Categories
мэдээ эдийн-засаг

Монгол улс нэгдүгээр сард 108 улстай худалдаа хийжээ

Монгол улс энэ оны нэгдүгээр сард 108 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 639.9 сая, импорт 458.8 сая ам.долларыг эзэлж байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 166.4 (17,8 хувь) сая, экспорт 180.9 (39,4 хувь) сая ам.доллароор өссөн бол импорт 14.5 (3,1 хувь) сая ам.доллароор багасжээ. Харин өмнөх сарынхаас экспорт 81.3 (11,3 хувь) сая ам.доллароор багасаж, импорт 51.5 (12,6 хувь) сая ам.доллароор өслөө.

Гадаад худалдааны тэнцэл 2020 оны нэгдүгээр сард 14.3 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол энэ оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 195.3 сая ам.доллароор өсөж, 181.1 сая ам.долларын ашигтай байсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

БНХАУ-тай өнгөрсөн нэгдүгээр сард 750.5 сая ам.долларын худалдааг хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 68,3 хувийг эзэллээ. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 34,3 хувийг чулуун нүүрс, 32,8 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Сингапур улсад экспортолсон барааны 99,0 хувийг чулуун нүүрс, ОХУ-д экспортолсон барааны 92,3 хувийг жонш эзэлж байна.

Экспорт өмнөх оны мөн үеийнхээс 180.9 сая ам.доллароор өсөхөд зэсийн баяжмалын экспорт 80.2 сая, нүүрсний экспорт 17.8 сая ам.доллароор өссөн нь нөлөөлөв.

Импортын гол түнш улсуудын дүнг авч үзвэл, 2021 онд БНХАУ 34,6, ОХУ 29,1, Япон Улс 8,8, БНСУ 3,9, ХБНГУ 3,7 хувийг эзэлж, нийт импортын 80,1 хувийг бүрдүүлж байна.

ОХУ-аас импортоор оруулсан барааны 56,4 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 73,0 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 6,8 хувийг цахилгаан эрчим хүч, 8,2 хувийг ачааны тэрэг, 85,0 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзлэв.

Импорт өмнөх оныхоос 14.5 сая ам.доллароор багасахад автобензиний импорт 15.2 сая, дизелийн түлшний импорт 19.7 сая ам.доллароор багассан нь нөлөөлжээ. Эрдэс бүтээгдэхүүн, хүнсний бэлэн болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 92,6 хувийг эзэлсэн бол импортын 64,1 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан болон тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *