Categories
мэдээ нийгэм

Монгол улсын хэмжээнд сүрьеэгээр өвчлөгсдийн далан хувь нь 16-45 насныхан байдаг

ФОТО: СҮРЬЕЭ өвчин ДЭЛХИЙН нийтийн өмнө ТУЛГАМДСАН асуудал болж байна Arslan.mn
Өнөөдөр сүрьеэгээс урьдчилан сэргийлэхэд “Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” сэдэвт Үндэсний сургалт, семинарыг зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал MN 25 дугаар суваг телевизийн хурлын танхимд боллоо. Хурлын үеэр Монгол улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд арван хувь нь хүүхдэд тохиолдож буйг хуралд оролцогчид тодотгож байлаа. Мөн нийт өвчлөгсдийн 70 хувь нь 16-45 насныхан байдаг аж. Сүүлийн таван жилийн дунджаар нийт тохиолдлын 58.6 хувь нь Улаанбаатар хотод харин 39.7 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Сүрьеэ нь амь насанд аюултай арван өвчний нэг бөгөөд 2016 оны байдлаар манай улс Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөлийн түвшнээр гуравт орж байна. Энэ бүхнээс харахад манай улсад сүрьеэ ялангуяа олон эмд болон маш олон эмд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл, нас баралт тулгамдсан асуудлын нэг болоод байгаа гэв.

2012-2015 онуудад сүрьеэгийн улмаас амиа алдагсдын тоо буурсан боловч өнгөрсөн жилээс энэ тоо нэмэгджээ. Сүрьеэгийн уршгаар жилд 200 хүн амиа алдаж байгаа төдийгүй энэ өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдан группт орж буй иргэдийн тоо жил ирэх тутам нэмэгдсээр байна. Тухайлбал 2012 онд 1775, 2016 онд 2380 хүн хөдөлмөрийн чадвараа алджээ.

Иймээс сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, хянах, тархалтыг сааруулах, эмчилгээний үр дүнг сайжруулахад шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлэх, авах арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр тулгамдсан асуудлыг ярилцах сургалт, хэлэлцүүлгийг Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, ХӨСҮТ-өөс зохион байгуулан гэв. Үндэсний сургалт, хэлэлцүүлэг энэ сарын 23-24-ний өдрүүдэд Блю Скай зочид буудалд болох бөгөөд салбар яамд, мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *