Categories
мэдээ нийгэм

Монголд зорчих 42 орны визний хөнгөлөлтийг цуцална

Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад иргэд визгүй зорчих 42 орны жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор баталсан. Улмаар Австри, Андорра, Аргентин, Дани, Их Британи, Исланд, Испани, Итали, Польш, Португал, Румын, Словак, Словени, Унгар, Уругвай, Финланд, Франц, Хорват, Чех, Чили, Швед, Швейцар зэрэг 42 улсын иргэд өнгөрсөн оны зургаадугаар сараас энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл манай улсад аялал жуулчлал, бизнесийн зорилгоор 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй болсон юм. Харин дээрх визний хөнгөлөлтийг ирэх арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болгож, дахин сунгахгүй байхаар болсон гэдгийг Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ. Энэ шийдвэр нь ирэх онд Монгол Улсад болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад ирэх зочдын аюулгүй байдлыг хангахтай холбоотой аж.

Ирэх онд зохиогдох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж, энэ оны улсын төсвөөс таван тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан бол ирэх оны улсын төсвөөс 21 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргахаар тусгажээ. АСЕМ-тай холбоотой бүтээн байгуулалт, бэлтгэл ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирэх Баасан гаригт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд танилцуулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *