Монголын хөлбөмбөгийн шигшээ баг ирэх арваннэгдүгээр сарын 02-15-ны өдрүүдэд Азийн хөлбөмбөгийн холбооны “Эв найрамдалын цом” нэртэй шинэ тэмцээнд өрсөлдөхөөр боллоо.
Өмнө нь “Challenge cup” нэрээр зохиогдож байгаад 2014 оноос хойш завсарласан чансаа доогуур шигшээ багуудын тэмцээн энэ жилээс “Solidarity cup” болон өөрчлөгдсөн юм.
Өнөөдөр тус тэмцээний сугалаа явагдахад Монголыг төлөөлөх “Хөх чононууд” баг “В” хэсэгт багтлаа. Манай багийн тоглох “B” хэсэгт дөрвөн баг өрсөлдөх бол “А” хэсэгт таван баг тогло ажээ. Гэхдээ одоогоор “А” хэсэгт өрсөлдөх хоёр багийн нэр хараахан тодроогүй байгаа.
Монголын шигшээ багийн хувьд өнгөрсөн онд Зүүн Тимор улсын шигшээ багт хожигдсоноор ДАШТ болон Азийн цом тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх эрхээ зэрэг алдсан. Гэхдээ Азийн хөлбөмбөгнийн холбооноос энэ хоёр тэмцээнд оролцох боломжгүй багуудын дунд “Эв найрамдалын цом” нэртэй тэмцээнийг зохион байгуулахаар болсон учиртай.