Монгол хүн Японы мэргэжлийн сумод барилдаж эхэлсний 26 жил, Монголын сумо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Өнөөдөр эдгээр түүхэн ойг угтан олон арга хэмжээ зохион байгуулах гэж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Кёкүшюзан Д.Батбаяр “Японы мэргэжлийн сумо бөхийн “Оошима” дэвжээний багш Оошима Ояката 1992 онд Монгол Улсад өөрийн биеэр хүрэлцэн ирж, шалгаруулалт явуулан амжилт гаргасан зургаан монгол залууг сонгож байсан. Тухайн үед Д.Батбаяр, Ц.Батжаргал, Ш.Мөнхболд, Л.Түмэндэмбэрэл, Н.Цэвэгням, Б.Энхбат нар шалгарч Японы нийслэл Токио хотыг зорьж байлаа. Ингэж монголчууд сумо хэмээх шинэ спортын түүхийн замналын эхлэл тавигдсан. “Монголын сумо бөхийн холбоо” 25 жилийн хугацаанд 20 гаруй залуусыг мэргэжлийн сумод орох үүд хаалгыг нээж өгч, их аварга, арслан, заанууд төрөн гарч Монгол Улсын нэрийг дэлхий дахинд дуурсгаж байна” гэсэн юм.
Одоогоор Монгол улсын есөн сумоч 14 удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн амжилттай байна. “Монголын сумо бөхийн холбоо” 25 жилийн ойн хүрээнд “Сумо-25” хүүхдийн гар зургийн уралдаан, “Миний мэдэх Сумо-25” хэвлэл мэдээллийн шилдэг бүтээл шалгаруулахаас гадна “Сумо-25” асуулт, хариултын нэвтрүүлэг, тэмцээнийг 12 дугаар сарын 5-ны дотор зарлаж бүтээлийг egi_222@yahoo.com хаягаар авахаар болжээ. Уралдаантай холбоотой бусад мэдээллийг Монголын сумо бөхийн холбооноос аваарай гэж хэвлэлийн хуралд ирсэн төлөөлөгчид хэллээ.