Categories
мэдээ нийгэм

“Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

Хятадын талаас нүүрс татан авалт буурсантай холбоотойгоор Гашуунсухайт-Цагаанхад боомтод нүүрс тээврийн дараалал нэмэгдэж, хүндрэл үүсээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Тавантолгойд нүүрс тээвэрлэгч жолооч нарын гэр бүлийнхэн болон “Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Гашуун сухайтад нийт 13 мянган жолооч том оврын автомашинаар нүүрс тээвэрлэдэг. Үүний 6 мянга орчим нь Цагаанхад орчимд түгжигдээд байгаа аж. Хэдий нүүрсээ буулгасан ч машинаа хүлээлгэж өгөхөөс нааш орхиод ар гэр рүүгээ буцаж чадахгүйд хүрээд байгаа бөгөөд улмаар архидан, согтуурах, гэмт хэрэгт холбогдох нөхцөл үүсээд байгаа гэдгийг Тээвэрлэгчдийн холбооны тэргүүн З.Түвшинзаяа хэллээ.

Тэрбээр “Хилийн таталт зогссоноос хойш нүүрстэй машины цуваа улам нэмэгдсэн. Машинаа кемп дээр аваачиж тавиад хэсэг нь зардлаа өөрөө зохицуулаад ирсэн бол зарим нь автомашинаа орхиод ирж чадахгүй Цагаанхаданд гацаад байна. Зам тээврийн хөгжлийн яамнаас дорвитой арга хэмжээ авахгүй байна. Хилийн цаана Монгол хүний үнэ цэнэ алдагдсан. Жолооч нар хятадуудад зодуулж, амь насаа алдах тохиолдол байдаг л үзэгдэл болоод байна” гэв.

“Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Цогтсугар “Тавантолгой, Гашуунсухайтад хөдөлмөр эрхэлж буй Монгол эрчүүдийн дунд нөхцөл байдлын судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд тэнд “Аюултай нөхцөл байдал үүсээд байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Тэнд 13 мянган жолооч 160 компанийн нэр дээр 40 сая тонн нүүрс зөөж байна. Жолооч нарын 98 хувь нь эрчүүд байна. Тэнд Монгол хүн нас барж, гэр бүл ар гэр нь хүнд нөхцөл байдалд орж байна. Архинд донтох эмгэгтэй болж, архины хамааралтай болж эргэж гэртээ ирэхгүй байдалд хүрч байна. Тиймээс нийгмийн хамгаалал үзүүлнэ” гэлээ.

Жолооч нар хүйтэнд 10-30 хоног кабиндаа хонож байна. Улмаар сэтгэл гутралд орсон жолооч нар архи, согтууруулах ундаа хэрэглэж, архины эмгэгтэй болж буй тул жолооч нарыг нэн даруй дулаан байр, цалин мөнгөөр хангах тухай шаардлагыг Засгийн газар, УИХ-д шаардлага хүргүүлж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *