Таван толгойн цахилгаан станц
Нүүрс зөвхөн төрийг тэжээгээд зогсохгүй нийслэлийн оршин суугчдын тал хувийн амьдрал болж хувирсан өнөө цагт цахилгааны хэрэгцээ эрс нэмэгдэж байна. Утаанаас салах ганц зам нь гэр хорооллыг барилгажуулах. Барилгажилтыг дагаад дулаан, цахилгааны хэрэглээ эрс өснө. Гэтэл ирээдүйн барилгажилтыг дулаанаар хангах нь бүү хэл өнөөгийн нийслэлийн гэр хорооллын гэрлийн хэрэгцээг хангах, баруун аймгууд, Оюу толгойн хэрэглээнд 150 шахам сая ам.долларыг импортын цахилгаанд зарцуулж байна. Хэрэв Эгийн голын УЦС, Тавантолгойн ЦС ашиглалтад орвол нийт улс орны хэрэгцээг хангаад зогсохгүй, экспортод цахилгаан гаргах боломж бүрдэнэ. Дээрх цахилгаан станцуудад хөрөнгө оруулах саналтай гаднынхан хангалттай бий гэнэ. Харамсалтай нь манай төрийн бодлого социалист үнэ тогтоох бодлого хэрэгжүүлж байгаа учраас хятадуудаас өөр хөрөнгө оруулагч олдсонгүй. 200 шахам тэрбум тонн нүүрсний нөөцтэй манай улс баян орнуудыг өөрсдөө ирж авах нөхцөлтэйгөөр 200 сая тонн нүүрсийг тонн тус бүрийг 20 ам.доллараар урьдчилаад зарчихаж болно. Тэр мөнгөөрөө төслүүдээ санхүүжүүлж болно. Гаднын эдийн засагчдын зөвлөж буйгаар бол Монголын төр төсвөө танаж, хувийн хэвшилд боломж олгох ёстой. Төр, хувийн хэвшлийн хийх сонирхолгүй аж ахуйн үйл ажиллагаанд хошуугаа дүрэх хэрэгтэй. Хүний өмчийг гадна, дотнын гэж ялгалгүй хамгаалах үүргээ хэрэгжүүлэх ёстой. Иргэнийг “ганцад” хатааж байгаад өмчийг булаадгаа зогсоох хэрэгтэй. Ингэсэн цагт бидэнд мега, дэлхийд микро хэмжээнд тооцогдох хэдхэн төслийг санхүүжүүлэх мөнгө бэлэн гэнэ. Сонирхуулахад дэлхийн санхүүгийн шинжээчид өнөөдөр хямралтай ч ирээдүйд хэрэгжүүлэх бодлогоо зөв тодорхойлж чадвал B зэрэглэлийг BB сайжруулахад бэлэн гэнэ. Энэ тохиолдолд мөнгө орж ирнэ, гэхдээ бүүр хямдхан мөнгө орж ирнэ. Энэ боломж ойрын гурван жилд байгаа тухай гадны эдийн засагч ярьж байна. Тэгэхээр төслүүдээ хөдөлгөх, эс хөдөлгөх нь бидний л гарт байна гэсэн үг.
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор
Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор нь нүүрс, химийн үйлдвэр, өдөрт 4-5 мянган тонн нефть боловсруулах үйлдвэр, жилд 300 мянган тонн зэс боловсруулах үйлдвэр, жилд нэг сая тонн цемент боловсруулах үйлдвэр, ган, хорголжин, ангижруулсан төмрийн үйлдвэр, дулааны цахилгаан станцаас бүрдэнэ.
“Шинэ төмөр зам” төсөл
“Шинэ төмөр зам” төсөл нь 1800 км урттай, 5.5 тэрбум ам.доллараар хэрэгжинэ. Тус төмөр зам нь Ази, Европыг холбох гол бүсэд байгуулагдах ба тус зам ашиглалтад орсноор уул уурхайн бүтээгдэхүүн зөвхөн БНХАУ, ОХУ-аар дамжин Зүүн өмнөд Ази руу гарах хоёр гарцтай болох юм.
Тавантолгойн цахилгаан станц
Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 мегаваттын чадалтай цахилгаан станц барина. Энэ станц ашиглалтад орсноор Оюу толгой төсөлд гаднаас худалдан авч байгаа эрчим хүчийг дотоодоос хангана. Өнөөдөр Оюу толгой төсөл жилд 100 сая ам.долларын цахилгаан БНХАУ-аас худалдан авч байна. Энэ нь цаашид 30 шахам хувиар өснө. Станцаас гарсан цахилгаанаар эрчим хүчний нүүрс, кокс болон угаасан нүүрснээс үлдэх хаягдлыг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Мөн төвийн эрчим хүчний сүлжээнд холбосноор төвийн бүсийн эрчим хүчний хангамжид дэмжлэг болохоос гадна эрчим хүч экспортлох боломж бүрдэх юм.
Эгийн голын усан цахилгаан станц
Эгийн голын УЦС Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Эг-Сэлэнгийн бэлчрээс 2.5 км зайд байрладаг. Усан сангийн хэвийн түвшин далайн түвшнээс дээш 910 метр, усан сангийн эзэлхүүн 5.7 тэрбум метр куб, усан сангийн талбай 154.3 км квадрат юм. Эгийн голын УЦС ашиглалтад орсноор нүүрсхүчлийн хийн хэмжээ буурч, олон улсын байгууллага, өндөр хөгжилтэй орнуудаас урамшуулал авах боломж бүрдэнэ. Монголд өмнө хэрэгжсэн төслүүдийн жишгээр хүлэмжийн хийг тонн тутамд дөрвөн еврогийн урамшуулалтай борлуулахаар тооцвол жилд 2.8 сая еврогийн орлого олно.
Х.Баттөгс