Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын архины хэрэглээ Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдаж байна DNN.mn

Албан байгууллагууд ар араасаа шинэ жилийн баяр тэмдэглэж буй энэ өдрүүдэд цагдаагийн байгууллагад архидан согтуурах явдалтай холбоотой дуудлага мэдээлэл түлхүү ирэх болжээ. Цочир хүйтэрсэн өдрүүдэд шинэ жилийн баяраар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь хөлдөх, цаашлаад осгох эрсдэл дагуулж буйг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байгаа юм. Энэ оны эхний арван сарын байдлаар гарсан гэмт хэргийн 10.3 хувь нь согтуугаар үйлдэгджээ. Нийт дуудлага мэдээллийн 60-70 хувь нь архидан согтуурсантай холбоотой байгаа аж. Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга цагдаагийн хурандаа Б.Оюутболдоос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Албан байгууллагууд ар араасаа шинэ жил тэмдэглэж байгаа энэ өдрүүдэд эрүүлжүүлэх байрнууд ачаалал өндөр хонож байна. Өнөөдөр ер нь архи согтууруулах ундааны хэрэглээ манайд ямар байна вэ. Та судалгаанд үндэслээд мэдээлэл өгөхгүй юү?

-Архины хэрэглээ аюулын хэмжээнд хүрснийг доорх судалгаанаас тодорхой харж болно. Монгол Улсад импортоор оруулсан согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүний биет хэмжээ 2021 онд 38.9 сая литр болсон. Согтууруулах ундааны үйлдвэрлэл нь 2021 онд 671.0 тэрбум төгрөгт хүрч 2011 онтой харьцуулахад дөрөв дахин, борлуулалт 740.9 тэрбум төгрөгт хүрч 2011 оноос тав дахин нэмэгдсэн байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон стандартаар нэг хүнд жилд 7-8 литр архи, согтууруулах ундаа ногдож байгаа тохиолдолд үндэсний аюулгүй байдалд эрсдэл гарлаа гэж үздэг. Гэвч манай улсын насанд хүрсэн нэг хүнд жилд 28 литр архи ногдож насанд хүрсэн хүн амын 51 хувь нь согтууруулах ундааг тогтмол хэтрүүлэн хэрэглэж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанаас харахад манай улсад жилд дунджаар 4500 хүн архины шууд болон шууд бус хамааралтай байдлаар нас барж байгаа нь тогтоогдсон.

-Манайд согтууруулах ундааны хэрэглээ хэвийн хэрэглээнээс хэд дахин давсан нь таны дурдсан судалгаанаас харагдаж байна. Үүнийг дагаад архины хордлогын асуудал хөндөгдөх байх. Хүний амь настай шууд холбоотой асуудал шүү дээ.

-Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой хордлогоор өдөрт нэг, сард 30, жилд 363 хүн амь насаа алдаж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд архины хордлогоор 1817 хүн амь насаа алдсан үзүүлэлт байгаа юм.

-Энэ сард цочир хүйтэрлээ. Албан байгууллагуудын шинэ жилийн баяр ар араасаа тохиож байна. Шинэ жилийн баярын үеэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь манайд хэвийн үзэгдэл болсон. Энэ үед хөлдөх, осгох эрсдэл хажууханд байх шиг.

-Энэ үнэн. Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотойгоор жилд 89 хүн осгож амь насаа алдаж байгаа үзүүлэлт бий. Сүүлийн таван жилийн хугацаанд авч үзэхэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж 447 хүн осгож нас барсан байгаа юм.

Байгууллага хамт олны шинэ жилийн баяр тохиосон өдрүүдэд архи хэтрүүлэн хэрэглэх нь түгээмэл. Ийм үед осгох эрсдэл яг хажууханд бий. Хөлдөх нь ч эрсдэлтэй. Шинэ жилийн баяр тэмдэглэсний дараа нь хэн гэртээ яаж харьсан талаар анхаарч байх хэрэгтэй. Энэ нь тантай хамт ажилладаг хэн нэгнийг осгох аюулаас сэргийлж болно. Архидалттай холбоотой өөр нэг асуудал тасардаггүй нь согтуугаар гэмт хэрэг үйлдэх явдал. Согтуурсан үедээ бусдын биед гэмтэл учруулах тохиолдол өдөрт л ес бүртгэгдэж байна. Ингээд үзэхэд согтуугаар бусдын биед гэмтэл учруулах тохиолдол сард 277 бүртгэгдэж байгаа юм. Жилд гээд тооцоход энэ тоо мянга гараад явчихна.

-Архи согтууруулах ундааны хэрэглээ гамшгийн хэмжээнд хүрсэн нь таны онцолсон тоо баримтаас харагдаж байна. Цагдаагийн байгууллага үүний эсрэг ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлигт “Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх, согтууруулах ундааны хор уршиг, сөрөг нөлөөг сурталчлан таниулах” талаар тусгагдсан.

Дээрх зарлигийн хэрэгжилтийг хангах, иргэд, олон нийтийг согтууруулах ундааны хорт зуршил, буруу хэрэглээнээс татгалзуулах, түүнээс үүдэн гарах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран энэ оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд “Намайг алгас” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулж ажилласан.

Ажлын хүрээнд гудамжны самбар, лед дэлгэц, фэйсбүүкийн бичлэг, постер, уриалга бүхий видео, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэг гаргах, төрийн болон төрийн бус байгууллагуудад хандсан албан бичиг хүргүүлэх, тээврийн хэрэгслийн үнэртүүлэгч, дугаар бичигч, QR код уншуулагч зэрэг олон төрлийн ажил, арга хэмжээг үе шаттай зохион байгууллаа.

-Та ярилцлагын эхэнд улсын хүн амын 51 хувь нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж байгаа талаар хэлсэн. Архины хамааралтай иргэдэд чиглэсэн ажил арга, хэмжээ явуулсан уу?

-Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон бусад төрийн байгууллагатай хамтарч архины сайн дурын эмчилгээний чанар, үр дүнг шинэ шатанд гаргахаар тус цагдаагийн удирдах газраас “Итгэл” төслийг хэрэгжүүлээд хоёрдугаар ээлжийн нийт 75 иргэнийг ар гэрт нь хүлээлгэж өгөөд байна.

Энэхүү төсөл нь зорилтот бүлгийн хүмүүсийг “Цагаан өргөө” сувиллын газарт 21 хоногийн хугацаанд байрлуулж хордлого тайлах эмчилгээ, сэтгэл санаа, зан үйл заслын болон гэр бүлийн гишүүдэд нөлөөллийн уулзалт, сургалтуудыг явуулж, тусгайлсан хөтөлбөрийн дагуу эмчилгээг хийж, үргэлжлүүлэн гурван сарын хугацаанд хорооны өрхийн эмч, хэсгийн байцаагчийн хяналтад эмийн болон сэтгэл зүйн сургалтад хамруулах зорилготой. Согтууруулах ундаа хэрэглэх нь хүний стресс ядаргааг тайлдаггүй, эсрэгээрээ бие махбодын дархлааг унагаах, сэтгэл гутралд өртөх, өөрийн үнэлэмж буурах зэргээр эрүүл мэнд, сэтгэл зүйд сөрөг нөлөөг үзүүлдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *