Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд шинэ эрч хүчээр, шинэ ажлаа эхлүүлдэг өдөр

Есдүгээр сарын нэгэн бол монголчуудын хувьд онцгой шинэ эрч хүчээр ажлаа эхэлдэг содон өдөр юм. Үүнийгээ монголчууд анзаардаггүй ч байж мэднэ. Монгол хүн бүрийн амралт дуусч “Одоо ч нэг тачигнатал ажиллана даа” хэмээн ханцуй шамлан ажлынхаа хаалгаар орж ирдэг өдөр дөө. Монгол хүн бүрийн царай жаахан аяншсан, хүүхдүүдийнхээ сургуулийг ярьсан, амарч байх хугацаандаа голын эрэг, уулын орой дээр есдүгээр сарын 1-нээс эхэлж юу хийж, ямар ажил амжуулахаа хэдүйн бодож төлөвлөсөн, түүнийгээ эхлүүлдэг өдөр. Монгол орны нийгмийн амьдралын шинэ улирал юм.

Жилийн дөрвөн улиралтай, нүүдэлчин уламжлалтай монголчуудын хувьд ажил амьдралын эрч хүчтэй үе нь жилийн арван сард нь л өрнөдөг. Энэ нь есдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-ний хооронд юм. Үлдсэн зуны хоёр сард нь амарцгаадаг. Энэ бол монголчуудын амьдралын хэвшил хэмнэл болоод нэгэнт тогтжээ. Яахав, зуны улиралд барилга, уул уурхай, зам гэхчлэн улирлын чанартай ажлууд ид өрнөдөг ч монголчуудын дийлэнх нь эдгээр салбарт үнэмлэхүй хамрагддаггүй. Голдуу хятадуудыг авчирч ажиллуулдаг болоод удлаа. Монгол хүнийг зуны хоёр сар ажиллуулъя гээд ч айраг, хорхог, адуу мал, найр наадам, хөдөө нутаг нь бодогдоод төвлөрч ажиллаж чаддаггүй. Нэгэнт уламжлалт ахуй соёлоос нь улбаатай ийм сэтгэлзүйн шинж чанар нь монголчуудыг зуны хоёр сард нь амралт зугаалга руу хөтөлдөг болжээ. Гэхдээ зугаа цэнгэлийн үе гэж хэлмээргүй байна. Гадны хүмүүс хийгээд манайхны зарим нь тэгж харж ярьдаг ч мөн чанараараа бол монгол даяараа их амар амгалангийн цаг хугацаа юм. Өнөөдөр Монголын нийслэл, төв суурингуудын стресс, нерв ямар байгаа билээ. Хүн амын дийлэнх нь Хавай, Хайнанд очоод амарчихаж чадахгүй учраас хөдөөдөө гарч бодлоо цэгцэлж, есөн сарын нэгнээс хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн, ядаргаагаа тайлахаас өөр аргагүй юм.

Ингэж Монголын их хээр талдаа тааваараа хөлхөж амарсан монгол хүн “есдүгээр сарын 1” дөхөх тусам оюун санаа нь төвлөрдөг. За, хүүхдүүдийн хичээл сургууль ч эхэллээ дээ гэсэн үг хүн бүрийн амнаас гарч, айл бү­рийн гэрт сонсогдоно. Ухаандаа их ажилд нь монголчуудыг төвлөрүүлж өгдөг онцгой өдөр юм. Энэ өдөр бол эцэг өвгөдийн үед ч, их хаан Чингисийн үед ч байсан. Чингисээс эхлээд их хаадын үед есдүгээр сар буюу намрын эхэн сарыг шинэ оны эхлэл буюу өнөөдрийнхөөр бол шинэ жил хэмээн үзэж байсныг түүхээс бүгд мэднэ.

Монгол Улс бол залуу иргэдтэй орон улс. Залуу оюун санаатай, залуу эрчим хүчтэй нийгэм гэж болно. Тийм болохоор шинэ хичээлийн жил эхэлдэг энэ өдөр нийгэм маань асар их бужигнадаг. Маш их хөл хөдөлгөөн ордог. Эдийн засгийн цусны эргэлт огцом хурдасдаг. Ганц нийслэлд нь гэхэд газар гишгэх зайгүй хүмүүс хөлхөж, машин техниктээ дарагддаг. Есдүгээр сарын 1-ний өдөр шиг ийм их идэвхжил, эрчим хүчтэй өдөр Монголын нийгмийн 360 хоногийн алинд нь ч тохиодоггүй. Дэргэд нь наадам, цагаан сар юу ч биш. Тийм болохоор бид намрын энэ өдрийг шинэ оны эхлэл гэж албан бусаар үзэж болно.

Монголын нийгмийг ийм их эрчимлэг болгодог боловсролын салбарын өнөөдөр хийгээд маргаашийн төлөв байдлыг энэ дашрамд бас хүргэе.

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын нийт 799 сургуульд 539818 сурагч хамрагдах нь. Үүнээс төрийн өмчийн сургуульд 94.5 хувь нь, төрийн бус өмчийн сургуульд 5.5 хувь нь суралцах юм байна. Үүнээс нэгдүгээр ангид 64364 хүүхэд суралцах тоо гарчээ. Эдгээрт хүрэлцэх багшийн тоо улсын хэмжээнд цэцэрлэгийн 6900, ерөнхий боловсролын 28800, нийтдээ 35700 багшлах боловсон хүчин байгаа нь 100 хувь гэж үзжээ.

Хичээлийн бус цагийн секц дугуйлан гэж чухал юм байдаг. Тэр тоог нь харвал төрийн болон хувийн сургуульд 121 төрлийн дугуйлан хичээллэх юм билээ. Нэг хүүхэд 1-2 дугуйланд хамрагдах юм. Дээр нь дунд, ахлах анги тус бүрт 432000 төгрөгийн 70-90 төрлийн 74450 ширхэг номтой ангийн номын сан бий болжээ. Мөн төрийн өмчийн сургуулийн нийт сурагчдад 11340 суурин компьютер, багш нарт 25000 зөөврийн компьютер өгөхөд бэлэн болсон гэнэ.

Энэ хичээлийн жилд нийтдээ нэг сая 200 мянган сурах бичгийг хэвлэн нийлүүлэх бололтой. Бага болон ахлах ангиудад шинээр хэвлэсэн бүх сурах бичиг бүрэн хэмжээгээр хүргэгджээ. Харин VI-IX ангид 29 нэрийн сурах бичиг, 48 нэрийн багшийн номыг хэвлэн нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгаагаа яам нь мэдэгджээ. Дунд, ахлах ангийн сурах бичгийн дундаж үнэ 2600 төгрөг. Сурах бичгүүдийг номын худалдаагаар борлуулах, мөн хэвлэлийн компани бүр өөрийн худалдааны цэгээр дамжуулан худалдаалахаар болж аймаг бүрт нэг борлуулагч, нэг борлуулалтын цэгийг байгуулжээ.

Одоо энэ салбар дахь материаллаг баазын талаар товч дурдъя. Боловсролын салбарт 2015-2016 онд 251 барилга байгууламж баригдахаас улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх 153, орон нутгийн хөрөнгөөр 26 барилгын ажил байна. Дээр нь концессын гэрээгээр 40 цэцэрлэг сургууль, БНХАУ-ын тусламжаар нэг цэцэрлэг, 21 сургууль, Японы тусламжаар 10 цэцэрлэгийн барилга баригдана. Яг өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр 4448 суудлын хүчин чадалтай найман сургууль, 1000 хүүхдийн хүчин чадалтай 10 цэцэрлэгийн барилга ашиглалтад оржээ. Мөн 350 хүүхэд хүлээн авах хоёр дотуур байр, дөрвөн спорт заалны барилга шинээр ашиглалтад ороод байна. Энэ есдүгээр сардаа бол 15 барилга (825 хүүхдийн долоон цэцэрлэг, 890 суудалтай гурван сургууль, 180 ортой хоёр дотуур байр, гурван спорт заал) нэмж ашиглалтад орно гэсэн сайхан мэдээлэл байна. Харин энэ ондоо багтаж 36 барилга (1565 хүүхдийн 16 цэцэрлэг, 5220 суудалтай 14 сургууль, 470 ортой зургаан дотуур байр) нэмж ашиглалтад орно. Үүний хажуугаар их засвар хийгдэж байгаа барилга байгууламжуудыг дурдах ёстой. 2015 онд сайдын багцад 4.2 тэрбум төгрөг батлагдсаныг 50 байгууллагын их засварт хуваарилжээ. Үүнд 21 цэцэрлэг, 22 сургууль, гурван спорт заал, гурван дотуур байр, нэг цогцолборын их завсарын ажил багтсан байна. 2015 оны наймдугаар сарын 25-ны өдрийн байдлаар их засварын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа гэнэ.

Энэ бүх мэдээлэл дот­­роос онцлон үзэх ёс­­той нь 2015-2016 оны хичээ­лийн жилд сургуулийн өм­нөх бо­ловсролын цөм хөтөл­бөрийн тухай юм. Цөм хөтөлбөрийн үр дүнг нь “Хүүхэд бүрийг сонирхсон зүйлээ сонгож хийдэг, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, бие даан өөрөө өөртөө үйлчилдэг, хийж буй зүйлдээ бүтээлчээр ханддаг чадварт суралцах боломжийг олгох” гэжээ. Энэ хөтөлбөрт хамрагдах цэцэрлэгийн насны 218100 хүүхэд байгаа гэсэн. Энэ бол том тоо. Гэхдээ энэ хөтөлбөрийн үр дүнг цаг хугацаа харуулах биз. Лав л энэ чиглэлийн эрдэмтэн мэргэд, ахмад багш нар санаа зовниж байгаа юм билээ. Аливаа улс орны боловсролын системд уламжлал хийгээд өөрийн орны онцлог байдлаа заавал харгалзан үзэх ёстой гэнэ. Жишээ нь 30 сая хүнтэй улсад бол дунд сургуулийн сургалт нь хүүхдийг бие дааж суралцах чадварт тулгуурласан байдаг аж. Хүнийхээ олноор Шинжлэх ухааны аль ч салбар нь хоцордоггүй. 300 хүүхдээс заавал нэг нь физикийн, химийн… гэхчлэн гоц салбаруудад бие сэтгэлээ зориулдаг. Харин гурван сая хүнтэй Монголд бол хүнийг хүчээр сургах ёстой аж. Цөөхүүлээ учраас хүүхэд бүрт Шинжлэх ухааны салбар бүрийг оноон өгч, дээрээс нь лантуудаж сургаж ирсэн монгол уламжлал байна. Ийм сургалтын системээр явж ирсэн тулдаа монголчууд өнөөдрийн дэлхийд ШУ-ы аль ч салбарт хоцролгүй явж иржээ. Энэ уламжлал эвдэгдэж “Хүүхдүүд та нар өөрийнхөөрөө сонгож, тааваараа бие дааж су­ралц” гэвэл гурван хүүхэд гурвуулаа хуульч, эдийн засагч мэргэжлийг сонгодог. Практик үр дагавар нь гэвэл ШУ-ы бусад онцлох салбарууд орхигдож улмаар нийгмийн сэтгэл зүйн мунхрал эхэлдэг байна. Мунхарсан нийгэмд мухар сүсэг газар авдаг. Мунхарсан нийгэмд лам чөтгөр хоёр хүчээ авдаг гэсэн үг ч бий. Тэгэхээр дунд сургуулийн өмнөх насны цөм хөтөлбөр хийгээд дунд сургуулийн сургалтын концепц нь цөөхөн хүнтэй манайх шиг улсад тохирч байна уу, үгүй юу. Шулуухан хэлэхэд хүүхдийг захиргаадалтаар сургаж ирсэн уламжлал, Монголын онцлогоо харгалзан үзэх ёстойг буурал эрдэмтэд, ахмад сурган хүмүүжүүлэгчид хэлж ярьсаар байна шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *