Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар: Бизнесийнхэн бид төрдөө итгэхгүй өөр хэндээ итгэх билээ

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн “Макс” группийн ерөнхийлөгч Дагвадоржийн Ганбаатартай дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэе. Тэрбээр баруун аймгуудыг авто замаар холбох сүүлчийн бүтээн байгуулалт буюу Баянхонгор-Говь-Алтайн чиглэлийн 127 км замыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөөд, дөнгөж ирээд байхад нь уулзсан юм.


-Танд Хөдөлмөрийн баатар цол хүртсэнд баяр хүргэе. Баруун аймгийг авто замтай холбож дуусгах их ажлын сүүлчийнхийг “Макс” групп үүрч гарлаа. Энэ бол баатар цолноос чинь дутуугүй баяр хүргэх том ажил гэж бодож байна?

-За баярлалаа. Баруун чиглэлийн хэвтээ тэнхлэгийн сүүлчийн бүтээн байгуулалтыг манай “Макс рөүд” компанийн хамт олон чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэлээ. Ерөнхий сайд, холбогдох албаныхан очиж нээлээ. Их ач холбогдол өглөө. Шулуухан хэлэхэд, Говь-Алтайгаа Улаанбаатартай холбох засмал замын ажлыг дуусгах гэж нойр хоолгүй зүтгэлээ. Нээлтийн үеэр би хэлсэн, “Арай л өөрийгөө барьцаанд тавилгүй байж замаа барьж дуусгалаа” гэж.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх замын нээлтэн дээр бас сайхан үг хэлсэн байна лээ?

-Ерөнхий сайд”Та нар үнэхээр чадлаа, баяр хүргэе. Та нараар бахархаж байна” гэж хэлсэн. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэж, энэ үг манай хамт олонд их урам өглөө. Өдөр шөнөгүй хөдөлмөрлөсөн хамт олны маань ядаргаа тэр үгэнд бараг арилж байгаа байх. Ерөнхий сайд өөрөө сэтгэл их хангалуун байна лээ. Бас дээр нь “Энэ замыг Баатрын зам гэж нэрлэе” гэсэн. Хөдөлмөрийн баатар цолоо мялааж 127 км авто зам барьж, чанарын өндөр түвшинд хүлээлгэж өгснийг маань хүндэтгэн хэлсэн үг болов уу. Ингээд нэг том амьсгаа авчихаад сууж байна. Дараагийн том төслүүд маань эхэлнэ, ажил үргэлжилнэ дээ.

-Таны үүдэнд хүмүүс их байна, баатар цолонд баяр хүргэх гэсэн олны хөл татраагүй байгаа бололтой?

-Баяр хүргэсэн хүмүүс их байна. Өнөөдөр гэхэд гурав дөрвөн ч Элчин сайд баяр хүргэлээ. Цолондоо багтаж байх, эзэн байх гэдэг том асуудал. Баатрынхаа алтан соёмбыг дээлэн дээрээ нэг зүүгээд, костьюм дээрээ бас сэлгэж зүүгээд явж байна. Хүмүүс чинь заавал харна гэх юм байна шүү дээ /инээв/. Энэ шагнал их том итгэл хариуцлага, урам зориг юм даа. Үүнийг дааж, цааш илүү ихийг улс орон, ард түмэндээ хийж бүтээнэ гэдэг чухал л даа.

-Говь-Алтайг холбосон замын ажлын ард гарах гэж “Макс”-ынхны зүгээс мөн ч их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарах шиг боллоо?

-Их л буянтай сайхан ажил хийлээ. Монголын компаниуд өөрсдийн ажиллах хүчээр замыг яаж чанартай, чадварлаг хийж чаддагийг харууллаа. Манай залуучууд үнэхээр мундаг ажиллалаа. Замчид болон ажилчдаа магтах сайн үг олдохгүй сууж байна.Ганц Говь-Алтай бус баруун таван аймагт үр ашгаа өгөх маш том бүтээн байгуулалт. Наанадаж байгаль орчинд ээлтэй, байгаль сүйтгэсэн 80 салаа зам тодорхой хугацааны дараа эдгэрнэ. Эдийн засгийн ямар их ач холбогдолтойг тооцвол том дүн гарна. Дор хаяж 20-30 тэрбум төгрөгийн хэмнэлтийн асуудал яригдаж байгаа юм. Олон мянган жуулчин зорчихоос эхлээд, хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэх, ашиг орлого нь нэмэгдэх гээд ард иргэдийн хувьд маш их хүлээж байсан зам. Богино хугацаанд ашиглалтад оруулсандаа их баярлаж байгаа. Нуруун дээрээс томоохон ачаа хөнгөрлөө. Хөрөнгийг нь өөрсдөө босгож хийнэ гэдэг амаргүй байсныг нуугаад яахав. Энэ зам Баян-Өлгий хүрнэ. Тэндээсээ ОХУ руу гарах зам үндсэндээ нээгдэж байна. Ховдын Булган сум руу холбогдчихсон. Ингэхээр Хятад, Оростой холбогдсон Олон улсын авто замын сүлжээтэй болчихож байгаа юм.

-Хэр хэмжээний хүч, хөрөнгө зарав?

-Том зам бүтээхэд том зээл хэрэгтэй, зээлийн хүүний асуудал ямар байдаг билээ. Банкууд ямар их барьцаа нэхдэг билээ. Барьцаагүй бол зээл өгөхгүй. Олон сайхан сэтгэлтэй хүмүүсийн хүчээр энэ зам тавигдлаа. Зөвхөн манай группийн асуудал биш болоод явчихаж байгаа юм л даа. Олны төлөө, Монголын хөгжлийн төлөө ийм том ажил хийж байхад туслалгүй яахав гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс олон байлаа. Өнгөрсөн 30-аад жилд олж авсан бизнесийн нэр хүнд байна. Энэ олон жилд нэг ч хүний итгэлийг алдаагүй явсны гавьяа энэ зам дээр харагдлаа.

-Энэ зам дээр дэмий ч оров уу гэж бодогдох үе байв уу?

-Би энэ замыг барья гэж сэтгэлдээ зурж байсан. Санхүү мөнгөний асуудал тулгарсан үед зарим нэг объектуудаа зарсан. Түмний төлөө, хөгжлийн төлөө шийдвэр гаргахад харамсах зүйл алга. Нэгэнт зорьсон ажлаа дуусгах ёстой. Хамгийн гол нь сайхан бүтлээ.

-Ний нуугүй асууя. Өнөөдөр цар тахлаас үүдэлтэйгээр дэлхийн улс орнууд хүндэрч байна. Монгол Улс ч хүнд байна. Улс орны эдийн засаг ийм хүнд үед та маш том эрсдэл үүрч, хэдэн зуун тэрбумын хөрөнгөөр зам барилаа. Таны өмнөөс зарим хүн бараг айж байгаа биз, “Энэ Ганбаатар мөн ч бөх зүрхтэй хүн юм” гэж. Та концессын гэрээний дагуу Засгаас тэр олон тэрбум төгрөгөө авч чадах юм уу?

-Бизнесийнхэн бид төрдөө итгэхгүй өөр хэндээ итгэх билээ. “Макс” групп төр засагтайгаа хийсэн гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн. Чанарын өндөр түвшинд нэр төртэй гүйцэтгэсэн. Монгол Улсад хувийн нэг компани нь ийм том эрсдэл үүрээд ажил хийчихэж байгаад төрийн удирдлагууд үнэхээр сэтгэл хангалуун байна лээ. Энэ бол итгэл. Нөгөө талаар бид нүүр бардам хийсэн ажлаа тайлагнасан нь сайхан үйл явдал. Дан ганц манай компанийн нэр төрийн хэрэг биш. Ерөөсөө Монголын хувийн хэвшлийнхэн бүтээн байгуулалт хийж чаддаг болсныг, чадвартай, чадалтай болсныг харуулсан хэрэг. Ийм итгэлийг төрдөө, ард түмэндээ төрүүллээ. Төр нь одоо дэмжих ёстой шүү дээ. Итгэлийг нь даадаг хүнд сайнаар л ханддаг биз дээ. Тийм болохоор би үүнд санаа зовохгүй байгаа. Итгэл даадаг хүн сайхан харагддаг шиг итгэлтэй хамт олон байж чаддагтаа бид баяртай явдаг.

-Төрдөө бид итгэх, төр нь иргэддээ, үндэсний компаниуддаа итгэх нь хамгийн үнэ цэнэтэй зүйл л дээ. Тэгэхээр Хөдөлмөрийн баатар цол хүртсэн баярт мөчийн тань сэтгэгдлийг хожуу ч гэсэн сонсъё. Та чинь Ордноос гараад л олдоогүй хүн шүү дээ. Замаа нээнэ гэж давхиад…?

-/инээв/ Нээрэн тэгсэн байх шүү. Төрөөс баялаг бүтээгчдээ үнэлж том урам өгсөн, бас ихийг хийж бүтээх ташуур өгсөн үйл явдал боллоо. Энэ бол Монголын баялаг бүтээгчдийн хувьд сүүлийн 30 жил болоогүй том баяр. Үндэсний компаниуд нэг сая гаруй иргэнээ ажлын байраар хангаж, улсын эдийн засгийн дийлэнхийг нуруун дээрээ үүрч байгааг хүлээн зөвшөөрсөн ухаалаг шийдвэр боллоо гэж олон хүн ярихыг сонслоо. Ард түмэн ч их сайхан хүлээж авлаа.


Төрийн ордон. 2020 оны 9 дүгээр сарын 26

-Одон зүүж өгч байхдаа Ерөнхийлөгч юу гэж хэлэв?

-“За ажил сайн уу. Сайн хичээгээрэй” гэж байна лээ. “Баярлалаа, хичээнэ ээ” л гэсэн.

-“Жигүүр гранд”, “Монос” гээд бизнесийн хоёр том акултай зэрэгцэж зогсоод Баатрын алтан соёмбыг энгэртээ зүүлээ. Тэр үед та гурав хоорондоо юу ярьж зогсов?

-Хөдөлмөрлөсөн, ард түмний нүдэнд харагдах их зүйлийг хийж бүтээсэн хоёр сайхан ахтайгаа хамт зарлиг сонсох бахархалтай байлаа. Ер нь харьцангуй залуудаа би чинь баатрын цолыг авч байгаа юм шиг байна. Бид чинь хоорондоо хийж бүтээх тухай л яриа өрнүүлж явдаг хүмүүс шүү дээ.

-Та Баатар болсныхоо дараа “Би 3000 ажлын байрыг бий болгоно” гэж том тоо хэлсэн шүү?

-Би сэтгэлийн хөөрлөөр тэр үгийг хэлээгүй. Бид хэд хэдэн том төсөл дээр ажиллаж байна. Баруун бүсэд эрчим хүч дутагдалтай байна. Цахилгаан байвал үйлдвэр, аж ахуй нэгжүүд хөгжих олон төслүүд байна. Монголчууд нүүрсний асар их нөөцтэй байж, жилд 200 сая ам.долларын эрчим хүч гаднаас авч байна. Энэ байдал үргэлжлээд байж болохгүй. Дотооддоо эрчим хүч үйлдвэрлэвэл ямар хэмжээний ажлын байр бий болох вэ. Одоогоор манай групп 2500 ажилчинтай. “Сүү” компани гэхэд олон мянган малчдаас олон сая литр сүү авч, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үйл ажиллагаа нь хэр өргөн цар хүрээг хамарч, дам дамандаа хичнээн мянган хүнийг ажилтай, ашиг орлоготой болгож байгааг тооцвол том тоо гарна. Малчиддаа орлого оруулсан, малынхаа хишиг буяныг эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа буянтай сайхан ажил. Цаашид үүнээс ч олон ажлын байр бий болгох хүсэл зорилго байна.

-Таны ярианаас харахад танай компанийн дараагийн том төсөл эрчим хүч байх нь гэж ойлголоо?

-Тэгж ойлгож болно. Ер нь салбар бүрт эцсийн бүтээгдэхүүн хийх, ядаж л хэрэгцээнийхээ арматурыг дотооддоо үйлдвэрлэхээс эхлээд Монголын компаниудад хийх ажил маш их байна. Манай хамт олны хувьд төлөвлөсөн, зарим нь эхлээд явж байгаа төслүүд бий. Энэ бүгдийг цаг хугацаа харуулна. Та бүхэн минь дэмжээрэй. Төрийн хүнд сурталгүй, хууль эрх зүйн зөв орчинтой, бие биенээ дэмжээд явахад Монгол Улсад олон олон Хөдөлмөрийн баатар төрнө. Цаашлаад дэлхийн хэмжээний баатрыг бид нийлж байгаад төрүүлэх цаг болсон.

-Дэлхийн хэмжээний баатар гэдгийг Монголоос дэлхийн хэмжээний тэрбумтан, дэлхийд танигдсан брэндийг бий тухай ярилаа гэж ойлгож байна?

-Товчхондоо тийм.Үндэсний компаниудаа томрох боломжоор хангах хэрэгтэй. Монголын томоохон компаниуд нийлж нэгдэх цаг нь болсон. Тавуулаа, арвуулаа нийлж бүс нутгийн, цаашлаад дэлхийн хэмжээний том төслүүд рүү орох хэрэгтэй. Ингэж байж монголчуудын амьдралыг нийтээр нь сайжруулах хүчин чадалтай үндэсний том компаниуд бий болно. Ер нь Монголын бизнесийн хүрээнийхэн, баялаг бүтээгчид бид том зургаар, нэгдэж ажиллах цаг болсон.

-Ийм түвшинд хүрэхийн тулд юуны түрүүнд шийдэх ёстой асуудлууд юу вэ?

-Хууль эрх зүйн ухаалаг орчныг бүрдүүлэх. Бас төрийн дэмжлэг хэрэгтэй. Төрийн шууд дэмжлэгээс гадна манай банк санхүүгийн даац чадавх юу билээ гэдгийг бодох ёстой. Том төслүүдийг санхүүжүүлэх асуудлыг дагаад төрийн дэмжлэг, төрийн баталгаа гэдэг асуудал яригдана. Банкны 20 хувийн хүүгээр том төсөл, олон мянган ажлын байр, үйлдвэр явуулахад амаргүй.Олон улсын жишигт хүргэх ёстой. Улсын эдийн засагт нөлөөлөх төслүүдэд төр онцгой анхаарах хэрэгтэй байгаа юм. Татварын зөв бодлого маш чухал. Ухаалаг зөв бодлогоор явахад Монголын гурван сая хүн хангалуун сайхан амьдрах боломж хангалттай бий. Том төслүүд хөдлөөд эхлэхээр ажиллах хүчин их хэрэг болно. Гадагшаа явж ажил хийдэг байдал богинохон хугацаанд зогсоно.Сүүлийн үед Худалдаа аж үйлдвэрийн танхим дээр компаниуд сайн нэгдэн ажиллаж байна. Энэ бол сайны дохио. Ер нь хүний хэрэгцээ маш бага шүү дээ. Бусдын төлөө, олон хүний амьдралыг өөрчлөх юмсан гэсэн том бодол, мөрөөдөлтэй учраас цаг алдахгүй байх, илүү их хөдөлмөрлөх шаардлага гарч байна л даа.

-Монголд асуудал их бий. Таныг нэг өглөө босоод ирэхэд “Сүү” компанийн чинь нэр хүндэд халдсан байдаг. Маргааш нь “Бургер Кинг” рүү дайрдаг гэдэг ч юм уу. Өнөөдөр өнгөтэй өөдтэй бүгд рүүгээ дайрдаг болсон нь нууц биш болж дээ?

-Хаанаас ямар зорилготой үйлдлүүд явдгийг ерөнхийдөө бид бүгдээрээ гадарладаг болчихсон. Энэ байдал нь эргээд дэлхийд ойртож ажиллахад чөдөр тушаа болж байгаа юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд их хөдөлмөр, хөрөнгө хүч, том эрсдэлүүдийг туулж тодорхой амжилтуудад хүрлээ. Улсын эдийн засагт нэмэр болж, олон мянган ажлын байрыг бий болголоо. Монголд аж ахуй эрхлэх, бизнес явуулах амаргүй байдгийг ард түмэн, төр засаг нь ойлгодог, мэддэг болж эхэллээ. Ер нь бол итгэл найдвар байгаа шүү.

-Өнөөдөр Монголын том компаниуд олон нийтийн болох асуудал их яригдах боллоо. Үүний манлайд танай “Сүү” компани явж байгаа гэж хардаг?

-“Сүү” компанийн дийлэнх хувь нь манайх. Гэсэн хэдүй ч энэ компанийг илүү яаж нээлттэй, олон нийтийн, хувьцаат болгох вэ гэдэг дээр л ажилладаг. Өгөөжийг нь олуулаа хүртээд явж байх ёстой гэсэн зарчимтай. Бид бас ганц нэг компанийнхаа хувийг олон нийтийн болгоё гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

-Аль эрт олон нийтийн болчихоор том компаниуд яагаад үүнийг хийхгүй байна вэ. Зах зээлд ороод 30 жил боллоо. Нэг хэсэг нь дэлхийн чинээлэг иргэдийн түвшинд амьдарч байна?

-Олон хүчин зүйлүүд байгаа. Мөнгөө өндөр хүүтэй хадгаламжинд хийчихэж байгаа юм чинь хувьцаагаар яах вэ гэж харах хэсэг ч бий. Хэм хэмжээндээ байж чадахгүй байна аа л гэсэн үг.

-Бизнесийн хэм хэмжээ, ёс зүй юу…?

-Өндөр хүүтэй хадгаламж байхад тэр хүнд заавал аж ахуй эрхэлж махаа зулгаах хэрэг байна уу. Ажлын байр бий болгохоос эхлээд өөрийгөө зовоох зүйлгүй, ямар ч эрсдэлгүй, банкнаас хүүгээ аваад болж байгаа хэсэг хүмүүс байна шүү дээ. Биржүүд сайн хөгжсөн, дээр нь хасах хадгаламжтай орнуудад бол бизнес хийх, хамтраад ажил хийх хүсэл сонирхол төрнө. Гэхдээ хууль эрх зүйн орчин нөхцөлодоо арай өөр болж байна. Тэгэхээр сайхан болно оо болно. Нэг өдөр гэнэт сайхан болчихдог юм гэж байхгүй. Ер нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тодорхой хэмжээгээр өөрчлөгдөөд явж байна. Хэр их цаг хугацааг туулах вэ гэдэг л асуудал байгаа. Сонгууль болохоор л ярьдаг асуудлууд олон арван жил үргэлжиллээ. Зэсээрээ яагаад эцсийн бүтээгдэхүүн хийж чадахгүй байгаа юм. Цахилгаан эрчим хүчний салбарт хүмүүсийн яриад байгаа шиг далдын гар үйлчлээд байгаа юм уу. Бид алийн болгон төмрийн хүдрээ гадагш нь зөөсөөр байх юм. Хийж чадаж байсан арьс ширээ одоо яагаад боловсруулж чадахгүй байна. Гээд яривал асуудлууд хөвөрнө. Тийм болохоор яриад явах биш зүгээр л эхэлье. Цаг хугацаа биднийг хүлээхгүй.

-Бэлчээртээ багтахгүй малтай байж яагаад Монголд ойрхон урд хөршийнхөө нэг хотод махаа нийлүүлчихэж чадахгүй байдаг юм бэ?

-Яг тийм, наад асуудлаар чинь би хэдэнтээ ярьсан. Төрийн төлөө оготно… гэдэг шиг янз бүрийн юм тархиндаа их л гашилгах юм. Бэлчээрийн даацын асуудлыг ярихад л 10 жилийн өмнө ямар сайхан ургаж байв. Хорин жилийн өмнө ямар байв. Өнөөдөр ямар байна. Өнгөрсөн хугацаанд улс төрийн шийдвэрээ нэгдүгээрт тавиад, эдийн засгийн чухал асуудлууд орхигдсон тал бий. Үүнийг өнөөдрийн төр засаг засч залруулахаар хичээж байна гэж би харж байгаа.

-Монголын том бизнесийн байгууллагууд, эздүүд улс төр рүү их орлоо. Бараг “Макс”-аас бусад нь улс төрд төлөөлөлтэй байх шиг байна?

-Миний хүсэл мөрөөдөл өөр л дөө. Олон мянган ажлын байр бий болгож, хийж бүтээж байгаагаа зөв хийх хүсэл. Өнөөдөр гайгүй бизнесмэнүүд, эсвэл бизнесийг ойлгодог, хөдөлмөрийг ойлгодог хүмүүс тодорхой хувиар улс төрд ажиллаж байна. Сайн үр дүн ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Ер нь ажлын байр бий болгоод алдагдалтай, ашигтай ажиллаад үзчихсэн, хаалгаа бариад, нээгээд үзчихсэн, татвар төлж, ямар хүнд суртал байдгийг, бас хийж бүтээхэд ямар гоё гэрэл гэгээ байдгийг үзчихсэн хүмүүс их өөр шүү. Улс төрд бизнеснийнхэн ороход буруу юм ерөөсөө байхгүй. Хүн нэгдүгээрт ажилтай, ажиллаад олж буй орлого нь хүрэлцээтэй байх ёстой. Монголчуудын амьдралд орлого нь хүрэлцэхгүй байгаа учраас л гадагшаа явдаг. Үүнийг л бизнесийнхэн, төр засагтайгаа хамтраад ухаалаг зөв шийдэх ёстой. Тэгж чадвал айл өрх бүр халуун дотно уур амьсгалтай амьдрах боломж их ойрхон. Боломж бол Монголд байгаа. Манай төр засгийн удирдлагууд өнөөдөр асуудлыг арай өөр өнцгөөс харж байна. “Баялаг бүтээгчид та нар л чадна шүү” гэж бидэнд итгэж байна. Энэ нь өөрөө гэрэлтэй, өөдрөг ирээдүй рүү алхаж байна гэсэн үг. Та бид харж байна шүү дээ, том том бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгааг.


Баруун таван аймгийг засмал замтай холбож дууслаа. 2020 оны 10 дугаар сарын 09

-Том бүтээн байгуулалт гэснээс та Монголын говьд тавигдаж байгаа төмөр замын ажлыг хэрхэн харж байгаа вэ?

-Би төмөр зам дээр очсон. Төмөр замын бүтээн байгуулалт бол үнэхээр ирээдүйгээ харсан том ажил. Энэ төмөр зам олон тэрбумын орлогыг Монголд авчирна гэдэгт итгэлтэй байгаа. Төмөр зам тавигдсанаар эдийн засгийн үр ашгийг авчрахын дээдээр авчирна. Дөчин сая тонн нүүрс гаргалаа, тонн тутамд 10 доллар нэмэгдэхэд ашиг нь тэрбумаар яригдана биз дээ. Монголын эдийн засагт маш том мөнгө. Төмөр замд оруулсан мөнгөө ямар хугацаанд эргүүлээд олчихож байна гэхээр гайхалтай тоо гарч байгаа юм. Энэ төмөр замыг гайхалтай шийдэл гэж хэлнэ. Очоод харахад төмөр зам дээр чинь Монголын маш олон компани ажиллаж байна лээ. Тэр их ажлын хурдыг хараад энэ ажлын ард маш хурдан гарах юм байна гэж ойлгосон. Бас монголчуудаараа бахархсан. Үндэсний компаниуд, ажиллах хүчийг бүрэн оролцуулсан, үндэсний бүтээн байгуулалт явагдаж байна лээ. Хүмүүс очиж харах хэрэгтэй.

-Та “Цаг хугацаа бүх зүйлийг сайн сайхан болгоно” гэж их ярьдаг. Хөгжлийн хурд удаан л харагдах юм?

-Өнөөдрийн Ганбаатар таван жилийн өмнөх Ганбаатараас илүү хэрсүү болсон. Магадгүй 10 жилийн өмнөх Ганбаатараас илүү ухаарсан. Энэ бол цаг хугацааны шалгуур, амьдралын үнэн. Жишээ нь, миний харах өнцөг өмнөхөөс огт өөр, үзэл бодол өөр болсон нь үнэн шүү дээ. Би тэгж л бодож байгаа. Мөр зэрэгцэж яваа бусад нөхөд маань ч тийм л байгаа байлгүй дээ.

-Монголд яагаад том банк төрөхгүй байна вэ. Бизнесмэнүүдийн амнаас “Манай улсад том төсөл санхүүжүүлэх хэмжээний банк алга байна” гэсэн үг их гарах юм?

-Зарим банкууд маань өнөөдөр есөн жорын бизнес хийж давхиад байна.Нөгөө талаасаа банк томрох боломж байна уу гэвэл гурван сая хүнтэй зах зээл дээр бас хэцүү. Хуримтлагдсан их хөрөнгө, 100 жилээр яригдах бизнесийн замнал бидэнд алга. Хүн амын тоо, цаг хугацаа бүгд нөлөөлж байгаа. Чөлөөт зах зээлийн 100 жилийн түүх, 30 жилийн түүх хоёр газар тэнгэр шиг ялгаатай. Мэдээж бас бодлогын хэмжээний зохицуулалтууд дутагдаж л байгаа.

-Монголын том гэгддэг бизнесмэнүүд бөөнөөрөө халуун тогооны ард сууж, хөлсөө дуслуулан шөл ууцгаан, улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө яриа өрнүүлдэг үү. Хоёр гурвуулахнаа биш шүү, хорь гучуулаа суугаад..?

-/инээв/ Уулзана, уулзалгүй яах вэ. Одоо чинь хаа хаанаа илүү нэгдэж нягтрах тухай боддог болчихсон байна. Өмнө нь бол мөр мөрөө хөөгөөд, заримдаа ч хоорондоо үл ойлголцох тохиолдлууд байсан нь түүх болжээ. Бид ер нь нийлэх ёстой юм байна. Хамтдаа зүтгэх ажил байна, хүчээ нэгтгэх зүйл дээр нэгдэх ёстойг аж ахуй эрхлэгчид ойлгосон. Том жижиг гэж ялгах юм ерөөсөө байхгүй, бүгд л ажлын байр бий болгож, ганц ч болтугай хүнийг ажилтай орлоготой байлгах, татвараа тасалчихгүй байхын төлөө явдаг хөдөлмөрч хүмүүс. Яахав, арай ахиу ажлын байр бий болгосон, татвар төлсөн байдлаар нь том компани гэдэг байх. Бидний хойч ирээдүй сайхан амьдрах ёстойг, үүнийг бид эхлүүлэх ёстойг, өнөөгийн байдлыг өөрчлөх талаар бизнесийнхэн их ярьж байгаа. Тэгж байж энэ улс орны амьдралд өөрчлөлт авчирна.

-Та нар шиг 20,30 жил бизнес хийж, нойр хоолгүй хөдөлмөрлөөгүй хэрнээ, өнөөдөр та нарын унадаг машиныг унаж, та нарын амьдардаг байшинд амьдарч, та нараас илүү хээнцэр явдаг, юу ч хийж бүтээгээгүй нөхдүүдийг хараад та нарт юу бодогддог бол?

-Тийм байдал байгаа. Явуургүй л дээ. Тэд тайван унтаж чадахгүй байгаа шүү дээ. Бид бол гоё амарч байгаа.

-Тайван унтаж чадахгүй байгаа хүмүүсийн цаана юу байна?

-Нойргүй хоноод байхаар чинь галзуурна биз дээ. Яагаад нойргүй хоноцгоодгийг нь надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа байлгүй.

-Тантай уулзсаных морь ярихгүй өнгөрөх аргагүй. Хурдан морь таны хувьд хобби байна уу, бизнесийн нэг хэсэг байна уу?

-Нэгдүгээрт,монгол эр хүний хувьд би нүүдэлчдийн том өв соёлыг тээж явна. Дэлхийд би морио уралдуулж байгаа нь Монгол аавын хүүхдүүд дэлхийн элитүүдийн тоглодог тоглоомоор тоглож чаддаг юм шүү, морьтон монголчууд морийг дэлхийн хэмжээнд уяж чаддаг юм шүү гэдгийг харуулж байгаад гол утга учир нь байгаа юм.

-Өнөөдөр дэлхийн том морин тойруулгуудад, том уралдаануудад морио уралдуулж, түрүүлгэж байгаа хүн бол Та л байх. Араас чинь Монголын залуус хэр явж байна?

-Орж байгаа хүмүүс мэр сэр байх шиг байна. Баруунд бол гоё хобби, зэрэгцээд том бизнес. Миний хувьд мөнгө илүүдээ биш, монголчууд чаддаг юм байна гэдгийг дэлхийн томчуудад харуулах нь үнэхээр сэтгэлийн таашаал. Жишээ нь Хонконгод, Англид морио уралдуулаад явж байхад тэнд дэлхийн нөлөө бүхий нөхдүүд л зогсож байдаг. Хэд хэдэн тэрбумтантай уралдаад л байж байдаг. Тэд намайг Монгол, Монгол улс л гэж харна. Монголчууд бид байх ёстой газраа л байж байна гэж би боддог. Үүнийг уг нь монгол хүн бүр мэдэрвэл гоё.

Монголчууд гэдэг чинь арай л өөр ард түмэн, өөр үндэстэн юм байна шүү гэж дэлхийд харуулаад явж байх нь миний хувьд эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг л гэж боддог. Янз бүрийн арга хэмжээнүүд дээр би болж өгвөл үндэсний хувцсаа өмсдөг нь учиртай. Дэлхийд үндэстнээ, монгол гэдгээ мэдэрсэн хүний зан гэж ойлгож болно. Шулуухан хэлэхэд, би чинь Монголынхоо үнэ цэнийг дэлхийгээс мэдэрчихсэн хүн шүү дээ /инээв/. Монголчууд маань ч одоо үүнийгээ мэдэрдэг ойлгодог болсон доо.

Олон улсад болоод дэлхийн хэмжээний морин уралдаануудаас зөвхөн түрүү, аман хүзүү гэхэд 100 гаруй авлаа. Тэр бүгд дээр би монголоороо л зогсож байдаг.

-Аль аль орнуудад морьдоо уралдуулж байна вэ?

-Америк, Англи, Канад, Хонконг, Арабын орнууд… гээд олон газар уралдаж байна. Европт их уралдлаа. Тэр бүгдийг моринд дуртай монголчууд маань мэдэж байгаа.

-Энэ тал дээр бол та Монголдоо анхдагч…?

-Дэлхий рүү ямар ч байсан зам гаргасан. Зүгээр нэг сонирхогч байсангүй, Монголыг анхаарлын төвд аваачсан. Дэлхийн томоохон морин тойруулгууд, дэлхийн хэмжээний,хэдэн зуун саяар бооцоо нь яригдах уралдаанууд бол монголчуудын хүч сорих бас нэг бизнесийн талбар мөн. Ганбаатар яах вэ, гол нь надаар дамжуулж монголчуудад том орон зай, бизнесийн боломжууд нээгдэж байгаа юм. Одоо залуучууд тэнд хүчээ сорих ёстой. Монгол аавын хүүхдүүд тэнд дийлэх, өөрсдийгөө харуулах бүрэн боломж бий. Ийм үүдийг Монголдоо нээж өгсөндөө би бас их баяртай явдаг.

-Ингэхэд Яармагт байгаа морин тойруулгын газар чинь юу болж байна вэ. Тэнд ямар бүтээн байгуулалт сүндэрлэх гээд хүлээгдэж байна?

-Морьтон монголчуудаа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөдөг ганц газартай болгох гээд л үзэж тарж байна. Тэнд өөр барилга байгууламж, ашгийн байгууллага барих хүсэл сонирхол огт байхгүй. Гэтэл энд тэндээс нь газрыг нь булаагаад, бараг дээрэмдээд ажил хийлгэхгүй юм байна шүү дээ.

-Тэгээд яах ёстой юм бэ, танайх хүч хүрдэггүй юм уу?

-Үнэхээр хэцүү байна шүү. Зарим нь бүр цагаандаа гарчихсан, хууль дүрэм журамгүй оронд амьдарч байгаа юм шиг л загнах юм. Болохгүй бол уяачидтайгаа, моринд хайртай монголчуудтайгаа нийлээд тэмцэнэ гэж бодож байгаа. Бид ашиг хонжоо хайсан бол тэнд аль эрт баахан орон сууц барьж зараад, мөнгийг авчихсан, өнөөдөр сэтгэл амар сууж байх байсан. Манай хамт олонд даан ч тийм сэтгэл алга. Морь малд хайртай монгол хүмүүс болохоор анхнаасаа зорьсон төслөө хэрэгжүүлчихмээр байдаг. Яахаараа хотынхон маань тэнд очоод морио унаад, уралдуулаад, салхинд гарсан шиг, үндэснийхээ дархлааг сэргээж амардаг газартай байж болдоггүй юм бэ. Үүнийг дэмжих ёстой байхгүй юу. Тийм атал тав, арван га-гаар нь энэ тэндээс өгөөд л… Олон жил хотын дарга нар нэг иймэрхүү байдалтай явлаа. Энэ байдлыг нь харуулсан баримтат кино хийж ард түмэндээ хүргэдэг юм билүү гэж боддог боллоо. Бүх зүйлийг мөнгөний нүдээр, ашиг орлогын нүдээр харж болохгүй гэсэн хүмүүжил төлөвшил бидэнд байдаг. Би чинь монгол хүн шүү дээ. Удамт уяачийн үр ач. Монголын гэсэн, үндэсний гэсэн юм бүхэндээ гүн хүндэтгэлтэй хандаж, дээдэлж ирсэн хүн. Эрхэмлэдэг уламжлал, хүн чанар, хүмүүжил… гээд намайг чангаадаг, олон олон буруу зүйлээс намайг хол байлгадаг үнэт зүйлс байна. Увайгүй байж болохгүй. Улс орноо тонож болохгүй. Үр хүүхэд минь үлдэх эх орондоо муу зүйл хийж болохгүй. Бидний хэрэгцээ бол үнэндээ өчүүхэн. Түүнийгээ хангачихсан хүмүүс бол нийгмийн сайн сайхан, эх орны сайн сайхан, ард түмний сайн сайхны төлөө л хөдөлмөрөө зориулж, түүнээсээ таашаал авч амьдрах ёстой.

-Таныг сая Хөдөлмөрийн баатар цол авах үед нутгийн чинь хүнээс сонссон юм.“Энэ Ганбаа чинь удам судар дотроо гурав дахь Хөдөлмөрийн баатар нь байх шүү” гэж. Таны дээр бас Хөдөлмөрийн баатар ах нар байна уу?

-Байна аа байна. БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Нанзадын Дорж гэж миний эмээгийн дүү, наяад оны үеийн алдартай хоньчин байна. Бас өвөөгийн дүү Шонхорын Цэрэндорж гэж Хөдөлмөрийн баатрыг хүмүүс мэднэ. Говь-Алтай аймгаас төрсөн баатрууд. Мундаг хөдөлмөрч хүмүүс болохыг нутгийн буурлууд ярьдаг юм аа.

-Удам удмаа л дагадаг. Хөдөлмөрч хүмүүс л Хөдөлмөрийн баатар цолны эрэмбэнд очдог. Та бол даравч далдайх, булавч бултайх ясны хөдөлмөрч хүмүүсийн мах цусны тасархай юм байна шүү?

-Миний аав ээжийн тал ясны хөдөлмөрч хүмүүс байдгийг нуух, даруухан загнах юу байхав дээ. Үнэн л юм чинь. Нутгийн түмэн бүгдээрээ л ярьдаг. Удам гэдэг чинь заавал нөлөөлдөг юмуу даа. Миний өвөө, элэнц өвөө эд нар бас л сайн дархцуул байсан байдаг юм.

-Таныг Төрийн ордонд Баатрын алтан соёмбоо зүүж байх үед УИХ-ын гишүүн асан В.Алзахгүй гуай цахим хуудсандаа“Их уяач Огол Аяагийн ач хүү Дагвадоржийн Ганбаатар дүүдээ баяр хүргэе” гэж сайхан үг бичсэн харагдсан. Таны өвөө чинь мундаг уяач байжээ?

-Сумандаа таван түрүү авчихаад зогсож байсан Огол Аяа гэдэг чинь миний өвөө л дөө. Мундаг л даа. Алзахгүй гуай өөрөө өвөөгийн хурдан морины хүүхэд байсан, морьдыг нь унаж түрүүлж айрагдуулж явсан байдаг юм. Миний ээжийн аав бас амаргүй эр байсныг хөгшчүүл ярьдаг. Ар, Өвөрхангайдаа нэртэй худалдаачин, орос найз нь хүртэл очиж наймаа хийдэг. Анх барилгын материал олон тэмээн дээр ачиж аваачин суман дээрээ байшин барьсан гээд үлгэр домог шиг намтартай хүн. Адууг азаргаар нь панзалдаг, өгч авч сурсан хүн байсныг хөгшчүүл ярьдаг юм. Бас морь сайхан уядаг, морьдоо уралдуулаад л, наймаагаа хийгээд л давхиж явдаг эр байсан юм билээ. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад орос худалдаачин түнш хүртэл байсан гэхээр олон улсын хэмжээний бизнесмэн байж дээ. Аав минь бурхан болоод хэдэн жил боллоо. Ээж минь нас өндөр ч ануухан сайхан байна. Аав ээж хоёр минь хуучин цагийн ажилчин ангийн хүмүүс. Өглөө үүрээс, орой харуй бүрий болтол олон хүүхдээ тэжээх гэж нойр хоолгүй зүтгэж, биднийг хоолонд хүргэсэн, сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч хүмүүс. Бидэнд зөв хүмүүжил олгож, эрүүл саруул өсгөсөн. Сайхан аав ээжийн хүү болж төрнө гэдэг их хувь заяа юм. Өнөөдрийн сайн сайхан, ололт амжилт бүхний эхлэл миний аав ээж хоёр л доо.

-Тэгэлгүй яахав. Та хурдан мориныхоо бай шагналыг өнчин хүүхдүүдэд өгч байгаа харагддаг юм?

-Өнгөрсөн хугацаанд 300 орчим өнчин хүүхдэд хадгаламж нээж өгсөн. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу яваа тийм л хүүхдүүд шүү дээ. Асрамжийн газарт байгаа хүүхдүүд тэндээсээ гараад хаачих билээ, юунд итгэж найдах билээ. Ийм үедээ “Миний хадгаламжинд нэг гэрийн мөнгө байгаа” гэж бодохоор итгэл төрнө биз дээ. Амьдралд нь итгэл өгч байгаа байхгүй юу. Сургалтын төлбөрөө төлчих хэмжээний мөнгө банкинд өсч байгаа гээд бодохоор гэрэл гэгээ биз дээ. Урдах замаа арай өөрөөр харна. Ингэж л бодож, Цэрэнжигмэд ах бид нар тэдгээр хүүхдүүдийг хадгаламжтай болгоод явдаг юм. Гайгүй яваа бид нар ингэж бодож явах ёстой л доо. Том бизнестэй хүмүүс олон болж, тэдгээр нь хүмүүст гар сунгаж, дэмжиж тусалж явах болохоос өөрийнхөө амьдралыг яая гэж байгаа хүн бусдад тус болох боломжгүй. Тийм болохоор баялаг бүтээгчид олон болох ёстой.

-Таны хувьд өнөөдрийн төр засагтаа хэр их итгэж найдаж байна. Та түрүүн их содон үг хэлсэн “Бизнесийнхэн бид төрдөө итгэхгүй өөр хэндээ итгэх билээ” гэж?

-Бизнесийнхэн төр засаг, түмэн олноо түшиж явахаас өөр арга байхгүй. Анхаарах асуудал мэдээж цөөнгүй байгаа. Хорин жил барилга бариад ашиг нь хаана очиж байгаа юм. Олон мянган ажлын байр бий болгох том төслүүд яагаад дорвитой явахгүй байгаа юм. Олон арван жил зам барьж байгаа компаниуд яагаад дампуураад байгаа юм. Төсөв нь бага болоод тэр юм уу, Эсвэл өөр асуудал байна уу. Энэ бүгдийн ард асуултын тэмдэг байгаа. Цааш нь олон хүчин зүйл ярих байх. Сүүлийн арваад жилд манай “Макс” групп гэхэд зөвхөн банкны хүүнд 100-гаад тэрбум төгрөг төлсөн байна. Миний мэдэж байгаа банкны хүүгээ л би ярьж байна. Энэ 100 тэрбумын хүү банкны хэдэн мянган ажилчны цалин хөлс, нийгмийн асуудал, хадгаламжийн хүүнд орж байгааг эдийн засгийн утгаар нь харах л ёстой. Бид хөдөлмөрлөж, баялаг бүтээж, ажлын байр бий болгож байж ийм мөнгийг бий болгосон. Монголын ихэнх бизнесүүд хүнд, бүгдээр их л зүтгэж байна. Бүгд банкны зээлэндээ дарагдчихсан. Ийм үед ухаалаг, алсыг харсан, огцом шийдэл, шийдвэрүүд эдийн засагт маш их хэрэгтэй байгааг би хэлсээр, ярьсаар байгаа. Өнөөдрийг өмнөх 10 жилтэй харьцуулахад сайжирсан. Үүнээс илүү боломжууд өнөөдөр байна. Манай бизнесийнхэн ч эрэлхийлж байна. Өнөөдөр ажиллаж буй төр засгийн удирдлагууд ч зоригтой, дайчин, зөв хандлагатай байна. Ерөнхий сайдын хэлж байгаа “Бид 30 жил алдсанаа цөөхөн жилд нөхөх ёстой” гэсэн үг нь өнөөдөр төр засгийн зүгээс юу хийхээ мэдэж байна, болохгүй бүтэхгүйг олоод харчихаж гэсэн итгэлийг төрүүлж байна. Төрийн гурван өндөрлөг өнгөрсөн хугацаанд алдсан боломжуудаа буцааж олж авъя гэдэг дээр нэгджээ. Энэ л бизнесийнхэнд гэрэл гэгээ болно. Баялаг бүтээгчдээ дэмжиж байна, дэмжих юм байна гэсэн итгэл төрнө. Үнэндээ худлаа дүр эсгэлт хаанаас нь ч харагдахгүй байгаа юм. Ийм л байна даа.

Танд ажлын амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *