Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Монголыг тойрон аялахад үзэх газрууд 2

Урин дулаан цаг ирж аялал зугаалга эхлэх гэж байгаатай холбогдуулан Монгол улсын 21 аймгуудын гайхамшиг болсон заавал очиж үзэх учиртай үзэсгэлэнт газруудын зарим хэсгийг танилцуулж байна.

БУЛГАН АЙМАГ

1.Хөгнө тарна байгалийн цогцолборт газар


Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд зэрэг гурван сумын нутаг дамнасан нийтдээ 84390 га талбайтай Хөгнө-Тарна байгалийн цогцолбор газар юм. Хөгнөхаан уулыг эрт дээр үеэс “Хан” хэмээн шүтэн хамгаалж ирсэн бөгөөд энд Тахилгын овоо, Сантын овоо, Бага ханы овоо зэрэг тахилгатай газрууд бий. Хөгнөхаан уул нь Богд хаант монгол улсын үед төр шашины холбогдолтойгоор тахин шүтэж ирсэн дөрвөн хан уулын нэг нь байжээ. Энэ нутгийн гадарга нь Орхон-Туулын савын 1500-2000 м өндөртэй бэсрэг, нам уулс, цав толгод, тэдгээрийн хооронд орших талархаг гадарга бүхий тогтоцтой. Хөгнөхааны уулын системд хамрагдах уулс нь харьцангуй нам, хамгийн өндөр оргил Цэцэрлэг 1968.8 м өндөртэй. Түүний захын хамгийн нам уулс, цав толгод 1300-1500 м өндөртэй байна. Цогцолборын хамгийн том гол нь Хангайн нурууны зүүн хэсгийн бэсрэг уулсын нэг болох Зүүн Хайрхан уулын умарт биеэс эх аван урсах Тарнын гол ба Туул гол руу цутгах энэ гол нь Орхон-Туулын ай савд багтана. Тарнын голын баруун гараас Ар Жаргалант, Чулуут зэрэг голууд цутгадаг. Ууландаа гол горхи бараг байхгүй, харин гүний усны нөөц сайтай олон булагтай. Тарнын голын баруун биеэр зүүн урагш 80 орчим км урт үргэлжилсэн “Их Монголын элс” хэмээх элсэн тарамцаг оршино. Энэхүү томоохон элсэн хуримтлал нь Тарнын голын эх болох Шарлин, Жаргалант голуудын бэлчир, Их Монгол уул (1675.0 м) орчимд хамгийн өргөн (9-10 км) Тарна, Элстийн голын гольдрол даган Чулуутын овоо (1525.9 м)-ноос доош бараг Булган аймгийн Гурванбулаг сумын төв хүртэл нарийн зурвас (3.5 км) байдлаар үргэлжилнэ. Цогцолборт газрын бэсрэг уулсаар буга, гөрөөс, гахай, мануул, үнэг, хөрс, чоно, дорго, өмхий хүрэн, туулай зэрэг амьтадтай. Мөн дагуурын зараа, сахалт багваахай, жижиг соотон багваахай, урт сүүлт зурам, хадны барагшин, орог зусаг, үлийн цагаан оготно, монгол чичүүл сибирийн алаг даага зэрэг жижиг хөхтөн амьтад элбэг юм. Суурин жигүүртнээс цармын бүргэд, харцага, идлэг шонхор, шилийн сар, начин шонхор, хайргууна шонхор, хотны бүгээхэй, адууч чогчоохой, хон хэрээ, шаазгай, шар шувуу, ууль, ятуу хийгээд нүүдлийн жигүүртнээс хөхөө, өвөөлж, элээ, гол горхиор ангир, галуу, нугас, тоодог, хавтаалж, зуун хурга зэрэг шувууд ирдэг. Хөгнөхаан ууланд Өвгөн, Залуу хийд, Мойлтын амны хойд талд Сэнжит цохионд хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг, янгирын зураг, Ямаатын цагаан хөтлийн ар талын амны хаданд янгир, чоно, бугын зураг, Элсэн тасархайн элсний зүүн дэргэд боржин чулууны хөшөө, Аман хадны буюу мааний хадны мааний үсэг, Хөгнөхаан уулын баруун урд үзүүр Устын амны дэлээс 12 орчим км-т Ташуугийн өвөлжөө гэдэг газар Хийдийн давааны ар талд олон тооны булш байдаг. Мөн хамгаалалттай газар нутагт Монголын анхдугаар богд өндөр гэгээн Занабазарын мэндэлсэн нутаг болох Ширээт цагаан нуур, Бурхадын хөдөө нуур, Тахилт нуур, Адуун нуур, Тарнын гол, шүлүүтийн гол, Шарлин, жаргалантын гол байхаас гадна Тольт баян түрүү гэх мэт хүний биеийн эрүүл мэндэд онцгой ач тустай рашаан ус байдаг.

2. Уран тогоо уул


Уран тогооны уул нь Хутаг-Өндөр сумын нутагт, Улаанбаатараас Мөрөн орох хатуу хучилттай замын дэргэд оршдог, унтарсан галт уул юм. Энэхүү уулыг 1965 онд улсын тусгай хамгаалалтад авсан байна. Далайн түвшнээс дээш 1686 метр өндөр, орой дээрээ 500-600 метр өргөн, 50-60 метр гүн тогоотой аж.

Тогоондоо 20 метр орчим голчтой, 1.5 метрийн гүн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг. Харин Тулга, Тогоо, Жалавч уул нь Уран тогоо уулаас урагш 12 км зайтай оршдог бөгөөд дөрөвдөгч галвын үед оргилж байсан уулс юм.

Энэхүү улл нь 20-25 мянган жилийн тэртээ оргилж байгаад унтарсан гэж үздэг. Тулга уулын тогоо нь зүүн хойшоо, урагшаа, баруун хойшоо сэтрэн элэгдэж эвдрээд тулганы гурван чулуу шиг гурван хэсэг дугуй ханан толгой болон үлджээ. Эдгээр сэтэрхий нь тулгын гурван чулуу шиг харагддаг учир Тулга гэж нэрлэсэн байна. Тулга уул нь далайн төвшнөөс дээш 1540 метр. Тогоо уулын өндөр нь 1620 метр, өрхний амсар нь сэтрээгүй бүтэн бөгөөд хөндлөнгөөрөө 400 метр орчим, гүн нь 100 метр бөгөөд том хонин тогоо шиг хэлбэртэй. Тогоо уулын ба­руун талд Жалавч гэдэг уул байх бөгөөд өрхийн амсар баруун тийшээ ганц­хан газраар сэтэрчээ. Тус уул далайн төвшнөөс дээш 1560 метр.

Үржил шимт хар хүрэн ба хар шороон хөрстэй учир хээрийн ба ойт хээр, уулт хээрийн бүсийн ургамал ургадаг. Шинэсэн ой голлохоос гадна улиас, улиангар, хус ургана. Цагаан төмс, мангир, хонгорзул, алтанзул, алтангагнуур, тайжийн жинс, далан түрүү, үхэр гоньд, хунчир, хөвөн оройт, Монгол туйплан зэрэг эмийн болон хүнсний ургамал, хавтуул, хурган засаа, үнэгэн сүүл, хонхон цэцэг, бэр цэцэг, хазаар өвс зэрэг ургамал ургана.

Буга, аргаль, бор гөрөөс, гахай, янгир, тарвага, зурам, бор туулай, хөвдний бор оготно зэрэг ан амьтад бий. Ятуу, бор шувуу, ууль, харцага, хөхөө, өвөөлж байдаг ба Уран тогооны нууранд ангир ирж зусдаг. Энэ бүс нутагт хэвлээр явагч могой элбэг тохионо. Хүйтэн улиралд эдгээр галт уулын гүний дулаан бүлээн уур хийн илчинд хоргодон ичиж амьдардаг байна.

3. Шивээт улааны цогцолбор


Баян-Агт сумын төвөөс урагш 30-аад километр зайд Хануй голын хойд талд Шивээт улаан хэмээх уулын орой дээр Y-YIII зууны үеийн Түрэгийн Эльтерес Күтлүг хааны дурсгалд зориулсан цогцолбор юм. Энд хүн чулуу 9, чулуун арслан 4, чулуун хонь 4 байжээ. Хүн чулуунууд нь шовх зах бүхий дээл өмссөн байдалтай, захын ар талд жижиг дөрвөлжин унжлагатай байдаг. Нэг хүн чулуу нь баруун ташаандаа хавтага зүүж, хоёр гартаа бумба барьсан, өөр нэг нь сэлэм атгасан баруун гараа элгэндээ авч, зүүн гараараа сэлэмний хуйн дээд хэсгээс барьсан байдалтай байдаг.

4.Хар бухын балгас


Дашинчилэн сумын нутагт, сумын төвөөс 12 километр зайд Хар бухын голын гүүрний дэргэд байдаг. Нутгийнхан Хунтайжийн балгас, Хадаасангийн балгас гэдэг. IX-X зууны Кидан бичээстэй дээврийн ваарнууд олдсон нь Чин толгойн балгаснаас гарсантай яг ижил байсан учраас Киданы үед хамааруулан үздэг бөгөөд XYII зууны үед хэрэмний туурь дотор Монголчууд чулуун хийдийг барьжээ. Хэрмийн туурийг үзвэл хааш хаашаа 500 метр орчим талбайтай байсан нь мэдэгдэж, түүний дотор баруун зүүн тийш гарсан гол гудамжны хоёр талаар хотын барилгууд байсан оромтой бөгөөд зарим нь тусгай хэрэм, шуудуун хамгаалалттай байжээ. Хэрмийн барилгыг галт уулын хүрмэн чулуу, билүү занар чулууг үелүүлэн алаглуулж өрж барьсан нь гайхамшигтай ажээ. Одоо энд хоёр давхар ордны хана суваргаас үлджээ. Энэ балгас орчмоос эрдэмтэн Х.Пэрлээ XY-XIY зууны үед холбогдох үйсэн дээр бичсэн Монгол хуулийн эмхэтгэлийг олжээ. Тэдгээр үйсэн номнуудад янз бүрийн шашны сэдэвтэй судар, хууль цаазын эмхэтгэлүүд, Монгол бичгийн цагаан толгойн үсэглэл зэрэг зүйлүүдийг бичсэн байжээ. Энэхүү Хар бухын балгасыг 1998 онд улсын хамгаалалтанд авсан.

5. Чин толгойн балгас


Дашинчилэн сумын нутагт нутгийнхан “Чин толгой” гэдэг эртний хотын туйр бий. Энд эртний гэрэлт хөшөөний суурь хоёр том чулуун мэлхий бий бөгөөд олдсон зарим дээврийн ваар нь кидан бичигтэй байжээ. Эл балгасны дэвсгэр газарт эртний судлалын нарийн малтлага судалгаа хийгээгүй боловч судлаачид түүхийн сурвалж бичгийн мэдээнд тулгуурлан Киданы Чжэнь-Чжоу хотын үлдэгдэл гэж үзжээ. Чжэнь Чжоугийн хамт бас хоёр хот дараалуулан барьсан гэж Ляо /Кидан/ улсын газар зүйн бичигт өгүүлсэн бий. XIII зууны үед Монгол нутгаар дайран өнгөрсөн нангиад газрын лам Чань Чунь бомба үүнийг Чжэнь Чжоу хотын үлдэгдэл болохыг нотолж бичиж байсан ба Туул голоос баруун тийш явахад Киданы эвдэрхий гурван хот тааралдаж байсныг тэмдэглэжээ. Үнэхээр ч Чин толгойгоос баруунтай Хадаасан-Хар бухын балгас, зүүн тийш “Талын улаан” гэдэг балгас бий. Эртний судлалын шинжилгээгээр “Чин толгой”, “Хар бух” хоёр нэгэн цаг үеийнх болох нь ноттой батлагдсанаас гадна “Талын улаан балгас” ч мөн Киданы үед холбогддог. Киданы түүх сударт тэмдэглэснээр Чжэнь Чжоу-д Киданы баруун хойд гадаад аймгийн 20.000 дарангуй цэрэг сууж байснаас гадна бас хятад, зөрчидийн 700 гаруй өрх айлыг нүүлгэн ирүүлж цөлөн суулгаж байжээ. Чин толгой болон Хадаасан-Хар бухын балгасны талаар нутгийн ард түмний дунд нэлээд хожмын түүхэн үйл явдалтай холбогдсон сонирхолтой домог бас хадгалагдан үлджээ. Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт нутгийнхан “Чин толгой” гэдэг эртний хотын энэхүү туйр байдаг. Энд эртний гэрэлт хөшөөний суурь хоёр том чулуун мэлхий бий бөгөөд олдсон зарим дээврийн ваар нь кидан бичигтэй юм байна.

6. Бий булгын балгас


Хутаг-Өндөр сумын нутаг орших энэхүү газрыг улсын хамгаалалтанд байх түүх, соёлын дурсгалт газрын жагсаалтанд оруулсан байдаг. Түрэгийн хаант улс мөхсөний дараа Монгол нутагт түр хугацаанд хүчирхэгжин мандаж байсан улс бол Уйгур улс. Уйгурын үед холбоотой олон чухал дурсгал Монгол нутагт багагүй байгаа бөгөөд тэр дундаа хот тосгонтой холбогдсон хэд хэдэн дурсгал байдаг. Уйгур нар нь өөрийн улсыг байгуулж, хот хэрэм барь байсны ул мөр нь одоогийн Архангай аймгийн Хотонт сумын нутагт орших Хар Балгас, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Намнан уулын ойролцоо орших Бий булагийн балгас билээ. Хар балгас нь Уйгур улсын нийслэл байсан.

Байбалык хот буюу Бийбулаг нь сумын төвөөс баруун тийш 14 километрт байдаг бөгөөд нутгийнхан Бийбулаг гэж нэрлэдэг. Булган аймгийн Сайхан сумын нутагт орших Моюнчур хаанд зориулан босгосон гэрэлт хөшөөний 44 дүгээр мөрөнд “Сэлэнгийн эрэгт Байбалык хотыг байгуулахыг согд табагач нарт даалгалаа би” хэмээн тэмдэглэсэн байдаг учир уг хотыг Уйгарын хаан Моюнчур байгуулуулсан бололтой хэмээн судлаачид үздэг.

7. Могойн шинэ ус


Хайрхан сум, Булган аймгийн Сайхан сумын нутгийн зааг дээр Могойн Шинэ ус хэмээх газар орших эртний Уйгурын үеийн гэрэлт хөшөө, булшны цогцолбор байна. Энэхүү дурсгал далайн түвшнээс дээш 1477 метрийн өндөрт оршин байна. Энэхүү гэрэлт хөшөө дундуураа хоёр хуваагдсан, хөшөөний суурь болох чулуун яст мэлхийний толгой хугарч байхгүй болжээ. 1970-аад онд нутгийн нэгэн малчин уурлаад энэнхүү хөшөөний нэг хэсгийн авч яваад Могойн нуур луу хаяасан гэсэн мэдээ байх бөгөөд чухам хөшөөний ямар хэсгийг Могойн Шинэ усны аль нуур луу нь аваачиж хийснийг тодруулах боломж гарсангүй. Учир нь Могойн Шинэ хэмээх энэхүү газар олон жижиг нуур бүхий хотгор газар болно. Судалгааны ном зохиолуудад “ Моюн-чурын хөшөөний түрэг бичээс” гэсэн нэрээр орсон байдаг.

ГОВЬСҮМБЭР АЙМАГ

1.Чойрын Богд уул


Чойрын Богд уул нь Говьсүмбэр аймгийн ард түмний бахархал болсон уул юм. Уг уул нь аймгийн зүүн урд захад, манай орны их Боржигоны бүсийн хамгийн баруун зах нь болон оршдог. Тус хайрханыг орон нутгийн тусгай хамгаалалтанд 1997 онд авч, Монгол УИХ-ын 2011 оны 01 сарын 20-ны өдрийн 04-р тогтоолоор байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан.

Чойрын Богд уулын ойр орчимд олон төрлийн түүх соёлын дурсгалт зураг дүрс гадна Дагвасүндэл бурхан, Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь, түүний дэргэд Цагаан дарь эх бурхан, Хүслийн хад, Хүүхдийн овоо, Илдний зурагтай хад, Эртний хятадын төмөр утасны хорооны туурь, Дугар Мээрэнгийн хөшөө зэрэг бий.

Нутгийн ардууд энэ уулаа гадны зочин гийчинд сайн байдаг гэж үздэг тул энэ нутагт ирсэн гадна дотны зочид уул руу ихээр гардаг байна. Ууланд гарахад ойр орчмын газрууд цэлийн харагдах нь гайхалтай. Одоогоор тус ууланд 200 гаруй аргаль хонь нутагшиж байна. Тус хайрхан нь өвөрмөц тогтоцтой хад чулуу элбэгтэй, хойд талаар нь хүн, амьтан ундаалдаг Уулзварын гол урсдаг. Ховор ургамал, аргаль, янгир, чоно, үнэг, туулай, цармын бүргэд, идлэг шонхор зэрэг ан амьтан элбэгтэй.

2. Зүүн жанжин Чойрын хийдийн туурь


Хуучин Түшээт хан аймгийн Боржигон хошуунд буддын олон арван сүм хийд байсны нэг нь энэ хийд юм. Зүүн жанжин Чойрын хийд 1779 онд Боржигон цэцэн вангийн хошууны дөрөв дэх засаг бэйл В.Дагдандоржийн хошуу захирч байх үед одоогийн Говьсүмбэр аймгийн нутагт Оцол сансар уулын баруун энгэрийн Марцын хоолой хэмээх газарт “Балдандашгомлин” нэртэйгээр Чойр, Жүд, Мамба, Дүйнхор зэрэг 5-7 дацантай, 1500 орчим ламтай байгуулагдсан ажээ. 1938 онд зөвхөн туурь болтол нь нурааж шатаажээ.

Баруун Чойр буюу Жанчивдэчилэн хийд нь одоогийн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг “Мушгиа зандан” гэдэг газар баригдаж байжээ. Эдгээр хийдээс буддын гүн ухаан, яруу найраг орчуулан зурхайн ухаанд гүн суралцсан олон арван мэргэн лам нар төрөн гарч өөрсдийн зохиол бүтээл олныг туурвижээ. Чойрын хийдүүд нь Майдар эргэх ёслол үйлдэж, Дүйнхорын цам, Цахарын цам зэргийг харайдаг байжээ. Мөн хийдийн хөгжлийг даган гар урлал, худалдаа наймаа нилээд хөгжсөн байв. Зүүн Баруун Чойр нь Майдар эргэх, Дүйнхор, Цахар гэдэг цамтай байсан гэдэг. Эдгээр хийд нь гар урлал, худалдаа, соёлын төв байсан. Баруун Чойрын хийдийн ловон багш гэж олноо алдаршсан Агваанданзанням нэг боть 50 гаруй номыг төвд хэл дээр зохиосон байдаг.

3. Цагаан дарь эх

Цагаан дарь эх чулуу зурган илэрцүүд

1828 онд Зүүн Чойрын хийдийн орчимд хэжиг өвчин дэлгэрч лам хар олон хүний аминд хүрсэн гэдэг. Иймд энэ өвчнийг дарах арга хайсан нутгийн ардууд урт наслуулахын ерөөлт бурхан Цагаан Дарь эхийг Чойр дацангийн дуганы гол хаалга чиглүүлж уран бурханчаар бүтээлгэвэл дарагдана гэснээр уул хадаар хэрэн хэсэж бурхан бүтээж явдаг нэгэн бурханч ламыг залж энэхүү бурхныг хийдийн гол дуганыг чиглэн байрлах боржин хадан дээр бүтээлгэсэнд халуун хижиг өвчин дарагдсан гэдэг.

4. Дагвасүндэл бурхан


Хийдэд гарсан халуун хижиг өвчнөөр олон банди нар өвдөж, хоногт хэдэн арваараа үхэж “Дөрвөн мааньт” гэдэг газарт ачин оршуулж байх үед Сансарын хадны Дарьмаа бүсгүйн ганц хүү хийдэд шавилан сууж байв.Энэ үед хийдийн гол хаалгыг чиглүүлэн Дарь эх бурхныг бүтээн олон лам нарын амийг хэлтрүүлсэн бурханчид баярласан Дарьмаа хүүхэн ганц хүүгээ шавь оруулан хожим бурханчийг өндөр наслаад өөд болоход нь хуврага хүүгээ дагуулан Оцол богд уулын оргилд авирч хүрээд зүрхэн улаан хадны энгэрт Дарь эх бурхны өөдөөс харуулан Сүндэл бурхныг сийлж бүтээлгэсэн түүхтэй.Дүрэлзсэн галын эрчилсэн шуурган дундаас догшин дүрт сүндэл бурхан алс тэртээд цав цагаанаар цайвалзан үзэгдэх Цагаан Дарь эхийг эгцлэн харуулж дүрслэн бүтээсэн байна. Ийнхүү Дагвасүндэл бурхан, Дарь эх хоёр байгаль эхийн барьсан байц хад зүрхэн халил дээр барилдлага болон мөнхөрсөн түүхтэй. Дагвасүндэл бурхан бүтээгчийн уран гар цаасан дээр биш хадан дээр гал амилуулж догшин нүүрний аймшигт харц чөтгөр шулмасыг үлдэн хөөх сайн цагийг бэлэгдэн өгүүлжээ.
5.Хүүхдийн овоо


Нутгийн ардууд энэхүү овоог цагаан овоо гэж нэрлэдэг байснаа хожим нь хүүхдийн овоо гэж нэрлэж тахин шүтэж иржээ. Цагаан овоо гэж нэрлэдэг байсны учир нь тус газрын ойр орчмын уул хад нь боржингийн зүүн зах болдог бөгөөд боржин чулуун хадан дунд ганцхан энэ чулуу цагаан байсан учир тийн нэрлэдэг байжээ. Нутгийн ард энэхүү хүүхдийн овоод очсон хүүхэдгүй гэр бүлүүд энэ овоонд сүслэн мөргөж тойруулаад нэг жижиг овоо босговол хүүхэдтэй болдог гэж үздэг ажээ.

6.Цоорхойн рашаан

Цоорхойн рашаан зурган илэрцүүд

Цоорхойн рашаан нь байгалийн сонин тогтоцтой, хавцал хадан завсар байдаг. Энэхүү рашаан нь хүний дотор эрхтэнд сайн юм. Тус рашаан нь дээрээс нь тонгойж өндөр дуугаар хашгирахад тэрүүхэндээ бүх зүйлс оргилж эхэлдэг. Оргилж гарсан ус нь хэдхэн алд яваад газартаа шургачихдаг. Газрын хэвлий цоолдон гарч ирдэг болохоор нь Цоорхойн рашаан гэж нэрлэжээ. Энэхүү газрыг 1997 онд орон нутгийн тусгай хамгаалалтанд авжээ.

ГОВЬ – АЛТАЙ АЙМАГ

1.Ээж хайрхан уул


Цогт сумын нутагт Монгол Алтайн нуруу, Говь Алтайн нурууны хоорондох хотгор буюу Алтайн өвөр говийн уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон хад чулуурхаг өнчин уул юм. Далайн төвшнөөс дээш 2277 метр өндөр, эл уулын 22475 га газрыг хамруулан 1992 онд тусгай хамгаалалтанд авчээ.

Ээж хайрхан ууланд өвөрмөц тогтоц, ховор сонин үзмэрүүд олон байдаг ба зүүн өмнө хажуугийн чулуулгийн гав судал дагаж цувран тогтсон ногоон хүрээтэй 9 чулуун тогоо бий.

Тогоонуудын амсрын дундаж өргөн нь 2-4 метр бөгөөд хоорондоо 40-50 сантиметр өндөр чулуун босгоор нэг нь нөгөөтэйгөө холбогдоно. Эдгээрийн 4 дэх нь хамгийн том бөгөөд түүний гүн нь 4 метр хүрдэг. Харин 9 дэх тогоо нь бусдаасаа нилээд тусгаарлагдмал бөгөөд жижиг хадан мөргөцөг өнгөрч байж тааралдана. Эдгээр тогооны ус нь рашааны шинж чанартай болохыг судлаачид тогтоожээ. 9 тогооны эхэн хавьд бяцхан баянбүрд үүссэн байх бөгөөд үүнийг нутгийнхан “даяанч ламын зуслан” хэмээн нэрлэдэг.

Мөн тогоонуудын төгсгөл хавиас газрын булаг маягтай шүүрдэг ус бий. Эдгээрээс гадна Ембүү хад, мэлхий хад, эхийн хэвлий хад, тагтаа хад, хүүхэн хэл, театрын суудал, түшмэдийн суудал, боов хад зэрэг сонин тогтоц бүхий хаднууд бий.

Ембүү хаданд мөргөж залбирсан хүн 9 үеэрээ эд мөнгөөр элбэг дэлбэг явна хэмээн сүсэглэдэг. Эхийн хэвлий хадаар гарсан хүн болгон ахин төрсөнтэй адил болно хэмээдэг.

Тагтаа хаданд үр хүүхэдгүй хүмүүс ирж сүсэглэвэл өнөр өтгөн гэр бүл болно хэмээн итгэж биширч иржээ. Энэ ууланд хүн амьдарч байсан ул мөр бүхий агуй бий. 9 тогооны ойролцоо орших ба тэдгээр тогоо харсан нүүрэн талыг битүүлж хаалга, гэгээвч гарган тохижуулсан ламын агуй юм.

Ээж хайрхан уулын хотгор хөндийгөөр 100 орчим зүйл ургамал тархсан нь экологийн өвөрмөц бичил орчинтойг илтгэдэг. Аргаль, янгир, ирвэс зэрэг ховор амьтдын хоёр тийш нүүдэллэх хөндий болж байдгаараа чухал ач холбогдолтой. Хахилаг ятуу, хулан жороо, ногтруу, уулын цэгцгий, жороо тоодог зэрэг олон зүйл ховор шувууд бий.

Есөн тогоо

Холбоотой Зураг

Ламын агуйн зүүн талын гүрвэл хад

Ламын агуйн зүүн талын гүрвэл хад зурган илэрцүүд

Бүсгүйчүүдийн үр хүүхэд, эр нөхөр гуйдаг хад

Бүсгүйчүүдийн үр хүүхэд, эр нөхөр гуйдаг хад зурган илэрцүүд

Ембүү хад. Энэ хаданд мөргөж залбирах, тойрох, зургийг нь жаазандаа хадгалвал баяжина хэмээнэ

Ембүү хад. Энэ хаданд мөргөж залбирах, тойрох, зургийг нь жаазандаа хадгалвал баяжина хэмээнэ зурган илэрцүүд

Далайн яст мэлхий

Далайн яст мэлхий хад зурган илэрцүүд

Хүүхэн хэл хад. Цаана нь тагтаа хад


2.Бурхан буудай уул


Бурхан буудай уул нь Монгол Алтайн бөөн цулдам уулт өндөрлөгийн мужийн уулын нуга, уулын хээрийн дэд мужид багтдаг бөгөөд ноён оргил нь 3765м өндөр мөнх цастай уул юм. Уулын их бие, ам хөндийд эртний мөстлийн ул мөр болох хотгор гүдгэрийн тавцан дэнж, хунх нилээд их байхын зэрэгцээ асга нуранги ихтэй. Бурхан буудай уулнаас Урд гол, Дунд гол, Хойт гол, Уст чацран голууд эх авч урсдаг. Монгол Алтайн нурууны салбар энэхүү үзэсгэлэнт ууланд аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас зэрэг амьтан, шувууд элбэгээс гадна вансэмбэрүү, алтангагнуур, гандигар, цэнхэр цагаан манчин, банздоо зэрэг олон зүйлийн эмийн ургамал, чацаргана, тошлой зэрэг жимс жимсгэнэ ургана. Энэхүү уулын Хярын нуурын мянган булш, Үертийн цагаан хаалга зэрэг өвөрмөц тогтоцтой цавчим өндөр сүрлэг байц хад, хадан хавцал хясаагаар хүрээлэгдсэн аль ч талаараа очиход таг хэмээн нэрлэгдэх байгаль эхийн бүтээл ихтэй. Мөн уулын Нам богдын орой дахь буудай хэлбэрийн улаан чулууг нутгийн ардууд эрт дээр үеэс тахин шүтэж ирсэн нь одоог хүртэл хадгалагдаж иржээ.

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авжээ.

3.Сутай хайрхан уул


Говь-Алтай аймгийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 4090 метр өргөгдсөн 60 орчим км сунаж тогтсон. Сутай хайрхан уул тус аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын дунд оршино. Монгол-Алтайн нурууны 11 орчим ам дөрвөлжин км талбай эзэлсэн 13 мөнх цаст оргилын нэг юм.Энэ уул сарлагийн маш сайхан нутаг. Сүү саалиар арвин сарлаг үхэр ихтэй энэ хайрханы нэрийг Сүүтэй уул гэж нэрлэдэг байсан гэдэг. Сутай хайрхан янгир, аргаль, ирвэс, үнэг, чоно гээд ан амьтанаар арвин мал аж ахуйд маш сайхан өгөөжтэй нутаг. Хайрханы өврөөс Усан зүйлийн гол эх авч урсан Тонхил нуурт цутгана. Сутай хайрханы өврийн нэг бага шиг өндөрлөг дээр Их овоо гэж дээр үед тахиж байсан нэг их сонин овоо бий. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Их овоог төрийн тахилгатай болгож 2008 онд анхны тахилгыг хийсэн байна. Сутай хайрхан нь Говь-Алтай нутгийн үзэсгэлэн төгс байгальтай хамгийн өндөр хайрхан юм.

4. Монгол элс


Байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 234400 га, Баян-Уул сумын 85600 га , Жаргалан сумын 29200 га хамарсан Монгол элсны орчмын нийт 349200 га газар нутгийг УИХ-ын 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангилалаар авжээ.

Монгол элс нь Завхан голын хөндий дагуу баруун, баруун хойноос зүүн, зүүн ургаш чиглэн 300 шахам км үргэлжлэн тогтсон элсэн хуримтлал юм.

Элсэн хуримтлалд бөөрөг, хонхорт бөөрөг, манханжсан хонхорт бөөрөг манхан хэлхээ, цац суварган оргил бүхий өндөр манхан, бүрхэвч зэрэг элсэн хуримтлалд ялгарах хотгор гүдгэрийн бүхийл хэлбэрүүд байдаг. Монгол элсний хойд захаар Завхан гол эмжин урсахын хамт Эрээн , Ажиг, Сангийн далай , Гүн зэрэг олон нуур тогтсон байдаг нь байгалийн үзэсгэлэнт байдал Эко системийн өвөрмөц хослолыг бий болгожээ. Монгол элсэнд элсний бэлчээрийн үндсэн ургамал болох хар , цагаан суль нь хур бороо, ган гачигаас үшл хамааран зөвхөн хөрсний чийгээр ургадаг онцлогтой. Иймээс ч нутгийн ард иргэд Монгол элсийг ган зудын аюулаас хамгаалдаг хэмээн их шүтдэг байна.

6.Хасагт хайрхан уулын дархан цаазат газар


Хасагт Хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Шарга, Жаргалан, Баян-Уул, Тайшир сумдын нутагт Их Нууруудын хотгор руу гүн түрж орсон Алтайн салбар уулсын нэг билээ. Талбайн хэмжээ нь 27448 га. Энэ уулын буга, аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтдын өлгий нутаг бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдлыг хамгаалах зорилгоор 1965 онд онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар зарлигаар дархан газар болгожээ.

Энэхүү уул нь Алтайн гол нуруунаас Шарга, Хүйсийн говиор тусгаарлагдан нилээд зайдуу оршихын дээр Хангайн уулархаг мужид арай ойр дөт боловч бас л Завхан голын уудам хөндий, Гүзээн- Тээлийн буурц хотгороор тусгаарлагдана. Ийнхүү уудам хотгорын гүнд орших бдаювч өндрийн ачаар тэнд уулсын босоо бүсшил тод илэрсэн өвөрмөц ландшафтыг бүрдүүлнэ. Хасагт Хайрхан нь эгц цавчим хажуутай, хурц шовх оргилтой 2 зэрэгцээ нуруунаас бүрдэх бөгөөд хойтохыг Хасагт Хайрханы нуруу, өмнөхийг Гурван Богдын нуруу гэнэ. Хасагт Хайрханы ноён оргил Хасагт Богд уул (3578 м), түүний залгаа Дунд Хасагт Хайрхан (3471 м), Зүүн Хасагт Хайрхан (3540 м) байхад Гурван Богдын нурууны Богд (3200 м), Дунд Богд (3522м), Зүүн Богд (3340 м) өндөртэй байна.

7.Аж Богдын нуруу

аж богдын нуруу зурган илэрцүүд

Алтай сумын нутагт орших Монгол Алтайн нурууны салбар уул бөгөөд хамгийн өндөр оргил нь Хүрэн товон далайн төвшнөөс дээш 3802 метр өндөр. Аж богдын нурууны өврөөс Индэр, Гишүүнтэй, Их гол, ар талаас нь Урт, Дөрөлжийн голууд эх аван урсдаг. Уулын хүрэн, цайвар хүрэн, говийн бор, хужир мараат, цөлийн бор саарал хөрстэй. Үет, буурцагт, бутлаг ургамал буюу ерхөг, хялгана, нарийн цагаан өвс, тэсэг, шөвөг, ортууз, агь, гогд, гоньд, тоорой, сухай, заг, гандигар, торлог, шар мод, харгана, баглуур, бударгана, таана, хүмүүл зэрэг ургамал голлон ургадаг. Аргаль угалз, янгир, хавтгай, хулан, хар сүүлт зээр зэрэг амьтадтай. Ууландаа зун 116-138 миллиметр хур тунадас унадаг байна.

8.Эрээн нуур


Жаргалан сумын нутагт орших дөрвөн талаараа элсэн манханаар хүрээлэгдсэн хосгүй үзэсгэлэнт нуур бөгөөд Завхан голын усаар тэжээгддэг. Д.т.д 1450.5 метрт оршдог, 4 км.кв талбайтай. Эрээн нуурыг тойрон хүрээлэх элсэн манханы цаад талд хангайн бүсийг санагдуулахаар цэцэг ногоо алаглаж, зэгс, бургасанд нь усны шувууд цуглаж орчин тойрны байгалийн үзэмжийг улам нэмэгдүүлдэг. Говь-Алтайчууд “Хөвсгөлийг Монголын Швейцарь гэж ярьдаг бол говь нутгийн Швейцар нь Эрээн нуур юм аа хө” хэмээн хошигнодог. Эрээн нуур бол элсэнд дарагдалгүй тогтсон, нуурын ус руу элс нуран орсон ч булингартдаггүй өвөрмөц тогтоцтой ажээ. Салхитай өдөр элсний ширхэг бүхэн салхиар туугдан нүүр нүдгүй шуурч, элсэн манханууд нь нүүж байх шиг санагддаг хэрнээ Эрээн нуурын ус тув тунгалагаар мэлмэрч байдаг нь сонин. Ангаж цангаж яваа явуулын хүмүүс Эрээн нуурыг хараад зэрэглээнээс ус ургаад гараад ирэв үү хэмээн гайхширдаг ажээ. Аагим халуун хуурай элсэн дунд цэв цэнхэр тунгалаг нуур байна гэдэг нь өвөрмөц ертөнц юм.

Г. МӨНХЦАЦРАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *