Categories
мэдээ нийгэм

Монгол уур амьсгалын эрсдэл ихтэй 10 орны тоонд орж байна DNN.mn

“Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх боловсролыг дэмжих нь” Азийн орнуудын Тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ)-ын багш нарын хурал манай улсад болж байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй олон улсын эрдэм шинжилгээний энэхүү хурлыг манай улсаас МУБИС, МУИС, гадаад талаас ЮНЕСКО-гийн Бээжин дэх салбар, Японы Окаяама Их сургууль хамтран зохион байгуулж байна.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөх эрсдэл их 10 орны нэгэнд орж буйг хурлын үеэр хөндөж байлаа. Уур амьсгалын өөрчлөлт, сөрөг нөлөө нь зөвхөн мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэлээр хязгаарлагдахгүйгээр нийгмийн бүх салбарт нөлөөлөх болсон. Дэлхийд өнөөдөр үүссэн уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтөний буруутай үйлдлээс голлон шалтгаалсан үүдэлтэй. Тиймээс залуу үе, ирээдүй хойчид боловсролоор дамжуулан Тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг сургах байдлаар боловсролын системд даацтай өөрчлөлт оруулах хэрэгтэй байгааг судлаачид хэлж байна.

Олон улсын хурлаар ТХБ-оор бэлтгэгдэн гарч буй багш нар энэ талаар өөрийн мэдлэг хандлага дутуу байгааг хөндлөө. Тиймээс Азийн болон дэлхийн олон орон багш бэлтгэх хөтөлбөртөө ТХБ-ыг тусган зөв хандлагатай иргэдийг бэлдэх шаардлагатай байгааг хурлыг зохион байгуулагч МУБИС-ийн Гадаад харилцааны дарга, доктор Д.Үүрийнтуяа тодотгож байна.


Иргэдэд уур амьсгалын өөрчлөлтийн талаар системтэй боловсрол олгоно. Багш мэргэжлээр сурч буй оюутнуудад Тусгай хөтөлбөр эхлүүлэхээр боллоо.


Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дэлхий нийтийн боловсролын чиг хандлага багш бэлтгэх хөгжлийг дэмжих зорилготой төслийг хэрэгжүүлснээр боловсролын салбарт уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөний талаар нотолгоо цуглуулж, зөвлөмж гаргах юм.

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн зөвлөх Мита Нангиа Госвами хэлэхдээ, олон улс оронд цаг агаарын эрсдэлтэй үзэгдэл болсоор байна. Энэ нь эдийн засгаа хөгжүүлэхийн тулд хийж буй Засгийн газруудын алдаатай бодлого, шийдвэрээс үүдэлтэй байна. Тиймээс иргэддээ одооноос уур амьсгалын өөрчлөлт юунаас болж буйг нэн даруй ойлгуулах нь чухал байгааг онцоллоо. Учир нь одоогийн бидний үйл ажиллагаанаас ирээдүй шалтгаалах гээд байна. Багш, сурган хүмүүжүүлэгч нар уур амьсгалын өөрчлөлтийн талаарх боловсролын талаар маш сайн ойлголттой байж, түүнийг хэрхэн яаж заах арга барилтай, мэдэж байх ёстой гэв.

Хуралд МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Т.Чулуун Тогтвортой хөгжлийн индексээр улс орнуудыг эрэмбэлсэн судалгааны талаар танилцууллаа. Тэрбээр хүний хөгжлийн индекс дээр тулгуурлан энд байгаль орчны үзүүлэлтийг нэмж оруулан, нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ, нэг хүнд ногдох материалын ул мөрийн үзүүлэлтийг мөн нэмж тооцон Тогтвортой хөгжлийн 3 үндсэн тулгуур нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн үзүүлэлттэй нэгтгэж буйг онцолж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *