Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Базаррагчаа: “Бид мартахгүй” киноны Аюуш баатрын дүрээр минь ард түмэн намайг хайрладаг

Монгол Улсын гавьяат жүжигчин Бямбажавын Базаррагчаатай ярилцсанаа хүргэе. Эл эрхмийг бид “Бид мартахгүй” киноны Аюуш баатар, мөн “Ирж яваа цаг” киноны Готовын дүрээр нь сайн мэдэх билээ.


-Аюуш баатрын дүрийг хэрхэн бүтээсэн тухай эхлээд асууя. “Бид мартахгүй” киног Дашзэвэгийн Сэнгээгийн “Аюуш” туужаас сэдэвлэж бүтээсэн. Уг зохиолыг хүмүүс наанатай цаанатай ярьдаг л юм.

-Олны дунд Аюуш баатрын талаар янз бүрийн яриа байдаг. Гэхдээ Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Лувсанцэрэнгийн Аюуш гэдэг хүн байсан нь үнэн. Дөчин таван оны Чөлөөлөх дайнд Жанчхүүгийн даваанд амь үрэгдсэн нь ч үнэн. Тэр тухай Шаарийбуу гэж хүний дурсамжид ч бас бий. Тэгэхээр яалт ч үгүй бодит хүн учир уран бүтээлч миний хувьд юу хэлэх билээ. Мэдээж тухайн үед социалист үзэл суртал гэж байсан, чөлөөлөх дайнд оролцсон цэрэг эрсийн дундаас эрэлхэг баатартай байх шалтаг шалтгаан байсан байх л даа. Тухайн үед хүн судлалын үүднээс Аюуш баатрын тухай ямар ч зураг, бичлэг юу ч байгаагүй. Миний бие өөрөө офицер байсны хувьд өөртөө хоёр чиг шугам тавьсан. Нэгдүгээрт, би дайнд орвол дайсантайгаа хэрхэн тулалдах вэ, хоёрдугаарт, монгол цэргийн хийморьлог, дайчин, баатарлаг төрхийг цэргийн үндсэн техникүүдтэй хослуулан баатрынхаа дүрийг бүтээх гэж хичээсэн. Кино дэлгэцэнд бүтээсэн анхны минь дүр байсныг ч хэлэх, насны хувьд цэл залуу 22-той байсныг хэлэх үү, тухайн үед хөөрч догдлоод ямар болсныг ч мэдээгүй. “Бид мартахгүй” кино бүтээгдсэнээс хойш 35 жил өнгөрчээ. 35 жилийн дараа эргэж харахад кино урлагт бүтээсэн анхны минь дүр хүмүүст их хүрчээ. Үндсэндээ гайгүй дүр болсон юм уу даа гэж баярлаж байна. Монголын ард түмэн намайг Аюуш баатрын маань дүрээр хайрладаг.

-Аюуш баатар бол яалт ч үгүй таны алтан титэм болсон дүр тань мөн байх. Энэ дүрийг бүтээх, ер нь тэгээд урлагийн хүн болох зам мөрийг тань нээсэн хүн нэрт найруулагч Халтарын Дамдин гуай. Тэр хүний ач буяныг та их л дурсдаг?

-Намайг өдий зэрэгт хүргэсэн багшийнхаа гавьяаг бид дандаа дурсдаг. Төрүүлж өсгөсөн эх эцэг гэдэг тухайн хүнд хамгийн хүндтэй эрхэм бурхад. Тэр бол мэдээж. Миний хувьд эцэг эх шиг минь хүндтэй хүн Дамдин багш маань юм. Тэр хүний буянаар би урлагийн хүн болж, Аюуш баатрын дүрийг бүтээж, дараа нь “Ирж яваа цаг” киноны Готов, мөн “Мандах нарны туяа” кинонд жанжин Сүхбаатарын дүрийг бүтээсэн. Иргэний хамгаалалттай 122 дугаар ангийн офицер байхад багш маань намайг Аюушийн дүрд сонгосон. Гэхдээ дүр сонгох асуудлыг найруулагч ганцаараа шийдчихгүй. Дүрийнхээ ач холбогдлоос хамаараад Монгол кино үйлдвэр, Соёлын яам, Намын төв хороо шийддэг байсан үе. Ямар ч байсан фото шалгаруулалтад орлоо. Олон ч хоног өнгөрлөө. Хүн л юм чинь кинонд тоглохыг мөрөөдөж байлаа. За кинонд тоглох өнгөрч. Ямар ч байсан цэргийн хувцастай уран сайхны ганц гоё зурагтай болж үлдлээ дээ гэж бодож байтал 45 хоногийн дараа дахиад шалгаруулалтад ороодох гээд дууддаг байгаа. Уг шалгаруулалтад богино хэмжээний видео тоглолт хийгээд орлоо, ингээд л тэнцчихсэн. Залуухан офицерийг найруулагч маань, мөн киноны нэрт зураглаач Ж.Асалбай гуай тэр хоёр, хааш нь ч хөдөлгөлгүй, дур зоргоор нь тавилгүй, ёстой нэг шагай шиг хашиж байгаад л тоглуулсан. Дамдин найруулагч өөрөө хүүхэд, залуучуудын киноны мастер хүн. Тиймдээ ч тэр үү “Бид мартахгүй” кинонд 18-25 насны залуусыг тоглуулсан байдаг. Тэр нь ч зөв шийдэл болсон байх. Сүүлд гавьяат болсон Нэргүйбаатар офицер болсноос өөр нэртэй төртэй жүжигчид тоглоогүй. Гэвч дүрүүд нь хүний сэтгэлд тэгж хоногшсон нь сайхан. Хүмүүсийн зүрх сэтгэлд киноны дуу өөрөө ороод ирдэг.

“Хайр гэрэлтсэн нүдийг чинь

Харах бүрийдээ дальдравч

Хайрлах булгилах зүрх минь

Байлдагч чам руу тэмүүлнэ

Чи зүрхэнд минь хайрын дөл тусгаж

Чи сэтгэлд минь дурлалын гал бадраана

…Хар нүдэн бүсгүй минь

Хэн хүний үр болоод чи

Онгон хайрыг минь уяруулж

Унтах нойрыг минь хасна вэ

Чи уулзахдаа хайрын дээдийг заяаж

Чи учрахдаа жаргал авчирлаа” гээд Дамдин багш өөрөө дууныхаа шүлгийг бичсэн юм. Нэг өдөр цаас харуулаад, дээр нь шүлэг маягийн бичээстэй зүйл үзүүлэв, энэ юу юм гэтэл “Киноны дууны шүлэг. Би өөрөө бичсэн юм” гэсэн. Тэгэхэд нь багш надаар тоглоом тохуу хийж байна гээд итгээгүй. Хөгжмийг нь урлагийн гавьяат зүтгэлтэн Жанчив гэж алдарт хөгжмийн зохиолч бичсэн. Багш минь тийм л авьяастай мундаг хүн байсан. Киноны дуунд одоо ч хүмүүс дуртай, хит хэвээрээ байгаа нь сайхан. Киноны дуу яваад л, Бурмаа бид хоёрын дүрстэй тэр хэсэг хүмүүст бүр ойр байдаг юм билээ. Бурмаад Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын хөгжимчин Алтантуяа гэж бүсгүй тоглосон. Бид хоёр холбоотой байдаг байсан. Харин би гадаадад багагүй олон жил амьдарсан учир сүүлдээ холбоо тасарсан. Нэг зүйлийг сонирхуулж хэлэхэд, Аюуш баатрын дүрд одоогийн гавьяат Б.Жаргалсайхан буюу Хасар Жагаа, мөн “Говийн зэрэглээ”-гийн сургуулийн захиралд тоглодог Эрдэнэтогтох хоёрыг би пробонд орсон юм болов уу гэж боддог. Тэр хоёрын цэргийн хувцастай авахуулсан наяад оны эхэн үеийн гэмээр зураг олдсон. Гэвч тухайн жүжигчдээс өөрсдөөс нь энэ тухай асууж байгаагүй ээ.

-Одоо танаас төрийн шагналт Дамбын Төрбатын зохиол, алдарт найруулагч Жамъянгийн Бунтар гуайн “Ирж яваа цаг”-ийн Готовын дүрийг асуумаар байна. Аюуш баатрынхаа дараахан Готовт тоглосон байдаг?

-Готовт тоглохын өмнө надад нэг бодол байсан юм. “За би бол мэргэжлийн жүжигчин биш. Зүгээр нэг офицер хүн, тэгтэл кино урлагт дүр бүтээчихлээ. Тэгээд зогсохгүй түүхэн киноны гол дүрд тоглочихлоо. Энэ бол хүн бүрт олдох хувь заяа биш. Одоо болно оо” гэсэн бодол төрсөн. Гэтэл удаа ч үгүй “Ирж яваа цаг” кинонд мөн л гол дүр, Готовын дүрийг бүтээхээр болдог юм. Дамдин багшийн нээж өгсөн хаалга түр зуурынх биш байсан. Өнөөдөр хүртэл миний бие кинонд дүр бүтээгээд, Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээд сайн багшийн буяныг амсаж эдэлж явна. Би чинь 22-той Аюушт, 23-тай Готовт, 24-тэй Сүхбаатар жанжинд, 25-тай “Уул усны үр сад” кинонд гол дүр Алтангэрэлийн найзад тоглосон. Алтангэрэлийн дүрд Д.Сосорбарам тоглож байсан. Ингэж миний залуу нас он оноороо кино дэлгэцэнд мөнхөрсөн. Готовын дүрийн тухайд гэвэл зохиолч нь мундаг байсан, оролцон тоглож байсан хүмүүс нь ч мундаг байсан. Ер нь зохиол бол тухайн киноны амин сүнс нь юм. Зохиол нь сайн байж гэмээнэ киноны дүрүүд өөрөө ургаад ирдэг. Бунтар гуай, Дамдин багштай уулзаад Готовынхоо дүрд намайг тоглуулахыг санал болгосон юм билээ. Тэгээд ямар нэгэн шалгалт, пробгүйгээр шууд натурт Өвөрхангайн Бүрд рүү явсан. Тухайн үед залуу насны ааг омгорхлоор биеэ тоох, одооныхоор бол “од”-ын өвчин тусах аядаж байсан юм болов уу. Гэхдээ Багаяад тоглодог алдарт Лувсан гуай, Дашпэлжээ ах, мөн миний аав Шадавт тоглодог Бужгар гуай, Шагдарт тоглодог алдарт жүжигчин Няндагийн Цэвээнравдан гээд мундгууд намайг юу гэж давраах вэ. “Ирж яваа цаг” кинотой бараг л зэрэгцээд би гэдэг хүн ангиасаа хөөгдөх асуудал яригдаж эхэлдэг юм байна. Цэргийн хүн урлаг уран сайхан хөөгөөд төрийн ажлыг цалгардуулсан учир. Ер нь тэгээд би ч нэлээн сахилгагүй офицер байсан л даа, юуг нь нуухав. Ингээд “Ирж яваа цаг” кинонд тоглосныхоо дараа эргэлт буцалтгүй кино урлагийн тогоонд орж ирсэн. Армиас хөөгдөхөд Х.Дамдин найруулагч мөн л намайг дагуулж Монгол кино үйлдвэрт оруулсан. Кино үйлдвэрийн босгыг алхахад Дамдинбазар гуай, Дагийранз гуай, Карма эгч, Элбэгсайхан, Нэргүйбаатар гуай гээд кино урлагийн аваргууд бүгд л байлаа. Кино үйлдвэрт нэг хүн дагалдуулж албан ёсны багш шавь болгодог. Миний багш сүүлд ардын жүжигчин болсон Нямын Дагийранз гуай. Дагийранз гуай чинь “Уул усны үр сад”-ын мангас Жунай шүү дээ. Тэр кинонд Дагийранз гуайтай, алдарт Чимидийн Долгорсүрэн гуайтай хамт тоглох хувь тохиосон. Надтай таарсан хүмүүс “Өө Аюуш баатар маань байна” гэдэг. Харин хөдөөнийхөн бол Готовын дүрээр илүүтэй өмчилдөг. “Готов нь авна уу, Шадав нь авна уу. Би лав аавыгаа асрах минь” гээд Маралмаа хонио туудаг ч юм уу, “Шадав аа, би согтож, би шогтож” гээд Цэвээравдан жүжигчний хэлдэг ч юм уу, ер нь олон хэсэг нь хүмүүсийн сэтгэлд тэр чигээрээ байж байдаг. Тэгэхээр зохиол ямар мундаг гэдэг нь харагдаж байгаа юм. Би Төрбат зохиолчтой сүүлд уулзаад энэ тухай ярьж байсан.


-Маралмаа гэснээс, та Маралмаатайгаа хэр ойр вэ?

-Маралмаа чинь амьдрал дээр Гэрэлмаа нэртэй Өмнөговийн жүжигчин. Би Солонгос явах хүртлээ холбоотой байсан. Гэрэлмаа Өмнөговьд жүжигчин байж байгаад Улаанбаатар орж ирээд Монголын үндэсний телевизэд найруулагч байсан. Тэр үед нь би Солонгос яваад өгсөн. Сүүлд тэр хүнийг цахимаас олж авлаа. Францад хүүтэйгээ амьдардаг юм байна. Фэйсбүүкээр холбогдоход “Энд ирээд удаж байна аа. Одоохондоо буцах бодолгүй байна” гэж хэлсэн. Хүмүүс “Ирж яваа цаг” киноны хоёрдугаар ангийг хийх тухай санал гаргасан. Түүнийгээ Гэрэлмаатай хуваалцахад “Хоёрдугаар анги гэдэг хэрэггүй юм билээ. Эхний ангиа гүйцэхгүй, унагачихдаг юм билээ” гэж хэлсэн. Тэр нь бараг үнэн байх.

-“Мандах нарны туяа” киноны жанжны дүрийг бас л сонирхоод байна?

-Жил бүрийн наадмаар гардаг “Тод магнай”, “Цэц магнай”, “Гарьд магнай” цуврал кино шиг Дамдин гуай Сүхбаатартай холбогдолтой “Үүр цайхын өмнө”, “Тэмцэл”, “Өглөө” гээд цуврал кинонууд хийж байсан юм билээ. Нэг цуврал болох “Мандах нарны туяа” киноныхоо жанжин Сүхбаатарын дүрд тоглуулсан. Түүхэн, тэр дундаа Монголын домог болсон агуу жанжны дүрийг бүтээнэ гэдэг хэн бүхэнд олдоод байх хувь заяа биш байх. Түүхэн дүрийг бүтээхдээ жүжигчин бүр өөрийн арга барилаар гаргахыг зорьдог. Уулын мод өндөртэй, намтай гэдэг шиг нэг хэвэнд цутгасан юм шиг адилхан байхгүй шүү дээ. Тэгээд ч Дамдин гуай надад “Чи Сүхбаатарын тухай нэг ч кино үзэж болохгүй. Сүхбаатарын дүрд тоглосон жүжигчинтэй ч уулзаж болохгүй. Зөвхөн өөрийнхөө өнцгөөр л жанжны дүрийг бүтээ” гэсэн. Яагаад гэвэл ганц хоёрхон кинонд тоглосон хүн бусдын тоглохыг харчихаад дагаж, дуурайх гээд байдаг муу талтай гэж зөвлөсөн.

Алдарт найруулагч, төрийн шагналт Б.Балжинням “Монголын кино урлаг нэг хөөрхөн, шинэ жанжинтай боллоо” гэж хэлсэн. Энэ үг л “Мандах нарны туяа”-гийн тодорхойлолт байх. Уран сайхны зөвлөлөөр уг киноны тухай хэлэлцэж байхад миний бие Балжинням найруулагчийн үгийг хаалганы завсраар сонссон юм. Сүхбаатар жанжин гэхээр ард түмэнд Дашнамжил гуайн дүр буудаг. “Мандах нарны туяа”-нд жанжны дүрийг Дашнамжил гуай шиг сайхан бүтээж чадаагүй, гэхдээ өөрийнхөөрөө жанжнаа бүтээсэн.

Базаррагчаа гавьяат бид хоёрын яриа энэ хүрээд өндөрлөлөө. Түүнтэй хорин хэдэн настай байх үеийнх нь дүрүүдийн тухай ийн ярилцлаа. Солонгост хэрхэн ажиллаж амьдарч байсан тухай, мөн сүүлд олон шинэ кинонд дүр бүтээсэн тухай, их урлагийн алтан үеийнхний тухай, найз нөхөд болоод ардчиллын төлөө тэмцэж явсан гээд олон сэдвээр дараа хөөрөлдөх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *