Categories
мэдээ цаг-үе

Монголын улстөрчид цементийн үнээр тоглож байна уу?

Барилга байшин, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй энэ үед барилгын гол түүхий эд болсон цемент зах худалдааны төвүүдээр хомсдож, энэ хэрээр цементийн үнэ огцом өсөх болжээ. Тухайлбал, өчигдөр “Зуун айл” барилгын материалын захын цемент зарж буй хэсгээр явж сурвалжлага бэлтгэхэд нэг шуудай цемент 12-15 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд нэг тонн нь 185-240 мянган төгрөгт хүрчихсэн байна. Өмнө нь дунджаар 150 мянган төгрөг байсан юм. Дөрөв хоногийн өмнө нэг шуудай нь 8-9 мянга гэж байсан цемент 15 мянган төгрөгт хүрчээ. Нэг шуудай нь гэхэд л даруй зургаан мянган төгрөгөөр нэмэгдчихсэн гэсэн үг. Мөн сүүлийн хоёр өдөрт хятад цемент бараг олдохгүй байгаа юм байна. Гэсэн ч бас үндэсний үйлдвэрлэлийн цемент зах зээлд төдийлөн элбэг биш бөгөөд нэлээд өндөр үнэтэй байдаг ажээ.

“Зуун айл” захын цемент борлуулагч Д.Баярбатаас зарим зүйлийг тодрууллаа.


-Цементийн үнэ хэзээнээс нэмэгдчихэв. Үнэ өсөх болсон гол шалтгаан нь юу юм бол?

-Энэ сарын 18-ны өдрөөс эхлээд л цементийн үнэ нэмэгдчихлээ. Аливаа бараа, бүтээгдэхүүн зах зээлд хомсдоод ирэхээр үнэ нэмэгддэг шүү дээ. Угаасаа хятад цементийг гааль дээр оруулахгүй байгаа юм байна. Монголын цементийн үйлдвэрүүд өөрсдийн зах зээлээ алдахгүйн тулд хятад цементийг шахаж байгаа гэж ченж нар буюу бид ойлгож байна.

-Иргэд ихэвчлэн хятад цемент авдаг нь ямар учиртай вэ?

-Монголын гурван ч том компани цемент үйлдвэрлэж байгаа. Ихэнх нь улстөрчдийнх. Гэтэл тэд хэт өндөр үнээр цементээ борлуулдаг. Үнэ ханшийг нь буулгахгүйн тулд зах зээлд цементээ хангалттай нийлүүлдэггүй. Жижиглэнгээр зардаггүй болохоор жижиг, дунд аж ахуй эрхлэгчид болон гэр бүлийнхээ барилга зэрэг хэрэгцээнд ашиглах иргэд цемент олж авахад хүндрэлтэй байдаг. Ер нь хятад цемент л худалдан авагчдын хэрэгцээг хангаж байна. Харин томоохон баян компаниудад бол Монголын том цементийн үйлдвэрүүд өөрсдөө цементээ аваачаад өгчихдөг юм шиг байна лээ. Энэ нь барилгын үнэ буурдаггүй бас нэг шалтгаан шүү дээ. Ер нь аливаа бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг өсгөх, эдийн засгийн хямрал үүсгэх зэрэг нөхцлийг улстөрчид өөрсдөө бий болгоод байдаг юм байна гэж ойлгож байгаа. Хятад цемент хэзээнээс зах зээлд элбэг, боломжийн үнэтэй байсаар ирсэн учраас иргэд худалдаж аваад заншчихсан шүү дээ гэлээ. Тэгэхээр Монголын улстөрчид цементийн үнээр тоглож байгаа юу гэх асуулт гарч байна.

Яагаад гэнэтхэн цементийн үнэ өсч, хомсдол үүсэх болов. Эх орны үйлдвэрийн цемент гаалийн татвар төлж орж ирдэг гадны цементээс яагаад илүү үнэтэй байдаг юм бэ гэх асуудал гарна. Тэгвэл саяхан нээлтээ хийсэн МАК-ын Хөх цавын Цемент-Шохойн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харин эднийхийг цементээ өндөр үнээр борлуулж байна, үүнээс болоод цементийн үнэ өсчихлөө гэх мэлээлэл цахим орчинд гарсан. Ямартай ч одоогийн байдлаар тус үйлдвэрээс задгайгаар нэг тонн цемент 134.500 төгрөгөөр гарч байгаа. Харин савласан нь болохоор нэг тонн нь 141.600 төгрөгийн ханштай юм байна. Энэ бол зөвхөн үйлдвэрийн үнэ. Хотод ирвэл тээврийн хөлс болон борлуулагчийн цалин, зарж борлуулах цэгийн түрээс гэх зэргээр дахин нэмэгдэх боловч эднийх Улаанбаатар хотод борлуулах үнээ тогтоогоогүй байгаа гэнэ. Одоогоор өөрсдийнхөө харилцдаг, дотоодынхоо хэдхэн үйлдвэрт нийлүүлж байгаа аж. МАК-ын Хөх цавын Цемент-Шохойн үйлдвэр долдугаар сарын эхний долоо хоногт цементээ худалдаанд гаргачихна гэж төлөвлөж байгаа юм байна. Одоогийн байдлаар дотоодын хэрэгцээгээ хангаад, өөрсдийн компаниуддаа нийлүүлж байгаа ажээ. Харин хотод борлуулахдаа Амгалан, Толгойт, Техник импорт зэрэг газруудад түгээчих юм байна. Эднийх цементээ Евро стандартын хамгийн сүүлийн үеийн технологи буюу РС 62.5, ОРС 52.5, ОРС 42.5 төрлийн цемент хэмээн өндөр үнээр борлуулахыг урьтал болгож байгаа гэнэ.

Харин “Монполимент”-ын цементийн борлуулалтын албатай холбогдоход “Нэг тонн цемент шуудайлсан хэлбэрээр 167 мянга. Задгайгаар 150 мянга гэж байгаа. Энэ бол зөвхөн үйлдвэрийн үнэ шүү. Их хэмжээгээр нь манайх руу захиалга өгөөд, манайх үйлдвэрээсээ вагонд ачуулж өгдөг гэсэн үг. Түүнээс биш жижиглэнгээр бол худалддаггүй юм” гэж байна.

Мөн “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” нэг тонн цементийг үйлдвэрээсээ 157300 төгрөгөөр гаргадаг юм байна. “Хөтөл” цементээ мөн л бусдын жишгээр үйлдвэрээсээ бөөнд нь худалдаалдаг болохоос биш жижиглэнгээр гэж гаргадаггүй бөгөөд жижиглэнгээр хаана зардаг эсэхийг мэдэхгүй гэнэ.

Хятадаас цемент оруулж ирэхэд гаалийн татварт 20 хувийг, НӨАТ-ын татварт таван хувийг тооцож авдаг юм байна. Өөрөөр хэлбэл, иргэн Бат 100 мянган төгрөгийн цемент оруулж ирлээ гэхэд 20 мянган төгрөгийг гаалийн татварт суутгуулж, татвартайгаа нийлээд 120 мянган төгрөгийн үнийн дүнгээсээ дахин НӨАТ-ын татварт таван хувийг төлдөг гэсэн үг юм байна. Тэгэхээр гаалийн татвар төлж орж ирдэг хятад цемент эх орондоо үйлдвэрлэж буй цементээс хямд хүртээмжтэй байдагт иргэд дуртай аж. Хаа, хаанаа үндэсний үйлдвэрээ дэмжихээр гааль дээр хүртэл хязгаарлалт хийж байгаа гэнэ. Гэхдээ хятад цементийг хомсдуулж байгаад дотоодынхоо цементийг өндөр үнээр шахдаг байдал угаас бий болчихоод байгаа хэмээн зарим худалдаачид учирлаж байна лээ. МАК-ын эзэн нь УИХ-ын гишүүн, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр. Цементийн үйлдвэрийг нь түүний төрсөн дүү Н.Цэлмүүн хариуцдаг. Харин “Монполимент” бол УИХ-ын гишүүн Ц.Гарамжавынх гэх мэт томоохон цементийн үйлдвэрийн эзэд бүгд улстөрчид бий. Тэгэхээр Хятадын цементийг зах зээлээс шахаж гаргах нь зөв байж болох ч цементийн үнийг өсгөж, хомсдол үүсгэн жирийн иргэдийг хохироож байгаа бол зүйд нийцэхгүй. Ер нь ченж нарын ярьж буйгаар дотоодын компанийн эзэд буюу улстөрчид цементийн үнийг үгсэн хуйвалдаж, өсгөж байгаа бололтой. Тэгээд ч Монголд Хятадын хоёр ч цементийн үйлдвэр баригдах гэж байгаа юм байна. Үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн тохиолдолд хэрэглэгчид сонголтгүй болдог тул бизнес эрхлэгчдэд маш хортой гэж үздэг. Манайд ийм тохиолдол нэлээд хэд хэдэн салбарт гардаг гэдгийг хуулийнхан хэлж байна. Тухайлбал, нефть импортлогч компаниуд нэг өдөр, нэг цаг, нэг минутад нэгэн зэрэг үнээ нэмсэн тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгджээ. Мөн аудитын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын үгсэн хуйвалдсан хэргийг илрүүлж байсан түүх бий. Тэгэхээр үнэ нэмэгдсэн уг асуудлыг хэрэглэгчид Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хамгийн түрүүнд мэдэгдэх ёстой. Тухайн компаниуд үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн бол нэг жилийн орлогынх нь зургаан хувиар торгоно гэж хуульд заажээ.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *