Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд өөрсдөө цементийн хэрэгцээгээ хангахаар боллоо

-“Бейзмент” компани Хөтөлийн цементийн үйлдвэрийг хөл дээр нь босголоо-

Монгол Улс өөрсдийн гараар, өөрсдийн хөрөнгөөр юу ч хийгээгүй, ганц байшин босгосон билүү, нэг бал үйлдвэрлэсэн билүү гэж халаглацгаадаг. Тэгвэл одоо хэлэх үгтэй боллоо. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг өргөтгөж шинэчиллээ. 2009 онд Хөтөлийн цементийн үйлдвэрийнхэн салбарын сайдаа очиход “Гаднаас цемент оруулж ирээд байвал Хөтөлийн 10 мянган хүний аж амьдрал хөсөр хаягдана” хэмээн бухимдаж байсан бол одоо санаа зоволтгүй боллоо.  Хэдийгээр өргөтгөл гэх боловч хуучин үйлдвэрийнхээ дэргэд бүр том, хүчин чадал нь дөрөв дахин илүү цоо шинэ үйлдвэрийг  жил зургаан сарын дотор барьж дуусгаад ашиглалтад оруулсан нь энэ. Хөрөнгө оруулагч нь нь үндэсний “Бейзмент” компани юм. Үйлдвэрийг босгох санхүүжилтэд нь Улаанбаатар, Худалдаа хөгжил, Хөгжлийн банкны оролцоо байсан. Засгийн газар ч хангалттай дэмжжээ. Үйлдвэрийг байгуулахад ХБНГУ-ын компани зөвлөсөн  бол тоног төхөөрөмж нийлүүлэгчээр БНХАУ-ын “Жансү Пенгфей групп” ажиллажээ. Барилгын зураг төслийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Барилгын зураг төслийн институт гаргаж.  Барилгын угсралтыг Бээжин хот дахь “Шоган” групп хийсэн байна. Энэ бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож, сэтгэл санаа, эд хөрөнгөөр тусалсан болгон үйлдвэрийн нээлтийн ёслолд ирсэн байв. Арга хэмжээ өнгөрсөн лхагва гаригт боллоо. Үндэсний хэмжээний бүтээн байгуулалт хийсэн учраас үйлдвэрийн нээлтийг үнэнхүү сүр хүчтэй улаан хивсний ёслол болгон тэмдэглэв. Монголчууд юм хийж чаддаг юм байна гэдгээ гайхуулахыг хичээж байна.  Газар газрын мэргэжилтнүүд ирж үзээд “Энэ бол цементийн үйлдвэр мөн юмаа” л гэцгээж байсан.  Үйлдвэрийн гаднаасаа харагдах байдал, босгосон барилга байгууламж, сунайсан урт агуулахууд, дотор нь суурилуулсан техник технологиуд ярих юмгүй. Орчин үеийн цементийн үйлдвэр нэг иймэрхүү байдаг гэнэ.  Харин  тоног төхөөрөмжүүд нь “тэтгэвэртээ” гарчихсан учраас хуучин үйлдвэрийн үйл ажиллагаа нь одоогоор түр зогсчихсон юм байна.  500 мянган тоннын хүчин чадалтай энэ үйлдвэр 30 гаруй жил ажиллах хугацаандаа гурван сая гаруй тонн цемент үйлдвэрлэсэн түүхтэй. Энэ үйлдвэр цементийг нойтон аргаар боловсруулдаг байсан.


Ер нь манайд байгаа цементийн үйлдвэрүүд цөм нойтон аргын технологитой. Хар ухаанаар бол түүхий эдээ усаар зуурдаг гэсэн үг юм уу даа. Тэгвэл Хөтөлийн цемент шохойн шинэ үйлдвэр  хуурай аргын технологитой. Дэлхий нийтэд хэрэглэж байгаа орчин үеийн энэ технологийг Монголдоо анх удаа нэвтрүүлж байна гэсэн үг. Мэргэжлийн хүмүүсийн тайлбарлаж байгаагаар цементийн түүхий эд болох шохойн чулуу, нүүрсийг эхлээд бутална. Түүнийгээ түүхийн эдийн агуулахад аваачаад илүүрээр зүсч, төмрийн хүдэртэй хольж, найрлагыг нь жигдрүүлнэ. Дараа нь халуун хийгээр хатаана. Тэндээсээ дулаан солилцуурын цамхагт аваачиж халаагаад ус чийгийг нь зайлуулсны дараа хатаах ажлыг бүрэн автоматжуулалтын системээ хийнэ. Хамгийн сүүлд түүхий эдээ хөргөсний дараа буталж, нунтаглаад төмөр зам, авто замаар ачилт хийдэг байна.  


Энд онцолж хэлэх өөр нэг зүйл нь Хөтөлийн цемент-шохойн хуучин үйлдвэрийн 30 жилд гаргаж авсан гурван сая тонн цементийг шинэ үйлдвэр нь ердөө гурван жилийн дотор үйлдвэрлэх боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ “Бейзмент” компанийн гүйцэтгэх захирал Г.Энхбаяр “Бид анхнаасаа агуулахаа барьж, тоног төхөөрөмжөө суурилуулахдаа жилд хоёр сая тонн цемент үйлдвэрлэнэ гэж тооцоолсон.  Тиймээс цаашдаа үйл ажиллагаа жигдрээд ирвэл энэ хэмжээндээ цемент гаргах бүрэн боломж бий” гэсэн юм. Үнэндээ Монгол Улс өнгөрсөн 2013 онд нийтдээ хоёр сая гаруй тонн цемент хэрэглэсэн байна. Үүний 40 гаруйхан хувийг дотоодын компаниуд хангасан гэж байгаа.  Хөтөлийн “Цемент шохой”, “Эрэл цемент”, “Налгар түшиг”, “Централ Ашиан цемент” компаниуд өнгөрсөн жил нийлээд 500 гаруй мянган тонн цемент үйлдвэрлэж. Үлдсэн цементийг бид гаднаас авч,  бөөн доллар урсгасан гэсэн үг. Эндээс Монгол Улсын цементийн зах зээл дээр гадныхан тоглож, ашиг олдог, дотоодын компаниуд уналтад орсон гэдэг нь харагдаж байгаа юм. Гэвч ухралтад Хөтөлийн “Цемент шохойн” үйлдвэр одооноос цэг тавих нь ойлгомжтой боллоо.
Энэ үйлдвэр дангаараа Монгол Улсын цементийн хэрэгцээг хангачихаар байгаа нь “Бейзмент” компанийн захирлын үгнээс тодорхой байна.  Гэхдээ Монголд хот, хөдөөгүй байшин барилга олноор сүндэрлэж, цементийн эрэлт хэрэгцээ жилээс жилд өсч байгаа учраас энэ тооцоолол өөрчлөгдөх нь дамжиггүй. Тэгсэн байлаа ч Хөтөлийн үйлдвэр Монгол Улсын цементийн хэрэгцээний тал хувийг хангах нь баараггүй болжээ. Шинэ үйлдвэрийн ач тус, давуу чанарыг дурдаад байвал олон. Хөтөлийн “Цемент-шохойн” үйлдвэр одооноос эхлээд цахилгааны хэрэглээгээ 45 хувиар хэмнэх юм байна. Усны хэрэглээ нь багассанаас гадна хорт утаа ялгаруулахгүй учраас байгальд ямар ч хор нөлөөгүй болжээ. Хамгийн гол нь нэг тонн цементээ зах зээлийн үнээс 20 хувиар хямд борлуулах боломж бүрдэж байгаа нь сайшаалтай.  
Ингээд үйлдвэр аль хэдийнэ ажлаа эхэлчихсэн юм байна. “Эхний удаад 80 мянган тонн цемент тээрэмдчихлээ. Ямар ч асуудал алга. Одоо үйлдвэр зогсоно, гацна, ажилчид маань ажиллаж чадахгүй нь, хүндрэл бэрхшээл учрах нь гэх мэтийн элдэв зовлонтой үгс бидний үгийн санд байхгүй гэдгийг баттай хэлье. Хөтөлийн “Цемент-шохойн” үйлдвэрт ямар ч хүндрэл байхгүй, ажиллахгүй байх шалтгаан алга. Цаашдаа эрч хүчтэй ажиллаж, дотоодынхоо цементийн хэрэгцээг хангана” хэмээн үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Батдорж итгэлтэй ярьж байв. Тэрээр цааш нь “Цемент-шохой” төрийн өмчит компани үндэсний хөрөнгө оруулалттай “Бейзмент” ХХК-тай хамтран шинэ үйлдвэр байгуулж нээлтээ хийсэн нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хамгийн тод жишээ боллоо. Манай үйлдвэр олон улсын стандартад нийцсэн, импортын цементтэй өрсөлдөж чадахуйц өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ зах зээлийн ханшаас хямд үнээр борлуулна. Улсынхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад улам их хувь нэмэр оруулахын төлөө зүтгэж ажиллах болно” гэж байлаа. Нээлтээ хийж байгаа энэ үйлдвэрээс тэр өдөр “Ремикон”, “Техник импорт” зэрэг компанийнхан цемент худалдан авч байлаа. “Техник импорт” компанийн захирал Д.Ганцэцэг “Бид Хөтөлийн цементийн үйлдвэрийн байнгын үйлчлүүлэгч. Ээлжит цементээ авахаар ирэхдээ үйлдвэрийн нээлтийн арга хэмжээтэй таарсандаа баяртай байна” гэв.
Хөтөлийн “Цемент-шохойн” үйлдвэр 920 гаруй ажилтантай. Хятадаас авдаг цөөн хэдэн гэрээт ажилчин байдаг нь энэ дотроо багтдаг. Сэлэнгэ аймгийн Хөтөл хотын ард иргэдийн ганц амьжиргаа нь мөн энэ үйлдвэр. Тэд энд л ажиллаж, амьдралаа залгуулдаг. Үе удмаараа ажиллаад ирчихсэн хөтөлчүүд шинэ үйлдвэрийнхээ нээлтэд баяр, бахдалтайгаар ирцгээсэн байлаа. Ажилчид нь ч бөөн баяр. Ажиллах нөхцөл сайжирлаа, одоо ажлаар тасрахгүй нь гэсэн урамтай, нээлтийнхээ арга хэмжээнд толгой дээгүүр сууцгаана лээ. Үйлдвэрт олон жил ажилласан экскаваторын машинч Д.Пүрэвдорж “Бидний амьдралын баталгаа болсон үйлдвэр маань шинэчлэгдэж байгаад маш их баяртай байна. Үйлдвэрийг маань орчин үеийн шаардлагад нийцүүлж өөрчилж өгсөн үндэсний компаниуддаа талархаад сууж байна. Монголчууд бид гар, сэтгэл нийлбэл ийм сайхан зүйлийг бүтээж чаддаг юм байна гэж бодоод бахдаад сууж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч нээлтийн ёслол дээр үг хэлэхдээ үндэсний бүтээн байгуулалтын энэ ажлыг сайшаан магтаж байлаа. Тэрээр “Засгийн газраас 2014 оныг Монголдоо бүтээх жилээр зарлаж, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэржилтийг дэмжиж ажиллаж байна. Хөтөлийн цементийн үйлдвэр энэ шаардлагад бүрэн нийцсэн үйлдвэр юм. Энэ үйлдвэрээс гадна Дорноговь аймагт жилд хоёр сая 240 мянган тонн цемент үйлдвэрлэх гурван үйлдвэр байгуулагдаж байна. Ирэх жил ашиглалтад орох юм. Энэ мэт үндэсний томоохон үйлдвэрүүдэд Чингэс бондын хөрөнгөөс дэмжлэг үзүүлнэ” гэдгээ амлав. Дараа нь дагалдан очсон хийгээд нээлтэд оролцогчдын хүмүүсийн хамтаар  үйлдвэрийг албан ёсоор нээж, тууз хайчлан кноп дарлаа.
Хөтөлийн “Цемент-шохойн” үйлдвэр, Монголын үндэсний “Бейзмент” компанитай бүтээгдэхүүн хуваах арван жилийн гэрээний дагуу ажиллаж байгаа юм. Гэрээний хугацаа дуусахад долоон жил үлджээ. Одоогийн байдлаар Бейзмент компани нийтдээ 160 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихээд байгаа юм. Нийтдээ 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн тэд удахгүй үйлдвэртээ нэмж төмөр замын цогцолбор, ил уурхайн ажлуудыг хийхээр зэхжээ. Тэд гэрээнийхээ үлдсэн долоон жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын зардлаа нөхнө. Үүний дараа “Цемент шохойн” үйлдвэрийг улсад 100 хувь хүлээлгэн өгнө гэж байна.  Ямартай ч Монгол Улсын барилгын салбарт том гавьяа бүтээж,  улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулсан “Бейзмент” компанид талархах хүн энэ өдөр олон байлаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ өдөр “Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр”-ээр орсон юм. Тус үйлдвэрт өргөтгөл шинэчлэлт хийснээр жилийн дөрвөн улиралд байнгын ажилтай болсон байлаа.  Мөн “Эрэл” цементийн үйлдвэрийн ажилтай Ерөнхий сайд танилцсан юм. Тус үйлдвэр  өнгөрсөн онд 50 гаруй мянган тонн цемент үйлдвэрлэжээ. Харин өнөө жил 100 мянган тонныг үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *