Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд бид өөрсдийгөө хайрлахгүй бол хэн ч биднийг тоохгүй

“Азийн цээжинд амьдардаг Чингисийн үр сад” гэж бид өөрсдийгөө дөвийлгөдөг. Энэ хэрээрээ жигтэйхэн сагсуу бардам зантай улс юм бид. Өөрөө өөрсдийгөө хөөрөгдөж, дэлхийд хосгүй ховор улс хэмээдэг. Дэлхийн талыг байлдан дагуулж явсан эзэнт гүрний үр сад монголчууд өдгөө гурван саяулаа туурга тусгаар, амар амгалан оршин байгаа нь үнэн ч хөгжил дэвшлийн оргилдоо хүрч яваа дэлхий ертөнц биднийг хэр мэдэх билээ. Монголын нүүдэлчдийн амьдрал, атар онгон байгалийг нь үзэхээр ирсэн гадны жуулчдын зарим нь өдгөө ч “Монголд ийм том хот байдаг юм уу. Интернэт, гар утас, сүүлийн үеийн машин тэрэг бүгд байна” хэмээн гайхан дуу алдсан байдаг. Нэг үеэ бодвол Монгол Улс дэлхийд танигдаж, үүд хаалга нь нээгдэж байгаа ч “Монголчууд хичээлдээ мориор явдаг уу” гэж асуудаг хүмүүс байсаар л байгаа.

Монгол Улс, монгол хүн дэлхийд алдар нэрээ цуурайтуулах, үнэ цэнэтэй байх ганцхан зам бий. Тэр нь бид л өөрөө өөрсдийгөө үнэ цэнэтэй байлгах. Бид л өөрсдийгөө өрөвдөж хайрлаж, хөгжүүлэхгүй бол эх газрын гүнд цөлөгдсөн биднийг дэлхийн хүмүүс тоож харахгүй. Дэлхийн улс үндэстэн хүчирхэг бардам байхын хэрээр иргэд нь үнэ цэнэтэй байдаг. Өөрөөр хэлбэл, хүнийхээ төлөө улс орнууд боломжтой бүхнийг хийж чаддаг учраас хүчирхэг байдаг гэсэн үг. Америкчууд Японы хотуудаас яагаад Нагасакийг сонгож атомын бөмбөг хаясан гэхээр тэнд нэг ч америк байдаггүй болохоор тэгсэн гэдэг. Хүчирхэг америк хэтэрхий давраад байгаа Исламын улсыг яагаад үнсэн товрог болгодоггүй гэхээр мөн л тодорхой иргэдийнх нь амь насанд аюул учрах эрсдэл бий учраас болгоомжилдог гэх.

Хятадын цэргийн эмнэлэгт томхон мэс засал хийлгээд ирсэн танил маань эмчилгээ үйлчилгээнийх нь талаар сонирхуулан ярьж билээ. Эмчдээ үзүүлэн эмчилгээ хийлгэхээр очтол тэнд хүлээн суугаа арваад хятад хүн “Та ор, та ор” гээд өмнүүрээ оруулжээ. Үүнд нь баярлан эмчид үзүүлэн, хагалгаа хийлгэхээр болж мөнгө төгрөгөө төлтөл өнөө хүлээж суусан хүмүүс шивэр авир хийж, бие биенээ нудран хөдөлгөөнд ороод явчиж. Удалгүй өнөө хүмүүс эхнээсээ эмчилгээндээ ороод эхлэв гэнэ шүү. Учир нь төсөвт суулгаагүй томхон хагалгааны зардлыг ийм маягаар гаргадаг аж. Дэлхийн улсууд хүнээ ингэж хайрлаж дээдэлдэг.

Харин бид биенээ хэр хайрладаг вэ. Монгол хүн өнөөдөр хэр үнэ цэнэтэй вэ. Яаж амьдарч, аж төрж байна вэ. Сайн сайхан амьдралын хамгийн чухал суурь нь эрүүл байх. “Эрүүл байвал улсын наадам үзнэ” гэсэн гэгээн сайхан үг бий. Гэтэл гуч дөчин сая биш гурван сая монголд эмнэлэг хүрэлцдэггүй нь гашуун үнэн. Хавдар, элдэв халдварт өвчинд нэг хэсэг нь зовж, хүний хорвоогоос буцаж байхад үер ус, автын ослоор нөгөө хэсэг нь бурханы оронд явцгааж байна. Монгол хүний амь нас, эрүүл мэнд ийм хамгаалалтгүй, найдваргүй, эрсдэлтэй орчинтой. Өвдлөө гэхэд хичнээн олон шат дамжлага дамжиж байж эмчийн бараа харна. Хороо, дүүрэг, нэгдсэн, төрөлжсөн эмнэлгүүд “Манайх авахгүй, манайх авахгүй. Тэнд оч” гээд нааш цааш нь явуулдаг хүнд суртлыг бид бишгүй нэг амссан даа.

Сонгуульд ялахын тулд хэдэн тэрбумаар нь мөнгө тарааж байгаа хүмүүс тэр мөнгөөрөө ард олныхоо төлөө ганц сайхан эмнэлэг бариад өгчихвөл бүхий л амьдралынхаа туршид хүндлэгдэнэ. Гэхдээ нэгнийнхээ төлөө гэсэн сэтгэл бидэнд дутдаг учраас ганцаараа сайд, дарга болсон нь хавьгүй дээр. Бидний нийтлэг сэтгэлгээ ийм.

Өдгөө шинэ Засгийн газар эмхлэгдэн байгуулагдаад удаагүй байна. Улс орон мөнгөгүй болчихлоо, цалин танана хасна гэсэн мэдэгдлүүд хөвөрч байна. Ийм хасалт таналтад Эрүүл мэндийн салбар бага өртөөсэй. Хэдийнээсээ Монголын төр энэ салбараа гаргуунд нь хаясаар ирсэний балгийг өнөөдөр иргэд нь үүрч байгаа. Хавдрын эмнэлэгт өвчтөнүүд нь багтахгүй өдөржин дугаарлаж, хичнээнээрээ нас барж байхад эмнэлгийн өргөтгөл барих хоёр тэрбум төгрөгийг төсөвт суулгахгүй хичнээн жил гүрийсэн. Төсөв батладаг хүмүүс Монголд эмчлүүлдэггүй болохоор ингэж хүнд суртал гаргасан хэрэг.

Эрүүл мэндийн яамны хийдэггүй нэг ажил бас бий. Тэр нь урьдчилан сэргийлэлт. Хэдийгээр хувь хүн эрүүл мэндээ өөрөө хариуцаж хамгаалах ёстой ч монгол хүний эрүүл мэндэд төр анхаарах учиртай. Өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамруулах, энэ талын мэдээлэл сурталчилгаа таг чиг. Хэнэггүй хэрнээ цагаа тулахаар хүн аминдаа хайртай байдаг. Бас нэгнийгээ даган дуурайдаг. Тэр зан чанарыг нь ашиглан урьдчилан сэргийлэх шинжилгээнд хүн бүрийг жилд нэг удаа үзүүлж хэвшвэл хичнээн хүнийг аюултай өвчнөөс сэргийлж чадна. Жил бүр заавал үзүүлэх шинжилгээний үнийг даатгалаар төлдөг болбол үүнийг хэвшүүлэх амархан. Ингэж л бид монгол хүнээ эрүүл саруул байлгаж болно. Энэ бол дэлхийн жишиг. Дэлхийн улсууд хүнээ өвдөхөөс нь өмнө шинжлээд эрсдэлээс хамгаалдаг болохоор урт насладаг. Бид энэ жишгийг дагаж хүнээ өвдөхөөс сэргийлэх ёстой. Эрүүл мэндийн яам ийм ажлыг хийх ёстой. Хэдэн эмнэлгийн дарга солих, халаа сэлгээнээс илүү гарч, хүн ардынхаа сайн сайхны төлөө ажиллах цаг нь болсон. Ядаж л хожим намтар түүхэнд чинь сайнаар дурсагдан бичигдэх болно.

Монгол хүн эрүүл бол урт насална. Ажлын бүтээмж нэмэгдэнэ. Тэр хэрээр Монгол хөгжинө. Бид л өөрсдийгөө хүн гэж хайрлаж хүндэлж байж бусдаар хүндлүүлнэ. Өөрсдийгөө хайрладаггүй улс орныг дэлхийн улсууд нэг нүдээрээ ч харахгүй.

О.Туяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монголчууд бид өөрсдийгөө хайрлахгүй бол хэн ч биднийг тоохгүй” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн
дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл,
сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Ингээд
Өдрийн сонины мягмар гаригийн дугаараас та эдгээр болон бусад мэдээ мэдээллийг
дэлгэрүүлэн уншаарай.

Тухайлбал,
нэгдүгээр нүүрнээс Ерөнхий сайд
Ж.Эрдэнэбат
Эдийн засгийн хүндрэлээс гарах тусгай
хөтөлбөр боловсруулж ажиллана

гэсэн гарчигтай өчигдөрийн Ерөнхий сайд, Сангийн сайд нарын хийсэн мэдээллийн
дэлгэрэнгүйг хүлээн авч уншаарай.

Улс
төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэтэй АН-ын
дотоод бодлого, цаг үеийн зарим асуудлын талаарх ярилцлагыг сонирхон уншаарай.

“Өдрийн
сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж,
нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн
дугаарын гуравдугаар нүүрт “Монголчууд бид өөрсдийгөө хайрлахгүй бол
хэн ч биднийг тоохгүй” гэсэн нийтлэл хэвлэгджээ.

Баримт, үйл явдлын
зургаадугаар нүүрэнд “Рио-2016” олимпийн наадмын эргэн
тойронд болж буй мэдээ, мэдээллийг сонирхон хараарай. Харин долоодугаар нүүрэнд,
хорь шахам жилийн өмнө худалдаж авсан өмчөө хамгаалж гурван жил шүүхээр явсан
иргэн манай сонинд хандсан байна. Энэ талаар “Сонголт Трейд”
компанийн захирал Д. Батжаргалын ярьсныг хүлээн авч уншаарай.

Утга зохиолын
наймдугаар нүүрэнд “Монгол, Солонгос хамтарсан утга зохиолын
семинар боллоо” хэмээх гарчигтай сурвалжлага нийтлэгджээ.

Манай сонины 11 дүгээр
нүүрний “Миний аав” буланд Үндсэн хуулийн цэцийн дарга, Монгол Улсын гавьяат хуульч
Н.Жанцангийн хүү Азжаргалтай аавынхаа тухай дурсан ярьсаныг сонирхон хараарай.

Цаг үе, үйл явдлын 13 дугаар
нүүрний “Спорт” буланд “Рио-2016”
олимпоос хүрэл медаль хүртсэн ОУХМ Д.Отгондалайн эхнэр
Г.Хулантай “Нөхөр маань мөнгөн медаль авч чадаагүй ч их сэтгэл хангалуун байна гэсэн”
хэмээх гарчигтай ярилцлагыг хүлээн авч уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн
нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай”
шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд,
Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин
борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул
дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг,
Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч
болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас
19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375
дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920
дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *