Швейцарийн холбооны улсын эдийн засгийн газар (SECO)-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд тус газраас санхүүжүүлэн хэрэгжүүлдэг Төв банкуудын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр (BCC)-т Монголбанкны төлөөлөл оролцох боломжийг бий болгоод байна.
Энэхүү хөтөлбөр нь Монголбанкны мөнгөний бодлогын шинжилгээ, макро-эдийн засгийн судалгаа, статистикийн чиглэлийн чадавхыг бэхжүүлж, олон улсын жишигт улам ойртуулахад жинтэй хувь нэмэр оруулах юм.
Швейцарийн холбооны улсын эдийн засгийн газрын BCC хөтөлбөр нь 2013 оноос хэрэгжиж байгаа ба хөгжиж буй улс орнуудын Төв банкуудын аналитик болон техник экспертиз хөгжүүлэхэд чиглэдэг. Одоогоор Албани, Азербайжан, Босни ба Херцеговина, Колумб, Морокко, Перу, Тунис, Украин зэрэг улс орнууд хөтөлбөрт амжилттай хамрагдан 54 удаагийн судалгааны ажлыг нийтлээд байна.
Санамж бичигт Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Швейцарийн хамтын ажиллагааны газар, Консулын хэлтсийн дарга Стефани Бурри (SECO-г төлөөлж) гарын үсэг зурлаа.