Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-Та энэ холбооны ерөнхийлөгчөөр сонгогдохдоо “Хүчирхийллийн эсрэг ажиллах болно” гэж хэлж байсан. Тэр цагаас хойш дөрвөн сар өнгөрчээ?
-Тийм ээ, хүчирхийллийн эсрэг хамгийн хүчтэй дуу хоолой болж ажиллана, “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” хүчирхийллийг хүчгүйдүүлэхэд хамгийн нөлөөтэй байгууллага болохын төлөө ажиллана гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан, тэр үгээ ч хэлсэн. Зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэлтгүй нийгэмд үүсч буй элдэв төрлийн хүчирхийлэл Монголын нийгэмд нэн тулгамдсан асуудал болсон. Тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүд хүчирхийлэлд өртөх нь түгээмэл байгаа нь статистик үзүүлэлтүүдээс харагддаг. Гэхдээ эмэгтэйчүүдийн байгууллага хүчирхийллийг зөвхөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн асуудал гэхээс илүү нийгэм даяараа “Хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэх вэ?” гэдэг өргөн агуулгаар харж, үнэлж, зорилтот ажлуудыг зохион байгуулах нь зөв гэж үзэж байна. Эмэгтэйчүүд болоод хүчирхийллийн тухай асуудлыг ярихад энэ нь нийгмийг хамарсан асуудал болчихдог. Гэтэл хүчирхийлэл гэдэг нэг хүний, нэг улсын асуудал биш нийт хүн төрөлхтний асуудал болчихсон. Иймд эмэгтэйчүүд гэдэг энэ бүлэг өөрөө нийгмийн харилцааны гол суурь нь юм. Эмэгтэй хүний тухай ярихад хүүхэд, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, эдийн засаг, ядуурал, ажилгүйдлийн асуудал зэрэг маш олон сэдэв хамаатдаг. Иймд Монголын эмэгтэйчүүдийн холбоо үйл ажиллагааныхаа чиглэлийг өргөн хүрээгээр төлөвлөж, зохион байгуулах, тухайн асуудлыг шийдвэрлэхэд бидний гүйцэтгэх үүрэг, нөлөө ямар цар хүрээтэй вэ гэдэг дээр нэлээд анхаарч ажиллаж байна. Энэ жил эмэгтэйчүүдийн байгууллагын 95 жилийн ой тохиож байгаа. Бид энэхүү түүхт байгууллагын уламжлалыг хадгалж, шинэчлэл, хөгжлийг уялдуулан ажиллахаар зорьж байна.
-Азидаа эмэгтэйчүүдийнхээ төлөө дуугарсан анхны улс болсон гэдэг байх шүү?
-Ардын хувьсгал ялсан түүхэн он цагт Монгол Улс эмэгтэйчүүдийнхээ эрхийн асуудалд хамгийн их анхаарал хандуулж байсан цөөн улсын нэг. Монголын эмэгтэйчүүдийн холбоо Азийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага юм. Өнгөрсөн 95 жилийн хугацаанд Монголдоо төдийгүй, дэлхийн, тэр дундаа Азийн зарим улс орнуудад ч хөгжил дэвшлийн загвар болж, үе үеийн удирдлагуудын нээлттэй бодлого, арга ажиллагааны туршлагаас Лаос, Ветьнам зэрэг улс орнууд ч туршлага судалж байсан түүхтэй гэдэг. Түүнчлэн улсынхаа хөгжил, цэцэглэлтэд ч Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын оруулсан хувь нэмэр асар их. Өнгөрөгч он жилүүдэд энэ байгууллага бүх нийтийг соён гэгээрүүлэх, Монголчуудыг бичиг үсэг, соёлд сургах, сонгох сонгогдох эрхээ эдлэх, эмэгтэйчүүдийг соёлжуулж боловсруулан, нийгмийн харилцаанд эрчүүдтэй адил тэгш хэм хэмжээнд оролцуулах боломжийг нээж өгч, сэхээтэн эмэгтэйчүүдийг газаад улс орнуудад бодлогоор бэлтгэн сургах, цаашлаад жендерийн асуудлыг тэртээ он жилүүдэд аль хэдийнээ ярьж эхэлсэн байдаг.
-Тэгвэл “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” өдгөө хэрхэн ажиллаж байна вэ?
-Миний хувьд урьд өмнө энэ байгууллагын дотоод үйл ажиллагааг төдийлөн сайн мэддэггүй байсан. Харин нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог эмэгтэй хүний хувиар хүчирхийлэл гэдэг асуудалд эмэгтэйчүүдийн байгууллага төдийгүй хүн болгон анхаарал хандуулах цаг болсон ийм түүхэн үед бид ирсэн гэж ойлгож байгаа. Тийм ч учраас дөнгөж ерөнхийлөгчөөр сонгогдоод “Монголын эмэгтэйчүүдийн байгууллага хүчирхийллийн эсрэг хамгийн хүчтэй дуу хоолойтой байна” гэж амласан. Амласнаа биелүүлэхийн төлөө бид ажиллаж байна. Ажил аваад “Хүчирхийллийг хүчгүйдүүлье” уриатай хөдөлгөөн өрнүүлсэн. Богино хугацаанд нийгмийг давлагаалсан томоохон арга хэмжээнүүд зохион байгуулаад явж байна. Хамгийн эхнийх нь “13 настай охиныг хүчирхийлэн амийг нь егүүтгэсэн этгээдүүдэд хууль хяналтын байгууллага шударгаар, зохих шийтгэлийг нь үүрүүлэхэд хяналт тавих, олон нийтийн анхаарлын төд байлгах асуудал дээр нөлөөллийн ажил зохион байгуулсан. Одоо ч энэ хэрэг нэг тийш шийдэгдээгүй, хэрэг үйлдсэн хүмүүс давж заалдна гээд явж байна. Хүн хэн байхаас үл хамаарч, гэмт хэрэг, хүчирхийлэл үйлдсэн бол шүүхийн шийдвэрээр зохих ял нь оногдон шийтгэлээ хүлээдэг байх ийм шударга ёсыг Монголын ард түмэн нийтээрээ хүсэн хүлээж байна. Иймд бид энэ асуудлыг анхааралтай ажиглаж байна. Энэ бол ганцхан хүүхдийн амь насны тухай асуудал биш, цаашдаа мянга мянган хүүхэд хүчирхийлэлд өртөж, тэрнээс нь ял завших гэсэн хэсэг бүлэг этгээд, магадгүй санаатай, санаандгүй ямар нэг байдлаар ял завшуулах гэсэн хууль хяналтын байгууллагынхны шударга бус ажиллагаа зэргийг анхаарахад дохио өгсөн болов уу гэж бодож байна. Цаашид ч иймэрхүү асуудалд бид анхаарал хандуулж, иргэдийн хяналтыг сайжруулах тал дээр ажиллах болно.
-Мэдээж энэхүү санаачилгаа төгөлдөржүүлэн, илүү далайцтай ажлууд хийхээр төлөвлөсөн байх. Монголын нийгэмд хүчирхийлэгч биш ирээдүйг бэлдэхийн тулд яах ёстой юм бол?
-Бид олон нийт, хүүхэд, тэр дундаа өсвөр үеийнхний сэтгэл зүй, хандлагыг хэрхэн эерэгжүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулахыг зорьж байна.
“Хүчирхийлэгч биш иргэнийг бэлдэх ёстой” гэдэг дээр санал нэгдсэн. Аль хэдийнээ 30, 40, 50 насан хүрчихсэн хүчирхийлэл үйлдэгчийн үзэл бодолд нөлөөлж, өөрчлөх бодит боломж хомс. Тиймээс хүчирхийлэгч биш ээж, аавыг ирээдүйд бэлдэх асуудал руу анхаарах нь зүйтэй байгаа юм. Иймд эмэгтэйчүүдийн байгууллагынхаа салбар зөвлөлд түшиглэн “Өсвөр үеийн клуб”-үүдийг байгуулж байна. Энэ клубүүдээрээ дамжуулан соён гэгээрлийн, сайн санааны нөлөөллийн ажлуудыг тогтмол зохион байгуулна. Удахгүй энэ ажлууд эхэлнэ. Хүчирхийлэгч биш иргэнийг багаас нь, ясли, цэцэрлэгээс нь эхэлж бэлдэх хэрэгтэй байна.
-Та хэвлэлийн салбарт ажиллаж байсан хүн. Эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлын талаар ерөнхий мэдээлэл, мэдлэгтэй байсан гэсэн үг. Харин одоо энэ байгууллагыг удирдан “халуун тогоонд” нь ороод ажиллахад төсөөлснөөс өөр байна уу. Монголын эмэгтэйчүүдэд тулгамддаг гол асуудлууд юу байна вэ?
-Нэгдүгээрт, гэр бүлийн асуудал. Гэр бүлийн гэхээр зөвхөн эмэгтэй хүний асуудал биш болчихоод байгаа юм. Нийгмийн суурь нь гэр бүл. Монголын нийгэмд гэр бүл салалт ямар их байна вэ. Түүнээс үүдээд ажилгүйдэл, ядуурал, өрх толгойлсон эмэгтэй, өнчин хүүхдийн асуудал гарч ирдэг. Тэгэхээр хамгийн тулгамдсан асуудал бол гэр бүл. Таны хэлдгээр хэвлэлийн салбарынхан мэдээллээс мэдээллийн хооронд явахдаа ерөнхийд нь гаднаас нь анзаардаг. Бодит байдлыг бүсгүйчүүдийн ертөнцийн гүнд ороод харах нь өөр юм аа. Гэлээ ч учиргүй зөрсөн, тэс өөр төсөөлөл гэж юу байх вэ. Ерөнхийдөө эмэгтэйчүүдтэй холбоотой маш олон хүнд асуудал байна. Иймээс үүнд төр маш ихээр анхаарах цаг ирсэн байна. Эмэгтэйчүүдийн байгууллагаар дамжуулаад нийт эмэгтэйчүүдээ тольдоход монгол бүсгүйчүүд асар хүчирхэг тулдаа өдий дайтай явна уу даа гэж бодогдсон. Нийгмийн дийлэнх ачаа эмэгтэйчүүдийн нуруун дээр явж байна. Айл гэрийн амьдрал ахуй, ажил үйлс, хатуу ширүүн бүх л юм эмэгтэйчүүдэд үүрэгдэж байна. Гэтэл тэдэн рүүгээ чиглэсэн оновчтой төрийн бодлого байна уу. Бид эрхийн асуудлаа, мөн үүргийнхээ асуудлыг ч ярьдаг болмоор байна. Бид аль ч түвшинд тэгш эрхтэй баймаар байна.
-Өөр бусад салбар, чиглэлийн хууль хурдан батлагддаг бол гэр бүл, хүчирхийлэлтэй холбоотой хууль, бичиг баримтууд батлагдах гэж их уддаг, сунжирдаг. Энэ нь юутай холбоотой юм бэ. Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт орох гэж байгаа биз дээ?
-Гэр бүлийн тухай хууль удахгүй УИХ-д өргөн баригдах гэж байна. Засгийн газраар ороод Байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулагдан ирэх хаврын чуулганаар орох байх. Гэр бүл гэдэг нийгмийн бүх хэсэг. Магадгүй салбарын хууль бол тухайн салбарын цөөн хүний асуудал. Гэр бүл гэвэл хүн болгонд хамаатай. Байшингаар бол суурь нь. Хэдэн ч давхар байшин барьсан ч нурахааргүй, маш бат бөх, ус, газар хөдлөлт юу ч болж байсан тэсээд гарах суурьтай байх ёстой. Гэтэл манай нийгмийн суурь цуураад эхэлж байна. Цаашид энэ барилга явахад хүнд. Гэр бүлийн тухай хуулийн төсөл хэлэлцэгдээд явж байгаа энэ цаг үед бид одоо хэрэглэгдэж байгаа хууль, шинээр хэлэлцүүлэгдэж буй хуулийн төслийн аль алийг нь үзсэн. Бид судалгаа хийгээд Гэр бүлийн тухай хуульд тодорхой хоёр зүйлийн санал оруулъя гэсэн хүсэлт гаргах гэж байна.
-Ямар хоёр санал вэ?
-2018 оны байдлаар 2945 гэр бүл салжээ. Энэ салсан гэр бүлийн 80 орчим хувь нь гэр бүлээс гадуурх харилцаанаас болсон гэдэг тоо баримт байна. Гэр бүлээс гадуурх харилцааг нэг талаас нь харвал бас эмзэг. Хүний хувийн амьдрал, эрх чөлөө гээд олон зүйл яригдана. Гэвч нөгөө талд гэр бүл гэж юу вэ? Гэр бүлийн өмнө хүлээх хариуцлага юу вэ гэдгийг хэн хүнгүй бодох цаг болчихжээ. Жилдээ 18 мянган хос салах өргөдөл өгснөөс, шүүхээр шийдвэрлэгдсэн нь 2945. Эвлэрсэн 400-хан байна. Үлдсэн 15 мянга нь салахаа хүлээгдээд явж байна. Тэгэхээр бид гэр бүлийн суурь асуудал руу нухацтай хандахаас өөр аргагүй. Нийгмийн суурь бүтэж ингэж ганхаж байхад сууриа хэрхэн хамгаалж, бүр бат бэх болгож тордож арчилж явах вэ гэдгээ ярих цаг болсон. Монголын эмэгтэйчүүдийн холбооны хувьд энэ бол санал. Батлагдах эсэхийг нь мэдэхгүй байна. Бид судалгаа хийж байна. Бас эцсийн байдлаар шийдчихээгүй байна. Саналын түвшинд хоёр зүйлийг хэлье. Дөрөв, таван жилийн өмнө нэг эрэгтэйн нууц амраг эхнэрийг нь орцонд нь хөнөөсөн маш аймшигтай гэмт хэрэг гарсан. Энэ бол зүгээр нэг л жишээ. Энэ маш аюултай жишээ. Ийм биш гэхэд ийм хэлбэрийн олон асуудал болж байгаа. Иймд гэр бүл үймүүлсэн гуравдагч этгээдэд ямар нэг шийтгэл хүлээлгэх. Хоёрдугаарт, гэр бүлийн гэрээтэй болъё. Олон улсын жишгээр хосууд гэр бүл болохдоо гэр бүлийн гэрээ байгуулдаг. Тэр нь нарийн заалттай гэрээ байх уу, ерөнхий гэрээ байх уу гэдгийг гэрлэгсэд өөрсдөө шийддэг. Ямар ч байсан гэрээтэй байх санкцийг Гэр бүлийг тухай хуульд хийж өгмөөр байна. Тэр гэрээ нь ямар нөхцөлтэй байх нь тэр гэр бүлийн асуудал.
-Гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Манайд тэр өдрийг баяр хэмээн ойлгож ээж, эмэгтэйчүүд архи ууж, албан байгууллагынхантайгаа архидаж цэнгэж өнгөрүүлдэг. Өнгөрсөн жил Мартын 8-наар олон эмэгтэй эрүүлжүүлэгдсэн. Манайх энө өдрийг чухам яаж өнгөрүүлбэл зүйтэй вэ. Эрхийнхээ төлөө тэмцэж жагсдаг ч юм уу, арай өөрөөр тэмдэглэх боломжгүй гэж үү?
-Өмнө нь манай холбоо гуравдугаар сарын 8-нд “Хүндэт ээж” өргөмжлөх арга хэмжээ зохион байгуулдаг байсан. Энэ жил өөрөөр хийнэ ээ. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор гуравдугаар сарын 7-нд эх орны өнцөг булан бүрээс төлөөлөгч урьж, Төрийн ордонд эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө анх удаа чуулна. Мянган ээж чуулж эрхийнхээ асуудлуудыг ярина. Бас үүргийнхээ тухай ярина. Тэгэхээр энэ жилийн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нэлээд онцлог, өргөн цар хүрээг хамарсан арга хэмжээ зохион байгуулагдана. Удахгүй албан ёсны хөтөлбөрөө нийтэд танилцуулна.