“Яасан бэлгэшээлтэй өдөр вэ. Өнөөдөр би энэ жилийн хамгийн том бүтээлийнхээ ард гарчихаад сууж байсан юм. Ёстой сайхан учрал боллоо” гэсээр зураач Т.Чингис биднийг урландаа угтлаа. “Эрхэмсэг оршихуй” хэмээх хатны өмсгөлтэй монгол эмэгтэйн, 133х99 см хэмжээтэй, зотон тосон уг хөргийг зурахын тулд тэрээр гурван сарын хугацаа зарцуулжээ.
Түүний урлан хоёр том танхимтай. Нэгэнд нь насанд хүрэгчдэд зориулсан сургалт зохион байгуулдаг бол нөгөөд нь гэргий Ц.Амаржаргал нь хүүхдүүдэд зориулсан “Гүнж кидс арт” сургалтаа амралтын өдрүүдэд ажиллуулдаг юм байна. Зураач Ц.Амаржаргалыг уран зургийн хүрээнийхэн, уран зураг сонирхогчид Гүнж гэдэг нэрээр нь илүүтэй мэддэг билээ. Зураач Т.Чингис, Гүнж хоёрыг олъё гэвэл урланд нь очиход болно. Ажил, амралтын гэлтгүй бүхий л өдрүүдэд энд сургалтаа явуулж, хажуугаар нь уран бүтээлээ туурвицгаана.
Зураач Т.Чингисийг уран зураг сонирхогчид 2010 оноос мэдэх болсон бол 2016 онд АСЕМ-ын үеэр гадны улсуудын төрийн тэргүүн, хаадын хөргийг зурж дэлгэснээр нь дотоод гадаадгүй мэддэг болсон.
Түүний зурсан хөрөг зургуудыг харсан хүмүүс “Фото зураг юм биш үү”, “Принтлээд гаргаад ирсэн юм биш биз” гэж ойртож үзэж, хумсалж байсан гэдэг. Тэр үеэс түүний тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байсан бол уран зургийн хүрээнийхэн нь түүнийг илтэд үгүйсгэж байсан нь анзаарагддаг. Тийм ч болохоор Т.Чингис хөрөг зургуудаа зурахдаа цагаан цаас байхаас нь эхлүүлээд бүхэл бүтэн бүтээл болж гарах хүртэл тэр бүх үйл явцаа зурагжуулж үзүүлдэг болсон. Энэ нь ч Монголын ард түмний сэтгэлд нийцэж юм мэдэх хүмүүс “Орчин үеийн реализмын том төлөөлөгч. Хөрөг зургийн шинэ цагийн мастертай болжээ” гэх болсон.
Гуч дөнгөж гарсан зураач ийм том хүндэтгэлийг ард түмэн, уран зураг сонирхогчид, мэргэжлийн хүмүүсээс хүлээн авч хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг маш ховор хувь тавилан болов уу. Гэхдээ энэ залуу их амжилтад хүрэх хүртлээ асар их зовлон бэрхшээл, няцаалт, зүдгүүр туулж ирснийг хүмүүс бараг мэдэхгүй.
Т.Чингис “Оюутан байхдаа тоолоод баршгүй олон натур зурж байсан. Тэр болгоноос би агаар, гэрэл, сүүдэр гээд бүгдийг сураад авчихсан юм билээ. Тэр сурснаараа л зураад байна гэвэл орчин үеийн энэ нийгэмд хоцрогдоно шүү дээ. Цаг үетэйгээ ч хөл нийлүүлж чадахгүй. Барууны аварга зураачдыг харж байхад бүгд өөр өөрийн гэсэн замналаараа шинэ үетэйгээ хөл нийлүүлж бодит уран зургийг бүтээж байна. Тэр жишгээр би сургуульдаа эзэмшсэн эрдмээ цааш нь хөгжүүлээд техник технологийн ололтыг ашиглаад өөрийнхөө хэмжээнд судалгаанууд хийгээд явж байна” гэлээ.
Т.Чингис, Гүнж хоёр сургуулиа төгсөөд Зуун айлд жижигхэн өрөө түрээсэлж тэндээ амьдарч, уран бүтээлээ туурвидаг байж. Тэр байр нь эдний хувьд анхны гал голомтоо үүсгэсэн газар, анхны урлан нь гэж хэлж болох юм. Хүүхэд шуухадгүй залуу хосын хувьд тэндээ амьдраад байж болох ч удахгүй мэндлэх шинэ хүнээ өөрийн гэсэн байртай болж угтах зорилго тавьж. Байртай болохоор тусдаа урлантай болох шаардлага тулгарна. Тэгээд Зайсанд урлангийн өрөө түрээсэлсэн байна. Тухайн үедээ уран зургийн сургалт ажиллуулж, хүмүүст хичээл заая гэсэн санаа огт төрөөгүй аж. Удахгүй урлангийнхаа өрөөний түрээсийг төлж чадахгүй болж тэндээсээ гарчээ. Ингээд тэр үеэс зургаа зурчих урлан болгочихоор өрөөнүүдийг хэсч өгчээ. Амьдралд хөл тавьсан залуу хүмүүст тохиолддог л бэрхшээл. Дүрслэх урлагийн сургуульд бүтэн нэг жил цалингүйгээр багшилж байхдаа АСЕМ-ын зохион байгуулагчдын захиалгаар гадаадын улс орнуудын төрийн тэргүүнүүдийн хөрөг зургийг зуржээ. “АСЕМ-ын тэр хөргүүдийг зурсны дараа би ёстой дампуурсан шүү дээ. Түрээсэлдэг өрөөнүүд маань жижгэрсээр байгаад тэр үед нэгэн байгууллагын шатны дэргэдэх гурвалжин хэлбэртэй булангийн өрөөнд л зургаа зурж байсан юм. АСЕМ-ын үеэр 55 хөрөг зурсан юм. 10 сарын хугацаанд зурсан. Намайг тэр хөргүүдийг зураад баяжсан гэж ойлгодог. Би АСЕМ-ын хөргүүдийн тухай саяхнаас л ярьж эхэлж байгаа юм. Өмнө нь төдийлөн ярьдаггүй байлаа. Захиалж зуруулсан хүн нь Нямжавын Батбаяр ах. Урьдчилгаа, хөрөнгө мөнгө, санааг нь тэр хүн гаргасан. Би хэлсэн амандаа хүрэхийн тулд нэг ч өдөр амрахгүй зурсан юм. Амарчих л юм бол хоцорчихно. Нэг хөрөг дээрээ удаан нухаж суух цаг байхгүй байсан. Тэр зургуудыг би олон жил уйгагүй зурсан туршлагаараа л зурж дуусгасан юм. Гэртээ очсон ч зургаа зурна. Сургууль дээрээ очсон ч зургаа зурна. Чирээд л явдаг байлаа. Тэгээд л ард нь гарсан даа. Эцсийн эцэст би тэр зургуудыг богино хугацаанд маш шахуу, өндөр хариуцлагын дор зурж дуусгаснаараа өөрийгөө л ялж чадсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “АСЕМ гэж энэ гоё үйл хэрэгт хүн болгон оролц. Хүн болгонд нээлттэй” гээд л ярина. Тэгээд л би эх оронч, эх орноо гэсэн сэтгэлээр тэр зургуудыг зурсан. Зурахдаа асар их судалгаа хийж, байнга шинэ мэдээлэл олж авч байсан. Арьс өнгөний үзэл гаргахгүйн тулд хар, цагаанаар зурсан л даа” хэмээлээ. Одоо тэдгээр зургууд нь УИХ-ын гишүүн асан Н.Батбаярт хадгалагддаг юм байна. Т.Чингис АСЕМ-ын үеэр ийм том хэмжээний үзэсгэлэн, шилдэг бүтээлүүд туурвилаа гэж зохион байгуулагчдынх нь зүгээс талархлын бичиг байтугай, “Баярлалаа” гэж үг дуулаагүй ч “Хувь хүнийхээ хувьд зорилгодоо хүрч чадсан. Өөрийгөө ялж чадсан. Тэр бол боломжгүй байхгүй юу. Нэг хүн ганцаараа 55 хөргийг тийм гүйцэтгэлтэйгээр зурна гэдэг. Санаанд багтамгүй. Би үнэхээр их сэтгэлийн хүч гаргаж, өдөр болгон ажиллаж чадсан л даа” хэмээгээд “Аймаар байсан. Дараа нь бодоод яагаад тэр их ажлыг өөр дээрээ авсан юм бол гэж гайхаад байдаг юм” гэлээ.
Ц.Нарангэрэл багш нь Т.Чингисийг оюутан байхаас нь л өөрийгөө залгамжлах багш болгохоор бэлтгэж байжээ. Тийм ч болохоор оюутнууд судалбар зурагт зундаа ганц явдаг бол Т.Чингис багшаа дагаад 3-4 удаа явдаг байж. Бүх хичээлээ нэмэлтээр хийж өөрийгөө багш болгохоор бэлтгэж байсан гэнэ. Багш нь тэтгэвэрт гарах үеэрээ Дүрслэх урлагийн дээд сургуулийнхандаа “Энэ миний ажлыг авах шавь минь шүү” гэж зүсэлж үлдээж. Т.Чингис ч багшийнхаа ажлыг залгах юм чинь гээд бүтэн нэг жил цалин хөлсгүй багшилж байтал сургуулийнх нь захирал өөр хүнийг ажилд авчихаж. Гэсэн ч Т.Чингис өөрийн гэсэн урлангаа өнгөрсөн жил нээгээд хүмүүст хичээл зааж багшийнхаа даалгаврыг биелүүлсэн гэж хэлж болно.
Эртний зураач нар урлан сургалтаар дамжиж, хэн нэгэн зураачийг дагаж зурж байж гарч ирдэг байж. Тэр жаягийг дагаж Монголд оруулж ирсэн нь “Чингис арт” урлан сургалт юм байна. Эдний урланд суралцаж байгаа хүн хүссэн үедээ, хүссэн цагтаа ирээд зургаа зураад суух боломжтой. Багш нь байгаа үедээ чиглүүлнэ, заана. Биеэ дааж суралцах боломжтой, нээлттэй урлан одоогоор “Чингис арт” л гэж хэлж болно.
Т.Чингис “Хүүхдүүдийг авьяасгүй болгож байгаа газар бол ерөнхий боловсролын сургуулиуд. Ангид гурав, дөрвөн хүүхэд л математиктаа сайн. Бусад нь өөрсдийгөө тоонд муу, толгой муутай гээд ойлгочихдог. Тэгээд л урмыг нь хугалчихдаг. Тоо бодоход хурд хэрэгтэй. Тэгвэл эсрэгээрээ дүрслэх урлагт хурд байж болно. Удаан хөдөлгөөнтэй, меланхолик темпераменттай хүүхдүүд байдаг. Тийм хүүхдүүд чинь харин ч суурьтай төвлөрч илүү мундаг, том уран бүтээлч болох магадлал өндөртэй шүү. Айлын таван хүүхдээс сэргэлэн цовоог нь онцлоод “Энэ мундаг шүү. Энэ хол явна” гэдэг мөртлөө дуугүй, ноомойг нь “Энэ яана даа. Яаж амьдарна даа” гэдэг. Үгүй шүү. Тэр ноомой, дуугүй даруу хүүхэд чинь харин хол явна шүү. Тэр хүүхэд илүү төвлөрнө. Орчин үед хэн илүү төвлөрнө. Тэр хүн оюун ухааны салбарт илүү амжилт гаргана. Хүн болгоны авьяасыг нээсэн боловсролын системтэй байвал болж байна” гэж өнөөгийн сургалтын системийн талаарх хувийн бодлоо зураач маань илэрхийлсэн юм.
Их том, их мундаг, урлагийн нэг хэсэг байх нь сонин биш. Би бүтээсэн шүү, миний хийсэн аяга, миний зурсан зураг, миний хийсэн юм гэж өөрийнхөө гараар, өөрөө юм бүтээх нь хүнд 100 хувь таашаал өгдөг ганц зүйл юм байна. Урлан сургалтад ирж нэг, хоёр зургийн ард гарсан суралцагчид нь өөрийнхөө зурсан зургийг харчихаад тэндээсээ урам авч “Миний зурсан зураг” гэж бахархан ярихыг нь сонсох нь Т.Чингис, Гүнж хоёрт юугаар ч илэрхийлшгүй урам өгнө. 45 наснаас дээш насандаа зураг зурж эхэлбэл хүн илүү сайн төвлөрч, илүү сайн бүтээл гаргадаг гэнэ.
Т.Чингис, Гүнж хоёр урландаа өнжинө. Ялангуяа гэрийн эзэн урландаа өдөр болгон сууж л байна. Өглөө 09 цагт ирээд орой 20 хүртэл сууна. Дундуур нь хүүхдээ хүргэж өгөх, авах ажлаа амжуулна. Сурагчдынхаа зургийн хэрэгсэл, материалыг бэлдэх гэж бас гарна. Өөрөөр бол урлангаасаа гарна аа гэж үгүй. Харин амралтын өдөр эдний урлан хүний хөлд дарагдана. Эхнэр нь, шавь нар нь ирж хүүхдийн урлангаа ажиллуулна.
Байнга тархиа ажиллуулдаг болохоор өглөөд ирээд нэг аяга кофе ууж тархиа сэргээнэ. Ширээний теннисээр олон жил хичээллэж байгаа нь мөн л зураг зурж байгаатай нь холбоотой. Хэр олон цаг ширээний теннис тоглоно. Тэр хэмжээгээрээ олон цаг суух чадвартай болно. Долоон жил энэ спортоор хичээллэж байгаа юм байна.
“Эрхэмсэг оршихуй” шиг ийм том хэмжээтэй, удаан ажиллагаатай бүтээл дээр суухад өндөр цастай уул руу мацаж байгаатай адил гэнэ. Маш их болгоомж хэрэгтэй, сэтгэл зүйн хувьд. Дундуур нь уйлж унжаад хямарч болохгүй. Яг л энэ бүтээл дээр төвлөрч, байнга тэр бүтээлээ бодох хэрэгтэй. Бүтээлээ хийж байсан мэдрэмжээ алдахгүй байх хэрэгтэй. Зургаа зурахын тулд маш болгоомжтойгоор дээшээ өгсөх хэрэгтэй. Хамаагүй буруу хөдөлж, тэсрэх ёсгүй газартаа тэсэрч хайнга ажиллабал нурна. Маш болгоомжтойгоор, нарийн хэсгүүддээ төвлөрч удаан хийснийхээ дараа зарим хэсгүүдэд нь том хэмжээний багс ашиглаж сэтгэл хөдлөлтэйгөөр зурж дуусгадаг гэж Т.Чингис зурах арга барилаасаа хуваалцсан юм.
Т.Чингист төр нийгэм, урлаг, спорт, нийгмийн элитүүд гээд маш олон хүмүүс хөрөг зургийн захиалга өгдөг. Бэлэн болгож нийтэд дэлгэсэн хөрөг бүр нь олон хүний талархлыг хүлээдэг. “Манайхан уран зураг зурж байж 100 метрийн гүйлтэд уралдах гэж байгаа юм шиг бодоод байдаг. Манайхан чинь их уралдаанч шүү дээ. Тийм юманд би их дургүй. Уралдаанч үзэсгэлэнд оролцох дургүй. Хүний хайр, хүний сэтгэлийг уралдуулах боломж байхгүй. Миний зурагтаа өгч байгаа сэтгэлийг өөр нэгний сэтгэлтэй уралдуулах боломжгүй. Олон уран зургаас нэгийг гаргаж ирээд “Энэ шилдэг” гэж байгаа нь утгагүй л дээ. “Болор цом” гэж наадамд олон хүний шүлгийг аваад нэгийг нь шилдгээр шалгаруулж байгаа нь маш буруу. Тэгээд шүүж байгаа хүмүүс нь өөрсдөө бас яруу найрагчид байдаг” гэж уран бүтээлийг шагнал, уралдаанаар хэмждгийг үгүйсгэдгээ хэллээ.
Т.Чингисийн аав Т.Тулгабаатар Увсынх, ээж нь Ховдынх юм байна. Харин эхнэр нь Өвөрхангайнх. Өвөө нь ахад нь зургийн хичээл заадаг байж. Ахаар нь морь зуруулж, зурсан морийг нь дуурайлгаж баримлын шавраар морь хийлгэдэг байсан гэнэ. Т.Чингис хоёр, гуравхан настай ч ахыгаа дуурайж морь зурж морины толгой баримлын шавраар урлачихдаг байжээ. Ээжийнх аав нь тийм их авьяастай хүн байсан болохоор зээ хөвгүүдээ багаас нь гарын ур дүйтэй болгожээ. Энэ нь Т.Чингисийг том зураач болоход үүсгэл, үндэс нь болж өгчээ.
Өөрийнхөө өдий зэрэгтэй яваа нь сайн ханийн түшиг гэж үзнэ. Нөхрөө урландаа зургаа зураад сууж байхад гэр орны ажил, үр хүүхдээ өсгөх үндсэн том ажлыг эхнэр нь нуруундаа үүрнэ. Эхнэр нь зураач болохоор уран бүтээлийн хамтрагч, уран бүтээлийн найз гэж өөр бусадтай нийлж яваад байх шаардлагагүй гэнэ. Т.Чингист оюутан ахуйн хэдэн найзыг нь эс тооцвол найз гэх хүн тун ховор. Өөрийгөө нийгмээсээ тасалж байж хөрөг зурдаг учир нэг талаар зожиг ч гэж нэрлэж болно. Тэгэхгүй бол бүтээлдээ төвлөрч чадахгүй, сайн бүтээл гарахгүй. Т.Чингис “Миний хамгийн сайн найз бол миний эхнэр. Миний хамт олон, хамтран зүтгэгч, миний бүх юм эхнэр минь. Би чинь жинхэнэ мөрөөдлийнхөө охинтой, мөрөөдлийнхөө Гүнжтэйгээ суусан юм чинь” хэмээн ханиа магтахдаа инээмсэглэлээ.
Ах нь хэдэн жилийн өмнө бурхан болжээ. Одоо ганц дүүтэй. Дүүгийнх нь гурав, өөрийнхөө хоёр хүүхдийг баярлуулах нь Т.Чингис зураачийн хувьд хамгийн том баяр гэнэ. Тэмдэглэлт баяруудаас илүүтэй энэ таван хүүхдийг аз жаргалтай байлгах нь энэ айлын хамгийн том баясгалан. Түүнээс биш Т.Чингис ямар нэгэн баяр ёслол тэмдэглэлт өдрүүдэд тун дургүй нэгэн.
Урландаа сууж байхдаа цаг завсраар нь сошиалд идэвхтэй орж, баримтат кино, элдэв мэдээллээс хоцрохгүй. Зураач Т.Чингис эхнэрийнхээ ажиллуулдаг хүүхдийн сургалтад орох дуртай. Хүүхдүүдийг харахаар Монголын ирээдүй гэрэлтэй байгаа нь харагддаг гэнэ. Одооны хүүхдүүд ухаалаг, хэрсүү, илүү энэрэнгүй болж байгаа нь хичээлийн үеэр мэдрэгддэг аж.
Зах зээлийн үед зураач Т.Чингисийн бага нас ч бусад айлын хүүхдүүдийнхтэй адил тарчиг өнгөрчээ. Гуравдугаар ангиасаа л жижиглэнгээр юм зарж наймдугаар ангиасаа зурсан зургуудаа зах дээр аваачиж зарж амьдрал ахуйдаа нэмэрлэдэг байжээ. Аравдугаар ангиа амжилттай төгсөөд конкурстээ нэгдүгээр байрт ороод дээд сургуульд элсэхэд төлбөрийг нь хийх мөнгө ар гэрт нь байсангүй. Төлбөрөө төлөхийн тулд чоно амьтнаас эхлүүлээд багшийнхаа зурсан зургийг хуулбарлаж зурж зарна. Тэгж байж л төлбөрөө арайчүү хийдэг оюутан байжээ. “Тэр ядуу амьдрал чинь намайг зураач болгосон юм. Гэртээ очихгүйгээр сургуулийнхаа урланд хонож ажиллана. Шөнө дөл болтол зургаа зурж байж төлбөрөө хийнэ. Тэр хэцүү амьдралаас л миний мэдрэмж босч ирсэн юм шүү дээ” гэж бага насныхаа тухай ярингаа урлангийнхаа өрөөнүүдийн хананд өлгөсөн бүтээл, шавь нарынхаа зурсан зургуудыг танилцууллаа. Мөн эхнэрийнхээ зурсан “Сакура” зургийн дэргэд очоод “Миний ханийн энэ зуны бүтээл. Ямар гоё цэцэгс зурдаг гэж санана” гэлээ.
13 давхарт, төв зам руу харсан цонхтой урлангийн өрөөнөөс гадаах байдал тэр чигээрээ харагдана. Харин цонхнуудыг түшүүлэн бяцхан шавь нарынхаа зурсан зургуудыг тавьжээ. Тосон будаг олон хонож байж хатдаг учир ийн дэлгэдэг юм байна. Насанд хүрэгчдийн урлангийн өрөөнд зураг зурж суусан шавь нь өрөөгөө түгжээд багшдаа түлхүүрийг нь өгөөд гарлаа. Цаг 20 цаг өнгөрч байна. Т.Чингис зураач “Надад хийж дуусгах ажил байна аа. Энэ жилийн том ажлаа лакдана даа” гэсээр урландаа үлдэв.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН