүй бол нам дарагддаг гэнэ дээ. Жишээлбэл, Лениний хөшөөг барьж байсан нэг нөхөр загвараа буруу босгосноос шавартаа даруулж үхсэн гунигт түүх байдаг юм байна. Уран барималч хүн хэзээд завгүй байдаг аж. Анзаараад байхад шавартаа зууралдсан энэ нөхдийг их л заваан гэж бодож байсан юм. Гэтэл энэ шаварчид хамгийн цэвэрч хүмүүс ажээ. Яагаад гэвэл баримлаа барьчихаад дараа нь шууд гараа угааж цэвэршдэг аж.
С.Бадрал Ленинградын уран зургийн академи төгссөн хүн. ЗХУ-ын социалист хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, Лениний шагналт, ардын зураач М.К.Аникушины гарын шавь болсондоо өнөө ч бахархдаг. Багш нь Пушкин, Есенин, Блок нарын хөшөөг босгосон юм билээ. Ленинградад хөгжмийн зохиолч Глинк, агуу их Айзовский, Пушкины хайрт гэргий Наталья Гончарова нарын алдарт хүмүүсийн шарил бунханд Монголын их яруу найрагч Жамьянгийн Болд-Эрдэнэ, Бадрал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар үе үе очиж хүндэтгэл үзүүлдэг байжээ. Бадрал багшийн энэ сайхан ярианд автаж шавь нарынх нь бүтээлийг сонирхоод бид Дашчойлин хийдийн баруунтайх гэрт нь зочлов. Гэргий нь Завхан аймгийн Ургамал сумын гаралтай Д.Уранбилэг гэж Туулын хөвөөнд өссөн Яармагийн охин ажээ. Бадрал ханиа анх 1980 онд гандмал ягаахан пальтотой байхад нь харсан гэдэг. Долоон жилийн дараа тэр хоёрын хооронд ямархан сайхан ертөнц бүрдэхийг хүний хорвоо мэдсэнгүй ээ. Нутгаа санаад л найз охиндоо захиа бичнэ ээ. “Хоёр охин, нэг хүүтэй боллоо” гэж ирээдүйн гэргийдээ бичиж байсан нь одоо бодоход үлгэр ч юм шиг. Бадралын Ленинградын андууд гайхамшигтай хүмүүс байлаа. Монголын ерээд оны мөнгөн үеийн яруу найрагчдын түүчээ Жамьянгийн Болд-Эрдэнэ, “Хөх зул” номоо гаргасан Л.Энх-Амгалан нарын сайхан сэтгэлтнүүд түүнийг хүрээлж байв.
Уранбилэг тэр хоёр хань ижил болоод үрийн сайхан аав ээж болцгоожээ. Ууган охин Цагаадай 1989 онд, удаахь үр Билгүтэй 1992 онд, отгон хүү Боданчар 2000 онд төрсөн юм билээ. Яг үнэндээ үр ач нарынх нь нэрээс өгсүүлээд л маргах юм зөндөө л байсан. Боданчар гэдгийг тэнгэрийн хүү гэж тэр тайлбарлаж байна. Түүний хоёр охин гартаа уртай гайхалтай үрс ажээ. Охин Билгүтэй “Гоёо” компанид загвар зохион бүтээгч. Охин Цагаадай “Сити” их сургуульд багш. Хүү Боданчар “Шинэ Монгол” сургууль төгсөөд ШУТИС-ийн компьютер графикийн ангид элсэн орсон. Отгон хүү авьяасын сав хоосонгүй гэнэ. Боданчар Японд болсон олон улсын хүүхдийн зургийн уралдааны анимейшн төрөлд шилдэг бүтээлийн тэргүүн байр, “International Modern Artist association”-ын Ерөнхийлөгч Мацуда Такаакийн шагнал, арван мянган иен хүртсэн байна.
Урнаа эгчийн хувьд “Ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах туршлагын үйлдвэр”-т мастераар ажиллаж байжээ. Энэ үйлдвэр одоогийн Жаргалсайханы “Буян” компани юм билээ. Бадрал докторыг Монголын оюун санаа, зан үйл, нууц тарнийн олон номын эхийг хадгалсан гайхамшигт цуглуулагч гэдгээр нь монголчууд андахгүй. Түүний цуглуулгад Чингис хаан, Хубилай хаан, Галдан бошигт хааны нууц номууд ч байдаг юм билээ. Чингис хааны цагаан сүлдний сахиус тэднийд байна. “Монголын нууц товчоо”, “Хөх судар”, “Судрын чуулган”, “Өндөр гэгээний түүх” хэмээх сайхан бүтээлүүд нүдний хараанд өртөж байлаа. Бадрал докторын өчнөөн сайхан номыг үзэх бүр ном унших соёлыг би дэндүү гайхамшигтай мэдрэв. Тэр хүн хөх, улаан балаар тэмдэглэнэ. Номын арын хуудсанд тусгай тэмдэглэл хөтөлнө. Өндөр гэгээн, Манлай баатар Дамдинсүрэн, Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал нарын бүхэл бүтэн үзэсгэлэнгүүд түүнд бий. Сүхбаатарын Бадралын аль сайхан цуглуулга, эрдмийн ажлыг та бүхэндээ хэлж барах билээ дээ.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН