Categories
мэдээ нийгэм

Монголд үйлдвэрлэсэн гар утас дотоодын зах зээлд хүч түрэн орж ирнэ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг гар утасны программ хангамж, үйлдлийн системийн хөгжүүлэлт болон үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  дөрвөн компанийн  төлөөлөлтэй уулзжээ.

ITZone компани Android 4,1 үйлдлийн системтэй, 4 инчийн дэлгэц бүхий “Mogul” брэндийн ухаалаг утсаа 150 000 төгрөгөөр борлуулах гэнэ. “Эмондо” компани хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжтэй зохицон ажиллах, монгол хэлийг бүрэн дэмжсэн үйлдлийн системд суурилсан программын хөгжүүлэлт хийх боломжтой ухаалаг гар утас үйлдвэрлэх төслөө танилцуулжээ. Тус компани гар утасны сэлбэгийг үзүүлэлтийн дагуу гадаадад захиалж хийлгээд, дотооддоо угсарч, шалган өөрсдийн хөгжүүлсэн үйлдлийн системийг суурилуулан зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. 

Харин “Дархан жонон” компани гадаадад хэрэглэж байсан ухаалаг гар утсыг олноор оруулж  шинэчлээд, зах зээлийн үнээс 30 хувийн хямд үнээр үйлдвэрийн баталгаатайгаар худалдан борлуулах төсөл боловсруулсан байна.  “Migma electronics” компанийн захирал Б.Анхныбаярын хэлснээр  дөрвөн төрлийн ухаалаг гар утас үйлдвэрлэхэд бэлэн болжээ. Хүүхдүүд болон ахмадуудад зориулсан том товчлууртай, том дэлгэц бүхий утас нь ойр дотнын таван хүнд зэрэг  ослын дуудлага хийх боломжтой гэдгийг танилцуулсан байна.  

Эдгээр компаниуд  төрийн үйлчилгээг монгол үйлдлийн системтэй ухаалаг утасны программтай уялдуулж, гар утасны оператор компаниуд эдгээр утсыг дэмжиж ажиллахыг хүсч байгаа юм.

Зөвхөн гар утасны хэрэглээнд жилд дунджаар 48 тэрбум төгрөг гадагшаа гарч байгаа бөгөөд энэ их мөнгөний урсгалыг сааруулах, зогсоохын тулд үндсэний үйлдвэрлэгч компаниудаа дэмжиж ажиллана гэдгээ Ерөнхий сайд илэрхийлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *