Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Монголыг хувийн том уурхайнуудтай, хөлсөөрөө хөлжсөн тэрбумтнуудтай болгох түүчээ нь Цагаан суварга

Төдийгөөс өдий хүртэл өсөөд, хөгжөөд, томроод тэлээд яваа нь хувийн хэвшлийнхэн л байна. Төрд данстай нь харин эсрэгээрээ. Болохгүй, бүтэхгүй, уруудсан, доройтсон бүхэн улсынх гэсэн шошготой. Нуух аргагүй үнэн гэдгийг нь бултаараа хүлээн зөвшөөрчихсөн. Хувийн хэвшлийнхэн өгссөөр яваагийн нэг тод жишээ нь Цагаан суварга, энэ ордыг тойрсон үйл явдал байна. Зэс молибдений дажгүй нөөцтэй энэ ордын эзэмшигч нь МАК гэдэг хувийн компани. Дорнын говьд баяжуулах үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтыг аль хэдийнэ эхэлсэн. МАК энэ ордын бүтээн байгуулалтад 344.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчихээд байгаа. Эрдэнэттэй зэрэгцэхүйц, Оюутолгойн дараа орох том үйлдвэр Дорнын говьд ажиллаж эхлэх хугацаа ойртсоор байгааг баталсан үйл явдлууд саяхан шил дарлаа.

Германы Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гэхэд л МАК “Аурибис” компанид зэсийн баяжмалаа нийлүүлэх гэрээ байгуулж чадлаа. Германы компани МАК-ийн үйлдвэрлэх зэсийн баяжмалыг 15 жилийн хугацаанд худалдаж авна. Жил бүр 150 мянган тонныг экспортолно гэсэн тохироо компаниудын хооронд хийгдсэн нь сүүлийн өдрүүдэд сонсогдсон гэгээтэй мэдээ байлаа. Засгийн газар “Монголын алт”, “Эрдэнэс цагаан суварга” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нь мөн л онцолж хэлэхээр том үйл явдал. Цагаан суварга төсөлд 1.031 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Одоо 686.6 сая ам.доллар хэрэгтэй байгаа. Энэ мөнгийг Германы болон олон улсын банк санхүүгийн байгууллагаас босгохоор ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан учраас Цагаан суваргын баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад хэрэгтэй мөнгө бүтэхэд асуудалгүй болсон гэсэн үг.

Аж ахуйн нэгжийн орлогын, нэмэгдсэн өртгийн, гаалийн албан татварууд, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хориод жил тогтворжуулна гэсэн амлалт баталгааг засгаас өгнө гэдэг хөрөнгө оруулагчдын хувьд таатай мэдээ мөнөөсөө мөн. Хувийнх болохоор л ажил нь ийм урамтай, гялалзтал бүтэж байгаа юм.

Энэ ордын ажлыг урагшлуулахгүй гэж төр үгүй мөн их тээг тавьсан даа. Баяжуулах үйлдвэр барих том хөрөнгө оруулалтыг дэлхийгээс босгох гэж зүтгэж яваа хувийн компанитайгаа төр нь ёстой нэг үзэж тарсан. Чухам юу болоод өнгөрснийг эргэж санацгаая: Цагаан суваргад төр хувь эзэмшинэ гэж хэсэг бужигнуулсан. Бужигнаан эхлэнгүүт мөнгө өгье гэж байсан хөрөнгө оруулагчид яах нь тодорхой. Төр нь орж магадгүй болчихлоо, түр харъя даа гээд хүлээгээд суучихсан. Төр хамгийн муу менежер учраас ихэнх хөрөнгө оруулагчид жийрхдэг л дээ. Мөнгөө өгөх улс ингэж хаширлахаас ч аргагүй. Эцэстээ төр өгөх мөнгөгүйдээ бантсан уу, ер нь хувийн компанийнхаа нэгэнт эхлүүлсэн ажил руу ороод яахав өөрсдөө хийг гэж эрүүлээр сэтгэсэн үү ямартай ч Цагаан суваргад хувь эзэмшинэ гэсэн санаанаасаа буцсан. Төрийн санаархал ингээд зогсоогүй. Дараа нь УИХ-ын нэг гишүүн нь Үндсэн хуулийн Цэц рүү бичиг цаас барьж гүйгээд энэ том төслийн ажилд чөдөр болсон. Төр эзэмших ёстой, яахаараа хувийн компани ганцаараа эзэмшдэг юм гэж ирээд хэл үг үүсгэж баахан цаг алдсан тал бий. Хэвлэл мэдээллийнхэн ч энэ зуур зүгээр суугаагүй. МАК шиг муу компанигүй болтол Цагаан суваргын бүтээн байгуулалтыг хараар будацгаасныг мөн л улс даяараа харсан. Хувийн компани учраас л юунд ч шантралтгүй тэмцсээр өнөөдрийг хүрч, бүхний ард гараад зогсч байна.

Зүй нь Монголд Цагаан суварга шиг хувийн уурхайнуудыг олноор бий болгомоор байгаа юм. Тэгж байж л Азийн жижигхэн Монголд тэрбумтнууд төрнө. Ер нь энэ улсад тэрбумтан болж гарч ирнэ гэдэг асар их эр зоригийн хэрэг. Төрийн шантааж, хэвлэлийн дайралт, хөрөнгөтэй хэсэгтээ хачин дургүй хар масс гэсэн том тээг саадууд байгааг сая хэлсэн дээ. Тэр дундаа төрд гарсан хүмүүсийн баялаг бүтээгчдэдээ дургүйг ярих юм биш. Өөрсдийнх нь идэх хоолноос хасагдаж байгаа болохоор тэгдэг биз, компаниа хөгжүүлээд тэлчихье гэсэн болгоныг төр адлангуй хардаг. Тэр жам МАК-ийг тойроогүй. Туулаад туучаад гараад ирсэн компани. Цагаан суварга төсөл ингэж зүтгэсний хүчинд ийм өнгөтэй байгаа юм.

Тэгвэл төрийн том уурхайнууд ямар байгааг эргэж харцгаая. Хамгийн сонгодог жишээ нь “Эрдэнэт” үйлдвэр. Монголын уул уурхайн салбарын хамгийн том үйлдвэр. Ганц Монголд ч биш дэлхийд данстай энэ үйлдвэр ийм бараа авна, тийм мэргэжилтэн ажиллуулна гэж сонгон шалгаруулалт зарладаг бил үү. Хэвлэлд тендерийн иймэрхүү мэдээлэл тавьж байсныг үзсэн үү. Түй ч байхгүй гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Учир шалтгаан нь тов тодорхой. Эрдэнэтийн үе үеийн дарга нар энэ том “саалийн үнээ”-ний үр өгөөжийг идэж, уудаг учраас тэр. Төрд байгаа мэдэлтэй эрхмүүдийн танил тал шургалдаг учраас ажлын сонгон шалгаруулах зар тавих шаардлагагүй. Авах юмаа ч төрийн томчуудаас асууж шийддэг учраас Эрдэнэтийн даргад хэрэгтэй бараагаа жирийн компаниудаас авах гэж зарлаад байх шалтгаан үгүй. Хувийн компанитай ижил ганцхан юм бий. Осолгүй л татвараа төлдөг байх.

Эрдэнэтээс идэж уусан жишээ өчнөөн дөө. Төрд байгаа улсын шахаа гэж айхавтар юм бий. Төрд мэдэл нь илүү намын нөлөөтэй гишүүдийн халаас ийм шалтгаанаар түнтийдэг нь нууц биш. Санал болгосон бүхнийг нь өнөө “саалийн үнээ” нь ахиу үнэ төлж авдаг жишиг өдий хүртэл моодноос гараагүй. Өнгөрсөн жил гэхэд л Эрдэнэтийн агуулахад 141 тэрбум төгрөгийн шахааны бараа хог болоод хэвтэж буй тухай баахан шуугьсан. Таван сая ширхэг бэлгэвч, тосон бал, эмэгтэй хүний үсний хавчаар өчнөөн хайрцгаараа, 25 жил тасралтгүй хэрэглэх принтерийн хор гэж ирээд тоочвол толгой сэгсэрмээр хөгийн жагсаалт гарах учраас ингэсгээд орхиё.

Оюу толгойн одоогийн төрхийг харъя. Эдийн засаг таагүй энэ үед Монголыг авч яваа том орд мөн үү гэвэл мөн. Ажил нь урагштай яваа ганц том төсөл маань яах аргагүй Оюу толгой. Гэхдээ далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг нь төр тээг тавьж зогсоогоогүй бол гэсэн асуулт бий. Хэрвээ тэгээгүй бол Оюу толгой өдийд өнөөдрийнхөөс ч илүү өгөөжийг эдийн засагт өгөх байсан нь бас булзах аргагүй үнэн. Энэ ордод төр гуч гаруй хувийн оролцоотой. Тэр хэрээр Өмнийн говийн Оюу толгойг тойрсон хэл ам, хэрүүл шуугиан, эцэс төгсгөлгүй дайралт өчнөөн. Ингээд бодохоор энэ төслийн чөдөр гацааны цор ганц шалтгаан нь өнөө төр болж таарч байна. Хэрвээ Оюу толгойг зуун хувь хувийн компани хөдөлгөсөн бол ажил нь ямар хурдтай өрнөх бол. Өчнөөн зовлон туулсан “Цагаан суварга”-ын ажил өнөөдөр ямар хурдтай бүтэж, ямар эрчтэй байгаа билээ. Үүн шиг л гялалзах байсан.

МАК-ийнхан Цагаан суваргын ордыг түшиглэн хөвүүлэн баяжуулах дэвшилтэт технологи бүхий зэсийн болон молибденийн баяжмал үйлдвэрлэх уулын баяжуулах үйлдвэр байгуулах төслийг 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ төслийг “Эрдэнэс цагаан суварга” ХХК хэрэгжүүлнэ. Цагаан суваргын үйлдвэр дээд хүчин чадлаараа ажиллахад жилдээ 14.6 сая тонн хүртэл хүдэр боловсруулна. Бүр тодруулбал 310 мянган тонн зэсийн, 4 000 тонн молибденийн баяжмал үйлдвэрлэнэ. Төсөл хэрэгжиж эхэлснээр эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг ч тооцоод гаргачихсан харагдсан. Зөвхөн татвар хураамж хэлбэрээр гэхэд л 3.3 их наяд төгрөг төсөвт ороод ирэх тойм тооцоо гаргасан байна лээ. Жилд дунджаар 185 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ гэдэг бол бага мөнгө биш. Татвар хураамжаас гадна ажлын байр гэж том өгөөж бий. Төсөл хэрэгжсэнээр 1000 гаруй монгол иргэн ажлын байртай болно. Ганц хүний ард гурван хүний амьдрал бий гэж тооцоход МАК-ийн барих энэ үйлдвэр 3000 хүний амьжиргааг дажгүй аваад явчихна. Цагаан суваргын уурхайн одоогийн батлагдсан нөөцийг ил уурхай хэлбэрээр 18 жилийн хугацаанд гурван үе шаттайгаар ашиглах юм билээ. Эндээс эдийн засагт хэр нөлөөтэй төсөл гэдгийг нь багцаалдчихаж болно. Ажил нь энэ эрчээрээ саадгүй үргэлжилбэл “Цагаан суваргын зэс-молибденийн баяжуулах үйлдвэр” 2018 оноос мөнгө үйлдвэрлэж эхэлнэ. Тэгэхээр гурван жилийн дараа бас нэг Эрдэнэт төсөвт нэмэр, эдийн засгийн тэлэлтэд хүч болоод явна гэсэн үг.

Эцэст нь хэлэхэд хувийн том уурхайнуудтай болох, Монголд тэрбумтнууд төрөх түүчээ нь Цагаан суварга гэдэгт эргэлзэх зүйл алга. “Өдрийн сонин” энэ бүгдийг сануулж бичээд байгаа нь ч цаанаа том учиртай. Монгол Улс баян байх ёстой. Учир нь баяжиж байж л хөгжилд хүрнэ. Хүчирхэг хөгжилтэй улс болох зам руу шуудрах гол гарц нь мөнгө гэдэгтэй маргах арга байхгүй. Сайн хөрш, эв найртай ах дүү улс, хэн нэг шударга гишүүний аль нь ч Монголыг баян болгохгүй. Болгох ч аргагүй. Баялаг бүтээгчид л, ирээдүйн тэрбумтнууд л Монголыг баян улс болгоно. Зах зээлийн нийгмийг сонгосон Монгол шиг улсуудын хүчирхэгжих цорын ганц чиг, зам, жим нь ерөөсөө л энэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *